Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 27/ДШМ/2017

 

Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, Х.Даваахүү

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган Нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 244 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 1900 0587 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 40 минутын үед Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талд байх Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Тоёота клүгэр маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2 дах заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугайтай О.Хийг араас нь мөргөж, зам тээврийн ослын улмаас О.Хий амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ны 244 дугаар шүүгчийн захирамжаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Бд холбогдох эрүүгийн 2017 1900 0587 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газраар дамжуулан Төв аймгийн цагдаагийн газарт буцааж, яллагдагч Д.Бын өмгөөлөгч Н.Баяр, Х.Даваахүү нарын гаргасан хүсэлтийг хангасан болохыг мэдэгдэж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон иргнэий бичиг баримт болох яллагдагч Д.Бын 1511588 тоот жолооны үнэмлэх, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлбн төлбөр төлөгчийн гэрчлгээ 1 ширхэг, Тоёота клүгэр маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00498592 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, голоороо 2 хэсэг тасарсан, хойд дугуй нь салсан улаан, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэг, машины нэмэлт гэрлийн хагархай 1 ширхэг, гуперийн таг 1 ширхэг, унадаг дугуйн цацруулагчийн хагархай 2 ширхэг, унадаг дугуйн арааны хагархай пивор 1 ширхэг, будагны хэлтэрхийнүүд зэрэг ирснийг хэргийн хамт хүргүүлсэн мөн Д.Бын эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Жаргалан хотхон 12-4 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэл хэвээр болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн 244 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал: 1. Шүүгчийн захирамжид: “...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвчч зураг зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.4, 127.5, 127.6, 130 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ. Аймгийн Цагдаагийн газарт ирсэн мэдээллийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэрэг учралын газарт аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргал, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа, орлогч прокурор Ц.Сонинмөнх, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаяр, аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Доржданзан нар нь хуульд заасан тус тусын чиг үүргийн дагуу оролцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126, 127 дугаар зүйлд заасан журмын дагуу гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулж, мөрдөн байцаагч Б.Жаргал үзлэгийн тэмдэглэлийг хөтөлж, зохицуулагч Г.Анхбаяр гар зураг үйлдэж, шинжээч Д.Доржданзан гэрэл зургаар бэхжүүлж, шаардлагатай эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч ажилласан болно. Хэрэг учрал болсон газрын тойм зургийг бэхжүүлэх, далангийн өндрийг хэмжих зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэгийг анхны хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндовдон, криминалистикийн шинжээч Г.Булгамаа, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвадорж нар явуулж, хуульд заасны дагуу үзлэгийн явцыг бэхжүүлсэн. Зам тээврийн осол, хэрэг нь сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна тухайн осол, хэрэг гарсан газарт үлдсэн хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж, ач холбогдол бүхий байдлыг тодруулан бэхжүүлэх чухайл бөгөөд баримтыг олж, ач холбогдол бүхий байдлыг тодруулан бэхжүүлэх чухал бөгөөд анхны мөргөлтийн цэгийг гэрчүүд болон сэжигтэн нар нь өөрөөр мэдүүлж байсан тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулалгүйгээр бодит байдлыг бэхжүүлэхийг чухалчилсан болно. Мөн нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгын даргын тогтоолоор мөрдөн байцаагч нарын ажлын хэсгийг томилж, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үнэн, зөв бодитой тогтоох зорилгоор гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан, тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсийг нэн даруй гэрчээр байцаах ажиллагааг шуурхай явуулсан. Тухайн хэрэг учралын газарт үзлэг хийх явцад тус тусын чиглэлээр мэргэшсэн төрийн тусгай алба хаагчдын зүгээс мэргэжил, мэдлэг дутагдлаа гэх нөхцөл байдал үүсээгүй болно. 2. Мөн “...Яллагдагч Д.Б болон гэрч нар нь “”Тоёота клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдын талаар тодорхой мэдүүлээд байхад хэрэгт ач холбогдол бүхий тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй зөрүүтэй, мөн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд хурд, тормосны мөр тусгаагүй, дээрх 2 үзлэг нь эрс зөрүүтэй байгаагийн зөрүүг гаргаж нэг мөр болгох” гэжээ. 3. Хэрэг учралын газарт үзлэг хийх явцад асфальтан зам дээр машины дугуйн тормосны ямар нэгэн мөр гаргаагүй байсан тул үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тусгагдаагүй бөгөөд тормосны мөргүй учир тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байсан. Гэрч Эрдэнэчимэг нь жолооч Д.Быг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг мэдүүлдэг. Мөн гэрч Ариунбаяр, Батжаргал, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар тээврийн хэрэгслийг 100-аас дээш км цагийн хурдтай явсан, гэрч Эрдэнэчимэг тухайн цаг мөчид хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаараагүй, ер нь 60-70 км цагийн хурдтай яваад байх шиг байсан гэж мэдүүлдэг бөгөөд өөр байдлаар хурдыг тогтоох боломжгүй юм. Харин хэрэг, учралын газарт хийгдсэн хэмжилтүүд, тээврийн хэрэгсэл болон дугуйнд үүссэн гэмтэл, талийгаач Хөлгөний биед учирсан гэмтэл зэргийг нотолж тогтоосон нотлох баримтуудад шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой гэж үзэж байна. Мөн хэрэг учрлын газарт хийсэн анхны үзлэг, нөхөн үзлэг 2 эрс зөрүүтэй гэсэн нь ойлгомжгүй, яг юу нь зөрүүтэй болохыг тодорхой дурьдаагүй байна., учир нь анхны үзлэгт тусгагдсан хэмжээсүүдэд үндэслэн нөхөн үзлэгийн явуулж, хэмжилтүүдийг авч хийсэн болно. 4. “... 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэл муутай байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг томилж, хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулах, шинжээч нарт тавих асуултууд байгаа эсэхийг тодруулах” гэжээ. Шүүх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл муутай гэж үзэж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг томилж, дүгнэлт гаргуулахаар заасан боловч, үндэслэл муутай гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсгийг зөрчжээ. 5. “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Д.Б, гэрч Ө.Эрхэмбаяр, А.Хэрлэнбаяр, Х.Эрдэнэчимэг нарын мөн шаардлагатай бусад оролцогч нарыг оролцуулан туршилт хийх нь хэрэгт ач холбогдолтой байна” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол туршилт хийхээр заасан байдаг бөгөөд шүүхийн зүгээс хэрэгт яг ямар нөхцөл байдал, үйл явдлыг ач холбогдолтой гэж үзэн тэрхүү нөхцөл байдал, үйл явцыг сэргээн дүрслүүлэх гэж байгаагаа тодорхой дурьдаагүй байгаа нь ойлгомжгүй байна. 6. “Тоёота клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Батчулууны /ХААН банк/ нэр дээр байх тул иргэний хариуцагчаар татах” гэжээ. “Тоёота клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь яллагдагч Д.Бын эзэмшлийнх, талийгаач хүү нь банкнаас зээл авахдаа бэр Батчулууны нэр дээр түр шилжүүлж байсан гэдгийг яллагдагч өөрөө мэдүүлдэг, Прокурорын газарт энэ талаар тайлбар бичиж өгдөг бөгөөд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ нь анхнаасаа яллагдагч Д.Бын нэр дээр бүртгэлтэй, байнгын татвар төлж явж байсныг нотолдог. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татан оролцуулах эрхтэй болно. Иймд улсын яллагчийн зүгээс мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэж үзэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай 2017 оны дүгээр сарын 21-ний өдрийн 244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар ...прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн давж заалдсан прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Д.Бд холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь зөв боловч шүүгч захирамжиндаа мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан, гүйцэд биш хийгдсэн ажиллагааны талаар дутуу дурджээ. 1. Прокуророос хэрэг учрал болсон газрын тойм зургийг бэхжүүлэх, далангийн өндрийг хэмжих зорилгоор нөхөн үзлэгийг хийлгүүлсэн гэх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг дэслэгч Н.Лхагвадорж үйлдэхдээ тэмдэглэгээ дутуу /хх-24-25/ байна. Тухайлбал үзлэг хийсэн тэмдэглэл дээр “...зам тээврийн осол болсон газрыг “А” цэгээр авч А цэгээс В1 цэг буюу ундаг дугуйтай хүн анх ойчсон гэх газар “ гэснийг /хх-22/хэмжилт үйлдсэн бүдүүвч зураг дээр тэмдэглээгүй, осол болсон 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн “Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг” дээр /хх-9/ замын өргөн 8 метр, “А” цэгээс хоёр хажуу тийшээ 6 метр, 2 метр “гэж тэмдэглэгдсэн байхад харин дэслэгч Н.Лхагвадоржийн үйлдсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад замын өргөн 8 метр, тэмдэглэгээгүй улаан цэгээс хоёр хажуу тийшээ 5.52 метр, 2.53 метр гэж тэмдэглэгдсэн, гэтэл хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “А” цэгээс асфальтан замын хойд ирмэг хүртэл 2.33 м, урд ирмэг хүртэл 5.52 метр асфальтан замын нийт өргөн 8 метр байв” гэсэн /хх-22/ байгаагаас үзвэл, хэмжээсүүд нь зөрүүтэй хуульд заасны дагуу нөхөн үзлэгийг явуулсан гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц байна. 2. Талийгаач О.Хий унаж явсан гэх унадаг дугуй болон яллагдагч Д.Бын тээврийн хэрэгсэлд ослоос шалтгаалан үүссэн эвдрэлд үнэлгээ тогтоогоогүй байна. 3. Мөрдөн байцаагчаас урьд нь гэрчээр байцаагдсан гэрч Э.Батжаргал, гэрч А.Хэрлэнбаяр, гэрч А.Батхүү нарыг гэрч О.Эрдэнэчимэгтэй нүүрэлдүүлэн байцаахдаа /хх-125-130/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3-д “Нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг эхлэхдээ тухайн этгээдүүд бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаа болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийнхээ талаар мэдүүлэг гаргуулж, улмаар байцаагдаж байгаа этгээд тус бүрт асуулт тавьж болно” гэж заасан хуулийн шаардлагын дагуу байцаалтын ажиллагаа явагдаагүйн дээр хэрэг болсон нөхцөл байдлын талаар урьд нь гэрчээр байцаагдсан нөгөө бусад гэрч Г.Ариунбаяр, Э.Эрхэмбаяр, О.Гантулга, Г.Нямбаатар, Э.Идэрбаатар нараас нүүрэлдүүлэн байцаалт аваагүй орхигдуулсан. 4. Шинжилгээнд зориулж 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 03 минутанд Д.Баас 7 мл, О.Эрдэнэчимэгээс 3 мл хэмжээтэй цусны дээж авч дугаарлан вакуумдаж хадгалсан /хх-35/ байх бөгөөд гэтэл 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж хүргүүлсэн Д.Бын цусны дээж 7 мл биш 3 мл болж багассан /хх-71/, О.Эрдэнэчимэгийнх 3 мл биш 4 мл болж ихэссэн /хх-73/ байна. Иймээс ямар учраас цусны хэмжээг өөрчилж шинжилгээнд хүргүүлсэн болохыг шалгавал зохино. 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал болох яллагдагч Д.Бын хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй. 6. Д.Б, О.Эрдэнэчимэг нарын согтуурлыг “Драйгер” багажаар 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шалгаж “Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тухай тэмдэглэл”-ийн байлцсан гэдэг дээр “Т.Бат-Амгалан” гэж гарын үсэг зурсан баримт нь эргэлзээ төрөхүйц байна . Учир нь “Ч.Цогтбаяр” гэдэг цэнхэр өнгийг үсгээр бичигдсэн тэмдэглэлийн хуудсыг бөглөж ахлагч Т.Бат-Амгалан нь “байлцсан” гэдэг дээр гарын үсэг зурж тэмдэглэл үйлдсэн, уг баримт нь тамга тэмдэггүй, шалгасан хүний гарын үсэггүй, бүрэн бус байна. Иймд ямар учраас “Ч.Цогтбаяр” гэдэг цэнхэр өнгийг үсгээр бичигдсэн тэмдэглэлийн хуудсан дээр байлцсан гэж гарын үсэг зурж тэмдэглэл үйлдсэн болох, уг баримт тамга тэмдэггүй, шалгасан хүний гарын үсэггүй байгааг шалгаж ажиллагаа хийвэл зохино /хх-150-151/. 7.Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол”-той 2 шинжээч эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан байх ба 2016 оны 11 дүгээр сарын 24-ний дүгнэлтийг эрх үүрэгтэй танилцаагүй, өөрөөр хэлбэл дүгнэлт гаргах эрхгүй шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргуулсан /хх-208-210/ байх тул зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар дүгээр зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлд зааснаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Ингэхдээ шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээс гадна тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн эсэх, осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжтой эсэх, замын нөхцөл байдал осолд гарахад нөлөөлсөн эсэх, ямар шалтгааны улмаас осол гарсан болохыг тодруулах, Мөн гэрч А.Хэрлэнбаярын “...Уг машин дуут дохио өгөөгүй бас их хурдтай явж байсан...жолооч талийгаачийг бид нарын явсан эгнээнд мөргөсөн ба талийгаач өгсүүр зам дээр дугуйгаа жийгээд үл ялиг зүүн тал руу хазайх үед мөргөсөн...талийгаачийг машин мөргөхөд талийгаач агаар дээр үсрээд машины салхины шилэн дээр ойгоод замын эсрэг талын шороон хөвөөн дэр унаад ...нэг босож ирээд цаашаа шороон хөвөө рүү унасан” гэсэн /хх-107/, гэрч О.Эрдэнэчимэгийн “...нөгөө хүүхдүүдийг тойрох гээд эсрэг урсгал руу орсон чинь нөгөө бөөгнөрсөн хүүхдүүдээс нэг дугуйтай хүүхэд голоос гараад ирсэн...тэр хүүхэд манай машинтай мөргөлдчихсөн...” гэсэн /хх-109/, гэрч Э.Батжаргалын “...талийгаач машинд мөргүүлээд агаарт хөөрөөд замын эсрэг талд унаж байгаа харагдсан...” гэсэн /хх-113/, гэрч Э.Эрхэмбаярын “...тус машин мөргөхөд талийгаач агаар дээр үсрээд машины урд салхины шилэнд цохигдоод унаж байсан” гэсэн /хх117/, гэрч Г.Нямбаатарын “...Хөлгөнийг пид гээд мөргөсөн. Тухайн үед Хөлгөн нь ... 4-5 метр зайтай агаарт хөөрөөд газарт унасан” гэсэн /хх-121/, гэрч Э.Идэрбаатарын “...машин надтай ойрхон зөрж өнгөрсөн ба ...урагшаа харсан чинь талийгаач Хөлгөн машинд мөргүүлээд машинаас дээш 3-4 метр өндөртэй шидэгдэж байгаа харагдсан” гэж /хх-124/ мэдүүлсэн байна. Дээрх мэдүүлгүүд болон яллагдагч Д.Б, гэрч А.Батхүү, гэрч Г.Ариунбаяр, гэрч О.Гантулга нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримт дээр тулгуурлан хэний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, хохирогч амь насаа алдсан болох хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, бусад байдлыг тодруулах ажиллагаа хийх шаардлагатай. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 244 дугаартай захирамжаар хэргийг мөрдөн байцаалтанд хийлгэхээр буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 4, 5 дах дурдсан “...яллагдагч Д.Б, гэрч Ө.Эрхэмбаяр, А.Хэрлэнбаяр, Х.Эрдэнэчимэг нарын мөн шаардлагатай бусад оролцогч нарыг оролцуулан туршилт хийх...”, “Тоёота клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Батчулууны /ХААН банк/ нэр дээр байх тул иргэний хариуцагчаар татах” гэсэн ажиллагаануудыг хийх шаардлагагүй байна. Учир нь ямар тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай гэж үзэж туршилт хийх нь уг хэрэгт ач холбогдолтой хэмээн шийдвэрлэснээ тодорхойлон заагаагүй, “Тоёота клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь яллагдагч Д.Бын нэр дээр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад өөр иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Мөн Д.Бын өмгөөлөгч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-д “Үзлэг хийхэд яллагдагч, сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулж болно” гэж заасан заалтыг баримтлан хэргийн газрын үзлэг хийхэд яллагдагч, сэжигтнийг заавал оролцуулах ёстой гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь энэхүү хуулийн зохицуулалт нь үзлэг хийхэд хэргийн оролцогчдийг заавал оролцуулахаар үүрэг болгосон заалт биш бөгөөд уг ажиллагаанд тэдгээрийг оролцуулах эсэх нь мөрдөн байцаагчийн эрх хэмжээний асуудал байна.

Иймд уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн гүйцэт шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 244 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Төв аймаг дахь прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах”-ыг хүссэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Д.Бд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ Т.ЭНХМАА