Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б*******, Ц.И******* нар

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Маргааны төрөл: Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б*******д 70,884,000 төгрөгийг Ц.И*******д тус тус олгуулахаар даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нараас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б*******д 70,884,000 төгрөгийг Ц.И*******д тус тус олгуулахаар даалгах гэжээ.

Нэхэмжлэгч нараас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Шүүгч Ц.Б******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар зарлигаар, Шүүгч Ц.И******* нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ийнхүү шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дүгээр тушаалаар шүүгч бидний өмнө авч байсан сарын үндсэн цалингийн / албан тушаалын цалин / хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмжийг олгосон юм. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай / Шинэчилсэн найруулга / хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д " Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно", мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж тус тус тусгайлан заажээ. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин орно гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын " Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцох"-оор заасан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан заалт нь илүү нарийвчилсан зохицуулсан зохицуулалт байх бөгөөд энэхүү заалтыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д " Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцон нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно" гэсэн заалттай адилтган үзэх боломжгүй юм. Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад энэ асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Шүүхийн тухай / Шинэчилсэн найруулга / хуулийн заалт хэрэглэгдэх бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгчид нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр / албан тушаалын үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл / 36 сарын хугацаагаар тооцож олгох нь хуульд нийцэх юм. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай / Шинэчилсэн найруулга / хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж заажээ. Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хуульч цаашид эзэмшсэн мэргэжлийн нэг төрөл болох өмгөөлөгчөөр ажиллах нөхцөл нь хязгаарлагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Шүүхийн тухай / Шинэчилсэн найруулга / хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг нэмэлтээр оруулсан гэж ойлгогдож байгаа болно. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн Хууль зүйн байнгын хорооны тэмдэглэл болон эцсийн хэлэлцүүлгийн УИХ-ын намрын ээлжит чуулганы тэмдэглэлийг үзвэл, (хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг) Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэсэн томьёоллоор төсөлд тусгасан байх ба эцсийн хэлэлцүүлгээр уг томьёоллоор дэмжигдсэн байх бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалттай холбоотойгоор ". цалин хөлсийг юу гэж ойлгох вэ гэхээр эрх зүйн ойлголтоороо, эдийн засгийн ойлголтоороо цалин хөлс бол "үндсэн цалин, түүний нэмэгдлээс тогтоно" гэж байгаа юм .." гэсэн санал гарч байсан, мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Сарын дундаж цалингийн хэмжээ гэж одоо. Сарын дундаж цалингийн хэмжээ гэж одоо юу гэсэн үг вэ.... " гэсэн боловч уг асуулт, саналтай холбоотойгоор цаашид хэлэлцүүлэг өрнөөгүй, байна. Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно", мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ хэмээн тус тус хуульчлагджээ. Дээрхээс үзэхэд захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгосон нэг удаагийн тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд шүүгчээр ажиллаж байсан бидний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б*******д, 70,884,000 төгрөгийг Ц.И*******д тус тус гаргуулж, олгуулах"-аар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2023/10125 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул харьяаллын дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамжийг 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гардан авсан болно. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргасан тул Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзнэ. Иймд Шүүхийн тухай хуулийн заалтыг зөв хэрэгжүүлж, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, Ц.Б*******д нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг, Ц.И*******д 70,884,000 төгрөгийг тус тус олгуулахаар даалгаж шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй. гэжээ.

Нэхэмжлэгч нараас тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нарын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б*******д, 70,884,000 төгрөгийг Ц.И*******д тус тус олгуулахаар даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон байна. Бидний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тус нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1.Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн *...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; -Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. 2.Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй. Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд МУШтХууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан үндэслэлээр хариу тайлбараа гаргасан. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нар нь Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б*******д 70,884,000 төгрөгийг Ц.И*******д тус тус олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар зарлигаар, нэхэмжлэгч Ц.И******* нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар зарлигаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Ц.Б*******д нэг удаагийн буцалтгүй тусламж 100,800,000.00 төгрөг, Ц.И*******д нэг удаагийн буцалтгүй тусламж 104,400,000.00 төгрөгийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нь Шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр нэхэмжлэгч Ц.Б*******д 65,520,000 төгрөгийг, Ц.И*******д 70,884,000 төгрөгийг тус тус дутуу олгосон нь буруу гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр байх ба үүнээс үзэхэд шүүгчийн сарын дундаж цалингийн хэмжээ гэдэг ойлголтод дээрх нэмэгдлүүд бүгд багтахаар байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1-д ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох эрх зүйн зохицуулалттай байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, шүүгчийн сарын дундаж цалин гэсэн ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүд багтахаар байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт цугларсан Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг судлан үзэхэд, нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэлийг няцаах үйл баримт, үндэслэлүүд байхгүй байна.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцохгүй, зөвхөн албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож байгаа нь нэхэмжлэгч нарын Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчсөн байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог, ... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй, ... хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм гэх агуулга бүхий тайлбаруудыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгч Ц.Б*******д 65,520,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.И*******д 67,860,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Тооцооллын хувьд, нэхэмжлэгч Ц.И*******гийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,160,000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 725,000 төгрөг, нийт 1,885,000*36=67,860,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Б*******гийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,120,000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 700,000 төгрөг, нийт 1,820,000*36=65,520,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.И******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа тэтгэмжийн зөрүү болох 70,884,000 гэж алдаатай тооцож бичсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Ц.И*******д нэг удаагийн тэтгэмж болох 65,520,000 төгрөгийг олгох гэж зөвтгөж бичих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц.Б*******д 65,520,000 /жаран таван сая таван зуун хорин мянга/ төгрөг, Ц.И*******д 67,860,000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгохыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б*******, Ц.И******* нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЗОРИГ