Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 00379

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Д.О, Б.Б

Иргэний нэхэмжлэгч З.Б, Д.Т

Шүүгдэгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт  суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Х

Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд орж З.Б жолоодож явсан  Хьюндай Соната загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.О биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан ослоо хүлээн зөвшөөрч байна, энэ талаар маргахгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.О 500.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлнө. З.Б  2.446.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-нд төлнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би энэ ослын улмаас гоо сайхан, бие махбодиороо хохирсон. Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Б, 5 настай хүү О нарынхаа хамт  тендерийн жолооч Б машинд суугаад явж байтал жолооч Х урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машиныг  мөргөсөн. Жолооч Х согтуу байсан ба хэргийн газарт ээж, эгч нь ирээд осолд орсон биднийг ер хайхарч үзээгүйд гомддог. Би 17-18 оёо нүдний дээд талдаа тавиулсан. Одоо бие өвдөөд байна. Эмчилгээнд 500.000 зарцуулсан боловч шүүгдэгч өнөөдрийг хүртэл бие яаж байна гэж асуугаагүй, нэг ч төгрөг төлөөгүй байна. Одоо 5 настай хүү, нөхөр маань толгой, нугас руу өвдлөө гээд унтахгүй, нойр муутай болж байна. Миний толгой байнга өвддөг нүд бүрэлздэг боллоо. Х гомдолтой байна. Авто осол хэцүү юм байна. Сүүлдээ л янз бүрийн юм гарч ирээд өвдөөд байна. Бид боловсрол муу учир эмчлүүлсэн баримтуудаа хадгалахаа мэдэхгүйгээс баримтаа шүүхэд гаргаж өгч чадсангүй. Цаашид эмчлүүлэх шаардлагатай учир нээлттэй үлдээж өгнө үү гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Х урдаас ирээд мөргөсөн. Манай эхнэр мөргөсөн талд нь сууж явсан учир хүндэвтэр гэмтсэн. Тухайн үед би эхнэр, 5 настай хүүхдийнхээ хамт явсан. Хүү бид хоёрт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч одоо илэрч байна. Хүү бид 2 өнөөдрийн байдлаар толгой байнга өвдөж шөнө унтаж чадахаа байлаа. Цаашид ямар болохыг бид хэлж мэдэхгүй байна. Хэргийн газар дээр эгч, ээж нь ирсэн ч бидний биеийг ер асуугаагүй, хохирол ерөөсөө төлөөгүй. Эхнэр Хаан буузанд ажилладаг ч өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй чөлөөтэй байгаа. Нэг өдөрт 4800 төгрөгийн цалинтай. Осол болох үед эхнэр цус нөж нь гоожоод байхад ээж, эгч нь яаж байна гэж асуугаагүй. Х-г загнаж байгаад явсан. Х-ийн ээж нь биднийг доромжилсон. Эмчилгээний зардал хэрэгтэй гэхэд бид нар хүнд долигноод байдаг хүмүүс биш гэж хэлсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ? маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Х маш сонин даялж яваад, миний урсгал руу орж гараад явсан. Би энэ чинь одоо согтуу юм биш байгаа даа гэж бодож явтал ирээд мөргөсөн. 2017 оны 09 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гомдолтой байна. Би таксинд явж ам бүлээ тэжээдэг, одоо ажилгүй гэртээ хэрүүл маргаантай байх болсон. 71 хонож байхад надад хохирол нэг ч төгрөг төлөөгүй. Би тусгай тендертэй компанид ажилладаг, татвар төлдөг. Гэтэл би зөвхөн эвдэрсэн зүйлээ л нэхсэн. Засвар өдрийн орлого нэхээгүй. Хойшид нэхэх болно. Х жолооны үнэмлэхгүй согтуу байсан, урсгал сөрж орж ирж машиныг минь мөргөсөн. 2.446.000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэв.

            -Гэрч Р.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хадам аавын өвсийг татаж өгөх гээд хөдөө байж байхдаа хадам дүү Д.Х хамт 0.5 литрийн ерөөл архи, хүний нэг, нэг лааз пиво зэргийг уугаад сууж байхад Х хүн тосох хэрэгтэй байна гээд манай эхнэр Т-ийн эзэмшлийн  тээврийн хэрэгслийг жолоодсон. Би Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна битгий машин уна гэхэд зүгээрээ, би баригдахгүй гээд жолоодсон. Би санаа зовоод Х хажууд суугаад явсан. Би өөрөө архи уучихсан байсан болохоор жолоо бариагүй. Х манай эхнэрийн машины түлхүүр байсан юм. Тэгээд бид 2 замдаа явж байхдаа би ядраад унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэнэт юм мөргөх шиг болохоор нь сэрээд харахад  засмал зам дээр Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы голын багана хэсгийг Х мөргөчихсөн байсан. Хоёр машин хоорондоо зайтай зогссон байсан.  Би машинаас буугаад Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход жолоочоос гадна 4 хүн явж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн  гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 799 дугаартай:

1. Д.О биед зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүрний зүүн хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт  үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн хүчтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна./

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гараагүй байгаа болно.

4. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 46 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 782 дугаартай: Б.Б биед хуйханд зулгаралт үүсчээ.

Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Эрүүл мэндийг сарниулахгүй. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 38 ху/

-Замын цагдаагийн тасгийн  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 136 тоот шинжээчийн:

1. Соната-6 маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч З.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлсийг хориглоно. 2.7а/ Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь осол гарахад нөлөөлөхгүй.

2.  тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Х нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлсийг хориглоно. 2.7а/ Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Уг осол дүгнэлтийн 1-д зааснаар Д.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 55-56 ху/,

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9 ху/

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24, 73-74 ху/

-Д.Х яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63-66 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Х 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөдлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд орж З.Б жолоодож явсан  Хьюндай Соната загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.О биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.О “...Би энэ ослын улмаас гоо сайхан, бие махбодиороо хохирсон. Би  тендертэй жолооч Б явж байтал жолооч Х ирээд мөргөсөн.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Б “Х урдаас ирээд мөргөсөн. Манай эхнэр мөргөсөн талд нь сууж явсан учир хүндэвтэр гэмтсэн. Тухайн үед эхнэр 5 настай хүүхдийнхээ хамт явсан. Хүү бид хоёрт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч одоо илэрч байна. Хүү бид 2 өнөөдрийн байдлаар толгой байнга өвдөж шөнө унтаж чадахаа байлаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.С... Д.Х хамт 0.5 литрийн ерөөл архи, хүний нэг, нэг лааз пиво зэргийг уугаад сууж байхад Х  хүн тосох хэрэгтэй байна гээд манай эхнэр Т эзэмшлийн  тээврийн хэрэгслийг жолоодсон. Би Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна битгий машин уна гэхэд зүгээрээ, би баригдахгүй гээд жолоодсон. Би санаа зовоод Х хажууд суугаад явсан. Би өөрөө архи уучихсан байсан болохоор жолоо бариагүй. Х манай эхнэрийн машины түлхүүр байсан юм. Тэгээд бид 2 замдаа явж байхдаа би ядраад унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэнэт юм мөргөх шиг болохоор нь сэрээд харахад  засмал зам дээр Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы голын багана хэсгийг Х мөргөчихсөн байсан гэх  /хх 36 ху/ мэдүүлэг,  хохирогч Д.О биед зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүрний зүүн хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүссэнийг тогтоосон 799 дугаартай шинжээчийн дүгнэлт,  ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Д.Х үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Хавтаст хэргийн 50 дугаар талд “БАН ХАС” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч З.Балдоржийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 2.446.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч Д.Х 2.446.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.Б олгох үндэслэлтэй байна.

      Хохирогч Д.О нь 500.000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

            Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй, хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, түүнд хорих ялыг сонгон хэрэглэлээ.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.