Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 58/ДШМ/2017

 

Д.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор М.Үүрийнтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баянжаргал, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тд холбогдох 2017 1900 0405 дугаартай 162 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Эмээлчирийн даваа” гэх газар гэртээ 2017 оны 06 дугаар сарын 17-ний өдөр цай чанах гэж байгаад шатахууныг ус гэж андуурч халуун тогоо руу хийсний улмаас гал гарч гэр шатан дотор байсан 68 настай Ж.Нямсүрэн, 9 настай М.Лхагвасүрэн, 11 настай М.Оюундэлгэр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор: Алаг адуу овгийн Доржжавын Тыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Алаг адуу овгийн Доржжавын Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Энэ хэрэгт ялтан Д.Т нь цагдан хоригдсон хоногүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 8 литрийн багтаамжтай сэнжгүй, хөө тортог болсон төмөр хувин 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Алаг адуу овгийн Доржжавын Тын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо: “Би энэ хэргийг болгоомжгүй, анхааралгүйгээсээ болж, өөртөө болон ахан дүү, үр хүүхдүүддээ ч гэсэн маш их гай учруулсныг ойлгож, өөрөө сэтгэлийн там эдлэж, шаналж зовж явнаа. Энэ гурван хүн маань миний амьдралд хамгийн хайртай 3 байлаа. Яагаад гэвэл 1975-2017.06.17 он хүртэл 42 жил ханилсан хань, 2 охин нь миний өөрийн гараараа өсгөлцсөн охидууд минь байсан юм. Би энэ гурвыгаа хэзээд ч ална гэсэн санаа өвөрлөж яваагүй. Би маш их гэмшиж байна. Энэ хэргийн ялыг хүлээх чадал, чадвар надад даан ч алга болжээ. Учир нь 2014 онд хүндээр өвчилж, ходоодны хорт хавдар өвчнөөс, ходоодны эрхтнээ бүрэн авахуулж, турж эцэж, хүний асаргаанд орсон. Мөн 6 сард түлэгдэж, арьсны мэс засалд орж, 2 сар хүний асаргаанд байсан. Одоо шарх, сорви сайн эдгэрээгүй, эмчийн хяналтанд байдаг. Хүнтэй адилхан хоол унд идэж чаддаг бол ялаа үүрмээр нь л байна. Гэвч миний бие нь энэ ялыг давж чадахгүй юм байна. Хоолны дэглэмд ороод, хир баргийн хоол унд таарахгүй, энэ хорих байранд байхдаа ч гэсэн хоол таарахгүй, өөрийн иддэг хоолоо оруулж өгөхийг дарга нарт нь хэлж, өдөртөө 1 удаа хоол авч, энэ хугацаа, хоногийг авч явнаа. Шүүх хуралдаанд өвчнийхөө бичиг, баримтаа дутуу бүрдүүлж өгсөн байна лээ. Эмч нарын комиссоор орсон Сонгинохайрхан дүүргийн бичиг баримт байгаа. Энэ тогтоолд намайг ял үүрэх чадвартай гэсэн байна. Би энэ мэт өвчнүүдийн улмаас болж, эрэмдэг, зэрэмдэг биетэй хүн болсон байна. Иймд миний энэ аргагүй байдлыг та бүхэн тунгаан бодоцгоож, гүн туслалцаа үзүүлнэ үү. Би энэ гурвыгаа бодохгүй байх цаг хугацаа гэж надад алга байнаа. Сэтгэл санаа маш хүнд хэцүү байна. Надад хорихоос өөр шийтгэл өгнө үү” гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх түүнд ял оногдуулахдаа гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзсэн. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн Тыг төрийн албадлага хэрэглэж, түүний эрх. эрх чөлөөнд хуульд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор хязгаарлалт тогтоож төрийн цээрлэлийг хүлээлгэх нь зүйн хэрэг боловч Тын 42 жил ханилсан хайртай хань, түүний бага балчираас нь өөрийн гараар өсгөж хүмүүжүүлсэн хайртай талийгаач охид одоо эргэж хэзээ ч ямар ч тохиолдолд тэдэнд харагдаж эргэж ирэхгүй нь ойлгомжтой. Эндээс энэ гэр бүлийн үр хүүхэд төрөл төрөгсөд 3-н хүнээсээ хагацаж, мөн нэг хүнээ шоронд хориулж байгаа байдлаас сэтгэлийн маш их дарамт эдийн засгийн маш их хүнд хямралд орж байна. Д.Т нь 2014 онд ходоодны хорт хавдраар өвчилж ходоодоо бүрэн тайруулсан. Улаан хоолойд гэдсээ залгуулсан. Улаан хоолой доод хэсэгт тойрог хэлбэрээр өнгөц шалбархайнууд үүссэн гэж дурангийн зурагт тэмдэглэгдсэн байна Үүнээс хойш хүний байнгын асаргаанд байж жил бүр комиссоор орж хамгийн сүүлд Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн эмч нарын хяналтын комиссын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр байнгын асаргаа шаардлагатай хугацааг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ний өдөр хүртэл сунгаж өгсөн байна. Энэ шийдвэрээр Д.Т нь өнөөдрийн байдлаар байнгын хүний асаргаа сувилгаанд байх ёстой. Одоо Д.Т нь мөрдөнд хоригдсон цагаасаа эхлэн түүний дотор эрхтэн өвдөж хоол идэхгүй байгаа ба эмчийн зааврын дагуу өдөрт нэг удаа ар гэрийнхэн нь хоол оруулж байгаа болно. Мөн 2017.06.17-ний өдөр болсон гал түймрийн улмаас Тын биед нь 4-р зэргийн түлэгдэлт үүсэж одоо арьс нь хуурайшиж таталдаж бохирдож байна. Иймд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл шалтгаан, өөрийн нь насны байдлуудыг харгалзан Тын үлдсэн хэдхэн насаа гэр бүл төрөл төрөгсөдтэй нь ойр байлгаж тэдний дунд өнгөрүүлэх үүднээс сэтгэл санааг дэмжих, биеэ илааршуулан тэнхрүүлэх, мөн цаашид өвчин зовлонг нь даамжруулахгүй үүднээс байнгын эмчилгээ сувилгаанд нь хамруулж эмнэлэгт ойр байлгах, мөн санамсар болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн цаашид хүний байнгын асаргаа сувилгаа, эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагатай байдал, түүний нас зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг төрийн зүгээс өршөөн харж үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсье” гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баянжаргал давж заалдах гомдолдоо: Д.Тын одоогийн байдлаар биеийн эрүүл мэндийн байдал, насыг нь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна. Учир нь: Миний бие нь Д.Т талийгаач Нямсүрэн нарын бага хүү Н.Магвантай ханилан амьдарч 14 жил болохдоо охин М.Оюунгэрэл, М.Оюундэлгэр нарыг төрүүлж, өсгөн хадам аав ээжтэйгээ хамт ойрхон амьдарсаар ирсэн. Амьдралын энэ хугацаанд хадам аав, ээж минь хоорондоо эвтэй, халамжтай, үр хүүхэд, ач зээдээ үлгэр жишээ сайхан гэр бүл байсан. Хадам ээж Д.Т 2014 онд ходоодны хорт хавдраар оношлогдон хагалгаанд орж, ходоодоо бүрэн тайруулж, хүний байнгын асаргаанд шилжин эмийн байнгын хэрэглээ болон хоолны дэглэмд байдаг. 2017.06.17-нд гарсан гал түймрийн уршгаас бие нь 4-р зэрэглэлийн түлэгдэлттэй, арьс нь таталдаж өвддөг билээ. Хэдийгээр энэ хүний болгоомжгүй үйлдлээс гарсан түймрийн осолд бага охин хайрт үр М.Оюундэлгэр минь алтан амиа алдаж, нөхөж баршгүй хохирол учирсан ч эргээд миний охин ээждээ эргэн ирэхгүй болсноос хойш бурхан тэнгэрт нь залбиран хойч үе үлдсэн үр хүүхэд, төрөл садан, ахан дүүгийнхээ дунд үлдсэн хэдэн насаа биднийхээ дунд өнгөрүүлээсэй гэж чин сэтгэлээс хүсч байна. Ээж минь бидний хувьд амьдралыг чиглүүлж, үр хүүхдийн минь хайрт эмээ, садан төрөлтэй минь холбох гүүр нь билээ. Ах дүүс, үр хүүхэд бидний хувьд сэтгэлийн шаналал, байнгын түгшүүртэй байдаг болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг хохихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсье” гэжээ. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Ням-Осор давж заалдах гомдолдоо: “... Д.Тын биеийн эрүүл мэнд, насны байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна. Миний төрсөн ах Жимээ овогтой Нямсүрэн, бэргэн болох Доржжавын Т нар 1975 онд гал голомтоо үүсгэн дөчөөд жил ханилахдаа 5 сайхан хүүхдийг өсгөж бойжуулж амьдралын захад хүргэсэн билээ. Хэдийгээр энэ хэргээс болж миний төрсөн ах, түүний зээ охин нар минь буцаж ирэхгүй болсон учир бэргэн Д.Тыг 2014 онд ходоодны хорт хавдрын хагалгаанд орж, ходоодоо бүрэн тайруулж хүний байнгын асаргаанд байх шаардлагатай байдал, гал түймрийн улмаас 4 дүгээр зэргийн түлэгдэлт, сэтгэл зүйн хямралтай байгаа ... зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна” гэжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав. Ялтан Д.Т нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг. “Эмээлчирийн даваа” гэх газар гэртээ цай чанах гэж байгаад шатахууныг ус гэж андуурч халуун тогоо руу хийсний улмаас гал гарч гэр шатан гэр дотор байсан 68 настай Ж.Нямсүрэн, 9 настай М.Лхагвасүрэн, 11 настай М.Оюундэлгэр нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-15/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх27/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-21/, Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 84, 85, 86 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-60, 64, 67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6277, 6281, 6280, 6276, 6288 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-59, 62, 63, 66, 69/, Төв аймгийн Онцгой байдлын газрын 07/01 дүгнэлт /хх-74/, ялтан Д.Тын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гал түлээд цайны ус хийсэн чинь бага байхаар нь гэрт байсан 8 литрийн хувинд байшингийн ард байсан шар канистартай уснаас хийхэд жаахан шар өнгөтэй байхаар нь булгийн ус юм байлгүй гэж бодоод усаа гэрт оруулж, гал дээр буцалж байгаа ус руу хийсэн чинь шууд дэлбэрэлт болсон. Тухайн үед нүүр нүдгүй гал дүрэлзээд гэр шатсан гэсэн мэдүүлэг /хх-83-84/, мөрдөн байцаалтад гэрч Н.Магсаржавын ... би байшингаасаа гарахад гэрийн үүдэнд гал авалцаад тооноор гал гарч байсан, ээж Т “би бензин гэдгийг нь мэдсэнгүй ус гэж бодоод цайгаа чанах гэж байгаад тогоонд хийчихлээ өвгөнөө алаад хаячихлаа шүү дээ” гэж хэлээд орилж, чарлаад байсан гэсэн мэдүүлэг /хх-40-43/, гэрч Р.Баттогтохын “...гадаа хүн орилох чимээ гарахаар нь хартал хадам ээж Т гэрээс орилоод гарч байсан. Мөн гэрээс гал гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-44-47/, гэрч Б.Болдбаатарын “...Магсаржав гал гарч байна гэж хашгирсан. Шатаж байсан гэрээс эмээ нүүр хувцас хунар нь түлэгдсэн гарч ирсэн. Гэр 30-40 минутын хооронд бүрэн шатсан, байшингийн хооронд 25 литрын шар савтай бензин байсан” гэсэн мэдүүлэг /хх-48-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, ялтан Д.Тыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтад нийцсэн байна. Харин ялтан Д.Т анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн 2014 онд ходоодны хавдраар оношлогдон ходоод тайруулсан, энэ гэмт хэргийн улмаас 3-р зэргийн түлэгдэлттэй, арьс нөхүүлсэн, цаашид байнгын асаргаа шаардлагатайг нотлосон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар зэрэг нотлох баримт болон эрүүл мэнд, насны байдал, уг гэмт хэргийн улмаас ойр дотны 3 хүнээ алдаж сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан ялтан Д.Т, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баянжаргал, Ж.НямОсор нарын “оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолын хэсэгт - “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА Г.БОЛОРМА