Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00547

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00547

 

БА ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2020/00231 дугаар шийдвэртэй, БА ХХК-ийн нэхэмжлэлтэй, МТЦ ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай байгууллагаас 2013 онд нийт 4 удаагийн худалдан авалтаар 7 230 000 төгрөгийн үнэ бүхий будгийн суурь, эмульс худалдан авсан. Үүнийг ажлаа дуусгаж мөнгө орж ирэхээр төлнө гэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл амласааар ирсэн боловч өнөөдрийг хүртэл төлсөнгүй. Худалдан авалт нь 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 600 000 төгрөгийн үнэтэй будгийн суурь, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 780 000 төгрөгийн үнэтэй эмульс, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөгийн үнэ бүхий будгийн суурь юм. Захирал С.Баттулгатай байнга холбогдож, уулзаж төлбөрөө нэхсэн боловч өгнө гэж амлаж байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2019 оны 06 дугаар сард ажил эхлэх тэр үед төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй.Иймд 7 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, үүний улмаас санхүүгийн хүнд байдалд орсон. Иймд 7 230 000 төгрөгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй холбоотой баримтуудыг шалгаж үзэхэд тус байгууллагаас авсан эмульс, будагтай холбоотой баримт байхгүй байна. Мөн гэрээ,тооцоо нийлсэн акт байхгүй. Нэхэмжилсэн 7 230 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.Гүйцэтгэх захирал С.Баттулгатай утсаар ярьсан зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 7 230 000 гаргуулан нэхэмжлэгчид олгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 630 төгрөгийг улсан орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 130 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж дүгнэхдээ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.Хүлээлгэж өгсөн болохоо хангалттай нотолж чадахгүй, тооцоо нийлсэн акт байхгүй, олон харилцагчтай байснаас болон нэхэмжлэгч байгууллагаас бараа материал авсан эсэх нь тодорхой бус байна гэж маргасан боловч шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлтэй холбон тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж төлбөр гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх үйл баримт болон гэрээний төрлийг зөв тодорхойлсон тохиолдолд уг гэрээтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэх учиртай. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч БА ХХК нь хариуцагч МТЦ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 230 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2/

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар маргажээ. /хх 19, 32, 35/ Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлуулахаар гэрчээр О.Мандахзулыг асуулгажээ. Талуудын хооронд хийгдсэн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульд заагаагүй. Иймд талууд гэрээ байгуулагдсан эсэх түүний асуулгын талаар гэрчээр нотлох эрхээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар алдаагүй. Гэрч О.Мандахзул хариуцагчийг 7 230 000 төгрөгийн үнэ бүхий будгийн суурь, эмульс худалдан авсныг нотлохдоо н.Энхтуяагийн хүсэлтээр дээрх бараа бүтээгдэхүүнийг өгсөн гэдгээ эх сурвалжаа зааж мэдүүлсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь бараа худалдан өгсөнтэй холбоотой падаануудыг бичмэл баримтаар гаргасныг хариуцагч няцаасан баримтыг гаргаагүй байна. /хх 7-10, 36/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.

Хэргийн баримтаас үзвэл худалдан авсан барааны үнийг төлөх хугацааны талаар талууд гэрээгээр нарийвчилж тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагчийн төлбөр төлөх хугацааг тодорхойлох боломжтой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2013 онд хариуцагч 4 удаагийн авалтаар нийт 7 230 000 төгрөгийн үнэ бүхий будгийн суурь,эмульс худалдан авсан. Ажлаа дуусгаж мөнгө орж ирэхээр төлнө гэж 2017 оны 10 дугаар сарын 27 -нийг хүртэл амалсаар өнөөдрийг хүрсэн гэх тайлбараас үзэхэд талууд төлбөр төлөх үүргийн хугацааг уг өдөр хүртэл хугацаагаар тодорхойлж байсан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байна. /хх 6,36/

Анхан шатны шүүхээс гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ. /хх 39/

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Ажлаа дуусгаад мөнгө орж ирэхээр өгнө гэсэн тайлбар гаргасан гэх нөхцөл байдлаас үзэхэд талууд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлбөр төлөхөөр хугацаа тогтоогоогүй байна. Иймд дээрх хугацааны талаарх дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс хуулийг системчлэлийн хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар буюу гэрээний дагуу шаардлага гаргасан байхад хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг баримталж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл тогтоогдоогүй байхад мөн түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэсэн зохицуулалттай байхад ч анхаарч үзээгүй, эрх зүйн буруу дүгнэлт хийжээ. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй.

Талуудын хоорондын гэрээ хүчин төгөлдөр,хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч 7 230 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2020/00231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч МТЦ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД