| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 187/2018/0365/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 22.10.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 121
Р.Э, Ж.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, цагаатгагдсан этгээд Р.Э-ийн өмгөөлөгч Д.Батсүх, цагаатгагдсан этгээд Ж.Г-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1011 дүгээр магадлалтай, Р.Э, Ж.Г нарт холбогдох 201601000046 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй Ч овогт Р-ын Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ж-ийн Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Р.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт,
Ж.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Э, Ж.Г нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэн гаргасан эсэргүүцэлдээ “...Магадлалд дурдсан эхний үндэслэл буюу “прокуророос шүүгдэгч Р.Э-г нийтийн албан тушаалд ажиллах хугацаандаа орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авснаа хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж байна” гэсэн тухайд. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Р.Э нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт …оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан. 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хөнгөрч хөнгөн гэмт хэрэг болсон тул Р.Э, Ж.Г нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Иймд давж заалдах шатны шүүхийн “хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар татагдсан Р.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргаж байсныг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, түүнээс гэмт хэрэг үйлдсэн этгээдээр хэргийг нотлуулах ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог болно.
Магадлалын хоёр дахь үндэслэл буюу “Шүүгдэгч Ж.Г нь найз Р.Э-ийн нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 602 тоот орон сууц болон зоорийн давхрын 2-8, 2-9 тоот автомашины зогсоолуудыг “Номин констракшн” ХХК-иас 1,141,800,000 төгрөгөөр худалдан авах тухай 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2206044407 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437893 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгүүд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан болох нь тогтоогдож байна. Хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацааг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн ил болгохоор зохицуулсан байна. Гэтэл прокуророос Ж.Г-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, дээрх хуулийн үйлчлэлд хамруулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн эх сурвалжийг тогтоох зорилгоор Р.Э-д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт яллагдагчаар татсан зөрчил тогтоогдов” гэсэн тухайд. Эхний хэсэгт дурдсанчлан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаалтан хээл хахууль авсан, өгсөн гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Р.Э-ийн хувийн байдлыг тодорхойлох зорилгоор түүний нэр дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авсан. Гэтэл Р.Э-ийн гэр бүлийн хамт амьдарч буй орон сууц, автомашины зогсоол зэрэг өөрийн өмчлөлийн хөрөнгө нь түүний найз Ж.Г-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Улмаар уг хөрөнгийн эх үүсвэрийг шалгахад Р.Э нь 2012-2015 оны хооронд Засгийн газрын тогтоолуудаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр буюу 1,141,800,000 төгрөгөөр 344.8 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, 2 автомашины зогсоолыг багын найз Ж.Г-ийн нэр дээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан, орон сууцны төлбөрийг Р.Э-ийн эхнэр Г.Б Ж.Г-ийн нэрээр шат дараатай төлж барагдуулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон баримтаар тогтоогдсон. Р.Э өөрийн гэр бүлийн хамтаар орон сууц болон автомашины зогсоолыг одоог хүртэл эзэмшиж ашиглаж үр шимийг хүртэн амьдарч байгаа, түүнчлэн хууль бусаар хөрөнгөжсөн орон сууц, автомашины зогсоолыг Ж.Г-ийн нэрээр 2015 онд батлагдан хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан байсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилтоос үзэхэд хувь хүн буюу Р.Э нь багын найз Ж.Г-ийн нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг өөрийн нэр дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлөхийг заасан гэж ойлгохоор байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ж.Г-ийн нэр дээр бүртгүүлсэн Р.Э-ийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг Ж.Г-ийн нэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан байхад мөрдөгч, прокурор хууль зөрчин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд “…эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай …хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, …заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж заасан. Хэрэв Ж.Г-ийн нэр дээр бүртгүүлсэн дээрх орон сууц, автомашины зогсоол нь түүний хууль ёсны өмч гэж үзвэл Ж.Г нь уг хуулийн үйлчлэлд хамаарах хувь хүн биш юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р.Э нь 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, автомашины зогсоолуудыг албан тушаалын бүрэн эрхийн хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр найз Ж.Г-ийн нэр дээр худалдаж авч гэр бүлийн хамт амьдарч байгаа, улмаар Ж.Г-ийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдалсан санаатай үйлдэл гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүхээс уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр “анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ж.Г нь өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн River Garden хотхоны 302 дугаар байрны 602 тоот байрыг худалдан авсан талаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу мэдээлж, тайлан гаргаж өгсөн нөхцөл байдал батлагдсан байгаа. Харин Р.Э-ийн хувьд энэ нөхцөл байдал тогтоогдоогүй, тогтоогдсон гэх үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаагүй үйл баримтыг хамаатуулж Р.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэ дүгнэлтийг зөвтгөөгүй, гурван үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдлыг хүчингүй болгоогүй давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй. Тодруулж хэлбэл, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Р.Э-ийн өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн саналдаа “...Үүссэн асуудал шинэ, хуучин хоёр Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн хугацаанд гарсантай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс хууль буцаан хэрэглэсэн үндэслэлтэй холбоотой хийсэн дүгнэлтийн талаар эсэргүүцэл бичигдсэн байна. Шинэ Эрүүгийн хуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг орлого, эд хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж тодорхойлсон. Харин 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг хууль ёсны орлогоос гадна их хэмжээний орлого олсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг тодорхойлж заасан. Хэрэгт холбогдсон хүн, хэргийн нөхцөл байдлаас хамаарч, хууль буцаан хэрэглэхэд эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх ямар үндэслэл байна вэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуульд эд хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг тогтоож байж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдах ёстой. Энэ нь тогтоогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р.Э нь хууль ёсны орлогоос гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан эх сурвалжтай холбоотой баримтууд хангалттай гарч ирсэн. Энэ баримтуудаар үндэслэлгүйгээр, хууль бусаар орлого нэмэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа Ж.Г гэх хүний мөнгөн хөрөнгийн үл хөдлөх хөрөнгөд орсон 380,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө байгаа гэдэг нь тогтоогдсон. Энэ хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу бүртгүүлж, мэдүүлсэн. Прокуророос Ж.Г нь хуульд заасны дагуу ил тод мэдүүлсэн болохоос Р.Э мэдүүлээгүй гэж тайлбарлаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд эд хөрөнгөө мэдүүлэх тухай асуудал байгаа болохоос хэн мэдүүлсэн байх нь хамаагүй. Энэ хуулийн үйлчлэлд хамааруулж мэдүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, орлого зарлагатай холбоотой холбогдох мэдээллүүдийг шалгах, мөрдөн мөшгөхийг хориглосон. Тэгэхээр хэн мэдүүлсэн байхаас үл хамаарч хөрөнгө орлогоо энэ хуульд заасны дагуу мэдүүлсэн учраас үүнд ажиллагаа явуулах, шалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Улсын яллагч болон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авалгүй, яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нөхцөл байдал хэрэгжээгүй. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Ж.Г-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Э, Ж.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Р.Э-г 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй “RIVER GARDEN” хотхоны 302 дугаар байрны 602 тоот 344,8 м.кв талбайтай 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2 автомашины зогсоолын хамт худалдан авснаа хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Ж.Г-ийг уг орон сууц болон автомашины зогсоолуудыг худалдан авах гэрээг өөрийн нэр дээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах зэргээр Р.Э-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Р.Э, Ж.Г нарт холбогдох хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол...” гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд уг гэмт хэргийн субьект нь зөвхөн нийтийн албан тушаалтан юм.
Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д тус тус заасан этгээдүүдийг хамааруулан үзнэ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшил, ашиглалд бус өмчлөлд байсан нь тогтоогдсон бөгөөд өмчлөгч нь нийтийн албан тушаалтан байх хуулийн шаардлага нь уг гэмт хэргийн субьектийг тодорхойлохоос гадна зөвхөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн ойлголт, агуулгад нийцнэ.
Харин нийтийн албан тушаалтан өөрийн гэмт үйлдэлдээ төрөл садан, найз нөхөд болон бусад хүнийг ашигласан тохиолдол нь түүний гэмт хэрэг үйлдэх, түүнийгээ нуун далдлах арга тул нийтийн албан тушаалтны гэмт үйлдлийн хариуцлагыг бусад хүмүүст халдаан хэрэглэж болохгүй.
Хэрэгт авагдсан баримтаар Ж.Г нь нийтийн албан тушаалтан биш болох нь нотлогдсон, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тусгай субьектэд хамаарахгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн болно.
НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж заасан байна.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдээс хөрөнгөө хууль ёсны болохыг батлахыг шаардаж буй нь прокурорыг шүүгдэгчийн гэм бурууг баримтаар нотлох үүргээс чөлөөлж байгаа, яллагдагч, шүүгдэгч зөвхөн өөрөө гэм буруутайгаа болон гэм буруугүйгээ нотолж буйн аль аль нь биш бөгөөд прокурор гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг орлоготой нь дүйцэхгүй байгааг хангалттай баримтаар нотолсны эцэст яллагдагч, шүүгдэгчид хариу тайлбар гаргах, яллах дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан нийтлэг эрх хадгалагдсаар байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах бүрэн боломжтой юм.
Нөгөөтэйгүүр, хөрөнгө, орлогоо хууль ёсны болохыг тайлбарлахыг нийтийн албан тушаалтанд үүрэг болгож, хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулснаар хэрэг шийдвэрлэгдэхгүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг баталж, няцаан нотлох нь прокурорын нийтлэг үүрэгт хамаарах тул нотолгооны тэнцвэр хангагдаж шүүхийн шатанд гэм буруугүйн зарчим зөрчигдөхгүй гэж үздэг билээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан, үл дүйцэж байгааг нотолсноор прокурорын гэм бурууг нотлох ажиллагааны стандарт хангагдах бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм бурууг нотлох хуульд заасан үүргээс прокурор чөлөөлөгдөхгүй тул бусад гэмт хэргийн нотолгооны стандартад тавигддаг гэм буруугүйн зарчим энэ гэмт хэрэгт нэгэн адил үйлчлэхийг анхаарвал зохино.
Р.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу өөрийн нэрээр мэдүүлээгүй болох нь нотлогдсон бөгөөд харин Ж.Г нь Р.Э-ийн нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Р.Э нь тухайн орон сууц, автомашины зогсоолуудыг ямар эх үүсвэрээр авсан талаараа “найз Ж.Г-өөс мөнгө зээлж, уг зээлийн баталгаа болгож захиалгын гэрээг түүний нэр дээр хийсэн, эхнэр Г.Б-ийн үнэт эдлэлийн худалдааны орлого, дүүгийн орон сууцыг худалдан борлуулсан орлого, Лозво ХХК-иас авсан авлага, хувь хүнээс авсан зээл, авлага зэрэг орлогынхоо үнийн дүнг тодорхойлж, энэхүү мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан” гэж тайлбарлажээ.
Прокуророос Р.Э-ийн орлогын эх үүсвэрээ тайлбарласныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн аль хэсгийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж, эргэлзээтэй гэж үзэж буйгаа нотолж чадаагүй, яллах дүгнэлт ямар нэг үндэслэл бүхий үйл баримт, нөхцөл байдалд тулгуурлаагүй байх тул Р.Э-ийн хөрөнгийнхөө талаар гаргасан тайлбарыг худал гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, Р.Э-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зохих зүйл, хэсэг нь Р.Э-тэй огт хамааралгүйн гадна Ж.Г нь уг гэмт хэргийн субьект болохгүй тул цагаатгах тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалын тодорхойлох хэсэгт заасан дүгнэлтийг дээр дурдсанаар залруулан зөвтгөж, харин шийдлийг хэвээр үлдээн, прокурорын бичсэн “цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1011 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН