Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0078

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 30 өдөр

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0078

 

 

 

 

Улаанбаатар хот

Ц.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Ч.З гуравдагч этгээд “М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, У х б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ц.Д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэрээр:

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ц.Д нь “М с” ХХК-тай 1а/07 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/XT2016/00621 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, “М т” хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв талбайтай орон сууц, ГГ2-3 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна” гэж дурьдсан атлаа Улсын бүртгэлийн байгууллагын татгалзал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн.

Гэтэл Ц.Д өмчлөх эрхтэй болохыг шүүхээр нэгэнт эцэслэн тогтоогдсон /Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/XT2016/00621 дүгээр тогтоол/ тул Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийх хүсэлт гаргаагүй харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримтыг үндэслэн бүртгэнэ гэсэн шинээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр зохицуулсан заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Хэрвээ анхан шатны шүүх улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зохицуулсан байна гэж үйл явдлыг дүгнэсэн нөхцөлд Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн заалтыг хэрэглэвэл зохих байсан.

Өөрөөр хэлбэл Ц.Д Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, ...” гэж заасан хүний үндсэн эрх болох орон сууц өмчлөх эрхийг шударгаар олж авсныг баталгаажуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх Ц.Д Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авсан...”-ыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт эрх бүхий байгууллага буюу Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/XT2016/00621 дугаар тогтоолоор “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдсан “М т” хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв талбайтай орон сууц, ГГ2-3 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Ц.Д тогтоож шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтын үндэслэл болох юм.

Мөн дээрх тогтоолоор улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрхийг хүчингүй болгож Ц.Д хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон нь анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт заасныг үгүйсгэж байгаа юм.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 720 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх уралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01006 дугаар тогтоолоор “...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “М т” хотхоны 98 дугаар байр Ц.Д 107 тоот орон сууц болон ГГ2-03 тоот автомашины зогсоолд холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж дурьдсан атлаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал арилаагүй байна дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн шүүхийн шийдвэрүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг бүгдийг нь үгүйсгэж байгаа юм. Тухайлбал:

А. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/XT2016/00621 дугаар тогтоолоор улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрхийг хүчингүй болгож Ц.Д хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт заасныг

Б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 720 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01006 дугаар тогтоолоор “...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “М т” хотхоны 98 дугаар байр Ц.Д 107 тоот орон сууц болон ГГ2-03 тоот автомашины зогсоолд холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд У х б холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ц.Д өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд хамаарахгүй гэдгийн шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон тул хуулийн энэ заалтад дурьдсан зөвшөөрөл авах зохицуулалт Ц.Д хамаарахгүй юм.

Тус орон сууцанд оршин суудаг шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон 28 иргэн, 2 хуулийн этгээдтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

Улсын бүртгэл нь “М с” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн дамж, “М т” хотхоны 98, Г97 тоот хаягт баригдаж буй “М с” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн дуусаагүй барилга /30 хувь болон 95 хувийн гүйцэтгэлтэй/ бүртгэл болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу.

Улаанбаатар хотын банканд барьцаалагдсан дуусаагүй барилгаас ашиглалтад орсон орон сууцны 89 орчим орон сууц болон 220 орчим автомашины зогсоолоос дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр Ц.Д нарын 28 иргэн, 2 хуулийн этгээдэд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон.

Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар Ц.Д өмчлөх эрхийг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэрийг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Д уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхийг бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газар даалгахаар шийдвэрлэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх болох хувийн өмчийн өмчлөх эрхийг баталгаажуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Д “М с” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Захиалгаар орон сууцны болон авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжинд байрлах “М т” хотхоны 98 дугаар байрны 107 тоот 100.53 м.кв орон сууц, 95 дугаар байрны зоорийн давхрын ГГ2-03 тоот авто зогсоолыг худалдан авсан, түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон ч энэ нь цаг хугацааны хувьд дурдсан гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн барьцааны бүртгэлийг үл хайхран өмчлөгчөөр Ц.Д бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл “М с” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх орон сууц, авто зогсоол бүхий “М т” хотхоны 98, Г95 тоот хаягт баригдаж буй орон сууц, үйлчилгээ, автомашины зогсоолын зориулалттай тус бүр 30, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350, Ү-2206019248 дугаарт бүртгүүлж, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт У х б ХХК-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд барьцаалж, энэхүү барьцаа нь улсын бүртгэлд бүртгэгджээ.

Давж заалдах гомдолд дурдсанчлан өмчлөгчөөр тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй, гагцхүү энэ тохиолдолд хэдийгээр өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцаалагчийн эрхийг хөндөх, барьцааны бүртгэлийг хүчингүйд тооцох боломжгүй.  

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасны дагуу дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх Улаанбаатар хотын банкны зөвшөөрлийг заавал авах шаардлагатай, иймд энэхүү үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгахгүй.

Түүнчлэн “М с” ХХК нь У х б байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр тус компаниас 2.055.460.140 төгрөг гаргуулж, зээлдэгч банкинд олгохоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч энэхүү төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг дээр дурдсан барьцааны гэрээний дагуу М т хотхоны 98, Г97, Г 95 тоот барилга зэргийг албадан худалдаалах замаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

 

Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанаас тухайлбал нэхэмжлэгч Ц.Д 107 тоот орон сууц болон ГГ2-03 тоот авто зогсоолтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01006 дугаар тогтоолын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг тухайн орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон учраас “М с” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг уг Ц.Д өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах байдлаар хангуулах ёсгүй гэж үзээгүй, харин “М с” ХХК-д шүүхийн шийдвэрээр Улаанбаатар хотын банкинд төлөх төлбөрийг сайн дураар төлөх хугацаа олгосон эсэх нь тодорхойгүй буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журам, дарааллын дагуу явагдаагүй байна гэсэн үндэслэлээр нэр бүхий нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон байна.

Энэ нь ч уг тогтоолд “...шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгчөөс албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу явуулахад энэ тогтоол саад болохгүй” гэснээр батлагдана.

Харин шүүхийн энэхүү тогтоол нь давж заалдах гомдолд тодорхойлсончлон “...гуравдагч этгээдийн У х б холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Д өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд хамаарахгүй” гэсэн агуулгыг огт илэрхийлэхгүйгээс гадна энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоогүй.

Иймд У х б зээлийн барьцаанд бүртгэлтэй, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг барьцааны бүртгэлээс хасч, нэхэмжлэгчийн нэрээр бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН