Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0103

 

 

 

Шийтгэх тогтоолд гомдол

гаргах хугацааг сэргээх тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Хохирогч                                           Ц.Э

   Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 842 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжтай, Н.Гэд холбогдох хэргийг хохирогч Ц.Эгийн гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Анхан шатны шүүхэд хохирогч Ц.Э нь ... 2020 оны 11 сарын 12-ны өдөр шүүхэд өгөх давж заалдах өргөдлийг өгөх гэсэн чинь Коронавирус өвчний учраас хорио тогтоосон учир өгч чадаагүй. Зарим хүмүүс онлайнаар өргөдөл өгч болдог гэсэн боловч Цагаанчулуут багийн 5-3-т ах маань 86 настай хараа муутай бие тааруу ганцаараа амьдардаг. Би асарч хамгаалдаг. Хороололд интернэтийн ямар ч орчин байхгүй. Иймээс надад интернэт утас байхгүй. Иймээс хохирогч миний давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 842 дугаар захирамжаар:

 

Хохирогч Ц.Эгийн гаргасан “Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргах хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж,

Захирамжид гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Э гомдолдоо:

   ... Би тус шийтгэх тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан бөгөөд гомдол гаргах хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болох байсныг мэдэж байсан боловч хугацаандаа өгөх ямар ч боломжгүй байдал үүсээд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдолдоо хугацаагаа хэтрүүлж өгснөө хүлээн зөвшөөрч байна.

   Гэхдээ энэ хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл нь надаас хамааралгүй бөгөөд улсын хэмжээнд Ковид-19 Коронавиурс тархсантай холбогдуулан хөл хорио гарсан үе тул гомдлыг хугацаандаа өгөх боломжгүй байдал үүссэн. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан байгааг шүүх харгалзан үзэх ёстой. Миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамжид хорио цээрийн үед шүүх хэвийн ажиллаж байсан тул гомдлоо өгөх боломжтой мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.

Би холбоо шууданд хорио цээрийн үед гомдлоо өгч болох байсан гэдгийг мэдэхгүй байсан ба энэ талаар шүүгчийн туслах надад хэлж өгөөгүй. Мөн энэ үед хороололд өндөр настай /86 настай/ ахыг харж асарч байсан болохоор гэрт нь интернэт байхгүй мөн хорио цээрийн үед унаа байхгүй, город руу явахыг хориглосон байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудыг шүүх яагаад харгалзаж үзэхгүй байгаад гомдолтой байна.

            Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргах хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг минь хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 842 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Э тайлбартаа: Би шийтгэх тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан бөгөөд давж заалдах гомдол гаргах хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болох байсныг мэдэж байсан боловч хорио цээрийн үед гомдлоо өгч болох байсан эсэхийг мэдэхгүй байсан, мөн город руу явахыг хориглосон унаа машин явахгүй байсан зэрэг шалтгааныг харгалзан үзээд шийтгэх тогтоолд гомдол гаргах хугацааг минь сэргээж Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 842 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг Н.Гэд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Ц.Эд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан. Хохирогч Ц.Эгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байна.

 

Хохирогч Ц.Э анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах гомдлоо гаргасан боловч гомдол гаргах хугацаа хэтэрсэн  гэсэн үндэслэлээр гомдлыг шүүх хүлээн аваагүй байна.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгэх хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хохирогч Ц.Э  гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэв.

 

            Хохирогч Ц.Эгийн давж заалдах гомдол гаргах хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байгаа боловч энэ хугацаанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хорио тогтоосноор Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/671 дугаартай “Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гарсан  хугацаанд шүүхийн байгууллага хэвийн ажиллаж байсан гэсэн үндэслэлээр хохирогчийн гомдол гаргах хугацааг  сэргээн тогтоогоогүй нь хохирогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан байна .

 

Хохирогч Ц.Э нь гэр хороололд интернэтгүй орчинд, өндөр настай ахыгаа харж асарч байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа боловч Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Иргэн гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тодорхойлсон.

Мөн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/671 дугаартай захирамжаар бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон хууль тогтоомжийг мөрдөж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг иргэдэд даалгасан байна.

Иймд улсын хэмжээнд цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан хохирогч Ц.Э нь шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж түүний гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 842 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын ... хүсэлтийг хангахаас татгалзсугай ... гэснийг ... хүсэлтийг хангасугай ... гэж өөрчилсүгэй.

 

2.Хохирогч Ц.Эгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                                   С.ЦЭЦЭГМАА