Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01420

 

   

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалтай,

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Цэвэлмаад холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Цэвэлмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банкнаас иргэн Б.Нарантуяа, П.Бадамханд нар 2013.08.12-ны өдөр ЗГ/166-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/166, ЗБ/166/03-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 600,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороололд цэцэрлэгийн барилга барих зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.Нарантуяа нь ЗГ/166-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2201019142 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2201006872 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс манай банкны зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулж зээлдэгч Б.Нарантуяа нь 276,960,979 төгрөг, зээлдэгч П.Бадамханд нь 268,628,088 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлдэгч Б.Нарантуяа нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан манай банкны өмчлөлд Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015.09.07-ны өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулан 70,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зүгээс удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдэж албан бичгийг хүргүүлсэн боловч шаардлагыг эс зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйл, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.7, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч С.Цэвэлмядаг, Б.Онон нар нь дээрх орон сууцанд оршин суудаггүй тул хамтран хариуцагч С.Цэвэлмядаг, Б.Онон нараас татгалзаж байна. Иймд хариуцагч С.Цэвэлмаад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч С.Цэвэлмаагийн нэр дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Цэвэлмаад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэвэлмаагаас 508,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 508 905 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Цэвэлмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 467 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ....Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад ...Энэхүү шүүх хуралдааны товыг 2019.12.16-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэсэн дүгнэлт гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ /хх-11-15/, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-16-18, 19-21/, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /хх-25-28, 29-32/ зэрэг хуулийн шаардлага хангаагүй баримтыг үнэлж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй давж заалдах шатны шүүх магадлал гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарыг агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэх хуулийн зохицуулалтыг зөрчин, эх хувиас биш хуулбарыг гэрчилсэн баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргалгүй хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нөхцөл байдлыг үүсгэсэн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарсан байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 467 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК хариуцагч С.Цэвэлмаад холбогдуулан хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015.06.15-ны өдрийн 04319 дугаартай захирамжаар хариуцагч П.Бадамханд, Б.Нарантуяа нар нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д зээлийн төлбөрт 548,634,135.29 төгрөгийг 2015.12.31-ний дотор төлж барагдуулах, үүнээс 268,628,088.50 төгрөгийг П.Бадамханд, 276,960,976.37 төгрөгийг Б.Нарантуяа тус тус төлөх, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2015.09.07-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК, Б.Нарантуяа нар Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, Б.Нарантуяа нь 2015.12.31-ний дотор төлбөрийг төлөхгүй бол өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В байрны 11 тоот хаягт байрлах 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн төлөх төлбөрийн 70,200,000 төгрөгт тооцож банкинд шилжүүлж өгөх, банк тус хөрөнгийг өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцсон байна.

 

Банк барьцааны хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр, банкийг маргаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

2. Зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, улмаар орон сууцны эзэмшлийг өмчлөгчид шилжүүлэлгүй байсаар 2019.04.27-ны өдөр дээрх орон сууцыг зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан үнийн дүнгээр /далан таван сая төгрөг/ тооцож 2019.06.15-ны өдөр банкинд шилжүүлэн өгөхөөр хүсэлт гаргасан боловч орон сууцыг чөлөөлж өгөөгүй байна.

 

Хариуцагч С.Цэвэлмаа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохоо нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүд нь нотариатаар гэрчлэгдсэн гэрээг хуулбарлаж, хуулбар үнэн гэсэн нотариатын дардас дарагдсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэх тул ...шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Хэдийгээр зээлдэгч Б.Нарантуяа сайн дурын үндсэн дээр барьцааны хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэхээр зээлдүүлэгчтэй харилцан тохиролцсон боловч Банкны зээлийн төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.5-д Б.Нарантуяа нь зээл төлсөн төлбөрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг банкнаас буцаан худалдан авахаар харилцан тохиролцсон тул гэрээгээр тохирсон эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02681 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Цэвэлмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.Энхцэцэгээс 2020.03.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД