Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0690

 

 

                                                         “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/364 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь “Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтад оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комисст даалгах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/ болон Сонгон шалгаруулах комисст холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах, дээрх 01 дугаартай “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт”-ийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүгч хараат бус байх, шүүх нотлох зарчим тус бүрийг бүрэн утга агуулгаар хэрэгжүүлээгүй, Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс цугласан, хэлэлцүүлсэн нотлох баримтыг буруу үнэлсэн тул шүүхээс гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.1. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам 4 бүлэг 13 зүйлээс бүрдсэн бөгөөд Сонгон шалгаруулалтын зорилго, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага, оролцогч болон сонгон шалгаруулалтын комисс, түүний үйл ажиллагаа, гаргах шийдвэртэй холбогдох харилцааг тодорхойлон тогтоосон байна.

“Э” ХХК Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нийтэд зарласан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 гектар бүхий Энгэр толгод нэртэй талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохдоо сонгон шалгаруулалтын саналыг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 3 дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан шаардлагыг хангаж 5.5-5.6-д зааснаар битүүмжилсэн сонгон шалгаруулалтын материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдөл хүлээн авах ажилтанд биечлэн хүлээлгэн өгсөн байхад шүүхээс “...битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байна.

2.2. Шүүх “Э” ХХК-ийг иргэн Х.Гантулга төлөөлөх эрхгүй этгээд, мөн үнэлгээний бичиг баримтын “Хуулийн этгээдийн тодорхойлолт” дээр гарын үсэг зураг эрхгүй хүн гэдгийг тогтоогоогүй, харин компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Сосорбурам овогтой Сэржээхүү” гэж бичсэнийг нотолгоо болгосон нь учир дутагдалтай байна.

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд Хуулийн этгээдийн хувийн хэрэгт хуулийн этгээдийн оноосон нэр, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хувь, гүйцэтгэх удирдлага, хаяг, үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа явуулах хугацаа, дүрэм, гэрээ зэргийн талаарх мэдээллийг бүртгэхээс бус улсын бүртгэлийн гэрчилгээн дээр заавал бичнэ гэсэн зохицуулалт байхгүй байхад “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга гэж гарын үсэг зурсанг буруутгах, зөвхөн үүгээр компанийн эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

2.3. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нийтэд зарласан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 гектар бүхий Энгэр толгод нэртэй талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох сонгон шалгаруулалтын саналыг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу бүрдүүлсэн бөгөөд түүний эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэс байхгүй болно.

2.4. “Э” ХХК сонгон шалгаруулалтын саналдаа Геологи хайгуулын болон бусад ажлыг гүйцэтгэх “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, “Э” ХХК, “Ай Си Эс Жи Геологи майнинг” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, “Ай Си Эс Жи Геологи майнинг” ХХК, “Стийл айрон” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шалгуур үзүүлэлт бүрийг хангасан материал бөгөөд түүнийг хүлээн авах, иж бүрдлийн шат шатны шалгуурт тэнцэж сонгон шалгаруулалтын комисс хүлээн авсан байхад тэдгээрийг журмын шаардлага хангаагүй гэсэн комиссын эх сурвалжгүй, үндэслэлгүй, нотолгоогүй дүгнэлтийг шүүх үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2.5. Сонгон шалгаруулалтын комисс нь ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тэдгээрийн бие төлөөлөгчдийг оролцуулан саналын битүүмжийг шалгуулан “бүрдүүлэх материал бүрэн байсан тул сонгон шалгаруулалтад саналыг хүлээн авав” гэсэн тэмдэглэл үйлдсэн байна.

Гэвч Ашигт малтмалын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн а/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс нь шалгаруулалтад оролцсон “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.5.1-д заасан үйл ажиллагаанд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг бусад оролцогчдын хамт оролцуулаагүй байна.

Мөн уг журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.1, 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг бүрэн хэрэгжүүлэлгүй, тасралтгүй үргэлжлэх сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг гүйцэтгээгүй байна.

2.6. Сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатар “Х.Гантулга дээр тодруулая” гэсэн байр сууриа өөрчлөн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны явцад бусад гишүүдийн санал, хүсэлтийг хүлээж авалгүй “үнэлгээний бичиг баримтын хамгийн чухал бичиг баримт болох хуулийн этгээдийн тодорхойлолт дээр “Э” ХХК-ийг төлөөлж Х.Гантулга гэсэн хүн гарын үсэг зурсан байна. Х.Гантулга нь үүнд гарын үсэг зурах эрхгүй хүн учир энэ материалыг үнэлэхгүй хасах эсэхээр санал хураая. Үнэлгээний бичиг баримтад заасан мэдээ, мэдээлэл зөрүүтэй, эрх бүхий этгээд баталгаажуулаагүй гэдэгтэй зөрчилдөж байна..." гэж тулгасан үйл баримт нь Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тэмдэглэл №2-т тэмдэглэгдэн үйл баримтын нотолгоо болон үлдсэн байна.

2.7. Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тэмдэглэл №2-т тэмдэглэгдсэн “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхээс татгалзсан үндэслэлүүд  нь Уул уурхайн сайдын баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1-8.2.7-д заасан шалгуурт байхгүй байгаа юм.

2.8. Сонгон шалгаруулалтын нэг талбайд “Э” ХХК-тай өрсөлдөж байгаа “М” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналд ““М” ХХК-ийн тоног төхөөрөмж нь мөн хэнийх гэдэг нь тодорхой бус байна” гэсэн комиссын гишүүний асуултад тус комиссын дарга Н.Чинбаатар “Энэ дээр харин тодруулга авах хэрэгтэй. Саналын материалд ирүүлсэн тоног төхөөрөмжүүд “М” ХХК-ийнх гэдгийг нотолсон бичиг баримт шаардлагатай”, сонгон шалгаруулалтын комиссын гишүүн С.Даржаа “Энэ тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээг авчруулах хэрэгтэй. Хэнийх гэдэг нь хамаагүй” гэхэд Н.Чинбаатар “С.Пүрэвжав “М” ХХК-д албан бичиг явуулж нэг дэх өдөр гэхэд хариуг авах хэрэгтэй. Иймээс нэг дэх өдөр хүртэл үнэлгээний үйл ажиллагааг хойшлууллаа. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагаас дахин уулзъя” гэж үнэлгээний үйл ажиллагааг өндөрлүүлсэн тухай сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №2 дугаар тэмдэглэлд тусгагдсан. Улмаар сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж явагдаагүй атлаа Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт №1-ийг гаргаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/36 дугаар тушаал, Сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай мэдэгдэл тус бүрийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

2.9. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.5-д заасан шаардлагыг Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хангаж чадаагүй байна. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүний ирц 7 гишүүн байхаас 5 гишүүнтэй ирцээр Сонгон шалгаруулалтын саналын үнэлгээний үйл ажиллагааг эхлүүлэхдээ “ирц 71.4-71 хувь”-тай гэж тооцсон аргачлал нь тодорхойгүй, үнэлгээний үйл ажиллагаа дуусгавар болгохоос 1 цаг орчмын өмнө гишүүн Д.Сүхбаатар хүрэлцэн ирж оролцохдоо саналын материалтай бүрэн танилцаж амжилгүй “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхээс татгалзсан, сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатарын саналыг дэмжсэн байдал, уг үйл ажиллагаанд огт оролцоогүй гишүүн М.Мэндбаяр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тэмдэглэл №2, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр бичигдсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ1-8 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдийн үнэлгээний нэгдсэн товчоонд гарын үсэг зурсан, гишүүн Д.Болд хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, цаашилбал гарын үсэг зураагүй үйл баримтууд шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон байна.

2.10. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаал, хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3-8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 10-11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолтой зөрчилдсөн болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтыг баталсан Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаалыг мөн даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/85 дугаар тушаалаар хүчингүй болгосон тул тушаал, үнэлгээний бичиг баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу шийдвэрлэгдсэн тул тухайн захиргааны актад гомдол гаргах, маргаан үүсгэх боломжгүй болсон бөгөөд шүүхэд энэ үйл баримт нэгэнт авагдсан байгаа болно.

2.11. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн билээ. Энэхүү үнэлгээний баримт бичгийг хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдэд мэдэгдэж танилцуулаагүй, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бичиг баримт болохыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, нийтэд мэдээлээгүй байсан тул сонгон шалгаруулалтын саналыг бүрдүүлсэн гэж үзэхгүй байна.

2.12. Комиссын гишүүдийн 66.6 хувийн саналаар үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

2.13. Уул уурхайн сайдын баталсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлд сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх талаар тодорхой зааснаас бус үнэлгээний явцад үнэлгээг зогсоох, түдгэлзүүлэх, үнэлэхээс татгалзах шийдвэр гаргах тухай эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй, сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхээс татгалзах шийдвэр гаргах эрх Сонгон шалгаруулалтын комисст уг журам, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдоогүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хууль тогтоомжийг үндэслэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан дүгнэлт, мэдэгдэл, тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтыг зарласан байх бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд зарласан сонгон шалгаруулалтад оролцох саналаа Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгчээ.  

Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №1 дүгээр дүгнэлтээр “...”Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Сэржээхүү бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрээ бүртгэлтэй байна. С.Сэржээхүү нь итгэмжлэлээ Н.Батбаатарт өгсөн ба үнэлгээний бичиг баримтыг Н.Батбаатар хүлээлгэн өгсөн. Гэвч энэ үнэлгээний хамгийн чухал бичиг баримт болох хуулийн этгээдийн тодорхойлолт дээр “Э” ХХК-ийг төлөөлж Х.Гантулга гэсэн хүн гарын үсэг зурсан, геологи хайгуулын ажлаа ямар компаниар хийлгэж байгаа гэрээ нь байхгүй байна. “Э” ХХК-д хамааралгүй хамтран ажиллах гэрээгүй “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл ирүүлсэн байна. Иймээс Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1.б-д “Оролцогч ААН-ийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ, мэдээлэл нь зөрүүтэй, илт  худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан...” гэсэн үндэслэлээр гишүүдийн 66.6 хувийн саналаар “Э” ХХК-ийн /Эй Эл Жи Ти” ХХК-ийн гэж андуурсан/ саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга гэж гарын үсэг зурсан байгааг буруутгах, зөвхөн компанийн эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох саналыг тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу бүрдүүлсэн бөгөөд Х.Гантулгын эрхийг үгүйсгэх боломжгүй...” хэмээн дурдсан байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д ““улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг” ойлгоно, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заажээ.

“Э” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 000051715 дугаар гэрчилгээг авсан ба хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн хэсэгт Сосорбурам овогтой Сэржээхүүг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч компаниас Сонгон шалгаруулалтын комисст хүлээлгэн өгсөн баримт бичигт “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Сэржээхүү, иргэн Х.Гантулга нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах тухай” гэрээг  хавсаргаагүй тул шүүхээс уг гэрээг үндэслэн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй  дүгнэлтийг хийсэн байна.

Ийнхүү үнэлгээ өгөхөөс татгалзсан нь Ашигт малтмал газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичиг”-ийн 3.1.б-д “Оролцогч ААН-ийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан” бол шаардлага хангаагүй саналыг үнэлэхгүй байх, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Тавдугаар зүйлийн 5.8-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6- д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзахаар...”, Наймдугаар зүйлийн 8.1-д “Сонгон шалгаруулалтын саналыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө” гэж тус тус заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын саналын хуудасны Санал гаргагч гэх хэсэгт болон Хуулийн этгээдийн тодорхойлолт” зэрэг баримт дээр гүйцэтгэх захирал Х.Гантулга гэж гарын үсэг зурсан зөрүүтэй баримтыг “Э” ХХК саналдаа хавсарган ирүүлсэн нь нотлогдсон тул шаардлага хангаагүй саналыг үнэлэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... ““М” ХХК-иас лавлагаа авсан харин нэхэмжлэгч компаниас тодруулга аваагүй..” гэж дурдсан бөгөөд “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаарх баримт сонгон шалгаруулалтын саналд байгаа боловч уг компанитай нэхэмжлэгч компани хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, “М” ХХК-ийн хувьд тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг ирүүлсэн боловч уг төхөөрөмж нь “М” ХХК-ийнх мөн эсэх нь тодорхойгүйн улмаас Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.5-д “Сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулах комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно” гэж заасны дагуу “М” ХХК-иас тодруулга авах, “Э” ХХК-иас “тодруулга авах” шаардлагагүй гэж комиссын гишүүд үзсэнийг шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

Сонгон шалгаруулалтын комисс “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Зургадугаар зүйлийн 6.3-д “Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна” /Уул уурхайн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/, 6.5-д “Комиссын гишүүдийн 70 ба түүнээс дээш хувийн ирцээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болох...” гэж заасантай нийцсэн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатар, комиссын гишүүн Д.Болд, С.Дашдаржаа, А.Гэлэгжамц, Д.Сүхбаатар, нарийн бичгийн дарга С.Пүрэвжав нар оролцсон, харин маргаж буй 01 дугаар дүгнэлтэд бүх гишүүд гарын үсэг зурж, Ашигт малтмалын газрын даргад хүргүүлсэн байх тул “...71.4 хувьтай гэж тооцсон аргачлал тодорхойгүй, ...журмын шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.     

Иймд шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан,  6/3527 дугаартай мэдэгдэл болон а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлоогүй, хууль бусад тооцох үндэслэлгүй, хариуцагч холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

                       ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА