Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 009

 

 

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Х.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл хүүгийн хамт 17.821.500.00 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулах тухай.

           

Нэхэмжлэлд: “Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15.000.000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Б.Ж, Х.Б нараас үндсэн зээл хүүгийн хамт 17.821.500.00 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд: “Х.Б нь 15 сая төгрөгийн зээлийг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хамтран хариуцагчаар татагдсан Б.Ж-ыг хариуцагчаар татсан хэсгээс татгалзаж байна. Цаашид тус хэргийн хариуцагч нь Х.Б гэдгийг тодруулж байгаа ба нэхэмжлэлд бичигдсэн үндсэн зээлийг хүүгийн хамтаар 17.821.500.00 төгрөгийг Х.Б-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Б, Б.Ж нарт холбогдуулан гаргасан “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 15.000.000.00 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Ж-ын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан. Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн баримтыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн/ Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15.000.000.00 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаас буцаан авсан. Хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15.000.000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ. Миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэж үзэж байна. Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б намайг зээлийн гэрээ байгуулж 15.000.000.00 төгрөг авсан мэтээр зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17.821.500.00 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.

Иймд нэхэмжлэгчийн иргэн Б.Ж, Х.Б нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17.821.500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Б-аас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 15.000.000.00 төгрөг, зээлийн хүү 1.350.000.00 төгрөг, нийт 16.350.000.00 /арван зургаан сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож, илүү нэхэмжилсэн 1.471.500.00 /нэг сая дөрвөн зуун далан нэгэн мянга таван зуун/ төгрөг болон хариуцагч Б.Ж-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн хувьд өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөвхөн нэг талыг баримталж, тэнцвэртэй байдлыг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй. 2014 онд Өлгий сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 15.000.000.00 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Ж-ын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзаж байжээ. Дээрх нөхцөл байдлын улмаас боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр хариуцагч тал сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн квитанцыг /баримтыг/ Өлгий сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн байна. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн./ Тэрээр тухайн сум хөгжүүлэх сангийн 15.000.000.00 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын .... тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон ... тоот дугаартай газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаасаа буцаан авсан болох нь тогтоогджээ. Энэ тохиолдолд хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг хариуцагч талд өгөх учиргүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15.000.000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан...” гэжээ. Хариуцагч тал зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэж үзэж байна. Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б намайг зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөг авсан мэтээр, зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй болжээ. Нөгөөтээгүүр, хамтран хариуцагч болох Б.Ж-аас зээлээ төлсөн эсэх, төлөөгүй эсэх талаар ямар нэгэн хариу тайлбар аваагүй, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй атал хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаж анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч анхан шатны шүүх мөн адил энэ алдаагаа дахин гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

 

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь Х.Б, Б.Ж нарт холбогдуулан үндсэн  зээл, хүүгийн хамт 17.821.500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч Б.Ж-д холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж тус тус хүсэлт (Хэргийн 81, 116 дугаар тал) гаргасан нь хэрэгт авагджээ.

 

            Нэхэмжлэгч тал хариуцагч Б.Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, уг хэргийн хариуцагчаар зөвхөн Х.Б-ыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын Б.Ж-д холбоотой хэсгийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт агуулгын хувьд нийцээгүй. Зүй нь, нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ хариуцагчаар Х.Б, Б.Ж нарыг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж-д холбоотой нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хэргийн хариуцагчаар зөвхөн Х.Б-ыг тодорхойлсон тохиолдолд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй уг иргэний хэргээс хариуцагч Б.Ж-д холбоотой хэсгийг буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны байх зарчимд нийцнэ. Иймд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсгийг баримталсныг хасаж өөрчлөв.

 

            Баян-Өлгий аймгийн Засаг даргаас хариуцагч Х.Б-д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 17.821.500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

 

            Хариуцагч Х.Б нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргатай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000.00 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь[1], хариуцагчийн тайлбар[2], төрийн сангийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга[3], Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар төлбөрийн хүсэлт[4], төрийн сангийн дансны зарлагын дэлгэрэнгүй тайлан[5], ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5180/715 дугаар албан бичиг[6], тус банк дахь 5180534450 дугаар данс эзэмшигч, хариуцагч Х.Б-ын дансны хуулга[7] зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

            Талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний зээлдэгчээр Х.Б-ын хүү Б.Ж гарын үсэг зурсан боловч уг зээлийн мөнгө зээлдэгч Х.Б-ын ХААН банк дахь 5180534450 дугаар дансанд шилжсэн, хариуцагч Х.Б нь хариу тайлбартаа уг зээлийг хүү Б.Ж-ын нэрээр өөрөө авснаа хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсноор сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ 2016 оны эхээр нэн даруй бүрэн төлж дуусгасан, зээл төлсөн банкны баримтыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлах боловч энэ байдал нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

            Хариуцагчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны 100021355401 тоот дансны орлого, зарлагын хуулга болон Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 2018 оны баримтуудад үзлэг хийхэд, хариуцагч Х.Б-ын нэр дээр зээлийн эргэн төлөлт хийсэн баримт байхгүй болох нь тогтоогджээ.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Б-аас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 15.000.000.00 төгрөг, зээлийн хүү 1.350.000.00 төгрөг, нийт 16.350.000.00 /арван зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.471.500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Б.Ж-д холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.700.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 

 

           

 

 

           

           

           

 

 

 

 

 


[1] Хэргийн 4 дүгээр тал.

[2] Хэргийн 16 дугаар тал.

[3] Хэргийн 24 дүгээр тал.

[4] Хэргийн 117 дугаар тал.

[5] Хэргийн 165 дугаар тал.

[6] Хэргийн 169 дүгээр тал.

[7] Хэргийн 170 дугаар тал.