Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 751

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч З, орчуулагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн үнэ 1200000 төгрөг, тээврийн хөлс 400000 төгрөг нийт 1600000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний сүүний чиглэлийн симментал үүлдрийн хар зүсмийн нас бие гүйцсэн үнээг (эм үхэр) Ховд аймгийн Дарви сумын иргэн Э(хоч нэр нь Б) нь 1500000 төгрөгөөр үнэлж, зээлээр худалдаж авч, 2018 оны 5 дугаар сарын үед Өлгий сумаас Ховд аймгийн Дарви сум хүргэхээр Өгэдэг хүний ачааны машинаар ачаад явсан юм. Анх тохиролцохдоо уг үхрийн үнэ болгож Э нь нэг морь, нэг даага өгнө гэж хэлсэн юм. Би түүнд 1500000 төгрөгөөр үнэлж, түүний өртөгт нэг морь, нэг даага авах болсон тул 2018 оны 5 дугаар сард Б.Э-ыг дагаж, түүний надаас болон бусдаас худалдан авсан гэх нийт 7-8 толгой үхрийг ачсан машинаар Ховд аймгийн Дарви суманд хамт очоод, түүний өгөх адууг авах гэтэл одоогоор бэлэн бус, адуу ууланд гарсан байна дараа нь өөрөө хүргэж өгнө гэхээр миний бие ”үхрийг буцааж авч явна” гэсэн чинь Энь гуйсаар байж, таныг хохироохгүй, үнэ өртгийг хангалттай өгнө гэж авч үлдсэн.

Э над руу холбогдоод адуу мал бэлэн болсон гэж хэлсэн. Тэгэхэд намайг очиж авч чадахгүй гэж бодсон юм шиг байна. Надад хэлэхдээ цаг агаар дулаарахаар нь би өөрөө аваачиж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн “Хөх морьт” сумаас адуу авахаар явсан Ж(хоч нэр нь Х), түүний хөлсний жолооч Ху  нарыг дагаж яваад, тэдэнд хөлс болгож 400000 төгрөг өгч,  дааганы үнэ л болох байх, ядаж адуугаа авъя, зарж мөнгө болгоё гэж бодож Ховд аймгийн Дарви сумд дахин очиж үхрийн ханш болгож өгөх адууг ачихаар очсон боловч Э намайг би өөрөө аваачиж өгье гэж хэлээд намайг буцаасан.

Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн  ба тэрээр 2019 оны 4 дүгээр сард Баян-Өлгий аймагт шилжин ирж, мал эмнэлгийн газарт ажилд томилогдсон тул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч, иргэний журмаар шийдвэрлэх маргаан гэж миний гомдлыг татгалзсаны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний сүүний чиглэлийн симментал үүлдрийн үнээг (эм үхэр) түүнд 1500000 төгрөгөөр үнэлж худалдсан боловч шинжээчийн дүгнэлтээр 1200000 төгрөгөөр үнэлсэн учир шинжээчийн дүгнэлтийн хүрээнд уг үхрийн үнэ 1200000 төгрөгөөр нэхэмжилж байна. Мөн 2018 оны 6 дугаар сард машин хөлсөлж очоод хоосон буцсан тул миний үхрийг худалдаж авчхаар үнэ өртгийг өгөлгүй, чирэгдүүлж илүү зардал гаргасан Э-аас тээврийн хөлст 400000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд хуулийн дагуу Э-аас сүүний чиглэлийн симментал үүлдрийн нас гүйцсэн эм үхрийн үнэ 1200000 төгрөг, тээврийн хөлс 400000 төгрөгийн хамт нийт 1600000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Э-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие иргэн Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед жолооч Ө-ийг би хөлсөлж авч Дарви суманд орсон юм. Уг машинд Б- хоёр үхэр дайж авч очоод нэгнийг нь зараад, нөгөөдөхийг нь хаяад явсан байсан юм. Би ямар нэгэн байдлаар Б-гаас үхрийг хүлээж аваагүй, харин 1 даага,1 гүүгээр өгнө гэж ярьж байсан ба миний нагац ах Г , М , Л нартай зарахаар ярьж байсан юм. Л, Г  хоёр нэг адуугаар явъя гэсэн юм. Б- үнэ тохирохгүй байна гэж ярьсан байсан. Иймд Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э-д холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч Э-д шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б-н хариуцагч Э-д холбогдуулан гаргасан сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн үнэ 1200000 төгрөг, тээврийн хөлс 400000 төгрөгийн хамт нийт 1600000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч, би түүнээс үхэр худалдаж аваагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Э-д холбогдуулан сүүний чиглэлийн, симментал үүлдрийн эм /нэг/ үхрийг нэг морь, нэг даага өгч худалдаж авна гэж хуурч мэхлэн залилуулсан гэх агуулга бүхий өргөдөл гаргасан ба уг өргөдлийн дагуу тус Цагдаагийн газраас шалгаж, улмаар 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 5/130 дугаар тогтоолоор: ... Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн иргэн Э нь 2018 оны 5 дугаар сард Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Б-н сүүний чиглэлийн, симментал үүлдрийн 1 үхрийг 1 морь, 1 даага өгч худалдаж авна гэж хуурч мэхлэн залилж хохирол учруулсан нь тогтоогдоогүй.

Энь Б-н симментал үүлдрийн үхрийг 1 морь, 1 дагаар сольж худалдаж авахаар тохиролцож, Ховд аймаг руу авч явсан боловч тохирсон ёсоор үнийг нь өгөөгүй болох нь гэрч Ал, Ж , Ө-, Т.Ху , К  нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэ асуудал нь иргэд хоорондын маргааны шинжтэй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэн Хэрэг бүртгэлтийн 193000197 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хаасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч Э-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс маргаан бүхий эм үхрийг худалдаж аваагүй, уг үхрийг  Ховд аймгийн Дарви суманд зарахаар миний үхэр ачсан машинд дайж очоод зарагдаагүйн улмаас хайж явсан ба түүнээс эм үхрийг хүлээж аваагүй тул би хариуцахгүй, төлөхгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Ө-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас түүнд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 ба 2 дахь хэсгийг сануулж гэрчээр авсан мэдүүлэгтээ :... миний бие 2018 оны 5 дугаар сарын дунд үеэр өдрийг нь санахгүй байна. Э гэгч залуу миний бие зах дээр машинд сууж байхад уулзаж Ховд аймгийн Дарви сумд 7-8 үхрийг хүргэж ирнэ буцахдаа 4-5 тооны адуу ачин гэж хэлснээр зардлын үнэ тохирч 7-8 үхрийг ачиж Ховд аймгийн Дарви сумд хүргэж буцахдаа нэг морь ачиж ирсэн. Таксины хөлсөнд 450.0 төгрөг авсан. Уг мөнгийг Э надад бэлнээр тоолж өгсөн. Бид нартай хамт Б гэгч хамт явсан. Ачсан 7-8 тооны үхрүүдийн  түүний хар зүсмийн нэг үхэр байсан. Э надад Ховд аймгийн Дарви сумд ачиж явах адуу бэлэн байгаа. Багадаа 4 адуу ачиж буцна, хонохгүй гэсэн. Б ч мөн адуу бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд Дарви сумд ирээд тэндээс15-20 км зайтай газар очиж тэнд бүх үхрийг буулгасан. Тэндээс хээр зүсмийн 1 морь ачсан. Уг морийг Көримбайд өгнө гэж хэлсэн. Тэр үед Б миний авах адуу ханаа байна гэж асууж байсан. Тэнд байсан 2 залуу бид адууг хайгаад олоогүй гэж хэлсэн. Тэр адууг хайж олохын тулд 1-ээс 2 өдөр хэрэгтэй гэсэн. Тэр үед Б би үхрээ буцаагаад ачиж явна гэхэд Э би таны үхрийг өөрөө маллаж хариулан, үхрийн үнийг олж өгнө, таныг хохирохгүй гэж хэлсэн. Дараа нь Дарви сумын төвд ирсний дараа нэг хүн уулзаж үхрээ худалдах уу, адуу мал үзэх үү гэхэд Б нь Э мэднэ гэсэн. Э би үхрийг зарахгүй өөрөө авч байна гэсэн. Б үхрээ ачаад явна гэхээр нь би тийшээ буцаж явж чадахгүй гэсэн. Тэгэхэд Э үхрийг би худалдаж авсан, танд үхрийн үнэ болох адууг би өөрөө хүргэж өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг болон тодорхойлолтоор нэхэмжлэгчийн хар зүсмийн сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийг хариуцагч Э худалдаж авсан болох нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийг худалдан авч, оронд нь нэг морь өгөхөөр болж амаар тохиролцсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба хариуцагчаас уг үүргээ зөрчин, нэхэмжлэгчээс худалдаж авсан сүүний чиглэлийн сементал үүлдрийн эм үхрийн үүнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Б- нь 400000 төгрөгөөр машин хөлсөлж, Ховд аймгийн Дарви сумаас хариуцагчаас адуу авахаар болж очиж хоосон буцсан нь хэрэгт авагдсан Т.Ху , Жнарын Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхэд нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдлоо.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлоо шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгчээс маргаан бүхий үхрийг худалдаж аваагүй эсэхээ  бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба  маргаан бүхий  сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн  үнийг орон нутгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн үнэ 1200000 төгрөг, тээврийн хөлс 400000 төгрөг, бүгд 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э-аас сүүний чиглэлийн симментал үүлдрийн эм үхрийн үнэ 1200000 төгрөг, тээврийн хөлс 400000 төгрөг, бүгд 1600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж