| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2019/00453/и |
| Дугаар | 03 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 03
“Э.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-т холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э.Б ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь надтай гэр бүлийн харилцаатай байсан учир манай “Э.Б” ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог байсан. Одоо бол бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд би гэрлэлт цуцлуулж байхдаа Т.Б-тэй мөнгө, төгрөгийн асуудлаар маргах бодолгүй байсан. Гэтэл Т.Б шүүхэд хандан надаас мөнгө нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөөс 36.000.000 төгрөг авахаар болсон. Т.Б надтай хамт амьдарч байхдаа миний дансыг хамтран эзэмшдэг байсан. Тэр хугацаандаа хүнд мөнгө зээлэх, элдэв шалтгаанаар мөнгө авах зэргээр данснаас маш их мөнгө авдаг байсан. 2014 оноос 2016 онуудад Т.Б нь “ЭБ” ХХК-ийн захиалгын утсыг барьж байхдаа компанийн орлого болох 63.688.770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн 5819128335 тоот дансаар компанийн орлогоос шилжүүлж авсан болно. Иймд миний 5800153053 тоот данснаас бэлнээр болон дансаар шилжүүлж авсан “Эрчис баялаг” ХХК-ийн орлого 63.688.770 төгрөгийг хариуцагч Т.Б-ээс гаргуулж өгнө үү ”гэжээ.
Хариуцагч Т.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь “Эрчис баялаг” ХХК-ний данснаас 63.688.770 төгрөг авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Компанийн данснаас миний 5819128335 тоот дансанд мөнгө орсон байсан ч тэр нь компанийн үйл ажиллагаа болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. 2014 оноос 2016 онуудад би гэр бүлийн “Эрчис баялаг”ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Б.Ц ч гэсэн надтай амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хувийн болон төрийн байгууллагад ажиллаж цалин авч орлого олдоггүй байсан. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй. Дансаар орж гарсан мөнгөн хөрөнгө нь ганц Б.Ц-ын биш компани болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Үүний өмнө гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Б.Ц нь намайг Эрчис баялаг компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж тодорхойлсныг шүүх хүлээж авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл компанид огт хамааралгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй хүнээс 63.688.770 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх болохоор “Э.Б” ХХК нь ямар ч хөрөнгөгүй, орлогогүй, ашиггүй ажиллаж байсан гэж тайлбарладаг хэрнээ гэр бүлийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж надад Б.Ц-оос 36.500.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь надад өгөх 36.500.000 төгрөгийг төлөхгүй гэсэн башир арга юм. Иймд Б.Цог-Очирын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Б-т холбогдох, “Э.Б” ХХК-ийн орлого 63.688.770 /жаран гурван сая зургаан зуун наян найман мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Т.Б нь 2014 оноос 2016 онуудад “Эрчис баялаг” ХХК-ийн захиалгын 99059219 дугаарыг барьж, захиалга авч тооцоо хийх явцдаа компанийн орлого болох 63.688.770 / жаран гурван сая зургаан зуун наяан найман мянга долоон зуун дал/ төгрөгийг өөрийн хувийн 5819128335 тоот дансанд шилжүүлэн завшсан байдаг. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие компанийн орлогыг хувьдаа завшсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдсан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулахад Б.Ц-оос гучин зургаан сая төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэснийг биелүүлэхгүйн тулд надаас мөнгө нэхэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ .
Б.Ц нь “Э.Б” ХХК-ийг төлөөлж, хариуцагч Т.Б-т холбогдуулан “Эрчис баялаг” ХХК-ийн орлого 63.688.770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Т.Б нар 1997 онд гэр бүл болж хамтран амьдарсан, тэдний дундаас 3 хүүхэд төрсөн, тэд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаад Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, тухайлбал Т.Б нь “Э.Б” ХХК-ийн хөрөнгө буюу үйл ажиллагааны орлогоос 63.688.770 төгрөгийг нууцаар авсан, эсхүл компанийн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд бус өөр байдлаар зарцуулсан, завшсан, нуусан гэх үндэслэл бүхий баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар талуудын маргааны зүйл болох 63.688.770 төгрөг Э Б компанийн хөрөнгөнөөс дутсан, мөн хариуцагчийн эзэмшилд хөрөнгө хууль бусаар шилжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Ц анхан шатны шүүх хуралдаанд “Т.Б нь миний данснаас мөнгө хэрхэн авч зарцуулж байсан нь Аудитын дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа” гэж тайлбарлан, нотлох баримтаар Увс Финанс аудит ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт гэх 5 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр Б.Ц/ хамтран эзэмшигч Ц.Х/-ын хугацаагүй хадгаламжийн 5800153053 дугаар данс болон Т.Б /данс хамтран эзэмшигч Б.Ц/-ийн хугацаагүй хадгаламжийн 5819128335 дугаар дансны 2014-2017 оны хоорондох орлого, зарлагын гүйлгээг түүвэрлэж, Т.Б-ийн зарлагын гүйлгээ болон Б.Ц-оос Т.Б-ийн дансанд шилжүүлсэн зарлагыг тус тус түүвэрлэсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр Т.Б нь “Э.Б” ХХК-ийн хөрөнгө, орлогоос хичнээн төгрөгийг авч юунд хэрхэн зарцуулсан нь тогтоогдоогүй байх тул энэхүү дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас 63.688.770 төгрөг гаргуулах боломжгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Надад компанийн орлогоос хувьдаа авч завшсан зүйл огт байхгүй. Би 2014-2016 онуудад гэр бүлийн “ЭЭ.Б” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Дансаар орж гарсан мөнгөн хөрөнгө нь дан ганц Б.Ц-ынх биш, компанийн үйл ажиллагаа, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Үүний өмнө шүүхээр гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Б.Ц нь намайг Э.Б компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж маргасныг шүүх хүлээн авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл компанид огт хамааралгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй гэх хүнээс 63.688.770 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй зүйл тул зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг няцаасан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримт гаргаж мэтгэлцэж чадаагүй байна.
Нөгөөтэйгүүр хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан “Э.Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ / улсын бүртгэлийн дугаар 1511005116, регистрийн дугаар 4009479/ -ний харилцах дансны бүртгэл хэсэгт : харилцагч банкны нэр ХАА-н Увс салбар, 5800922189 дугаар төгрөгийн дансыг 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Э.Б” ХХК-ийн харилцах дансаар бүртгүүлсэн атлаа шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хувийн харилцах дансны гүйлгээний хуулга баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул компанийн орлого зарлагын гүйлгээ гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн харилцах дансаар компанийн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийгдэж, санхүүгийн тайланд нь тусгагдаж байх ёстой бөгөөд хувь хүний харилцах дансаар хийгдсэн гүйлгээг компанийн хөрөнгө гэж тодорхойлох боломжгүйг тус тус дурдах зүйтэй байна.
Гэрлэгчдийн гэрлэлт цуцалсан 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгсдэд хуваарилж шийдвэрлэхдээ талуудын маргаж буй “Э.Б” ХХК-ийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй тул Т.Б-т компанийн хөрөнгөнөөс ногдох хувь гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн байх ба энэ талаар талууд маргаагүй буюу уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг дурьдах нь зүйтэй.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй талаар танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эрчис баялаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун ерөн дөрөв/ төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Б” ХХК-ийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун ерөн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.