Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай                   

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийдвэртэй,  

       Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: О.З-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, хариуцагч О.З-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Б.Дэмбэрэлнямбуу гэх хүнээс чацаргана болон үхрийн нүдний суулгацтай хадлангийн талбайг үнэ тохиролцон худалдан авсан бөгөөд 2 жилийн дараа тухайн талбайгаа хүндэтгэх шалтгааны улмаас зарах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, би эхнэр, хүүхэдтэй болсон, мөн Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид ажиллах болсон тул Улаангом суманд амьдрахаар ирсэн. Ингээд 2018 онд О.Зоригоо гэх хүнд талбайгаа 2,500,000 төгрөгөөр худалдахаар тохирч, мөнгийг нь ирэх хавар нь буюу 2019 оны 4-өөс 5 сард ноолуур гарах үеэр авахаар тохирсон боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна. Зоригоогоос мөнгөө нэхэхэд талбайгаа буцааж ав, би авахаа болилоо гэж хэлсэн. Тухайн үед уг талбайг олон хүн бэлэн мөнгөөр авья гэсэн санал тавьж байсан. Жишээ нь Малчин сумын Засаг дарга Б.С надаас 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя, зарсан хүнээсээ талбайгаа аваад өг гэсэн тул тухайн үед энэ талаар О.З-д хэлэхэд “нэгэнт тохиролцоод авсан талбайгаа өгөхгүй” гэсэн тул тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөрэй гэж хэлээд орхисон. О.З одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа “ургац авч чадаагүй” гэх тайлбар гаргасан байсан. Энэ бол тухайн талбайг хэр усалж, яаж арчилснаас шалтгаалах бөгөөд ургац авах эсэх асуудал нь надад хамааралгүй” гэжээ.

Хариуцагч О.З анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа : “Миний бие Б.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь чацарганы талбай ашиглагдахгүй байсныг харж хамгаалж, ургацыг харж байж авъя гэж тохиролцсон боловч ургац нь 30 кг чацаргана гарсан. Тухайн өвөл нь Б.Д-той уулзахдаа “талбайг худалдан авч чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр хавар нь ирээд “талбайн мөнгө өг” гэж нэхсэн. Тэгээд 15 кг чацарганы мөнгийг өгье гэхэд зөвшөөрөөгүй, намайг заавал талбай худалдаж ав гэж шаардсан. Талбайн хэмжээ өргөн 16 метр, урт 44 метр. Уг талбайг би яаж ч бодсон 2.500.000 төгрөгөөр авах боломжгүй болоод өртөг үнийг нь хасаж тохиролцъё гэсэн боловч үнээ буулгаагүй. Тэгээд ч гэрчилгээ, бичиг баримт байхгүй талбайг авахгүй гэдгээ би  хэлсэн нь үнэн. Үхрийн нүдний мод, чацарганы модны зарим нь хатаж үхсэн тул ургац муу байгаа” гэжээ.

           Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар хариуцагч О.З-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Да-д олгохоор шийдвэрлэсэн байна.

         Хариуцагч О.З давж заалдах гомдолдоо: “ Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг эс зөвшоөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2018 онд иргэн Б.Д, О.З нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Б.Д нь Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, жимс жимсгэнэ тариалах зориулалт бүхий 1 га орчим талбайтай газрыг худалдах, О.Зоригоо нь 2019 оны хавар 2.500.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.2-д “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна”, 84.3-д “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юм үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэжээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж наториатаар гэрчлүүлнэ”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д-ийн надад худалдсан гэх 1 га чацарганын талбай нь Иргэний хуулийн 84.2-д заасан үл хөдлөх хөрөнгө мөн байх бөгөөд уг газрыг өмчлөх эрх нь үүргийн хэлцэлд суурилсан өмчийн хэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу надад шилжихээр байна.

        Өмчлөх эрх шилжихийн тулд иргэн Б.Д нь уг 1 га газрын өмчлөгч байх ёстой ба хэргийн материалаас харахад нэхэмжлэгч нь надад худалдсан гэх Малчин сумын 1 дүгээр багт байрлах чацарганын 1 га газрын өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б.Даваадорж нь талбайгаа О.З-ийн эзэмшилд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Б.Даваадорж нь надаас худалдах худалдан авах гэрээний дагуу 1 га газрын үнэ болох 2.500.000 төгрөгийг шаардахын тулд газар өмчлөх эрхийг надад хуулийн дагуу шилжүүлсэн байх үүрэгтэй байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж наториатаар гэрчлүүлсэн тохиолдолд хүчинтэйд тооцдог ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ нь зөвхөн хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд заавал шилжүүлэх үүргийг худалдагч тал хүлээдэг байна. Гэтэл өмчлөх эрх хуулийн дагуу надад шилжээгүй, мөн Б.Д уг газрын өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад 2 гэрчийн мэдүүлэгт үндэслэн эзэмшил шилжсэнээр гэрээ байгуулагдсанд тооцож, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эдгээрээс дүгнэж үзэхэд Б.Д бидний хооронд хийгдсэн гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн дагуу Б.Д нь надаас 2.500.000 төгрөгийг шаардах эрхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлд заавал бүртгэгдсэн байх ёстой байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар “гэрээ байгуулагдсанаар тооцох үндэслэлтэй байна” гэж үзсэн. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсан бол” гэж заасан байгаа. Зөвхөн эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй. Заавал худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх хуулийн шаардлагатай байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох боломжгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Тухайн хадлангийн талбай нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, эрхийн зөрчилтэй хөрөнгө болох нь нотлогдож байна. Тухайн хөрөнгө нь хэний эзэмшлийн хөрөнгө болох хэрхэн яаж шилжүүлж байгаа баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь буруу шийдвэр гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хариуцагч О.З-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Б.Д нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Тухайн хадлангийн газрын гэрчилгээ гээгдсэн учир Увс аймгийн Малчин сумын газрын даамалд гээгдсэн гэрчилгээг шинээр авах шаардлагатай байгаа талаараа хэлтэл уг газрын гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгч байсан. Тухайн үед би хадлангийн зориулалт бүхий газраа зарсан учир надаас худалдаж авсан хүнд шинэ гэрчилгээг гаргаж өгөөрэй гэж тус сумын газрын даамалд хэлж байсан. Хариуцагч О.З-д хадлангийн зориулалттай талбайгаа зарах гээд хамт очиж газраа харахаар явсан боловч замдаа О.З архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир тухайн газрыг үзэж чадаагүй. О.З нь “чиний талбайг би мэдэж байгаа тул очиж үзэх шаардлага байхгүй” гэж хэлээд миний газрыг худалдаж авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. Хавар О.Зоригоогоос хадлангийн зориулалттай газар зарсан мөнгөө авах гэтэл тэр газраа буцааж ав гээд мөнгөө өгөөгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч О.З-оос чацаргана болон үхрийн нүдний мод бүхий хадлангийн талбайн үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

       Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн  нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байна.

       Нэхэмжлэгч Б.Д нь маргаж буй Малчин сумын 1-р багийн нутагт байрлах чацаргана болон үхрийн нүдний мод бүхий хадлангийн талбай /нэхэмжлэлд дурдсанаар/-н эзэмшигч, өмчлөгч мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал: нэхэмжлэгч тухайн газрыг хуульд зааснаар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

         Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “ Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаар маргаан бүхий хадлангийн талбай нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

             Газрын тухай хуулийн 27 дугаар  зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь дээрх хуулийн дагуу маргаж буй газрыг эзэмших, өмчлөх эрхтэй байж хуульд заасан журмын дагуу эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, эсхүл өмчлөлийн газраа захиран зарцуулах эрх үүснэ.

         Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу газар өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх, өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байхыг шаардах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ /хэлцэл/ хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн газрыг өмчлөх эрхтэй болох, мөн талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь тус тус нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.  

             Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж О.З-д олгох зэрэг үндэслэлтэй байна.         

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.З-оос худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж О.З-д олгохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.