Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0559

 

 

   

                                                            “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                захиргааны хэргийн тухай

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Х-Э” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн “Е Э У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Х-Э” ХХК-иас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025546 дугаартай өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийн NE-025546 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд Кадастрын даргын энэхүү шийдвэрийг “Х-Э” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан байдаг. Шийдвэрийг гардан авсны дараа Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор Ашигт малтмалын газарт гомдол гаргах эрх нь “Х-Э” ХХК-д нээлттэй байсан. Гэвч “Х-Э” ХХК нь ямар ч гомдол гаргаагүй, гаргаж байгаагүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн 3 дугаар хуудасны 1,2 дугаар мөрт “...авч бүртгэсэн болохыг тус хэлтсийн нийтэд зориулж байршуулсан кадастрын систем дээрээс 07 дугаар сард олж мэдсэн” гэдэг нь мөн “мэдсэнээс хойш” гэдэг хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Х-Э” ХХК-ийн өөрийнх нь өргөдөл цуцлагдсан, өөр компани бүртгүүлсэн болохыг “Х-Э” ХХК нь аль эрт буюу 2015 оны 7 дугаар сарын сүүлээр мэдэж байжээ. Гэвч “Х-Э” ХХК нь үүнээс хойш бүтэн долоон сарын дараагаар буюу 2016 оны 02 дугаар сард Ашигт малтмалын газарт гомдол гаргаж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулиар зөрчсөн үйлдэл болж байгаагийн зэрэгцээ шүүгч бас үүнийг эс тооцон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг зөрчин байж захиргааны хэрэг үүсгэн шийдвэр гаргаж байгаа нь өөрөө бас хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Эрүү, иргэн, захиргааны хуулиудад бүгдэд нь аливаа асуудал, зүйлийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн байдгаас гадна үүнийг иргэд байгууллага, компани, бүх нийтээр Монгол Улс даяар дагаж мөрддөг билээ. Үүнийг мэдсээр байж яагаад Ашигт малтмалын газрын даргаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан “Х-Э” ХХК-ийн хүсэлтэд хариуг бичгээр өгөв, яагаад Ашигт малтмалын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнгүүд бичгийг хянасангүй бэ?, эсхүл дарга нь заавал бичиг бичиж өг гэсэн юм болов уу?, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх яагаад хууль бус бичгийг үндэслэн захиргааны хэрэг үүсгэв? гэдэг нь анхаарал татах асуудал болж байгаа юм. Хэрвээ Ашигт малтмалын газраас танай хүсэлтийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэдэг хуулийг дагуу хариуг “Х-Э” ХХК-д хүргүүлсэн бол өнөөдөр ийм шүүхийн шударга бус шийдвэр гарахгүй байсан гэж бид үзэж байна.

“Е Э У” ХХК нь энэ тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх түүнийг хууль бусаар хүлээн авсангүй. Шүүх зохиогчдын эрхийг тэгш хангахгүйгээр Ашигт малтмалын газрын даргын хууль бус анхдагч бичгийг үндэслэн шүүх хуралдааныг хүчээр хийхдээ үүнийг ярихгүйгээр нэг талд шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

“Х-Э” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Чандмань-1 нэртэй 3277.45 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлагыг ханган, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан байх бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь дээрх талбайд анхан шатны шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэн санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэл хүргүүлжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас уг мэдэгдэлд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Зөвшөөрөхгүй” санал ирүүлсэн тул 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дахин санал авахаар 6/4127 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн Засаг даргаас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дахин “Зөвшөөрөхгүй” хариу ирүүлсэн ба ийнхүү хариу ирүүлэхдээ тус аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 34, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг “хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгатай зохицуулалт” гэж ойлгох бөгөөд төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй гэсэн санал нь хуульд үндэслэсэн эсэхээс үл хамаарч түүнийг хүлээн авах үүрэгтэй гэж ойлгож болохгүй юм.

Гэтэл Засаг дарга ямар хууль зүйн үндэслэлээр татгалзсан эсэхийг тодруулалгүйгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр “Х-Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын үзэмжээр нэг хуулийн этгээдэд дэмжихгүй санал өгч, нөгөө хуулийн этгээдэд хуульд заасан хугацаанд ямар нэгэн санал ирүүлэхгүйгээр тусгай зөвшөөрөл олгох боломж олгож байгаа хууль бус үйлдлийг анхааралгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бол тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэх аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй болохыг давхар нотолж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” тухай давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 10113 дугаартай захирамжаар “Х-Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 834 дүгээр тогтоолоор дээрх анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнэсэн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол байх тул энэ асуудлаар дахин дүгнэлт хийх үндэслэлгүй юм.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                ШҮҮГЧ                                                        Ц.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА