Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 000114

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                            Д.Хүрэлбаатарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0354/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:    

 

               Прокурор                                          Б.Бүжинлхам

               Шүүгдэгч                                           Д.Х

               Хохирогч                                           Д.О, Б.Б

               Иргэний нэхэмжлэгч                      З.Б, Д.Т

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолтой Д. Х.т холбогдох, 1725000000106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х-ын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын  багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Б овогт Д.Х.

 

Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 82-09 улсын дугаартай авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд орж З.Б-ийн жолоодож явсан 55-70 ОРО улсын дугаартай “Хьюндай Соната” загварын машиныг мөргөж, дотор нь зорчиж явсан Д.О-ын биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Д. Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч Д.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Д.Х-аас 2.446.000 төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч З.Б-ид олгох, хохирогч Д.О-ны нэхэмжилсэн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдолдоо:

Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцож осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо 33 настай, өндөр настай эцэг Д, эх С нарын хамт хувийн цөөн малаа маллаж амьдардаг.

Миний асрамжинд эцэг, эх хоёр минь байдаг. Одоо тэд нар маань харж хандах хүнгүй, хэрэг болсноос хойш биеийн байдал нь эрс муудсан. Д.О, З.Б нарт хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж хэлж байсан боловч би хоригдсон учир ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байна.

Би авто машин жолоодож амьдралаа залгуулдаг тул 2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг багасгаж, хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. Цаашид энэ хүмүүст болон эцэг эхдээ туслаж ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарч чадахаа илэрхийлье гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, урсгал сөрж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр , Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-аас 2 446 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжпэгч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 2 446 000 төгрөгийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ...Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Б.Б, Д.О нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б, эхнэр Д.О хүү Отгонбаяр нарын хамт Эрдэнэтээс Улаантолгой руу тендрийн ОРО 55-70 номерын машинд гэр бүлээрээ зорчиж явсан. Баянцагаан багийн нутаг дэвсгэр Вокзалын урд талын хар зам дээр иргэн Д.Х согтуугаар авто машин жолоодож авто осол гаргаж хүнд гэмтэл учруулсан. Хойшид бид нарын энэ гэмтэл яаж илэрч ямар байдлаар өөрчлөлт орохыг мэдэхгүй байна. Цаашид иргэн Д.Х-тай байнгын холбоотой байна.

Эмчилгээний зардал 500 000 төгрөгийг өгч барагдуулсан тул гомдол, саналгүй гэжээ.

Иргэний нэхэмжлэгч З.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хохирогч З.Б миний бие нь Д.Х-аас хохирлын мөнгө 2 446 000 төгрөгийг бэлнээр авсан тул цаашид гомдол, саналгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байгаа.., иймд шийтгэх тогтоол нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 82-09 улсын дугаартай авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд орж З.Б-ийн жолоодож явсан 55-70 ОРО улсын дугаартай “Хьюндай Соната” загварын машиныг мөргөж, дотор нь зорчиж явсан Д.О-ны биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

2017 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан ослоо хүлээн зөвшөөрч байна, миний буруу.., Хохирогч Д.О-д 500.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлнө. З.Б-д 2.446.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-нд төлнө..., гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

 ... Би энэ ослын улмаас хохирч эмчилгээ хийлгэсэн..., ... Бид боловсрол муу учир эмчлүүлсэн баримтуудаа хадгалахаа мэдэхгүйгээс баримтаа шүүхэд гаргаж өгч чадсангүй..,. Цаашид эмчлүүлэх шаардлагатай учир нээлттэй үлдээж өгнө үү.., гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Хүрэлбаатар урдаас ирээд мөргөсөн. Би өдөрт 4800 төгрөгийн цалинтай ажил хийдэг..., хохирлоо төлүүлнэ ... гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч З.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Х маш сонин даялж яваад, миний урсгал руу орж гараад явсан..., 2.446.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 799 дугаартай:

 

... Д.О биед зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүрний зүүн хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүссэн..,энэ нь хатуу зүйлийн нэг удаагийн хүчтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн.., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана..., Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..., гэсэн дүгнэлт, /хх.ийн  46.р хуудас /

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 782 дугаартай:

Б.Б биед хуйханд зулгаралт үүссэн.., хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .., Эрүүл мэндийг сарниулахгүй. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт, /хх.ийн 38.р хуудас /

 

-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаартай

 

 “Ниссан навара” маркийн,  ОРО улсын дугаартай машин жолоодож явсан жолооч Д.Х нь замын хөдөлгөөний дүрмийн 2.7.д заасан Жолоочид дор дурьдсан зүйлсийг хориглоно.., гэсэн, 2.7а.д заасан Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2.д заасан ..Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтуудыг зөрчсөн байна ..,гэсэн дүгнэлт /ххийн 55-56.р хуудас /,болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэрийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Х нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад  иргэний нэхэмжлэгч З.Б-ийн эд хөрөнгөнд учирсан хохирол болох 2.446.000 төгрөг мөн хохирогч Д.О-ны эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо иргэний нэхэмжлэгч болон хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын яллагч ...шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн төлөх төлбөрийг хэсэгчлэн төллүүлэхээр зааж өгөөгүй тул энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар... эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө дээрх төлбөрийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5.д заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шүүгдэгч нь оршин суугаа газраа болон ажлын байраа өөрчлөх, зорчин явахдаа Орхон аймгийн Цагдаагийн газарт урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

3.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

4.Шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч нэн даруй сулласугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж  үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                   Ц.ТУЯА