Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 063

 

  

 

                                                                                        

      

 

 

 

                                     

2020 оны 01 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00063                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 31,169,057 /гучин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга тавин долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хандумаа, Т.Энэбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргуль, гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Магнайжав, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.      

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаммер монголиа” ХХК нь 2016.12.31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 20,779,371 төгрөг төлөлгүй өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр “Хаммер монголиа” ХХК-д тус хэлтсийн Улсын байцаагчийн 2016.01.16, 2016.10.06-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан шаардлага, 2016.10.18-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг хүргүүлсэн ч төлөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх журам, 17.1.1, 17.1.4 “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 20,779,371 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан "Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 10,389,686 төгрөг нийт 31,169,057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

       

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оноос үйл ажиллагаа явуулаагүй тул Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага болох 20.779.371 төгрөгийг төлж барагдуулна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.7, 26.3-д заасны дагуу нэхэмжлэгчтэй нийт 20.779.371 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр харилцан тохиролцож эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1.1, 17.1.4-т заасныг тус зөрчсөн тул нийгмийн мөн хуулийн 20.1.2-т заасан шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийг алданги ногдуулах, алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 31.169.057 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь “Хаммер монголиа” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 31,169,057 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 20,779,371 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч, алданги гаргуулах шаардлагыг 2015 оноос үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн байдал муу байгаа гэж маргалаа.

 

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн  1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

“Хаммер монголиа” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 20,779,371 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байгаа, хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

 

Хариуцагч нь дээрх шимтгэлийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь алдангийг шаардах эрхтэй ба 20,779,371 төгрөгийн алдангийг хуулийн заалтад нийцүүлэн 50 хувь буюу төгрөгийг алдангид 10,389,686 төгрөг тооцох үндэслэлтэй .

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,471,897 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан “Х” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 31,169,057 /гучин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга тавин долоо/ төгрөг гаргуулан, Ч олгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 313,795 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ