Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/190

 

            

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч С.Б,

хохирогч А.О, түүний өмгөөлөгч М.Э,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Т, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000157 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Т,

Монгол Улсын иргэн, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б, О.Т нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шугар /Sugar/ караоке баарны гадна 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21-22 цагийн орчимд иргэн А.О-ын нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр бааранд байхдаа хохирогчтой маргалдсан, би энэ хүнийг зодоогүй, гэхдээ хохиролд 150.000 төгрөг өгсөн, мөн хамрын дусаалга авч өгсөн.” гэв.

шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.

хохирогч А.О мэдүүлэхдээ; “...Хамт ажилладаг ах А-гийн хамт бааранд орсон, бүжиглэж байхдаа би Т-г цохисон, тэгээд баарнаас гараад гадаа зодуулсан. Одоо хамар байнга битүүрч байгаа тул хагалгаанд орно, эмнэлгээс асуухад хагалгаа хийлгэхэд 1.500.000 төгрөгийн зардал гарна гэсэн, гэхдээ энэ талаар албан ёсны бичиг байхгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг гаргуулна. Эхлээд нүдний ухархай ясыг янзалж, дараа нь хамрыг тэгшилнэ гэсэн. Баарны гадаа намайг хэн зодсоныг мэдэхгүй, би ухаан алдсан байсан. А ах хоёр хүн зодсон гэж хэлсэн болохоор нь би энэ хоёр хүнийг зодсон гэж мэдүүлэг өгсөн.” гэв.

Хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-нд А-гийн хамт “Хүнхэр Алтай” ороод “Нийслэл” пиво ууж байгаад талбай дээр гараад бүжиглэж байхад Т гэх залуу надруу ойртож ирээд байхаар нь “чи надаас холд” гээд хойшоо хоёр гараараа түлхээд авахад цаашаа ухраад яваад өгсөн. Тэгээд би А ахтай хамт гадаа тамхи татаад зогсож байхад нөгөө залуу хоёулаа болчихсон гарч ирээд нийлээд намайг нүүр, нүдгүй цохиж, зодоод байхад цагдаа нар ирээд салгаад нөгөө хоёр залууг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-12/,

“...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим ажлын ах А-ийн хамт нэг, нэг лааз пиво уугаад “Sugar” бааранд орсон, тэндээ дахин нэг, нэг лааз пиво уугаад би бүжгийн талбай дээр бүжиглэсэн, ...баар хаахаар болчихсон, тэгэхээр нь А ахын хамт гарсан. А такси барих гээд баарны гадаа замын цаана байж байсан, харин би араас нь гараад баарны гадна тамхи асаах гээд зогсож байхад хойноос нэг хүн татаж унагаасан, тэгээд шууд нүүр, нуруу, толгой руу өшиглөөд, дэвсээд байсан нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. ...Миний толгой тэр чигтээ хөндүүр, баруун нүд хавдаж идээлсэн, хамрын яс хугарсан, нүдний ухархайн яс хугарсан.” гэсэн мэдүүлэг /хх-16/,

Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21.30 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум “Sugar” баарны үүдэнд ажлын дүү О зогсож байсан, би такси барих гээд зам хөндлөн гарахад тэр баарны үүдэнд зам дээр хоёр залуу зогсож байсан. О шатаар доош буух гээд явж байхад тухайн хоёр залуу О-ыг унагааж шууд зодсон, О согтуу байсан, тэр хоёртой зодолдоогүй. Тэгээд намайг гүйгээд очиход нэг нь зугтсан, би нэг залууг нь барьж авсан. Цагдаа нар ирж тухайн залууг гавалсан. О-ын баруун талын нүдний доод, хацар хэсэг нь хавдаж зулгарсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,

“...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг О-ын хамт гадаа нэг, нэг пиво уугаад “бааранд орьё” гээд “Sugar” бааранд орсон. Тухайн үед 21 цаг болсон байсан, бааранд ороод бид хоёр дахин нэг, нэг пиво уусан, ...О бүжгийн талбай руу очоод бүжиглэсэн хоёр ая явсан байх. ...баар “22 цагаас хаана” гээд хаалгаа барьсан. Бид хоёрыг баар дотор байхад ямар нэгэн зодоон болоогүй, ая дуусаад гэрэл ассан тэгээд О бид хоёр гараад явсан. Намайг баарнаас гарахад О-ыг зодсон хоёр залуу баарны гадаа үүдэнд зогсож байсан, би хажуугаар нь гараад замын нөгөө талд гараад такси барих гээд явсан тэгээд эргэж хараад О-ыг дуудах гэтэл араас нь хоёр залуу гүйж очоод нэг нь татаад унагаасан, хэн нь гэдгийг хараагүй. ...О-ыг тэр хоёр залуу унагаагаад хоёулаа зодож байхад цагдаа шууд гүйгээд ирсэн, би бас яваад очтол О ухаан алдчихсан, харин зодсон хоёр залуугийн өндөр нь гүйгээд зугтаачихсан, би арай намхан залууг бариад авсан, О-ыг босгоод байж байтал нөгөө зугтаасан залуу руу нөгөөх нь утсаар яриад дуудсан чинь хүрээд ирсэн. ...О-ыг эмнэлэгт үзүүлсэн чинь хамар нь хугараад нүд нь хавдчихсан байсан. ...өндөр залуугийн гар нь цус болчихсон ...хамар нь бага зэрэг хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа өгсөн үүргийн дагуу бааруудаар хэв журмын нөхцөл байдлыг шалгасан, баар хаах цаг болоод баарны гадаа хүмүүс гараад явж байхад хар өнгийн савхин хүрэм өмссөн, нөгөөх нь дээгүүрээ ноосон цамцтай байсан санаж байна хоёр залуу нэг согтуу бандийг хажуугаар нь гарсан чинь түлхээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залууд хандаж “та хоёр эндээс одоо яв” гэж хэлсэн. ...“Sugar” баарны гадаа, шатны дээд хэсэгт нэг эрэгтэй хүн “ёо” гэсэн чинь өөр нэг эрэгтэй “та хоёр хүн аллаа” гэх шиг болсон би эргээд харсан чинь “Sugar” баарны үүдэнд “одоо яв” гэж хэлсэн хоёр залуу нэг эрэгтэйг унагаачихсан, хар өнгийн савхин хүрэмтэй залуу нь газарт унасан эрэгтэйн толгой хэсэгт, нөгөөх нь хэвлийн хэсэгт зогсоод гараараа цохиж байсан. Тэгээд би “хөөе” гээд гүйхэд савхин хүрэмтэй залуу нь хэд, хэдэн удаа дэвсэх шиг болсон, харин нөгөө залуу нь намайг хараад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд шатны уруу гүйсэн. ...би савхин хүрэмтэй залуугийн нөгөөхийг нь барьж авсан, савхин хүрэмтэй залуу нь зугтаад гүйгээд явчихсан, удалгүй эргэж ирээд “найзыгаа авах гэж ирсэн” гээд байхаар нь би гавлаад цагдаагийн газарт хүргээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Энэ өдөр би бааранд хойд өрөөндөө баарны үйл ажиллагааг хянаад байж байсан. Надад манай ажилчдаас зодоон маргаан болсон талаар хэлээгүй, би ч хараагүй, энэ өдөр үйлчлүүлэгч ихтэй байсан. Дараа нь цагдаагаас ирээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд бүжгийн талбай дээр нэг нь нөгөөгөө хэд, хэд цохиод авч байгаа харагдсан, тухайн залуучууд баар хаасны дараа дахин гадаа зогсож байгаа дүрс байсан.” гэсэн мэдүүлэг /хх-26/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“Sugar” баарны хажуугийн шатны дээд хэсэгт манай ажлын Б-гийн нөхөр дээгүүрээ хар өнгийн савхитай, хоёр гар нь цус болчихсон ам хамраа бариад явган сууж байсан. ...Б-гийн нөхөр өөрөө зодуулсан юм шиг байдалтай, доошоо явган суугаад хамар болон амаа гараараа арчаад байсан. Тэр залуу явган сууж байсан чинь цаанаас нэг эрэгтэй хүн ирээд тэр хоёр шатаар буугаад явж байхыг л харсан.” гэсэн мэдүүлэг /хх-38/,

Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Б эгч “тийшээ хар даа Б-гийн нөхөр мөн үү” гэхээр нь хартал Б-гийн нөхөр нь хамраа бариад зогсож байсан, цаад талд нь зодолдож байсан хоёр эрэгтэйн нэг нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, нөгөөх нь улаан өнгийн бомбер куртиктэй байсан. Миний харснаар Б эгчийн нөхөр зодоонд оролцоогүй, цагаан өнгийн пүүзтэй залуу, тэр улаан алаг бомбертэй залуутай зодолдоод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-40/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-гийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай, “...1.А.О-ын биед баруун талын хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд зовхины язарч урагдсан шарх, нүүр, баруун гарын сарвуу, хүзүү, хуйханд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Хоншоор ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-42-43/,

О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим “Дээдэс” төвд Б-ийн хамт караокед ороод нэг хүний гурван пиво уугаад, 21 цагийн орчим “Sugar” бааранд орсон. Би бүжиглэж байсан чинь танихгүй эрэгтэй намайг түлхэх шиг болохоор нь би эргэж харсан чинь миний нүүр рүү 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон, тэгээд тонгойсон чинь миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн, найз Б намайг салгаад аваад гарсан, Баарны үүдэнд цусаа тогтоогоод байж байсан чинь намайг цохисон залуу араас гарч ирэхээр нь манай найз таниад “нөгөө залуу гараад ирлээ” гээд барьж аваад хавсарч унагаасан. Би яаж хэдэн удаа цохисон гэдгийг нь хараагүй. Б өөрөө надад “хоёр удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгээд хамрынхаа цусыг тогтоогоод яваад очтол зодоон дууссан байсан. ...цагдаа миний гарын цусыг хараад намайг зодоонд оролцсон байна гээд Б бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хонуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-24, 128/,

Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз Т-ын хамт бүжиглэх гээд Зэст багт байрлах баар орсон. Тэгээд гурав, гурван лааз пиво уугаад бүжиглэх гээд талбай дээр гарахад манай найз нэг залуутай маргаад байхаар нь авч гараад гадаа зогсож байхад нөгөө манай найзтай маргалдсан залуу араас гараад ирэхэд манай найз “намайг цохисон залуу энэ байна” гэхээр нь би очоод хавсарч унагаагаад дээрээс нь хоёр удаа дэвсэж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-13/, 

Т бүжгийн талбай руу гарсан, харсан чинь нэг залуутай маргалдаад, барьцалдаад байсан тэгэхээр нь би очоод салгаад аваад гарсан. Тэгтэл найзтай маргалдаад байсан залуу баарны гадаа гараад ирэхээр нь би очоод хавсарч унагаагаад нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-123/,

“...би гэнэт хүн зодож болохгүй гээд шууд болиод Т-ын хамт шатны доошоо буусан, ойр орчимд байсан хүмүүс энэ хүн зодсон гээд бариад авсан, тэнд байсан хүмүүс Т-ыг энэ хүн зүгээр байсан гээд явуулсан, харин цагдаа хүрч ирээд намайг гавласан. ...найз Т тэр залууг огт цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хх-132/,

иргэн М.А-гийн “2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн орой 21.30 цагийн үед надтай хамт О нь үл таних хоёр залууд зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,

иргэн М.А-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-9/,

камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-55/,

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн “...улаан өнгийн ханцуйтай бомбертой эрэгтэй баарнаас гарч ирэв. 21:42:10 секундэд хар савхин куртиктэй эрэгтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэйн хамт зогсож байгаад камерын тусгалаас гарах ба 21:48:10 секундэд цагдаагийн албан хаагч ирж байна. 21:50:48 секундэд нөгөө хоёр залуу гарч ирэх ба хашлагын хажууд зогсож байхад цагдаагийн алба хаагчтай нэг эрэгтэй ярьж байгаад гуйвж яваад хар савхитай залууг мөргөхөд гараараа түлхэх шиг үйлдэл хийхэд цагдаагийн албан хаагч гараараа “яв” гээд үйлдэл хийж байна. 22:00:10 секундэд бомбертой залуу, малгайтай куртиктэй саравчтай малгай өмссөн эрэгтэйтэй маргалдаад барьцалдахад савхин куртиктэй эрэгтэй цайвар куртиктэй эрэгтэйн хамт бомбер куртиктэй залууг салгаад хоёр талаас нь сугадан чирээд 22:00:41 секундэд камерын тусгалаас гарав.” гэсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-56-57, 58/,

Б.Б, О.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60, 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72, 81/,

Хохирогч А.О-ын;

1.Эмийн сангаас авсан эм тарианы E баримтаар 298.750 төгрөг,

2.Эмнэлэг явж эмчид үзүүлэх, боолт шархаа цэвэрлүүлэхэд өөрийн эзэмшлийн машиндаа бензин хийсэн зардал 45.000 төгрөг,

3.Ажилгүй байсан хугацааны зардал 1.200.000 төгрөг,

4.Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж, хагалгаанд орох зардал 1.500.000 төгрөг нийт 3.043.750 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-95-96/,

нэхэмжлэлд хавсаргасан;

эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-97/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-98-99/, “Эрдмийт” ХХК-ийн “А ... сарын цалин хийснээр 1.200.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт, хавсралт хүснэгтийн хамт /хх-100-101/, хөдөлмөрийн гэрээ /хх-102-104/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-105/,

эмийн сангаас авсан эм тарианы E баримттай гэх,

6800+21.900+40.000+20.000+80.000+12.000+22.000+12.000+23.100+2600+6200+1800+43.850+6500 = 298.750 төгрөгийн баримт /хх-106-119/,

бензины 25.000+20.000 = 45.000 төгрөгийн баримт /хх-120-121/,

хохирогч А.О-д эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлсөн баримт /хх-180/ эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хохирогч А.О нь мөрдөн байцаалтын шатанд тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтын талаар анхнаасаа тогтвортой, эх сурвалжаа тодорхой зааж байгаа мэтээр удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг боловч түүний өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэх тул шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчаас асуусан “танд гэмтлийг хэн учруулсан бэ?”, хоёр шүүгдэгчийн хэн нь таны аль хэсэгт цохиж, зодсон бэ” гэсэн асуултад хохирогч “...би согтуу байсан, мөн ухаан алдсан байсан болохоор хэн нь яаж зодсоныг мэдэхгүй, Аг ах хоёр хүн зодсон гэж хэлсэн болохоор энэ хоёр хүнийг зодсон юм байна гэж ойлгоод хоёр хүн зодсон.” гэж мэдүүлэг өгсөн.” гэсэн болно.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” хохирогчийн үүрэг хангагдахгүй байна гэж үзлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргийн 16 дугаар талд авагдсан хохирогч А.От-ын “...А такси барих гээд баарны гадаа замын цаана байж байсан, харин би араас нь гараад баарны гадна тамхи асаах гээд зогсож байхад хойноос нэг хүн татаж унагаасан, тэгээд шууд нүүр, нуруу, толгой руу өшиглөөд, дэвсээд байсан нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан.” гэсэн,

хэргийн 38 дугаар талд авагдсан гэрч Х.Б-ийн “...“Sugar” баарны хажуугийн шатны дээд хэсэгт манай ажлын Б-ийн нөхөр дээгүүрээ хар өнгийн савхитай, хоёр гар нь цус болчихсон ам хамраа бариад явган сууж байсан. ...Б-ийн нөхөр өөрөө зодуулсан юм шиг байдалтай, доошоо явган суугаад хамар болон амаа гараараа арчаад байсан. Тэр залуу явган сууж байсан чинь цаанаас нэг эрэгтэй хүн ирээд тэр хоёр шатаар буугаад явж байхыг л харсан.” гэсэн,

хэргийн 40 дүгээр талд авагдсан гэрч Б.О-ийн “...Б-ийн нөхөр нь хамраа бариад зогсож байсан, цаад талд нь зодолдож байсан хоёр эрэгтэй нэг нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, нөгөөх нь улаан өнгийн бомбер куртиктэй байсан. Миний харснаар Б эгчийн нөхөр зодоонд оролцоогүй, цагаан өнгийн пүүзтэй залуу, тэр улаан алаг бомбертэй залуутай зодолдоод байсан.” гэсэн

хэргийн 20 дугаар талд авагдсан гэрч М.А-гийн “...О-ыг дуудах гэтэл араас нь хоёр залуу гүйж очоод нэг нь татаад унагаасан, хэн нь гэдгийг хараагүй.” гэсэн,

О.Т-ын “...баарны үүдэнд цусаа тогтоогоод байж байсан чинь намайг цохисон залуу араас гарч ирэхээр нь манай найз таниад “нөгөө залуу гараад ирлээ” гээд барьж аваад хавсарч унагаасан. ...Тэгээд хамрынхаа цусыг тогтоогоод яваад очтол зодоон дууссан байсан. ...цагдаа миний гарын цусыг хараад намайг зодоонд оролцсон байна гээд Б бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хонуулсан.” гэсэн,

Б.Б-ийн “...манай найзтай маргалдсан залуу араас гараад ирэхэд манай найз “намайг цохисон залуу энэ байна” гэхээр нь би очоод хавсарч унагаагаад нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн. ...би гэнэт хүн зодож болохгүй гээд шууд болиод Т-ын хамт шатны доошоо буусан, ойр орчимд байсан хүмүүс энэ хүн зодсон гээд бариад авсан, тэнд байсан хүмүүс Т-ыг энэ хүн зүгээр байсан гээд явуулсан, харин цагдаа хүрч ирээд намайг гавласан. ...найз Т тэр залууг огт цохиогүй.” гэсэн мэдүүлгүүдээр болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Т энэ гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр “Sugar” караоке баарны гадна 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21-22 цагийн орчимд иргэн А.О-ын нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

гэрч М.А-гийн “...такси барих гээд явсан тэгээд эргэж хараад О-г дуудах гэтэл араас нь хоёр залуу гүйж очоод нэг нь татаад унагаасан, хэн нь гэдгийг хараагүй. ...О-г эмнэлэгт үзүүлсэн чинь хамар нь хугараад нүд нь хавдчихсан байсан.” гэх,

гэрч Б.О-гийн “...зодолдож байсан хоёр эрэгтэй нэг нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, нөгөөх нь улаан өнгийн бомбер куртиктэй байсан. Миний харснаар Б эгчийн нөхөр зодоонд оролцоогүй, цагаан өнгийн пүүзтэй залуу, тэр улаан алаг бомбертэй залуутай зодолдоод байсан.” гэх,

О.Т-ын “...Баарны үүдэнд цусаа тогтоогоод байж байсан чинь намайг цохисон залуу араас гарч ирэхээр нь манай найз таниад “нөгөө залуу гараад ирлээ” гээд барьж аваад хавсарч унагаасан. ...Б өөрөө надад “хоёр удаа өшиглөсөн” гэж хэлсэн.” гэх,

Б.Б-ийн “...манай найзтай маргалдсан залуу араас гараад ирэхэд манай найз “намайг цохисон залуу энэ байна” гэхээр нь би очоод хавсарч унагаагаад дээрээс нь хоёр удаа дэвсэж авсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн иргэн М.А-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-ийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт, хохирогч А.О-ын хохирол нэхэмжилсэн баримтууд, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч А.О “ажилгүй байсан хугацааны цалин болон хамар тэгшлүүлэх хагалгаанд орох эмчилгээний зардлаа гаргуулна” гэсэн бөгөөд хохирогч нь эмийн сангаас авсан эм тарианы E баримтаар 298.750 төгрөг, эмнэлэг явж эмчид үзүүлэх, боолт шархаа цэвэрлүүлэхэд өөрийн эзэмшлийн машиндаа бензин хийсэн зардал 45.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардал 1.200.000 төгрөг, Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж, хагалгаанд орох зардал 1.500.000 төгрөг нийт 3.043.750 төгрөгийг нэхэмжилж,

эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Эрдмийт” ХХК-ийн “А ... сарын цалин хийснээр 1.200.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эмийн сангаас авсан эм тарианы E баримттай нийт 298.750 төгрөгийн баримт, шатахууны 45.000 төгрөгийн баримт зэргийг хэрэгт хавсаргуулсан байна.

Шүүх хохирогчоос гаргаж өгсөн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад эм тарианы зардалд 298.750 төгрөг, шатахуунд зарцуулсан 45.000 төгрөг, нийт 343.750 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хэргийн 180 дугаар талд шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт хэрэгт авагджээ.

Хэргийн 98 дугаар талд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт дээр хохирогч А.О-ыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажлаас чөлөөлсөн талаар эмчлэгч эмчийн бичилт хийгдсэнээс өөрөөр түүнийг энэ гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадаагүйг нотолсон,

мөн Улаанбаатар хотод хагалгаанд орох зардлыг нотолсон тухай баримтууд хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлээс энэ шаардлагуудыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхив.

Иймээс шүүх шүүгдэгч Б.Б-ийн хохирогчид нөхөн төлсөн 1.000.000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон 343.750 төгрөгийг хасахад шүүгдэгч нь 656.250 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэв.

Гэвч энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, хохирогч А.О цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн шүүгдэгчийн төлсөн 656.250 төгрөгт тооцож, илүү гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т нь хохирогчид 150.000 төгрөг өгсөн, мөн хамрын дусаалга авч өгснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “...шүүгдэгч Б.Б-ийг өршөөлийн хуульд хамруулж өгөөч.” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан, шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

         Иймээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон 343.750 төгрөгөөс гадна 656.250 төгрөгийг илүү төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах  зардалгүй болохыг дурьдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч О.Т-д урьд авсан “хувийн баталгаа” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Монгол овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Б.Бнь 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч О.Т 150.000 төгрөгийг хохирогчид төлснийг дурьдаж, хохирогч А.О нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-ийн илүү төлсөн 656.250 төгрөгт тооцож, үүнээс илүү гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ