Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 413

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах, Ө сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч /Х.Б, рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Бын Ж,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Хий Б /рд:, утас: / нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б, Б.Ж нараас үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 07 дугаар сарын 28-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 15,000,000 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Б.Ж, Х.Б нараас үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Б.Ж нь сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлж авсан. Б.Ж, Х.Б нар зээлсэн мөнгийг эгүүлэн төлсөн, барьцаанд байсан гэрчилгээгээ авсан гэх тайлбар өгсөн. Тухайн үеийн төрийн сангийн төлөөлөгч Ы гэх хүнд байсан ба одоо нас барсан. Үхсэн хүн үг хэлэхгүй. Хүмүүс барьцаанд тавьсан эд зүйлийнхээ гэрчилгээг авчхаад зээлээ төлөхгүй байх үйл явц ажиглагдаж байна. Б нь Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсны хувьд зээлийн эргэн төлөлт, сум хөгжүүлэх сантай холбоотой дүрэм журмыг маш сайн мэдэж байсан гэж үзэж байна. Хариуцагч 15 сая төгрөгийг 16500000 төгрөг болгож төлөх ёстой байсан ч сум хөгжүүлэх санд нэг ч төгрөг төлөөгүй нь харагдаж байна. Дансны хуулгыг гаргаж өгсөн. Х.Быг зээлийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын Засаг даргаас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Б, Б.Ж нарт холбогдуулан гаргасан Иргэн Б.Ж, Х.Б нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2014 онд Ө сумын Сум хөгжүүлэх сан-гаас 15,000,000 сая төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Жын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Ө сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан юм.

Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн квитанцыг /баримтыг/ Ө сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн./ Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна.

Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаасаа буцаан авсан болохыг дурдаж байна. Энэ тохиолдолд хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 15,000,000 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ.

Түүнчлэн, миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэж үзэж байна.

Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Х.Б намайг зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөг авсан мэтээр, зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Иймд, нэхэмжлэгчийн Иргэн Б.Ж, Х.Б нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү Жтай хамт 2014 онд цэцэрлэг байгуулах төсөл хийж ажлын байртай болох зорилготой сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Би тухайн үед зээлийн барьцаанд Ө сумын 5 дугаар багт байрлах эд хөрөнгөө тавьсан. Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл бүтээгүй тул зээлж авсан мөнгийг буцааж төлөх шаардлага гарсан. Нэн даруй зээлж авсан мөнгөө буцаагаад хүү минь барьцаанд тавьсан эд зүйлийг надад эгүүлж өгсөн. Зээлээ бүрэн төлж байж барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар барьцаанд тавьсан эд хөрөнгийг эргүүлээд өгдөг зүйл байхгүй. Мэдээж зээлийг төлүүлж байж барьцаанд тавьсан эд зүйлийг буцаан өгдөг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид тухайн авсан зэлээ төлж өгсөн. Үндсэн зээлдэгч одоогоор байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь сан нь хариуцагч Б.Ж, Х.Б нараас сум хөгжүүлэх сангаас авсан зээл хүүгийн хамт 17821500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б.Ж, Х.Б нар нь нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 15000000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээр авсан 15,000,000 төгрөг болон үндсэн зээл хүүгийн хамт 15821500 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас Х.Б нь авсан зээлийг төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр Ө сумын сум хөгжүүлэх сангаас Бын Жад 15000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд уг гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Ө сумын Засаг дарга Ө.Х, зээлдэгчийг төлөөлж Ж, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б нар гарын үсэг зурж тамга дарсан ба нотариатч гэрээний үнэн зөвийг баталжээ.

Зээл төлөх хуваариас үзэх дээрх зээлийг зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 31-нээс эхлэн сар бүр 454545 төгрөг төлж 2017 оны 09 дүгээр сарын 30-нд дуусгахаар тусгажээ.

Нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга зээлийг хариуцагч Б.Ж, Х.Б нараас төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч үндсэн зээлдэгч болох Б.Ж нь Казакстан улсад оршин сууж байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч болох Х.Баар төлүүлж өгөхийг шаардсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран үүрэг хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.

2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийг заавал байлцуулан гарын үсэг зурна. Хамтран гүйцэтгэгч гэдэг нь эхнэр, нөхөр, хүүхдийнхээ нэр дээр зээл авсан бол аав, ээжийн аль нэг болон аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нар байна гэж тусгасан байх ба уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлдэгч Б.Жын аав нь болох Х.Б гарын үсэг зурсан байх тул Х.Бад хамтран хүлээх үүрэг гэрээнд зааснаар үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна гэж заасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгч болох Ө сумын Засаг дарга нь үүргийн гүйцэтгэлийг буюу зээлийн гэрээний үүргийг Х.Баас бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Х.Баас Ө сумын сум хөгжүүлэх сангаас авсан 15000000 төгрөгийг хүү болох Б.Жын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж авсан боловч тухайн үед Аймгийн мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй нөхцөл байдлын улмаас авсан зээлээ нэн даруй 2016 оны эхээр бүрэн төлж дуусгасан болно гэж тайлбарлаж байгаа боловч 15000000 төгрөгийг төлсөн тухай баримтаа гаргаж өгч чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах баримт байхгүй байгаа тул хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгох зэлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгч Ө сумын Засаг дарга нь зээлдэгч Б.Ж, Х.Б нарт 15000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар хугацаагаар зээлдүүлсэн байна.

Гэрээний дээрх заалтын дагуу хүү тооцоход хариуцагч нь нэг жилд 450000 /15000000 х 3%= 450000/ төгрөг төлөх ёстой байх ба 3 жилийн хугацаанд 1350000 /450000 х 3 =1350000/ төгрөгийн хүү төлөхөөр байна. Нэхэмжлэгч талаас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүгийн хамт 17,821,500 төгрөг нэхэмжилсэн боловч зээлийн хүүг ямар байдлаар тооцсон үндэслэлээ нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс торгууль нэмж тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч торгуулийн хэмжээг ямар байдлаар тооцсон, торгууль төлүүлэх үндэслэлийг нь тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд зээлдэгч Х.Баас үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,350,000 төгрөг, нийт 16,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын сум хөгжүүлэх санд олгож, илүү нэхэмжилсэн 1,471,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга гаргасан энэхүү нэхэмжлэл нь төсөвт байгууллагын гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Баас 239,700 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Х.Баас үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,350,000 төгрөг, нийт 16,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын сум хөгжүүлэх санд олгож, илүү нэхэмжилсэн 1,471,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Баас 239,700 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК