Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 246

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Х.Батсүрэн

Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ц.Д-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан 98 дугаар байрны 107 тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0078 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгч Ц.Д-, өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Т.Цэрэнминжин,

Нэхэмжлэгч Ц.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Д-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан 98 дугаар байрны 107 тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0078 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ц.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0078 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт нэхэмжлэгч Ц.Д- нь “Могул Скай” ХХК-тай 1а/07 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ/2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 637 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100,53 кв.м талбайтай орон сууц, ГГ2- 3 тоог автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна гэж дурдсан атлаа “Улсын бүртгэлийн байгууллагын татгалзал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэсэн заалтыг үндэслэсэн байна.

5. Гэтэл нэхэмжлэгч Ц.Д- нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор өмчлөх эрхтэй болохыг нэгэнт эцэслэн тогтоогдсон ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийх, Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй Ц.Д-гийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг барьцааны бүртгэлээс хасч, нэхэмжлэгчийн нэрээ бүртгэхийг хариуцагчид даалгах гэсэн хүсэлт гаргаагүй. Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу шинээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр зохицуулсан заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан юм.

6. Хэрвээ анхан болон давж заалдах шатны шүүх “Улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зохицуулсан байна” гэж үйл явдлыг дүгнэсэн нөхцөлд Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэсэн заалтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн заалтыг хэрэглэвэл зохих байсан гэж үзэж байна.

7. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн Ц.Д-гийн Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах,...” гэж заасан хүний үндсэн эрх болох орон сууц өмчлөх эрхийг шударгаар олж авснаа баталгаажуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх иргэн Ц.Д-гийн үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

8. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан “эрх бүхий байгууллага” буюу Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдсан Могул таун хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100,53 кв.м талбайтай орон сууц, ГГ2-3 тоот тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Ц.Д-г тогтоож шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэсэн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтын үндэслэл болох юм. Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрхийг хүчингүй болгож Монгол Улсын иргэн Ц.Д-г хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон нь анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх заалтуудыг үгүйсгэж байгаа юм.

9. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 720 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01006 дугаар тогтоолоор “дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байр ...Ц.Д-гийн 107 тоот орон сууц болон ГГ2-03 тоот автомашины зогсоол”-д холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна гэж дурдсан атлаа “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудад заасан нөхцөл байдал арилаагүй, Улаанбаатар хотын банктай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд хамаарахгүй гэсэн агуулгыг огт илэрхийлэхгүйгээс гадна энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоогүй байна” гэж дүгнэжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсэгт заасан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг бүгдийг нь үгүйсгэж байгаа юм.

10. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Улаанбаатар хотын банктай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд хамаарахгүй гэдгийн Шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон тул хуулийн энэ заалтад дурдсан зөвшөөрөл авах зохицуулалт иргэн Ц.Д-д хамаарахгүй юм. Тус орон сууцанд оршин суудаг шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон 28 иргэн, 2 хуулийн этгээдтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

11. Улсын бүртгэл нь “Могул скай ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98, Г97 тоот хаягт баригдаж буй “Могул скай” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн дуусаагүй барилга (30 хувь болон 95 хувийн гүйцэтгэлтэй)-н бүртгэл болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Улаанбаатар хотын банканд барьцаалагдсан дуусаагүй барилгаас ашиглалтад орсон орон сууцны 89 орчим орон сууц болон 220 орчим автомашины зогсоолоос дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Ц.Д- нарын 28 иргэн, 2 хуулийн этгээдэд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

12. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Д-гийн уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхийг бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх болох хувийн өмчийн өмчлөх эрхийг баталгаажуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

14. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100,53 м.кв 3 өрөө орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг Ц.Д-гийн нэр дээр бүртгэхээс татгалзсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “...улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “...зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох ..., хуулийн этгээд ...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж тус тус заасантай нийцжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 30 хувийн гүйцэтгэлтэй 3564 м.кв талбай бүхий 98 дугаар байрыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт, 80 хувийн гүйцэтгэлтэй 1650,4 м.кв талбай бүхий Г95 дугаар автозогсоолын барилгыг 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эрхийн улсны бүртгэлийн Ү-2206019248 дугаарт тус тус “Могулскай” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байна.

16. “Улаанбаатар хотын банк” ХХК болон “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн, үүнд маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд болох 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, Г95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 авто зогсоол зэрэг нь хамрагджээ.

17. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 13 дугаар тогтоолоор “Могулскай” ХХК-иас зээлийн төлбөрт 2,055,460,140 төгрөгийг гаргуулж “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй нөхцөлд барьцаалсан хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар шийдвэрлэсэн байна. 

18. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 140 дүгээр тогтоолоор “Могулскай ХХК”-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд шилжилт, хөдөлгөөн хийхгүй байхыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасан зэрэг үйл баримтуудтай холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагджээ.

19. Түүнчлэн Ц.Д-г маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна.

20. Нэхэмжлэгч Ц.Д- нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Могулскай” ХХК-тай 1А/07 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх”, ГГ2-03 тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх” гэрээг тус тус байгуулсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн байна.

21. Дээр дурдсан гэрээ болон шүүхийн шийдвэр нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулж, Ц.Д-гийн нэр дээр бүртгэх үндэслэл болохгүй юм.

22. Учир нь, цаг хугацааны хувьд Ц.Д- нь тухайн үл хөдлөх хөрөнгийг захиалгаар бариулах гэрээ байгуулахаас өмнө уг хөрөнгүүд “Могулскай” ХХК-ын өмчлөлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээгээр барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэл болжээ.

23. Иймд, Ц.Д-гийн гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн шийдвэр дээрх байдлаар хуульд нийцсэн гэж үзнэ.

24. Хэрэгт авагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүд, гэрээний үүргийн биелэлтийн талаар буюу харъяаллын бус асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй юм.

25. Захиргааны хэргийн шүүх өөрийн харъяаллын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

26. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр нь Ц.Д-гийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг болон хуульд заасан шаардлагын дагуу эдгээр хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх боломжийг үгүйсгэхгүйг шүүхийн шийдвэрт тодорхой тэмдэглэсэн байна.

27. Дээрхийг нэгтгэж, “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн, ...шинээр бий болсон эд хөрөнгийг бүртгүүлэхээр зохицуулсан хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан..., шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

28. Шүүхүүд энэ маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, маргаанд хамааралтай Улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0078 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ