Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 0075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     О.Т, Б.Б нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

    

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

Шүүгдэгч                                           О.Т, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Х.О, Д.О

Нарийн бичгийн дарга                Ц.Чагнаадорж нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолтой О.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

М овогт О-н Т.

 

М овогт Б-н Б.

 

   Б.Б, О.Т нар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш /S/ баарны гадна иргэн А.О-н нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

   Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овогт О-н Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Б-н Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, М овогт Б-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Б нь 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч О.Т 150.000 төгрөгийг хохирогчид төлснийг дурьдаж, хохирогч А.О нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Б.Бийн илүү төлсөн 656.250 төгрөгт тооцож, үүнээс илүү гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:

“ ... Шүүх О.Тад холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ гэж онцлоод, хохирогч А.О нь мөрдөн байцаалтын шатанд тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтын талаар анхнаасаа тогтвортой, эх сурвалжаа тодорхой зааж байгаа мэтээр удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг боловч түүний өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэх тул шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчаас асуусан “танд гэмтлийг хэн учруулсан бэ?”, хоёр шүүгдэгчийн хэн нь таны аль хэсэгт цохиж, зодсон бэ” гэсэн асуултад хохирогч “ би согтуу байсан, мөн ухаан алдсан байсан болохоор хэн нь яаж зодсоныг мэдэхгүй, А ах хоёр хүн зодсон гэж хэлсэн болохоор энэ хоёр хүнийг зодсон юм байна гэж ойлгоод хоёр хүн зодсон гэж мэдүүлэг өгсөн” гэсэн нь хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хангагдахгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл хохирогч А.О нь мөрдөн байцаалтын шатанд “ ... баарны гадаа тамхи асаах гээд зогсож байхад хойноос нэг хүн татаж унагаасан, тэгээд шууд нүүр, нуруу, толгой руу өшиглөөд дэвсээд байсан, нэг мэдсэн ухаан алдсан байсан ... ” гэж яг хэдэн хүнд зодуулснаа мэдэхгүй, зодуулаад ухаан алдсан талаараа мэдүүлсэн байх бөгөөд түүний мөрдөн байцаалтад өгсөн энэхүү мэдүүлгийг прокуророос шүүгдэгч О.Т, Б.Б нарыг түүнийг бүлэглэн зодсон гэх нөхцөл байдлыг нотлох гол баримт гэж үзээгүй харин тухайн гэмт хэргийг гарах үед хохирогч А.О-тай хамт явсан гэрч М.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21:30 цагийн үед  аймгийн  сум “S баарны үүдэнд ажлын дүү О зогсож байсан, би такси барих гээд зам хөндлөн-гарахад тэр баарны үүдэнд зам дээр хоёр залуу зогсож байсан. О шатаар доош буух гээд явж байхад тухайн хоёр залуу О-г унагааж шууд зодсон, О согтуу байсан, тэр хоёртой зодолдоогүй. Тэгээд намайг очиход нэг нь зугтсан, би нэг залууг нь барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

мөн дахин өгсөн “ ... замын нөгөө талд гараад такси барих гээд явсан, тэгээд эргэж хараад О-г дуудах гэтэл араас нь хоёр залуу гүйж очоод нэг нь татаад унагаасан, хэн нь гэдгийг нь хараагүй ... О-г тэр хоёр залуу унагаагаад хоёулаа зодож байхад цагдаа шууд гүйгээд ирсэн, би бас яваад очтол О ухаан алдчихсан, харин зодсон өндөр нь гүйгээд зугтаачихсан би арай намхан залууг нь бариад авсан ...” гэх мэдүүлэг /хх-н 20/, Цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэрч Д.Д-н “... “S” баарны гадаа, шатны дээд хэсэгт нэг эрэгтэй хүн “ёо” гэсэн чинь өөр нэг эрэгтэй хүн та хоёр хүн аллаа” гэх шиг болсон, би эргээд харсан чинь “S” баарны үүдэнд “одоо яв” гэж хэлсэн хоёр залуу нэг эрэгтэйг унагаачихсан хар савхин хүрэмтэй залуу нь газарт унасан эрэгтэйн толгойн хэсэгт, нөгөөх нь хэвлийн хэсэгт нь зогсоод гараараа цохиж байсан.

Тэгээд би “хөөе” гээд гүйхэд савхин хүрэмтэй залуу нь хэд хэдэн удаа дэвсэх шиг болсон, харин нөгөө залуу нь намайг хараад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд шатны уруу гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 22/, М.А-н “2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 21.30 цагийн үед надтай хамт явсан О нь үл таних хоёр залууд зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 9/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хохирогч А.О-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзсэн байна.

Шүүх дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч бэхжүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг үнэлэлгүй зөвхөн даргалагчийн асуултад хохирогч “би согтуу байсан, ухаан алдсан байсан” гэж хариулсныг онцлон эргэлзээтэй мэдүүлэг өгсөн гэж үзээд, шүүгдэгч нарын мэдүүлэгт хэт хөтлөгдөн, нэг талыг баримтлан шүүгдэгч О.Тыг гэм буруугүйд тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч О.Т, Б.Б нарыг түүнийг бүлэглэн зодсон гэх нөхцөл байдлыг нотлох гэрч М.А, Д.Д нарын мэдүүлгийг няцаасан нотлох баримт огт байхгүй байхад тэдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаагаа дүгнэлгүйгээр, хэрэгт төдийлөн ач холбогдолгүй буюу ажлын газрынхаа Б-н нөхөр буюу О.Тыг зодуулсан юм шиг байдалтай байсан гэж мэдүүлсэн гэрч Х.Б, Б.О нарын мэдүүлгийг үнэлсэн байна.

Учир нь тухайн хэрэг гарахын өмнөхөн буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны оройн 21:20 цагийн орчимд “S” баарны бүжгийн талбайд энэ хэргийн хохирогч А.О нь О.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба дээрх гэрчүүд нь тухайн үед О.Тыг бусдад зодуулсан байдалтай байсныг л гэрчилсэн, харин хохирогч О-г О.Т, Б.Б нар нь бүлэглэн зодож, хохирол учруулсан үйлдэл хийгээгүй болохыг нотлоогүй учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т, Б.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан “... хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна...“ гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

 

Хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч ... яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж шүүгдэгч О.Тад холбогдох хэргийг “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим”-ыг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэргийг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч О.Тыг  Б.Бтэй бүлэглэн хохирогч А.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна.

Прокурорын эсэргүүцэлд “... шүүгдэгч О.Т, Б.Б нарыг түүнийг бүлэглэн зодсон гэх нөхцөл байдлыг нотлох гэрч М.А, Д.Д нарын мэдүүлгийг няцаасан үгүйсгээгүй ...” гэсэн боловч дээрх үйл баримтыг нотлох гэрч гэх М.А, Д.Д нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул тэдгээрийн мэдүүлгийг харилцан бие биенээ нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал: Гэрч М.А нь анх “ ... би такси барих гээд зам хөндлөн гарахад тэр баарны үүдэнд зам дээр хоёр залуу зогсож байсан. Тэгээд О шатаар буух гээд явж байхад тухайн 2 залуу О-г унагааж шууд зодсон ... намайг гүйгээд очиход нэг нь зугтсан, би нэг залууг нь барьж авсан ...” гэж /хх 18/ мэдүүлсэн,

цагдаагийн албан хаагч Д.Д нь “ ... хоёр залуу нэг эрэгтэйг унагаачихсан, хар өнгийн савхин хүрэмтэй залуу нь газарт унасан эрэгтэйн толгой хэсэгт, нөгөөх нь хэвлийн хэсэгт зогсоод гараараа цохиж байсан. Тэгээд би хөөе гээд гүйхэд савхин хүрэмтэй залуу нь хэд хэдэн удаа дэвсэх шиг болсон, харин нөгөө залуу нь намайг хараад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд шатны уруу гүйсэн ...” гэж /хх 22/ тус тус мэдүүлсэн боловч тэрээр гэрч М.А-н талаар мэдүүлэхдээ “ ... зодуулсан гэх эрэгтэй нэг ахимаг насны эрэгтэйтэй хамт байсан, тэр ах зодуулсан эрэгтэйг газарт унаад зодуулж байхад араас нь татаж байгаа харагдсан ...” гэж М.А-н мэдүүлгээс өөрөөр мэдүүлсэн байна.

Мөн хохирогч А.О нь дээрх үйл баримтын талаар анх мэдүүлэхдээ “... Тэгээд би А ахтай хамт гадаа тамхи татаад зогсож байхад нөгөө залуу хоёулаа болчихсон гарч ирээд нийлээд намайг шууд нүүр нүдгүй цохиж зодоод байхад цагдаа нар ирээд намайг салгаад нөгөө хоёр залууг аваад явсан ...” гэсэн /хх 12/ боловч дахин мэдүүлэхдээ “ ... хойноос нэг хүн татаж газарт унагаасан, тэгээд шууд нүүр, толгой, нуруу руу өшиглөөд  дэвсээд байсан, нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан ... ” гэж /хх 16/ , мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... би ухаан алдаад унасан ... гэрч болон цагдаагийн ажилтны мэдүүлэгт хэлсэн ... ” гэж тус тус мэдүүлснээс үзвэл шүүгдэгч О.Тийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнээс гадна гэрч М.А-н өгсөн “... бааранд ямар нэгэн зодоон маргаан болоогүй, О хүнтэй огт маргалдаагүй ...  ” гэсэн мэдүүлэг үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ ... Баарны үүдэнд цусаа тогтоогоод байж байсан чинь тэр залуу араас гарч ирсэн ... манай найз таниад нөгөө залууг гараад ирлээ гээд барьж аваад хавсарч унагаагаад яасан гэдгийг нь би хараагүй, өөрөө өшиглөсөн гэж байсан ... намайг очтол зодоон дууссан байсан ... тэр залуу өөрөөсөө гадна 2 хүнтэй явж байсан ... хамт явж байсан 2 залуу зодоонд оролцоогүй ... баарны гадаа хаалганы урд буюу шатны орчимд зодоон болох үед би цусаа тогтоох гээд зогсож байсан болохоор сайн харж чадаагүй ... ” гэсэн /хх 24/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч О.Тын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.О-н ” ... баарны гадаа А бид хоёр луу О уурлаад мөнгө байна уу гэж маргалдаад барьцалдсан, хоорондоо зодолдоогүй. Хэрүүл болоод байсан, санаа нийлэхгүй зодолдох гээд байсан болохоор А бид хоёр О-с салаад явсан, би А-тай баарны гаднаас салаад явсан ...  ” /хх 36/ гэсэн мэдүүлэгтэй тохирч байна.

Мөн Б.Б нь “... би очиж хавсарч унагаагаад дээрээс нь хоёр удаа дэвсээд авахад тэнд байсан хүмүүс салгахаар нь шууд салаад доошоо явж байхад хоёр цагдаа ирээд намайг аваад явсан ... гадаа зогсож байхад манай найз энэ намайг цохисон залуу байна гэхээр нь миний уур хүрээд шууд очиж хавсарч унагаагаад хоёр удаа дээрээс нь дэвссэн ...” гэж /хх 13/ тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Тухайн үед Ш” баарны чанх урагш чиглэсэн камер байхгүй, камерийн тусгалд ороогүй хэсэгт дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба гэрч Х.Б-н өгсөн “... Б-н нөхөр дээгүүрээ хар өнгийн савхитай, хоёр гар нь цус болчихсон, ам хамраа бариад явган сууж байсан ... сальфетка аваад очих гээд явж байсан чинь өөрөө босоод цаашаа явсан чинь урдаас нь нэг залуу ирээд тэр хоёр шатаар буугаад алхаж байсан чинь урдаас нь баахан хүүхнүүд хүн зодчихоод зугатаасан гээд яриад бариад авахаар нь би олон хүүхнүүдтэй явж байгаа юм байна гээд очихоо болиод такси бариад явах гэж байхад цагдаагийн машин ирсэн...” гэсэн /хх 38/ мэдүүлэг,

гэрч Б.О-н өгсөн “ ... тэгтэл Ш баарны хажууд шатан дээр хэсэгт хоёр эрэгтэй хүн зодолдоод байсан, тэгсэн чинь Б эгч “тийшээ хар даа, маникурчин Б-н нөхөр мөн үү ... ” гэхээр нь хартал гадуураа савхин богино куртиктэй Б-н нөхөр нь хамраа бариад зогсож байсан, цаад талд нь зодолдож байсан хоёр эрэгтэй нь нэг нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, нөгөөх нь улаан алаг бомбер куртиктэй байсан ... миний харснаар Б эгчийн нөхөр зодоонд оролцоогүй ... ” гэсэн /хх 41/ мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Б, Б.О нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу хууль сануулж авсан байх ба прокурорын эсэргүүцэлд дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг ” ... тухайн үед О.Тыг бусдад зодуулсан байдалтай байсныг л гэрчилсэн, харин хохирогч О-г О.Т, Б.Б нар нь бүлэглэн зодож, хохирол учруулсан үйлдэл хийгээгүй болохыг нотлоогүй ...” гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал О.Тыг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Тад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удирдлага болгосон болон тогтоох хэсэгт баримтлах ёсгүй заалтыг баримталсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтын “34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэснийг хасч, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад” гэснийг “1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ