Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АЕИА ХХК

Хариуцагч: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа,

Маргааны төрөл: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай №07/00-02/005-01 тоот актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батаа, хариуцагч Ш.Хонгорзул, А.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Боргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай №07/00-02/005-01 тоот актыг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн Ц.Эрдэнэбаяраас ирүүлсэн өргөдлийн дагуу манай компанид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай гаргасан акттай холбоотойгоор салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 13/002 тоот удирдамжтай төлөвлөгөөт бус шалгалтыг манай компанийн ерөнхий нягтлан бодогч О.Анхбаярыг байлцуулан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Батжаргал, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа нар хийж гүйцэтгэсэн байдаг. Шалгалтаар Авиа ХХК нь иргэн Ц.Эрдэнэбаярыг "2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс жолоочоор ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилтны цагийн бүртгэлийг хөтлөөгүй, ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоо хийгээгүй, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд долоо удаа цалин олгохдоо цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй...." гэсэн байсан. Энэхүү акт нь илт хууль бус захиргааны акт гэж үзсэн тул манай компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №37/23 дугаартай гомдлыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газарт гаргасан билээ. Бидний гаргасан гомдлыг хянаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/174 дугаартай албан бичгээр ".... ажил олгогч болон Ц.Эрдэнэбаяр нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэж байна..." гэх хариу өгсөн. Гэтэл тухайн хариуг баталгаат шууданд хийсэн гэдэг боловч манай компани тухайн гомдлын хариуг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч мэдсэн. Иймд бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актыг манай Аеиа ХХК- ийн зүгээс дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2023.04.21-ний өдрийн 07/00-02/005- 01 дугаартай акт, 2023.05.23-ны өдрийн 13/174 дугаартай гомдлын хариу нь Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж, үүний улмаас мөн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Манай компани нь Ц.Эрдэнэбаяртай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгээгүй ба тухайн иргэн нь манай компанийн хашаанд амьдардаг байсан бөгөөд сул чөлөөтэй байдаг байсан учир хөлсөөр барилгын материал зөөдөг машин бариулж ажилуулдаг байсан. Ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тухай бүрд тохироод хөлсөөр ажилладаг байсан. Нийтдээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд долоо удаа цалин хөлс өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар "....Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох...." гэж заажээ. Гэтэл Ц.Эрдэнэбаяр 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд долоо удаа цалин хөлс авсан байдаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэн бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сард хоёроос доошгүй удаа буюу 14 удаа цалин хөлс авах байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актад ажил олгогч болон Ц.Эрдэнэбаяр нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэлгүй байна. Ц.Эрдэнэбаярын гүйцэтгэж байсан барилгын материалын машины жолооч гэсэн байнгын тогтмол ажлын байр байдаггүй, шаардлагатай үед л барилгын материалын жолооч хэрэг болоод хөлсөөр ажлуулдаг байсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжүүд нь хангагдаагүй байна. Харилцаа болгон хөдөлмөрийн харилцаа биш. Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй Иргэний эрх зүйн харилцаа байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргасан нь мөн үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн. Цалин хөлс тогтмол эсэхийг шалгаагүй, цалин сард хоёроос доошгүй олгох ёстойг шалгаагүй, Компанийн тухай хуулиар компанид эрх бүхий этгээдүүдээс тайлбар мэдүүлэг аваагүй, ерөнхий нягтлан бодогч болон үйлдвэрийн дарга нар нь төлөөлөх эрхгүй хүнээс мэдүүлэг авсан нь мөн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...." гэж заасан ба сонсох ажиллагааг хийгээгүй байна. Иймд дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар "...захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан..." мөн хуулийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар "....захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;..." байхад ийнхүү шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж дүгнэж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн манай байгууллагын зүгээс Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагч түүнийгээ ойлголгүйгээр Иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцож үндэслэлгүй дүгнэлт гаргасанд туйлын гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай АЕИА ХХК 2001 онд үүсгэн байгуулагдаж нийт 65 орчим ажилтантай тасралтгүй 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь өлөн гэдэс ангилан экспортолдог бөгөөд Европын холбоонд нийлүүлж Монгол улсад валютын орох урсгалыг бий болгодог экспортлогч үйлдвэр, аж ахуйн нэгж юм.

Иргэн Ц.Эрдэнэбаяраас ирүүлсэн өргөдлийн дагуу манай компани Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай акттай холбоотойгоор салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 13/002 тоот удирдамжтай төлөвлөгөөт бус шалгалтыг манай компанийн ерөнхий нягтлан бодогч О.Анхбаярыг байлцуулан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийгэм хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Батжаргал, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа нар хийж гүйцэтгэсэн байдаг. Шалгалтаар АЕИА ХХК нь иргэн Ц.Эрдэнэбаярыг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс жолоочоор ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилтны цагийн бүртгэлийг хөтлөөгүй, ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоо хийгээгүй, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд 7 удаа цалин хөлс олгохдоо цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй гэсэн байсан. Энэхүү актыг эс хүлээн зөвшөөрч тухайн актыг хүчингүй болгож өгнө үү хэмээн манай компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37/23 дугаартай гомдлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газарт гаргасан.

Бидний гаргасан гомдлыг хянаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/174 дугаартай албан бичгээр ажил олгогч болон Ц.Эрдэнэбаяр нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэж байна хэмээн хариу өгсөн. Гэтэл тухайн хариуг баталгаат шууданд хийсэн гэдэг боловч манай компани тухайн гомдлын хариуг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч мэдсэн. Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн гэж үзэж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актыг АЕИА ХХК-ийн зүгээс дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байна.

Манай компани Ц.Эрдэнэбаяртай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгээгүй ба тухайн үед манай компанийн хашаанд амьдардаг байсан бөгөөд сул чөлөөтэй байдаг байсан учир хөлсөөр барилгын материал зөөдөг машин бариулж ажиллуулдаг байсан. Ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тухай бүр тохироод хөлсөөр ажилладаг байсан. Нийтдээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд 7 удаа хөлс өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгохоор заасан.

Гэтэл Ц.Эрдэнэбаяр 2022 оны 06 сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд 7 удаа хөлс авсан байдаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сард хоёроос доошгүй удаа буюу 14 удаа хөлс авах байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актад ажил олгогч болон Ц.Эрдэнэбаяр нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ц.Эрдэнэбаярын гүйцэтгэж байсан барилгын материалын машины жолооч гэсэн байнгын тогтмол ажлын байр байдаггүй, шаардлагатай үед барилгын материалын жолооч хэрэг болж хөлсөөр ажиллуулдаг байсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжүүд нь хангагдаагүй байна. Харилцаа болгон хөдөлмөрийн харилцаа биш юм. Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй Иргэний эрх зүйн харилцаа байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч нь хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн. Цалин хөлс тогтмол эсэхийг шалгаагүй, цалин сард хоёроос доошгүй олгох ёстойг шалгаагүй. Компанийн тухай хуулиар компанийн эрх бүхий этгээдүүдээс тайлбар мэдүүлэг аваагүй, ерөнхий нягтлан бодогч болон үйлдвэрийн дарга нар нь төлөөлөх эрхгүй хүнээс мэдүүлэг авсан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг хариуцагчаар тодорхойлсон. Мөн манай байгууллагын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны улсын ахлах байцаагч түүнийгээ ойлголгүйгээр иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцож үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрыг тодорхойлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн уг захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акттай холбоотойгоор компанийн захирал, үйлдвэрийн даргаас хариу тайлбар авахгүй, итгэмжлэлгүй этгээдээс хариу тайлбар авч шалгалт хийсэн нь Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаа зөрчсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалтыг хийсэн боловч удирдамжид Салбар хяналтын газрын улсын ахлах байцаагч П.Батжаргал, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэгт шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч гэж заасан. Тус удирдамжид ажлын хэсгийн ахлагч П.Батжаргал мөн А.Урангуа орсон байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна гэж заасан. Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хяналт шалгалт хийсэн байцаагч нь Ш.Хонгорзул, А.Урангуа нар ба П.Батжаргал гэдэг хүний дүгнэлт байдаггүй. Нөгөө талаас 04 дүгээр сарын 24-ний өдөр нягтлан бодогч О.Анхбаярт итгэмжлэл олгосон. Гэтэл хяналт шалгалтыг 04 дүгээр сарын 12-ны өдөр хийж, 04 дүгээр сарын 21-ний өдөр акт гаргасан. Хяналт шалгалт хийгээд акт гарсны дараа итгэмжлэл олгогдсон О.Анхбаяр хяналт шалгалтын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар тусгасан байдаг ба 27.4.3 дахь хэсэгт биечлэн уулзах гэж заасан. Биечлэн уулзсан боловч нүүрэлдүүлнэ гэж Ц.Эрдэнэбаяртай уулзуулж тодорхой асуулт асуугаад гаргасан. 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Иймээс уг захиргааны акт нь хүчин төгөлдөр акт мөн эсэх асуудал яригдана. Иймд маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Эрдэнэбаяраас ирүүлсэн гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Салбарын ерөнхий байцаагчийн баталж, улсын ахлах байцаагч П.Батжаргал ахалж би болон улсын байцаагч А.Урангуа нар төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалт хийж холбогдох баримтуудыг бүрдүүлж, тайлбар мэдүүлэг авч, шийдвэр гаргах ажиллагаа явагдсан ба улсын байцаагч А.Урангуа бид хоёр акт үйлдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт заасны дагуу бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ улсын ахлах байцаагчийн шийдвэрээр гаргадаг учраас улсын байцаагч А.Урангуа бид хоёр актыг хамтарч гаргасан. Маргаан бүхий акт нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буюу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын чиг үүрэгт хамааралтай урчаас улсын ахлах байцаагч П.Батжаргал актад гарын үсэг зураагүй.

Нэхэмжлэгч компанийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37/23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Эрдэнэбаяр нь сул чөлөөтэй байдаг байсан учир 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн жолоо бариулж ачаа бараа зөөлгөх шаардлагатай үед тээврийн хэрэгсэл бариулдаг байсан. Тухай бүр нь 350,00-500,00 төгрөгийн хөлс өгдөг байсан, ингээд барилгын материал татах ажил 2022 оны 11 сараас дууссан ба 12 сарын 25-ны дуустал мөнгө өгч,.. эхэлсэн." гэсэн гомдол, Үйлдвэрийн дарга 3.Чулууны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25/23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Эрдэнэбаяр гэх хүний амьдарч байсан гэх манай үйлдвэрийн арын хашаанд үйлдвэрийн барилгын өргөтгөл баригдаж эхэлсэн ба компанид шинээр ажилд орсон ерөнхий нягтлан бодогч болох О.Анхбаяр нь энэ Ц.Эрдэнэбаяр гэх хүн сул чөлөөтэй байдаг тул барилгын материал компанийн машин бариулж зөөлгөх, түүнд нь тохирсон хөлс өгөхийг санал болгосноор 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сард 500,000 төгрөгийн хөлс олгохоор тохиролцсон байдаг гэсэн тайлбар,Ерөнхий нягтлан бодогч О.Анхбаярын цалин олгосон тухай гараар бичсэн тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон. Улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, улсын байцаагч А.Урангуа нар Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар үндэслэн баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2.12-т заасны дагуу Ц.Эрдэнэбаярт ээлжийн амралтын цалин олгуулахаар акт тавьсан. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн Ц.Эрдэнэбаярын гаргасан гомдлын дагуу хууль тогтоомжид зааснаар хийсэн. Шалгалт хийж холбогдох баримтуудыг бүрдүүлж, тайлбар мэдүүлэг авч, шийдвэр гаргах ажиллагаа явагдсан ба улсын байцаагч А.Урангуа бид хоёр акт үйлдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт заасны дагуу бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ улсын ахлах байцаагчийн шийдвэрээр гаргадаг учраас улсын байцаагч А.Урангуа, Ш.Хонгорзул нар маргаан бүхий актыг хамтарч гаргасан. Бид шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АЕИА ХХК нь анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07/00-02/005-01 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тус 07/00-02/005-01 дугаартай актыг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа нарын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай №07/00-02/005-01 тоот актаар АЕИА ХХК нь иргэн Ц.Эрдэнэбаярыг 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс жолоочоор ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилтын цагийн бүртгэлийг хөтлөөгүй, ажилсан хугацааны ээлжийн амралтын тооцоо хийгээгүй, 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны хугацаанд долоон удаа цалин олгохдоо цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 84 дүгээр зүйлийн 84.5, 104 дүгээр зүйлийн 104.7, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж иргэн Ц.Эрдэнэбаярт ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 173,784 /нэг зуун далан гурван мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь АЕИА ХХК нь иргэн Ц.Эрдэнэбаярын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, харин иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг; гэж заасан байх ба үүнээс үзэхэд, АЕИА ХХК болон иргэн Ц.Эрдэнэбаяр нарын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байна.

Учир нь АЕИА ХХК нь иргэн Ц.Эрдэнэбаярт 6 сарын хугацаанд сар болгон тогтмол, байнгын шинжтэй цалин хөлс өгч, Ц.Эрдэнэбаяр нь АЕИА ХХК-ийн ажлын байранд тус компанийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь Ц.Эрдэнэбаярт цалин өгч байсан тухай гараар бичсэн тэмдэглэл, Ц.Эрдэнэбаярын гомдол гэх мэт хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байх ба үүнээс үзэхэд, АЕИА ХХК нь болон Ц.Эрдэнэбаярын хооронд тогтмол, байнгын шинжтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. гэж заасан ба хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч АЕИА ХХК болон иргэн Ц.Эрдэнэбаяр нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 16 дугаар зүйлийн 1-т 1. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна, 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарласан байна.

Дээрх тайлбараас үзвэл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч байнгын шинжтэй орлого олж буй нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар байна.

Хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан байх ба Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь төрийн хяналт шалгалтын харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь П.Батжаргал гэдэг хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалтыг хийсэн атлаа тус актад гарын үсэг зураагүй, ерөнхий нягтлан бодогч болон үйлдвэрийн дарга нар нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд байтал тэднээс мэдүүлэг авсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч хариуцагч хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд №07/00-02/005-01 тоот актыг үйлдсэн байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбар үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж байгаа эдгээр үндэслэл нь маргаан бүхий улсын байцаагчийн актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа нарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг нөхөн олгуулах тухай №07/00-02/005-01 тоот актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч АЕИА ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АЕИА ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ