Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/65

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч С.Х

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Умба тайжууд овгийн Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 1717000320013 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1960 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг, Билүүт хошуу гэх газар оршин суух, улсаас “Сумын малчин”, “Сумын алдарт уяач”, “Ардын хувьсгал ялсны 70 жилийн ойн медал”, “Ардын хувьсгал ялсны 80 жилийн ойн медал”, “Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн медал”, “Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” шагналаар шагнуулж байсан,  урьд ял шийтгэлгүй, 2013 оноос хойш 3 удаа цус харвасан, эмнэлгийн хяналтанд байдаг, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Умба тайжууд овгийн Б-ийн Г /РД: ЕЙ60050618/

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч  Б.Г-д нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нес шатахуун түгээх станцын хажууд иргэн С.Х-тай маргалдан түүний нүүрэн тус газар таягаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-д нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нес шатахуун түгээх станцын хажууд хохирогч С.Х-тай маргалдан түүний нүүрэн тус газар таягаар цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Г-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 08 дугаар сард эд нар хойноос гэр ачиж ирсэн байсан. Манай дээр мал малладаг 2 хүн байдаг. Тэр 2 хүүхдүүдтэйгээ хамт мал малладаг. Би тэд нарыг ирсэн гэхээр нь дагаад явдаг юм уу гэж бодоод очиж уулзахад явах болоогүй байна оройхон явна гэсэн. Тэгээд орой 23 цагийн үед таксидаад очсон. Би өдөр дөрвүүлээ 0,5 литрийн архи хувааж уусан байсан. Би очоод ямбий машин гэсэн зүйл хэлээгүй. Би уг нь Х-тай маргалдаагүй. Х машинаасаа бууж ирээд шороо цацаад дайраад байхаар нь би явсан. Одоо би хэлсэн үг хийсэн хэрэгтээ гэмшээд байж байна... гэв

1.2. Хохирогч С.Хандбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Улаанбаатараас Говьсүмбэр аймагт ирж хадам эгчийндээ хоносон. Нөхөр бид 2 хүүхэдтэйгээ Б, Х нар хүүхэдтэйгээ зургуулаа ирж хоносон. Өглөө эрт хөдөө явна гэж байхад нөхөр бид хоёрын ажил амжаагүй байсан тул явах ажлаа жаахан хойш тавьсан. Хотоос бас хамаатнууд ирж байгаа гэхээр нь уулзаад явахаар болсон. Өдөр 12 цагийн үед Б эгч яриад явах болж байна уу гэж асуухаар нь арай болоогүй байна 4-5 цагийн үед явах байх гэж хэлсэн. Орой 5 цаг болж байхад Г ах, Х ах, Б эгч 3 байрны гадаа ирээд явах болж байна уу гэж манай нөхөр рүү ярьсан. Тэгэхэд нь би хадам эгчдээ дусал хийж байсан. Тэгээд би гарч очоод дусал хийж байна арай болоогүй байна, бас хотоос ах дүүс ирж уулзах болоод байна явах болоогүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Г ах тэгвэл явахдаа чи надад 0,33 литрийн архитай очино шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь би яахаараа таньд архи авч өгдөг юм бэ гэж хэлсэн. Орой 22 цагийн үед шатахуунаа аваад шатахуун түгээх станцын хажууд Г ах, Х ах, Б эгч нарыг хүлээж байсан. Таксинаас тэр 3 бууж ирсэн. Тэгэхэд нь манай хадам эгч А машинаас бууж ирээд Г ахыг дотор суулгая багтахнуу хүүхдүүдээ өвөр дээрээ авчихъя гээд ярьж байсан. Гэтэл Г ах машины хажууд таксинаас бууж ирэнгүүтээ ямбий машин дээр чинь суухгүй, маажиг С-гийн маажиг А-ийн машин дээр би суухгүй, би явахгүй, хажууд нь банзал, янхан хүүхэн байж байна би энэ банзал янхан хүүхэнтэй явахгүй гэх мэтээр үг хэлээр доромжилсон. Тэр үед машины хаалга түгжээтэй онгойхгүй байхаар нь би цонхоо онгойлгоод цонхоороо буусан. Тэсэж тэвчихийн аргагүй үг хэлээр доромжлоод байхаар нь би буугаад Г ахаа та яагаад байгаа юм бэ, та надтай адилхан охин хүүхэдтэй хүн байж яагаад ингээд байгаа юм бэ би таньд гэм хийгээгүй гэж хэлсэн. Би таягнаас нь зуураагүй. Б эгч л Г ахын таяггүй гараас нь сугадаад зогсож байсан. Би цохиулсныхаа дараа Ганболд ах руу шороо цацсан. Өмнө нь би Г ах руу шороо чулуу цацах нь байтугай юм ч яриагүй байсан. Г ах таягаар цохиогүй гэж хэлээд байгааг би сайн ойлгохгүй байна. Би таягийг нь булааж аваад өөрөө өөрийгөө цохисон болоод байгаа юм уу, би өөрөө далдганаж байгаад өөрийгөө цохиулсан болоод байгаа юм уу ойлгохгүй байна... гэв

1.3. Гэрч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чойрын төв дээгүүр ажил хөөцөлдсөөр байгаад оройтсон юм. Надтай хамт Малхын талд байдаг Г, Х, Б нар хамт явах байсан юм. Өдөр 17 цагийн үед Хонхорын 7 дугаар байрны гадаа Г, Б, Х нар явах уу гээд утсаар залгахаар нь эхнэр Х-ыг гаргаад ажил амжаагүй байна оройхон гарна гээд хэлчих гээд гаргасан. Тэгээд орой 22 цагийн үед Маяти маркын 17-95 ГСА улсын дугаартай машиндаа Нес колонкоос түлш авчихаад урд уулзвараар нь засмал замаас зүүн тал руугаа буугаад Нес колонкын урд талд зогсоод Г, Х, Б нарыг дуудсан. Тэд нар такситай ирсэн , ирэхдээ Г, Х нар архи уусан байсан. Г би ийм ямбий машинд суудаггүй гээд намайг С-гийн маажиг гөлөг гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Манай эхнэр машинаас буугаад та тэгвэл ямбий машинд суухаа больчихгүй юу гэсэн чинь манай эхнэрийг янхан банзал минь гээд доромжилсон. Манай эхнэр та намайг банзалдаж байхыг хаана харсан юм гээд маргалдсан. Тухайн үед би машин дотроо сууж байсан. Г гуай манай эхнэрийг таягаараа цохиод авсан гэсэн. Манай эхнэр газар сууж байгаад босоод утас аваад ир цагдаа дуудья гэсэн чинь Г гуай эргээд яваад өгсөн. Манай эхнэрийн шүд амнаас нь цус гарсан байсан. Тэгээд хөдөө гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь манай эхнэрийн шүд өвдөөд юм идэж болохгүй байна гээд байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 дугаар хуудас/

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

… Бид нарыг очиход С-ийн машинд Х-аас гадна С-ийн эгч нь гэх хүүхэн 2 хүүхдийн хамт сууж байсан. Х бид хэдийг очиход Г ахыг машины тэвшин дээр гарч суу гэсэн чинь Г ах уурласан. Тухайн үед Г ахын баруун хөлийн өсгий цуурсан гээд таяг тулаад явж байсан. Тэгэхэд Ганболд ах жоохон халамцуу байсан.  Г ах манай нөхөртэй 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан байсан юм. Тэгээд Г ах Х-д хуц чиний машинд суухгүй гээд хэлсэн чинь Х машиныхаа жолооч талын цонхоор үсэрч бууж ирээд чи миний машиныг ямбий гэдэг хэн бэ пизда минь гээд барилцаад авахаар нь би  тэр хоёрын голоор нь орж салгаад Г ахыг түлхэж холдуулсан чинь Х дайрч ирээд байсан. Мөн Г ахыг түлхээд холдуулчаад байхад Х газраас шороо чулуу аваад Г ах руу шидээд байсан. Тэгээд зууралдаж байгаад Х гэнэт орилоод цаашаа явчихсан. Намайг таягаараа цохичихлоо гээд орилоод байхаар нь харсан чинь Хандбалын хамраас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь Х-лыг машинд суулгаад Ганболд ахыг цаашаагаа такси бариад яв гээд үлдээгээд бид нар яваад өгсөн өөр болсон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 дугаар хуудас/

1.5. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

… Би Г ахыг ирэхээр нь хөл муутай юм байна гээд кабинд суулгах гээд машинаас буух гэсэн чинь хаалга нь онгойхгүй байсан. Хаалгатай нь ноцолдож байсан чинь Г ах би ийм ямбий машинд суудаг хүн биш гээд агсрах маягтай хэлээд байсан. Тэгээд кабинд сууж байсан Х-тай маргалдаад эхэлсэн. Г ах Х-ыг янхан гичий гэх үгээр доромжлоод байсан. Тэгсэн Х уурлаад машиныхаа цонхоор гараад та миний янхан банзалыг яаж мэдэж байгаа юм бэ гээд маргалдаад байсан. Би машины хаалга онгойлгоод буугаад очиж байхад так гээд дуугарах чимээ сонсогдсон. Х эрүү рүү таягаар цохичихлоо гээд газар суусан амнаас нь цус гарч байсан. Г цаашаа таягаа тулаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

1.6. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Г хөдөө малруугаа хүний машинд дайгдаад явахаар Х, Б нарын хамт гэрээсээ нилээн орой болсон байхад гарсан. Тэгээд би унтаж байтал гаднаас Г ороод ирэхээр нь яасан бэ гээд асуусан чинь Х намайг машин дээр суулгана гэхээр нь маргалдаад гэж хэлсэн. Мөн Г-ын дээд уруул язарсан, цус гарсан байсан. Яасан талаар нь асуухад Х над руу чулуу шороо цацаад уруул оночихлоо гэж байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч Ц.Хүрлээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

… Тэгээд намайг явья гэхээр нь Г ахынд ирээд  Г ах Б бид 3

А-ийн байгаа газар таксигаар очсон гэсэн. Би архи уусан нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн хөдөө ирсэн байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  • С.Хандбалын биед эрүүний зөрөөгүй далд хугарал, дөрвөн шүдний ёзоорын сулрал, эрүүнд цус хуралт гэмтэл учирчээ.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ.  /хх-ийн 24 дүгээр хуудас/,

1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  • Б.Ганболдын биед дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Г.Эт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай аавын хувьд үр хүүхэд бид нартаа халамж анхаарал сайн тавьдаг. Амьдрал ахуйд зөвлөн тусалдаг. Хэр баргийн уурлаад байдаггүй. Аливаа юмыг арга эвээр хэлж ойлгуулдаг. Элдэв янзын ааш зан байхгүй, хүн зодохоор хүн биш гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

2.3. Хохирогч С.Х-ын 132.750 төгрөгний эмчилгээ хийлгэсэн тухай баримт /хх-ийн 54-56 дугаар хуудас/

 

2.4. Шүүгдэгч Б.Г-ын улсаас авсан шагналын талаарх баримтууд /хх-ийн 47-52 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч С.Х-д 580 000 /таван зуун наян мянга/ төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч С.Х нь шүүгдэгч Б.Г-оос  6 000 000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт хохирогчоос ирүүлсэн эмчилгээний баримтыг судлаж үзээд 5 867 250 /таван сая найман зуун жаран долоон мянга хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, 132 750 /нэг зуун гучин хоёр мянга долоон зуун тавин/ төгрөгийг хангаж, уг төлбөрийг шүүгдэгч Б.Г-ын төлсөн 580 000 /таван зуун наян мянга/ төгрөгөнд оруулан тооцох нь зүйтэй байна.

Харин хохирогч С.Х-д нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг  биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Умба тайж овгийн Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Умба тайж овгийн Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Энэ хэрэгт бичгийн баримт ирээгүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Х-д 580 000 /таван зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Хандбал хангахгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ