Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/00231

 

 

   2020 оны 01 сарын 14 өдөр

        Дугаар 102/ШШ2020/00231

                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БА ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МТЦ ХХК-д холбогдох,

7 230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БА ХХК-ийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТЦ ХХКнь манай байгууллагаас 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1 600 000 төгрөгийн үнэтэй будгийн суурь, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 780 000 төгрөгний үнэтэй эмульс, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4 350 000 төгргөний үнэтэй эмульс, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөгний үнэ бүхий будгийн суурь, нийт нийт 7 230 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авсан. Үнийг ажлаа дуусгаж мөнгө орж ирэхээр төлнө гэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл амласаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл төлсөнгүй. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч байгууллагатай холбогдоход 2019 оны 6 дугаар сард мөнгийг төлнө гэсэн ч мөн төлөөгүй. Иймд хариуцагчаас барилгын материал худалдан авсан төлбөр болох 7 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МТЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТЦ ХХК нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүйн улмаас санхүүгийн хүнд байдалд орсон тул уг 7 230 000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн БА ХХК-тай холбоотой баримтуудыг шалгаж үзэхэд тус компаниас авсан эмульс, будагтай холбоотой баримт байхгүй байна. БА ХХК-тай бичгээр байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг байхгүй байна. МТЦ ХХК нь тухайн үед маш олон харилцагч компаниудтай байсан бөгөөд тус компаниас эмульс, будаг авсан эсэх нь тодорхой бус байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай төлбөрийн талаар ярьсан зүйл байхгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БА ХХК нь хариуцагч МТЦ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь 2013 онд 7 230 000 төгрөгийн үнэ бүхий эмульс, будгийн суурь худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй, ...хариуцагчтай төлбөрийг хэзээ төлөх талаар ярилцахад 2019 оны 6 дугаар сард төлнө гэсэн” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, ...7 230 000 төгрөгийн үнэ бүхий  эмульс, будгийн суурь худалдан аваагүй, ...гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн” гэж үгүйсгэн маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч БА ХХК-ийн харилцагч МТЦ ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 07, 11, 21-ний өдрүүдийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, мөн зарлагын падаан тус тус авагдсан байх бөгөөд зарлагын падааныг н.Б, Г.Х нар гарын үсэг зурж хүлээн авсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн уг баримт болон зарлагын падаанд зурагдсан гарын үсэг өөрт нь хамааралгүй этгээд гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн, талуудын шүүхэд гаргасан тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...нэхэмжлэгчээс дээрх хэмжээний эмульс, будгийн суурь худалдан авсан талаарх баримт хариуцагч талд байхгүй тул нэхэмжлэгчээс худалдан аваагүй гэж үзнэ” гэж, мөн “...МТЦ ХХКнь санхүүгийн хүнд байдалд орсон тул төлбөрийг төлөх боломжгүй” гэж, мөн “...нэхэмжлэгч үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн” гэж харилцан адилгүй тайлбар гаргасан. Дээрх тайлбар нь талуудын хооронд эмульс, будгийн суурь худалдах-худалдан авсан үйл баримтыг үгүйсгэхгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Дээрх баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг эмульс, будгийн суурийг хариуцагчид шилжүүлэх үүргээ 2013 оны 6 дугаар сарын 07, 11, 21-ний өдрүүдэд биелүүлсэнд тооцох бөгөөд харин хариуцагчийг хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хэлцлийн үүргийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хариуцагчаас шаардсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх, хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчлөх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцлийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байна. Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид худалдсан эмульс болон будгийн суурийн үнэ болох 7 230 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцлийн үүрэг хожим дуусгавар болж хариуцагчийг 7 230 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил өнгөрөөгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 7 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч МТЦ ХХК-иас 7 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БА ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН