Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/344

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Б.О

Хохирогч Ц.Э

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гэд холбогдох эрүүгийн 2025003150311 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Гийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-15 дугаар байрны гадаа хамт архи ууж байгаад иргэн Ц.Эгийн өмчлөлийн /Самсунг А-5/ загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 336000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийн мэдүүлсэн” Э,Урнаа 2 архи уугаад тасарсан байсан.Би Эгийн утсыг аваад ганцаараа явж байгаад явуулын хүнд 20,000 төгрөгөөр өгөөд архи уусан.Карманаас нь унах гээд байж байхад нь авсан.Гэм буруугаа хүлээж байна.Хохиролыг ажил хийж байгаад төлнө   ”гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Эгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ”2020 оны 5 дугаар сарын 25-ны орой айлд байхад Урнаа уулзая гэсэн.3-16-н ард энэ 2 сууж байсан.Шараа тайлъяа гэхээр нь 1 шил архи авч өгөөд 3-уулаа уусан.Ууж байхад Г карманаас утсыг маань авсан.Утсыг минь өг гэсэн чинь Урнаа нь хөл дээр гишгээд утсыг маань аваад явсан.Уг нь бол Урнаа авсан шүү дээ.Г нь эмэгтэй хүнийг шүүх цагдаагаар явуулахгүй гээд өөрөө хүлээсэн.10 хоногийн дараа утсаны гадуур хавтасыг хүүхдээр явуулсан байдаг.Утасны үнийг 336,000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй,би 800,000 төгрөгөөр Солонгосоос авч байсан.Утсаа авмаар байна  гэх мэдүүлэг,

 

 -Хохирогч Ц.Эгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...  Би 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний танил Урнаа гэх эмэгтэй над руу залгаад чи хаана байна уулзъя гэсэн юм. Тэгээд архи уугаад сууж байхад Г нь миний зүүн гар талд сууж байхдаа миний цамцны зүүн талын халаасанд байсан Самсунг А-5 загварын гар утсыг авсан юм. Тухайн үедээ би, миний утсыг яах гэж байгаа юм гэхэд утсаар яръя гэсэн. Тэгээд бид нар архиа уугаад дуусаагүй байхад би нэлээн согтсон байсан, тэгсэн Урнаа, Г 2 миний утсыг үлдсэн архитай цуг аваад явсан. Тэгээд гэртээ харьсан. Маргааш нь би Урнаагаас утсаа асуусан чинь аваагүй ш дээ гэсэн.Миний утас самсунг А5 загварын цагаан өнгөтэй утас байсан.2018 онд 800,000 орчим төгрөгөөр Солонгосоос авч байсан...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт өндөр 20 орчим насны залуу орж ирээд миний иргэний бичиг баримтыг гар утасны гэртэй авчирч өгсөн.6-1-р байрны подвалын гадаа байсан,олсон гэсэн... одоо гадуур худалдаанд байгаа үнэ нь 420,000 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 05,12,30-р хуудас/

 

“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20/50 дугаартай...гар утасны үнэ 336,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 7-9-р хуудас/

 

-Гэрч Л.Уранчимэгийн мэдүүлсэн “... найз Э Г нарын хамтаар архи ууж байгаад бид гурав Эгийн гэрээс гараад Согоот баг 6-18 дугаар байрны гадаа саравчинд архи хувааж уусан, нийтдээ 2 шил архи уусан. Тухайн үед би болон Э нар нэлээн архи уусан байсан учраас тасраад тэндээ унтчихсан байна лээ. Тухайн үед тийм л асуудал болсон. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Э бид хоёроос гар утсаа нэхээд эхэлсэн юм. Тэгээд Гээс энэ тухай асуухад явуулын зам дээр явж байсан хүнд гар утсыг нь зараад архи уучихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 16-17-р хуудас/      

 

-Шүүгдэгч Н.Гийн яллагдагчаар мэдүүлсэн“... Согоот багийн 6-18 дугаар байрны голд байх сааданд ороод эхлээд нэг шил 0,5 граммтай архи Урнаа аваад тэр архийг уугаад, дараа нь Э 2 шил 0,5 граммтай Стандарт нэртэй архи аваад, тэрийгээ уугаад бид гурав нэлээн муудсан юм. Тэгээд удалгүй тамхигүй болчихоор нь хажууханд байсан хэдэн залуучууд дээр очоод тамхи гуйж авчхаад эргээд архи ууж байсан саадан дээрээ иртэл Э уусан архиндаа тасраад уначихсан байсан, хажууд нь халааснаас нь гар утас нь уначихсан байхаар нь би Эд хэлэлгүй нууцаар авчихсан юм. Тэгээд Эгийн гар утсыг аваад замын хойшоо гараад зам дээр явж байсан явуулын танихгүй эрэгтэй хүнд 20,000 төгрөгөөр зараад, тэр мөнгөөрөө шагаас 1 шил 0,5 грамм Хараа нэртэй архийг аваад ганцаараа уучихсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-15 дугаар байрны гадаа хамт архи ууж байсан Ц.Эгийн өмчлөлийн /Самсунг А-5/ загварын гар утсыг нууцаар,зөвшөөрөлгүй авч бусдад худалдан мөнгийг ашиглаж 336,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай  гэж үзэв.

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн  шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Этэй хамт архи ууж байхдаа түүний гар утсыг нууцаар, зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь  нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 336,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Гийн, бусдын эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр  авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн ,хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм  буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-15 дугаар байрны гадаа хамт архи ууж байгаад иргэн Ц.Эгийн өмчлөлийн /Самсунг А-5/ загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 336000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахсаналтай байна гэжээ.

         

 Шүүгдэгч шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээж байна.Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна,хөнгөн ял оногдуулна уу” гэжээ.    

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн  хувийн байдал, гэм  буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг  харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Эд учирсан 336 000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 336,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Хохирогч шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээсээ  зөрүүтэй мэдүүлэг өгч утсыг 800,000 төгрөгний үнэтэй гэж мэтгэлцсэн боловч түүний  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хохирогч мөрдөн байцаалтын үед 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө “...Ууж байхад Г карманаас утсыг маань авсан.Утсыг минь өг гэсэн чинь Урнаа нь хөл дээр гишгээд утсыг маань аваад явсан.Уг нь бол Урнаа авсан шүү дээ.Г нь эмэгтэй хүнийг шүүх цагдаагаар явуулахгүй гээд өөрөө хүлээсэн.10 хоногийн дараа утсаны гадуур хавтасыг хүүхдээр явуулсан байдаг.Утасны үнийг 336,000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй...гэх мэдүүлэгт дээр дурьдсан нөхцөл байдлын талаар мэдүүлээгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Нн Гийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гээс 336,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эд /Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-84 тоот утас: 99352416, ФА60112969/ олгосугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ