Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Б.******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овгийн Бийн *******д холбогдох эрүүгийн 17 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 72 дугаар байрны 10-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц овгийн Бийн ******* /РД:А000/ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.******* нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадна иргэн Б.*******ыг “эгчтэй маргалдсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:
    Хохирогч Б.*******ын...Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой Архангай аймгийн төвд байсан бөгөөд тэгсэн орой манай эгч намайг дуудаж Нептун нэртэй баарнаас намайг аваадах гэж ярьсан, тэгээд би тэр бааранд очоод байж байгаад хаах үед нь эгчийн найзууд нь хоорондоо маргалдаж байсан, тэгсэн хэдийн нэг залуу нь над руу ирээд намайг барьж авч боогоод миний дагз, нүүр рүү гараараа удаа удаа цохьсон, тэгээд тэр залуу яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр залууг танихгүй, манай эгчтэй маргалдаад байсан тэгэхээр нь би эгчийгээ явъя гээд тэр залуутай маргалдсан, түүнээс болж л намайг зодсон. Миний баруун нүд, хөмсөг хавдаж хөхөрсөн, биеийн байдал гайгүй байгаа. Би гомдолтой байгаа, эмчилгээний гарсан зардал мөнгөө нэхэмжилж байна, үүнийг дараа нь тооцож байж мөнгөн дүнг нь гаргана...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    Гэрч Б.*******ын: ...Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой хадам дүү болох ******* хамтаар Нептун нэртэй бааранд очиж жаахан суусан юм. Тэгээд цаг орой болж бид хоёр дүү *******, Зоригоо нарыг дуудсан, тэгээд бид хэд тэр бааранд сууж байтал гадаа хэдэн танихгүй залуучууд байсан чинь нэг залуу нь та нар хуулиа мэдэх үү, би хуулиар сурдаг гээд байсан. Тэгснээ ******* дээр ирээд баарнаас чирч гаргасан би тэр хоёрын хойноос удалгүй гарах гээд үүдэн дээр очсон чинь ******* цустайгаа холилдсон орж ирсэн бөгөөд нөгөө хуулиа мэдэх үү гээд байсан залууг цохьсон гэж байсан. Би яг хаана, юугаар нь цохьсоныг нь хараагүй. Тэгээд бид хэд цагдаа дуудаж, нөгөө зодсон залууг бариулсан тэгсэн нөгөө залууг цагдаагийн газарт эрүүлжүүлэхэд хийсэн байсан. *******ыг ямар шалтгаанаар зодсон болохыг мэдэхгүй байна, ямар ч байсан яагаад муухай хараад байгаа юм гээд байсан, тэгээд зодсон юм болов уу гэж бодож байна. *******ын баруун хөмсөг нь сэтэрсэн, мөн нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

    Гэрч Ж.*******: ...2017 оны 08 дугаар сарын 02-ны орой манай найз Ариунаа бид хоёр Архангай аймгийн төвд байх Нептун бааранд орж жаахан суусан юм, тэгээд явах гэж байхад баарны гадаа олон залуучууд байсан тэгсэн нэг залуу та нар хуулиа мэдэх үү гээд бид хэд рүү хүрээд ир гээд байсан, тэгсэн ******* дээр нөгөө залуу ирээд баарнаас чирч гаргаад хоолойг нь боож байгаад нүүр рүү нь цохих шиг болсон тэгээд зугтаагаад явсан тэгэхээр нь бид хэд цагдаад дуудлага өгсөн чинь удалгүй цагдаа нар ирээд нөгөө залууг барьж авсан, тэгээд бид хэд шөнө 01:00 цагийн үед цагдаа дээр ирсэн чинь нөгөө *******ыг цохьсон залуу эрүүлжүүлэхэд орсон байсан. Тэр залуу ямар ч шалтгаангүйгээр *******ыг цохьсон, яг нүүр орчим нь цохих шиг болсон, тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй гэрэлд оруулж харсан чинь *******ын баруун хөмсөг нь сэтэрсэн, нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

    Б.*******ий яллагдагчаар мэдүүлсэн: ...Би зүйл ангийг зөвшөөрч байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнө ойролцоогоор 01 цагийн орчим би ******* бааранд орж сууж байгаад ******* бааранд зүс таних хүмүүстэй пиво ууж байгаад харих гээд ******* баарнаас гарах үед баарны коридор дотор үл таних залуутай хэсэг маргалдсан юм. Би тухайн үед нилээд их согтсон, зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Тэгээд тэр үл таних залуутай маргалдаж байгаад би түүний баруун хөмсөг нүд орчимд гараараа 1-2 удаа цохьсон, тэр үед бааранд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би шууд тэндээсээ гараад харих гээд 12 дугаар дэлгүүрийн орчимд явж байтал араас цагдаа нартай хамт надад цохиулсан залуу эгчтэйгээ хамт ирээд намайг барьж аваад цагдаа дээр ирсэн. Би тэр өдрөө цагдаа дээр саатуулахад хоносон. Маргааш өглөө нь надад зодуулсан залуу ирсэн бөгөөд тэр залууг ******* гэдэг. Би *******ын язарсан хөмсгийг оёулж өгсөн, мөн 160.000 төгрөг өгч *******ыг гомдолгүй болгосон. Тухайн үед ******* бид хоёр учир зүгээ олоод эвлэрээд салсан. ******* тэгээд хөдөө ******* сум руугаа тэр өдрөө явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор тэр залуутай зөрөх үедээ маргалдаад тэгээд л хэрүүл маргаан хийж байгаад цохьчихсон юм. Би согтуу байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байна, миний буруугаас болж зодоон болсон. Би баруун гараараа Б.*******ын баруун нүд хөмсөг орчимд 1-2 удаа цохьсон, өөр байдлаар бол гар хүрч зодоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан. Би тухайн үед бол ганцаараа байсан. ...Б.*******ын биед учирсан гэмтэл миний буруугаас болж учирсан. Дээрх гэмтлийг би учруулсан. Тухайн үед ******* гараараа миний нүүр орчимд 1-2 удаа цохьсон байх, гэхдээ надад ямар нэгэн гэмтэл, бэртэл бол огт учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны 389 дугаартай дүгнэлт:
    .1. Б.*******ын биед баруун хөмсөгт язарсан шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 хуу/

    Б.*******ын хүсэлт /хх-ийн 23 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 24-25 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчим Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* баарны гадна Б.*******той согтуугаар маргалдан түүний нүүрэн тус газар нь 1-2 удаа цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.*******, гэрч Ж.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны 389 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын нүүрэн тус газар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Б.*******ий үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Б.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 
       
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

                                         
                                                           ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Ц овгийн Бийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлж болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ОДХҮҮ