Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00200

 

“Х-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02293 дугаар шийдвэртэй

“Х-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Өд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 766 500 төгрөг, автомашины торгууль 628 400 төгрөг, нийт 4 394 400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Амартүвшин, хариуцагч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х-А” ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Г.Өтай 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Тоёота приус маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашин барьцаалан зээл олгосон. Уг зээлийн гэрээгээр Г.Ө нь 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй зээлсэн. Гэрээндээ алданги 0.5%-иар бодож тооцох фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулахаар тохирсон. Зээлдэгч Г.Ө нь зээлийн гэрээний хугацаагаа удаа дараа сунгаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл болон хүүгээ төлж байснаа гэнэт алга болсон. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2018/01031 тоот шийдвэрээр Г.Өыг эрэн сурвалжлуулсан. Зээлдэгч Г.Өы ажлын газар болон оршин хаягийг эрэн сурвалжилж олсон боловч манай компанийн эзэмшлийн автомашин хаана байгаа нь тодорхойгүй, зээлдэгч Г.Өаас манай компани өөрийн эзэмшлийн автомашиныг авахаар удаад дараа хайсан боловч өнөөдрийг хүртэл олдоогүй болно. Мөн Г.Ө автомашин унах явцдаа нийт 628 400 төгрөгийн торгууль төлөхөөр болж, манай компанид хохирол учруулсан. Хариуцагчийн өөрөө бичиж өгсөн өргөдөлд зээл болон хүүгийн төлбөрт нийт 4 491 300 төлж барагдуулна гэсэн байдаг. Тэгсэн атлаа одоо 500 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зээлдэгч Г.Өаас зээлийн гэрээний үүрэгт 2 347 000 төгрөг, зээлийн хүү 164 000 төгрөг, алданги 1 255 500 төгрөг, нийт 3 766 500 төгрөг, автомашины торгууль 628 400 төгрөг, нийт 4 394 400 төгрөг төгрөгийг хариуцагч Г.Өаас гаргуулж өгнө үү. Харин ч бид автомашиныг нь хурааж авах гээд очиход хоёр нялх хүүхэдтэй амьдрал хэцүү байна гэхээр нь харж үзсэн чинь дахиад алга болчихсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “Х-А” ХХК-иас 3 500 000 төгрөгийг зээлж, өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалсан. Ингээд сар болгон хүүгээ төлж явж байгаад 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн компанийн 5064436346 тоот дансанд 3 000 000 төгрөгийг ээж Цэцгээгийн данснаас шилжүүлж, үндсэн зээлээс хасуулж, 500 000 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. Уг төлбөрт ногдох хүү, торгууль 250 000 төгрөгийн хамт нийт 750 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Машины торгуулийг нэр шилжихэд өөрөө төлж барагдуулна. Миний бие зээлийн төлбөрт нийт 6 125 000 төгрөгийг төлсөн байна. Би ажилд орохын тулд Өмнөговь аймаг руу шилжсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Х-А” ХХК-ийн хариуцагч Г.Өаас зээлийн гэрээний үүрэгт 3 766 500 төгрөг, автомашины торгууль 628 400 төгрөг, нийт 4 394 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Г.Ө нь тус компаниас зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээ буюу барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг хүлээсэн болно. Хариуцагч Г.Ө нь шүүх хурал дээр манай компани зээлийн үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг захирал н.Амартүвшингийн “Хаан банк” ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэж хуурамч нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл Г.Өлийсайхан нь уг мөнгийг нь манай компанид бичгээр хүлээлгэж өгөхдөө давхардуулан өгч данс руу шилжүүлсэн байдаг. Энэхүү нотлох баримтыг манай компани шүүхэд гаргаж өгсөн байхад баримтыг нотлох шинээр гэргаж өгсөн гэж хариуцагч Г.Ө анхан шатны шүүхэд худал итгүүлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн мэтээр ярьсан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-т заасан ...хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэсэн нь илэрсэн бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэл болно. Мөн хариуцагч Г.Ө нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийг хариуцагч Г.Ө нь гардаж авснаас хойш 14 хоног өнгөрсөн хариу тайлбар гаргаж өгөөгүй, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 13-14УНО Т.Приусс маркийн автомашиныг битүүмжлэх захирамж гарсаар байхад Г.Ө нь дур мэдэн гадуур унан шүүхээс гарсан баталгаажуулах захирамжийг үл тоосон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Х-А” ХХК нь хариуцагч Г.Өаас зээлийн гэрээний үүрэгт 3 766 500 төгрөг, торгуульд 628 400 төгрөг, нийт нийт 4 394 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас, хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 500 000 төгрөг, хүү, торгуульд 250 000 төгрөг төлөхөөс бусад хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Өлзийсайхан 3 500 000 төгрөгийг 7%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн “Toyota prius” маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашиныг хариуцагч байгууллагын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.10-11/ Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

Талууд зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй бөгөөд шүүх зээлийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх.16/

Хэргийн 42-43 дугаар талд хариуцагч Г.Өлийсайханаас зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 850 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 293 800 төгрөг, 2017 оны 9 сарын 8-ны өдөр 500 000 төгрөг, нийт 2 643 800 төгрөг төлсөн баримт авагджээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 6 125 000 төгрөг төлсөн гэсэн тайлбар гаргаж, уг үндэслэлээ 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт ээж Ж.Цэцгээгийн данснаас 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, хэрэгт Ж.Цэцгээгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх.57/

Дээрх баримтаас үзэхэд Ж.Цэцгээгээс 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5064436446 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа боловч ямар зориулалтаар хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, Ж.Цэцгээ хариуцагч Г.Өы өмнөөс зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 6 125 000 төгрөг төлсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х-А” ХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон “Toyota prius” маркийн 13-14 УНО улсын дугаартай автомашиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой, тухайн автомашин устаж үгүй болсон, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон бол гэрээний үүргийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээний онцлог нь үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болдог.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй боловч талууд фидуцийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу фидуцийн зүйл болох автомашины эзэмших эрхийг зээлдүүлэгчид шилжүүлсэн, автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгчийн “автомашиныг авахаар хариуцагчийг удаа дараа хайсан боловч олдоогүй” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор хүлээн авах боломж нөхцөл байгаагүй талаар тайлбар гаргаж, зээлийн гэрээний үндсэн үүрэг болох мөнгийг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх фидуцийн гэрээгээр үүргээ хангуулах боломжтой гэсэн дүгнэлт хийж  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга болох фидуцийн гэрээг талууд  байгуулсан байдал нь зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.  

Иймд хариуцагчаас зээл, зээлийн хүү, алданги, торгуулийн мөнгийг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн заалттай нийцнэ.

Гэрээний 3 дахь заалтад “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд хариуцагч үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 2 450 000 төгрөг / 10 сарын хүү нэг сар нь 245 000 төгрөг/, нийт 5 950 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд уг дүнгээс хариуцагчийн төлсөн 2 649 800 төгрөгийг хасч тооцоход 3 300 200 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 3 300 200 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцоход 1 650 100 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Хэрэгт хариуцагч Г.Ө автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж 658 400 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан тухай баримт байна. Гэвч нэхэмжлэгч “Х-А” ХХК нь тухайн торгуулийн мөнгийг хариуцагч Г.Ө төлсөн гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул торгуулийн мөнгө нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Хариуцагчийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 4 950 000 төгрөгийг гаргуулах боломжтой боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 4 394 400 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.