Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 017

 

  М.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00751 дүгээр шийдвэртэй, М.Б-н нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Үхрийн үнэ 1.200.000.00 төгрөг, хохирол 400.000.00 төгрөг нийт 1.600.000.00 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний сүүний чиглэлийн симментал үүлдрийн хар зүсмийн нас бие гүйцсэн үнээг (эм үхэр) Ховд аймгийн Дарви сумын иргэн Б.Э (хоч нэр нь Б) нь 1.500.000.00 төгрөгөөр үнэлж, зээлээр худалдаж авч, 2018 оны 5 дугаар сарын үед Өлгий сумаас Ховд аймгийн Дарви суманд хүргэхээр А.Ө гэдэг хүний ачааны машинаар ачаад явсан. Анх тохиролцохдоо уг үхрийн үнэ болгож Э нь нэг морь, нэг даага өгнө гэж хэлсэн. Би 2018 оны 5 дугаар сард Б.Э-ыг дагаж, түүний надаас болон бусдаас худалдан авсан гэх нийт 7-8 толгой үхрийг ачсан машинаар Ховд аймгийн Дарви суманд хамт очоод, түүний өгөх адууг авах гэтэл одоогоор бэлэн бус, адуу ууланд гарсан байна дараа нь өөрөө хүргэж өгнө гэхээр нь миний бие үхрийг буцааж авч явна гэсэн чинь Б.Э нь гуйсаар байж, таныг хохироохгүй, үнэ өртгийг хангалттай өгнө гэж авч үлдсэн. Б.Э над руу холбогдоод адуу мал бэлэн болсон гэж хэлсэн. Тэгэхэд намайг очиж авч чадахгүй гэж бодсон юм шиг байна. Надад хэлэхдээ цаг агаар дулаарахаар нь би өөрөө аваачиж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөх морьт сумаас адуу авахаар явсан З.Ж (хоч нэр нь Х), түүний хөлсний жолооч С нарыг дагаж яваад, тэдэнд хөлс болгож 400.000.00 төгрөг өгч, дааганы үнэ л болох байх, ядаж адуугаа авъя, зарж мөнгө болгоё гэж бодож Ховд аймгийн Дарви суманд дахин очиж үхрийн ханш болгож өгөх адууг ачихаар очсон боловч Б.Э намайг би өөрөө аваачиж өгье гэж хэлээд намайг буцаасан. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ба тэрээр 2019 оны 4 дүгээр сард Баян-Өлгий аймагт шилжин ирж, мал эмнэлгийн газарт ажилд томилогдсон тул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч, иргэний журмаар шийдвэрлэх маргаан гэж миний гомдлыг татгалзсаны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний сүүний чиглэлийн симментал үүлдрийн үнээг (эм үхэр) түүнд 1.500.000.00 төгрөгөөр үнэлж худалдсан боловч шинжээчийн дүгнэлтээр 1.200.000.00 төгрөгөөр үнэлсэн учир шинжээчийн дүгнэлтийн хүрээнд уг үхрийн үнэ 1.200.000.00 төгрөг, мөн 2018 оны 6 дугаар сард машин хөлсөлж очоод хоосон буцсан тул миний үхрийг худалдаж авчхаад үнэ өртгийг өгөлгүй, чирэгдүүлж илүү зардал гаргасан Б.Э-аас тээврийн хөлсөнд 400.000.00 төгрөг нийт 1.600.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие иргэн М.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед жолооч А.Ө-ийг би хөлсөлж авч Дарви суманд очсон. Уг машинд М.Б хоёр үхэр дайж авч очоод нэгнийг нь зараад, нөгөөдөхийг нь хаяад явсан байсан. Би ямар нэгэн байдлаар М.Б-аас үхрийг хүлээж аваагүй, харин 1 даага,1 гүүгээр өгнө гэж ярьж байсан ба миний нагац ах Т.Г, М, Л.Б нартай зарахаар ярьж байсан. Л.Б, Т.Г хоёр нэг адуугаар явъя гэсэн юм. М.Б үнэ тохирохгүй байна гэж ярьсан байсан. Иймд М.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00751 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-аас сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн үнэ 1.200.000.00 төгрөг, тээврийн хөлс 400.000.00 төгрөг, бүгд 1.600.000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:”Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Гэрч А.Ө-т таксины хөлс 450.000 төгрөг би бэлнээр өгсөн ба хөлсийг бэлнээр авсан нь цагдаагийн газрын байцаагчаас авсан Т.Ө-ийн мэдүүлэгт өгснөөр батлагдаж байгаа. Сүүний чиглэлийн симментал үхрийг Б нь өөрөө Дарви суманд хаяад явсан. Тухайн үед портер маркийн машиныг би өөрөө хөлсөлж авсан. Иймд Баян-Өлгий аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан худалдсан үхрийн үнэ 1.200.000.00 төгрөг, тээврийн хөлс буюу хохирол 400.000.00 төгрөг, нийт 1.600.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч Б.Э нь миний үхрийг худалдаж аваад нэг морь, нэг даага өгөхөөр тохирсон боловч өгөөгүй тул үхрийнхээ үнийг, түүнчлэн учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч “нэхэмжлэгчээс маргаан бүхий үхрийг худалдаж аваагүй, уг үхрийг Ховд аймгийн Дарви суманд зарахаар миний үхэр ачсан машинд дайж очоод зарагдаагүйн улмаас хаяж явсан ба түүний үхрийг хүлээж аваагүй тул би хариуцахгүй” гэж эс зөвшөөрч, маргасан байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогджээ. Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Ө-ийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь сүүний чиглэлийн “симментал” үүлдрийн үхрийг худалдан авсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин худалдан авагч  Б.Э нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдаж авсан үхрийн үнийг төлөх үүрэгтэй боловч  энэ үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь сүүний чиглэлийн, нас бие гүйцсэн симментал үүлдрийн эм үхрийн үнийг 1.200.000.00 төгрөгөөр үнэлж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтийг гаргаж өгсөн бөгөөд худалдсан уг үхрийн үнийн талаар хариуцагч тал маргаагүй буюу үгүйсгээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар “миний Ховд аймгийн Дарви сум руу мал ачихаар хөлсөлж авсан машинд М.Б нь 2 үхэр дайсан бөгөөд нэгийг нь зараад, нэгнийг нь хаяад явсан. Миний нагац ах Т.Г, М, Л.Б нарт зарахаар ярьж байсан ба үнэ тохироогүй гэж М.Б ярьж байсан” гэж тайлбарладаг боловч хариуцагчийн уг үгүйсгэл, тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

            Худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч М.Б нь сүүний чиглэлийн симментал үүлдрийн үхрийг хариуцагч Б.Э-ийн хамт Ховд аймгийн Дарви суманд хүргэж өгч, хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч Б.Э нь үхрийн оронд 1 адуу, 1 даага өгөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу худалдаж авсан үхрийн үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч М.Б нь 400.000.00 төгрөгөөр машин хөлсөлж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Ховд аймгийн Дарви сум руу хариуцагчаас адуугаа авахаар очиж, авч чадалгүй буцсан болох нь тухайн үед түүнтэй хамт явсан Т.С, З.Ж нарын Цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 400.000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүх материаллаг хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн “анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталж шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгох ба түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00751 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК