Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00467

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00467

 

ХХБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дугаар шийдвэртэй, ХХБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ц-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банкнаас Б.Нарантуяа, П.Бадамханд нар 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулан 600 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан байсан. Зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нарантуяа нь 276 960 979 төгрөг, П.Бадамханд нь 268 628 088 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Б.Нарантуяа нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан банкны өмчлөлд Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан шилжүүлсэн. Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг С.Ц-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ХХБ ХХК нь хариуцагч С.Ц-гийн нэр дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байх тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Ц-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-гаас 508 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолд: ХХБ ХХК  шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ хэргийн /1хх11-15/, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх16-18/, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх19-21/ тал, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /1хх25-28/, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /1хх29-32/ зэрэг нотлох баримтуудыг гаргасныг шүүх үнэлж хэргийг хянан шийдвэрлэжээ. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарыг агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэх заалтыг зөрчин эх хувиас биш хуулбарыг гэрчилсэн баримтыг нотлох баримтаар гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ..

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч С.Ц-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В байрны 11 тоот 54,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1хх56/

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо,7 дугаар хороолол, 42В байрны 11 тоот 54,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээгээр олж авсан, өмчлөх эрхийн гэрчилгээтэй болох нь хэргийн /1хх9, 1хх25-33/ дугаар тал дахь баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох юм.

 

Өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд С.Ц саад болж өмчлөлийнх нь орон сууцанд 2016 оноос хойш суугаад чөлөөлөхгүй байгаа гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүйгээс гадна хэргийн 10 дугаар талд авагдсан хорооны тодорхойлолтоос хариуцагч уг сууцанд амьдардаг болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Хариуцагч 42В байрны 11 тоот 54,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмших эрхтэй болохоо баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшигч биш болохоо хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн сууц эзэмших эрхтэй болох нь тодорхойгүй байдлаар амьдарч байх тул түүнийг эзэмшлийг хууль бус гэж дүгнэж хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан бичмэл баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн хэргийн баримтаас удаа дараа сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж байснаас үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 508 905 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД