Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0541

 

                                                           “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 343 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 352730 тоот актаар тогтоосон 5.152.900 төгрөгийн торгууль, 1.028.000 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, “К” ХХК-иас актын төлбөрт төлсөн 15.442.139 төгрөгийг нөхөн төлбөрт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”К” ХХК-д ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги нь төлөгдсөн байх тул нэгэнт төлөгдсөн торгууль алдангийг өршөөлд хамруулах ойлголт байхгүй юм” гэж дүгнэжээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд биелэгдсэн захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд эгүүлэн хамруулахгүй буюу хориглосон утгатай нэг ч зүйл заалт байхгүй юм. Харин ч сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт нь нэгэнт шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээж дууссан этгээдийн ялтай байдлыг өршөөлд хамруулахаар заасан буюу эрүүгийн хариуцлагаа эдэлж дууссан  этгээдэд уг хуулийг хэрэглэж өршөөлд хамруулах боломжтой болохыг хуульчилж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэсэн захиргааны шийтгэл хүлээж түүнийгээ биелүүлсэн этгээдэд өршөөлийн хуульд эгүүлэн хамруулахгүй гэсэн дүгнэлт нь уг хуулийн дээрх заалт болон хуулийн ерөнхий агуулга, утга санаагаар няцаагдаж байгаа болно.

Нэхэмжлэгч “К” ХХК нь 2013 оны 352730 дугаар актыг хүлээн зөвшөөрч 15.422.139 төгрөгийг төлсөн байдаг. Энэхүү төлбөрийг төлөхдөө Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу аль хугацааны, ямар татварт төлж байгаагаа нэхэмжлэгчийн зүгээс тодорхой зааж өгсөн буюу 14.522.139 төгрөгийг 352730 дугаар актын нөхөн татварт, 900.000 төгрөгийг актын торгууль, алдангид төлж байгаагаа банкны төлбөрийн баримтад тодорхой зааж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох банкны төлбөрийн баримтуудаар нотлогдож байгаа болно. Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн нөхөн татварт төлсөн төлбөрийг дур мэдэн алданги, торгуульд тооцож авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Энтуяа, О.Ариунзаяа нар 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 352730 дугаар татварын улсын байцаагчийн актаар “К” ХХК-ийн 2011, 2012 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн 171.429.300 төгрөгийн зөрчилд 17.119.800 төгрөгийн нөхөн татвар, 5.152.900 төгрөгийн торгууль, 1.028.000 төгрөгийн алданги, нийт 23.300.700 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК нь анх шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 352730 дугаар актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь Улсын Их Хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 352730 дугаар актаар тогтоосон 5.152.900 төгрөгийн торгууль, 1.028.000 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, “К” ХХК-иас актын төлбөрт төлсөн 15.422.139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгуулах” гэж тодруулсан байна.

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК нь дээрх актаар тогтоосон төлбөрт 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 15.422.139 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад ... үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хууль тогтоомж зөрчиж шийтгэл хүлээсэн этгээдийн шийтгэл нь биелэгдээгүй тохиолдолд өршөөн хэлтрүүлэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч “К” ХХК-д төлбөр ногдуулсан татварын улсын байцаагчийн акт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан боловч нэгэнт энэхүү актаар ногдуулсан төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, мөрдөгдөхөөс өмнө төлж барагдуулсан тохиолдолд түүнийг буцаан олгох эсхүл нөхөн татварт суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “К” ХХК нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарахаас өмнө төлсөн 15.422.139 төгрөгийг тухайн татварт ногдох алданги, торгууль, хүүд суутган тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйл /56.1. Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна”, 56.1.1.тухайн татварт ногдох алданги; 56.1.2.торгууль; 56.1.3.татварын үндсэн өр/-д нийцжээ.

Иймд анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

                         ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА