Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2020/00001

 

  Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэртэй,  Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжлэлтэй, Ц сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Б” ХХК, Т.А нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 52.523.351.85 төгрөг, хүү 7.126.343.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.299.422.42 төгрөг, нийт 60.949.118.17 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

           

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн харьяалалтай "Б" ХХК нь К банктай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 3005-2017/88 тоот зээлийн гэрээ байгуулан, 18 сарын хугацаатай, 80.000.000.0 /наян сая/ төгрөгийн байгууллагын бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй банктай байгуулсан гэрээний хугацаа хэтрүүлсэн тул 52.523.351.85 төгрөгийн үндсэн зээлийн, 5.453.061.48 төгрөгийн хүүгийн төлбөр, 964.748.53 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 58.941.161.86 /Тавин найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийн өр төлбөртэй ба хариуцагч нар төлбөрийн чадваргүй хэмээн мэдэгдэж байна. Иймд хариуцагч нар болох "Б" ХХК болон Т.А нараас 58.941.161.86 /Тавин найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийн өр төлбөрийг гаргуулах. Хэрэв хариуцагч нар манай банканд төлөх өр төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй нөхцөлд нэр бүхий зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өр төлбөрийг барагдуулж өгнө үү.” гэжээ.   

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Хариуцагч нар болох “Б” ХХК, Т.А нараас нийт 58.941.161.86 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын банканд төлөх өр төлбөрийн хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжилсэн ба нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаа болох 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1.673.282.42 төгрөгийн үндсэн хүү, 334.673.89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус нэмж тооцогдсон байх тул нийлбэр дүн болох 2.007.956.31 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.” гэжээ.

 

Хариуцагч Т.А болон “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нарын тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь К банкны салбараас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Б" ХХК болон Т.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх нэр томьёолол байхгүй байгаа нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, загварыг зөрчжээ. Түүнчлэн К банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй нэгэн адил болжээ. Зүй нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн хүү нэхэмжлэх эрхгүй. Хариуцагч тал нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлөх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...хэрэв хариуцагч талыг төлөх өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр төлбөрийг барагдуулж өгнө үү..." гэжээ. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна. Дээрх байдлаас харахад, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа ба 58.941.161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх 2 шаардлагын чухам аль нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа нь ойлгомжгүй тодорхой бус болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Т.А болон “Б” ХХК-ийн захирал С.Б нарын нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ирүүлсэн тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь К банкны салбараас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Б" ХХК болон Т.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т "...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно..." гэж заасан. К банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нөгөө талаар, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын хугацаанд дахин хүү нэхэмжлэх эрхгүй. Иймд, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч “Б” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нараас 52.523.351.85 төгрөг, хүү 7.126.343.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.299.422.42 төгрөг, нийт 60.949.118.17 /жаран сая есөн зуун дөчин есөн мянга нэг зуун арван найман төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, Т.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах, Ү-0213007481 улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах,Ү-0213007482 улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах, Ү-0213007483 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах, Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан”-д байрлах 000322226, 8312016903 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөд№756990, арал №106024, 7909БӨТ, Краз 4561 Автокран шар өнгийн хөд№16636, арал№0707116, 1735 БӨТ зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд нэхэмжлэлийн хэлбэр, 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрт дараах зүйлийг тусгахыг зүйлчилсэн байх ба 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэргийг тусгахаар байгаагаас үзвэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх нэр томьёолол байхгүй байгаа нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг зөрчжээ.

К банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй нэгэн адил болжээ. Зүй нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн хүү нэхэмжлэх эрхгүй болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно..." гэж заасан. К банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч талаас зээлийг хугацаандаа төлөхөөс татгалзсан явдал нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буюу гэрээ цуцлагдсан гэж үзэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч тал нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлөх боломжгүй. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна. Дээрх байдлаас харахад, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа ба 58.941.161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй болжээ.

Иймд, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарласан байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн  бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

   Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбар нь хариуцагч “Б” ХХК, Т.А нарт холбогдуулан үндсэн зээл 52.523.351.85 төгрөг, хүү 7.126.343.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.299.422.42 төгрөг нийт 60.949.118.17 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3005-2017/88 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбар нь жилийн 22,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, байгууллагын эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 80.000.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК, түүнийг төлөөлж С.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нарт зээлдүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг буюу Баян-Өлгий, Өлгий сумын 4 дүгээр баг, Их буланд байрлах, Ү-0213007481 улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, мөн хаягт байрлах Ү-0213007482 улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, мөн хаягт байрлах Ү-0213007483 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, мөн хаягт байрлах Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, мөн хаягт байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах 000322226, 8312016903 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд, чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөдөлгүүрийн дугаар №756990, арлын дугаар №106024, 7909 БӨТ, Краз 4561 Автокран шар өнгийн хөдөлгүүрийн дугаар №16636, арлын дугаар №0707116, 1735 БӨТ зэрэг эд хөрөнгүүдийг  барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225.1.-т нийцжээ.  

 

Иймд хариуцагч “Б” ХХК, Т.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 52.523.351.85 төгрөг, хүү 7.126.343.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.299.422.42 төгрөг, нийт 60.949.118.17 /жаран сая есөн зуун дөчин есөн мянга нэг зуун арван найман төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462.700.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462.700.00  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ