Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 111

 

Ш.Б, Х.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Ш.Б, Х.Ц нарт холбогдох 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Ш-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х-ын Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ц нь хээл хахууль өгөх, шүүгдэгч Ш.Б нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгаж, шүүгдэгч Ш.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Х.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Б гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Би Х.Ц багшийг Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтад заасан эрх, мөн зүйлийн 20.2.3 дахь заалтад заасан үүргийн хүрээнд ажилд томилсон. Багш Х.Ц нь 2011-2012 онд жирэмсний амралттай багшийн оронд хоёр жил ажиллаад багш Ч.Н-ыг ажилдаа орсны дараа цагийн багшаар үргэлжлүүлэн ажиллаж нийтдээ манай байгууллагад дөрвөн жил ажилласан байсан. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн БСШУЯ-ны Сайдын А/220 дугаар тушаалын дагуу 6 дугаар ангиас эхлэн Монгол бичгийн хичээл орох болсон тул цагийн багшаар ажиллаж байсан Х.Ц-ын цагийг гүйцээж, үндсэн багшаар томилсон шийдвэр гаргасан болно. Сайдын тушаалаар нэг багшийн ажлын байр буюу 19 цаг нэмэгдээгүй, 6 дугаар ангид Монгол бичгийг 2 цагаар заах цаг нэмэгдсэн юм. Шийдвэр гаргахдаа багшийн нийгмийн асуудал, тогтвор суурьшил, ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан үзсэн. Түүнээс биш мэргэжлийн бус багшийг Монгол хэлний багшаар томилоогүй, хэн нэгэн хүнийг хохироож, энэ хүнд ажлын байр зориуд бий болгоогүй, ажлын байранд тавигдах шаардлага хангасан байдлыг харгалзан томилсон. Х.Ц-ыг 2011 онд ажилд томилсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шан харамж, мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Ажилд томилогдсон багш нараасаа ажилд томилогдохдоо шан харамж өгч орсон эсэх талаар баталгаа бичүүлж авдаг. Үүний дагуу Х.Ц ч гэсэн баталгаа бичиж өгсөн бөгөөд уг тодорхойлолт хэргийн материалд авагдсан байгаа. Өгийнуур сумын сургууль дээр 2017 оны 02 дугаар сард АТГ-ын хоёр байцаагч ирж Х.Ц-аас мэдүүлэг авсны дараа багш нарын өрөөнд орж ирээд багш Г.Г-д “би хүний үгэнд ороод захирлыг буруутгаад гүтгэчихсэн чинь балай юм боллоо. Ийм аймаар юм болно гэж бодоогүй, дахин дахин асуугаад хэцүү юм, гомдлоо буцааж болдог болов уу” гэж ярьсныг багш Г.Г шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Давж заалдах шатны шүүх Х.Ц-ыг 1,000,000 төгрөг өгсөн гэж ярьдаг тухай хадам эгч Т.О, нөхөр Т.Б, төрөл садан гэх Д.Н нарын ярьсныг гэрчийн мэдүүлэг гэж үзээд байгаа хэрнээ яг миний дэргэд байсан нөхөр П.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Хүний ам дамжин нэг нэгэндээ ярьсан яриа биш дэргэд нь хамт байсан хүний мэдүүлэг илүү бодитой үнэлэгдэх ёстой гэж бодож байна. Багш нар хөдөө орон нутагт ажиллаад 5 жил тутамд тэтгэмж авдаг гэдгээ мэддэг. Тэтгэмжийн мөнгөнөөс авах гэж санаархсан мэтээр худал мэдүүлэг өгснийг бичиг хэргийн ажилтан Д.Э, О.У, Б.Б нар нотолж тайлбар гаргаж өгснийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Иймд хэргийг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Ц.Батхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2002 оны Эрүүгийн хуульд хээл хахууль авах гэмт хэргийн гол шинжийг “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авах” гэж тодорхойлсон. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийг ерөнхий боловсролын сургуулийн захирал эдэлнэ”, БСШУЯ-ны Сайдын 2015 оны “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” А/220 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн дунд ангид 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор үндсэн багшийн орон тоог нэмсэн зэргийг үндэслэн захирал Ш.Б цагийн багшаар түр ажиллаж байсан Х.Ц-ыг үндсэн багшаар ажиллуулах шийдвэрийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нь албан тушаалтны хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн үйлдэл юм. Иймд түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн Ш.Б нь Х.Ц-ыг үндсэн багшийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилж ажиллуулсныг хууль тогтоомж зөрчсөн, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх ч үндэслэлгүй. Учир нь уг орон тоонд багшлах багш тухайн сургуульд байгаагүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр өрсөлдөх хэд хэдэн хүн гарч ирсэн тохиолдолд л сонгон шалгаруулалт явуулдаг болохыг Архангай аймгийн боловсролын газрын даргаар ажиллаж байсан Д.А, А.А нар гэрчилдэг бөгөөд Х.Ц-ыг үндсэн багшаар томилох үед дурдсан шаардлага, нөхцөл байдал байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх Ш.Б-ийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь хахууль өгсөн гэх Х.Ц болон гэрч Д.Н, Т.Б, Т.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж нь хахууль өгсөн гэх Х.Цын мэдүүлэг ба түүний амнаас сонссон зүйлээ л мэдүүлж байгаа болохоос бус тэд Ш.Б-т мөнгө өгсөн, авсан гэх үйл явдлыг нүдээр хараагүй хүмүүс юм. Мөн эдгээр гэрчүүд нь Х.Ц-тай гэр бүл, хамаатан садан буюу нэг ашиг сонирхолтой этгээдүүд ба гэрч Д.Н-ын хувьд тухайн сургуульд багшаар ажилладаг, Ш.Бадамцэцэгийн оронд сургуулийн захирал болох хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн аргаар гүйцэлдүүлэх зорилготой этгээд байсан гэдэг мэдүүлгүүд ч хавтаст хэрэгт бий. Иймд эдгээр гэрчийн мэдүүлгийг яллах нотлох баримт гэж үзэхэд туйлын учир дутагдалтай. Шүүх Х.Ц-ын “Өгиймандал” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан үйл баримтыг энэ хэргийн нотлох баримт гэж үзсэн. Гэтэл Х.Ц 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийн тулд 5,000,000 төгрөг зээлсэн нь бас л эргэлзээ төрүүлэх асуудлын нэг юм. Хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллахын тулд тухайн хэргийг ямар ч эргэлзээгүйгээр нотолсон байх зарчим бий. Нэг нь хахууль өгсөн, нөгөө нь аваагүй гэсэн байр суурьтай, хахууль өгснийг нотолсон баримтууд нь эргэлзээтэй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ш.Б-ийн гэм буруугийн асуудлыг хуульд нийцүүлэн үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ц-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Ц-д 2,000,000 төгрөг өгвөл үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж, 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн захирал Ш.Б-ийн гэрт түүнд 1,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллагдах үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.Ц-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэрч Т.Б, Т.О, Д.Н нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Ц нь Ш.Б-т 1,000,000 төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байгаа бөгөөд Ш.Б-ийн хээл хахууль аваагүй гэсэн мэдүүлгийг шүүгдэгч Х.Ц-ын мэдүүлгээс өөр няцаан үгүйсгэсэн нотлох баримт байхгүй, Х.Ц-ын хээл хахууль өгсөн гэж хэргээ хүлээсэн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг яллах үндэслэл болохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн Х.Ц-ыг хээл хахууль өгөх, Ш.Б-ийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж, Х.Ц, Ш.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Цогтбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “анхан шатны шүүх Х.Ц, Ш.Б нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн атлаа гэрч Т.Б, Т.О, Д.Н нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Ц нь Ш.Б-т 1,000,000 төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна гэсэн агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийснээс гадна хэрэгт авагдсан яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянан үзвэл, Х.Ц-ын хээл хахууль өгсөн гэсэн мэдүүлэг, түүнийг шууд бусаар нотолж буй гэрч Т.Б, Т.О, Д.Н нарын мэдүүлгийг яагаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн, тухайлбал эдгээр нотлох баримтуудын хооронд ямар ойлголтын зөрүү, зөрчилдөөн үүссэн, эсхүл үнэнийг мэдүүлсэн гэж үзэх боломжгүй ямар нөхцөл байдал илэрсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

Мөн дээрх нотлох баримтуудын эсрэг агуулгатай мэдүүлгэн нотлох баримтууд нь бүхэлдээ, эсхүл аль нь ямар үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлээгүй, уг нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг тогтоох, эсхүл үгүйсгэх аргаар шалгаагүйгээс үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт тодорхойгүй болжээ.

Анхан шатны шүүх дээрх байдлаар харьцуулаагүй, шалгаагүй, эх сурвалжийг тогтоож үнэлээгүй нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн нь ойлголтын зөрүү үүсгэсэн, тодорхойгүй дүгнэлт болсон байх тул цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, үндэслэл, шаардлагад нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарын гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН