Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2023/0042/З |
Дугаар | 116/ШШ2023/0056 |
Огноо | 2023-12-15 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2023/0056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....., “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “ аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан ...гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар 69-р байрны суурийн 1500 м2 талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаартай захирамжаар эзэмшиж байна.
Энэ газрыг манай компанид аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №333 дугаартай захирамжтай өмнө нь эзэмшиж байсан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 800 машины засварын газрын Б блокын 3960 м2 талбай бүхий газрыг төрийн мэдэлд эргүүлэн авч усан бассейны бүтээн байгуулалтад ашиглах хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс гаргаж байршлыг сольж эзэмшүүлсэн.
Тухайн үеийн аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж газар эзэмших хугацааг 2 жилээр газар эзэмших гэрчилгээнд бичиглэл хийсэн бөгөөд тухайн үед манай компанийн зүгээс дээрх, илт хууль бус алдаагаа засахыг шаардсан боловч улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн үр дүнгээс хамаараад н.Ганбат засаг дарга солигдож энэ асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Аймгийн Засаг даргын энэ үйлдэл нь Газрын тухай хуулийг илтэд зөрчиж 15 жилээс 40 жилийн хугацаатай олгох эзэмших эрхийг хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж 2 жил байхаар гэрчилгээ олгосон үйлдлээ засахгүй илт хууль бус эс үйлдэхүй гаргасан ба энэ алдааг өнөөдрийг хүртэл аймгийн өнөөгийн Засаг дарга засахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар байна.
Манай компанийн зүгээс 2011 онд 2 жилийн хугацаатай олгогдсон дээрх газарт ******* нэршилтэй орчин үеийн шаардлагад нийцсэн кино театр, үзвэр үйлчилгээний бүхий орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж ихээхэн хэмжээний санхүүгийн зардал гаргаж зураг төсөв, техникийн нөхцөл хийлгэсэн.
Бидний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгуулахаар удаа дараа аймгийн Засаг дарга, холбогдох агентлаг, улмаар УИХ-ын гишүүнд хүртэл хүсэлтээ илгээсэн боловч газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа хариуцсан агентлаг хууль бусаар үл биелүүлж дээрх гэрээг сунгах шийдвэрийг гаргахгүй манай компанид эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Манай компаний эзэмшиж буй газрын эзэмших эрхийг сунгахгүй байх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд бидний зүгээс 2023 оныг хүртэл гэрээний дагуу зохих татвар хураамжаа төлж байна. Өндөр өртөг бүхий бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахын тулд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хамгийн багадаа 15 жил байх шаардлага тавьж байгаагаас манай төсөл царцаад байна. Бид зураг төсөл, техникийн нөхцөл удаа дараа авах, газрын татварын хураамж, удаа дараагийн уулзалтын болон хуульчийн үйл ажиллагааны зардал гээд их хэмжээний зардал гаргасан байгаа нь захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамаарахаар байна.
Аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн /газар эзэмшүүлэх хугацаа/ 30.1 “газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэснийг илтэд зөрчиж 2 жилийн хугацаатай олгосон байх ба Засаг даргын зүгээс дээрх хууль бус үйлдлээ зөвтгөх арга хэмжээг өнөөдрийг хүртэл авахгүй байгаа эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа болно. Манай компанийн эзэмшиж байгаа дээрх газрын эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хамгийн багадаа 15 жил байх бөгөөд хуульд заасан доод хэмжээгээр манай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа 2026 онд дуусгавар болно. Аймгийн газрын харилцаа хариуцсан агентлаг, Аймгийн Засаг даргын зүгээс манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан талаар, түүнтэй холбоотой сонсох ажиллагаа хийх талаар өнөөдрийг хүртэл ямар нэг мэдэгдэл, шийдвэрийг бидэнд ирүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 48.2.1, 48.2.2, .48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд хүчингүй болгохоор” хуульчилсан ба мөн хуулийн 48.3 “захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж хуульчилсан. Манай компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2011 оны А/196 дугаар аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд 48.3-т заасан 5 жилийн хугацаа олгосон өдрөөс тооцвол 2016 онд, 2 жилийн хугацаанаас тооцвол 2018 онд дууссан тул А/196 дугаар захирамжаар ******* ХХК-д олгосон газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг удаа дараа хүргүүлсэн боловч хугацааг сунгах талаар Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргаж зайлсхийж хүсэлтэд хариу ирүүлээгүй, шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь илтэд хууль бус эс үйлдэхүй мөн юм. Өнөөдрийг хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа газрын нэгдмэл сангийн мэдээллийн санд 2031 онд хугацаа нь дуусахаар харагдаж байна.
Манай компанийн зүгээс хууль бусаар 2 жилээр олгосон асуудлыг удаа дараа хөндсөн. Уг хугацаа дуусмагц хугацаа сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар албан ёсоор аймгийн Засаг даргын зүгээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаагүй ба газар эзэмших гэрээний хугацааг сунгахгүйгээр 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэх гэрээг байгуулсан ба энэ хугацаанд манай компанийн зүгээс өмнө нь хийлгэсэн бүх техникийн нөхцлийн хугацаа дуусаж дахин хийлгэх зайлшгүй шаардлага гарч дахин хугацаа алдсан. Бид энэ газар дээр барилгын инженер геологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, зураг төсөл, төсөв зохиолгох зэрэгт 2 жилийг зарцуулж ихээхэн хэмжээний зардал гаргасан боловч аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас эдгээр ажлаа бүхэлд нь үнэгүйдүүлж, дахин эхнээс нь зардал гарган хийлгүүлсэн боловч мөн л газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмших гэрээний хугацааг тодорхой үндэслэлгүйгээр сунгах шийдвэр гаргахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж маш ихээр хохироож байна. Бид 2014 оноос хойш хугацаа сунгуулахаар удаа дараа Засаг дарга, газрын харилцаанд албан бичиг, цахим шуудан, биечлэн хандсан, улмаар Засгийн газарт, Барилга хот байгуулалтын сайд, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгчид хүртэл хандсан боловч аймгийн Засаг даргаараа шийдүүл гэсэн чиглэл өгсөөр ирсэн, ...аймгийн Засаг дарга нь 2011 оны А/196 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн 2 жилийн хугацаанд засвар оруулж 15 жилээр тогтоож дуусах хугацааг 2026 он болгож засварлаж, хуульд нийцүүлэх үүрэгтэй. Бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан ёсны цахим хуудас болох www.egazar.gov.mn сайтад хандаж шалгахад 21060225867 нэгж талбарын дугаартай газрын эзэмшигч нь ******* ХХК бөгөөд эзэмших эрхийн дуусгавар болох хугацааг 2031 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэж бүртгэсэн байгаа нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д нийцсэн байх атал орон нутагт газрын харилцааг эрхлэн явуулж байгаа Аймгийн Засаг дарга, Газрын харилцааны алба нь ингэж зориуд санаатай аж ахуйн нэгжийг цаг хугацаа, эдийн засгаар нь хууль бус эс үйлдэхүй гаргах байдлаар илтэд хохироож байна.
Бид ******* цамхаг үйлчилгээтэй орон сууцны зургийг НьюКон ХХК-тай 307.000.000 төгрөгөөр хийлгэхээр гэрээ байгуулсан ба гэрээний урьдчилгаанд 40.000.000 төгрөгийг төлсөн ба газар эзэмших эрх сунгагдахгүйгээс барилгын ажил зогсож бид гэрээний 3.6-д заасны дагуу буцааж мөнгөө авах боломжгүй болж хохирсон. Манай компанийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмших, эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгуулахаар дахин хүсэлт гаргасан боловч аймгийн Засаг даргын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1/2307 тоот албан бичгээр хугацааг сунгах боломжгүй хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүл гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн. Үүгээр хуульд заасан захиргааны журмаар урьдчилсан шийдвэрлүүлэх зарчим хангагдсан тул шүүхэд хандаж байна. Иймд Аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан 21060225867 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. ...аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжаар сумын 6 дугаар багийн нутагт байрлах “*******” ХХК-ийн эзэмшил 3960м2 газраас “Усан бассейн” барих зориулалтаар 960м2 газрыг төрийн мэдэлд буцаан авч, 3000м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг худалдаа, үйлчилгээний зориулалтаар үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн дээр захирамжийн 3 дахь хэсэгт эзэмшил газрын зарим хэсгийг буцааж авсантай холбогдуулж “*******” ХХК-д 9 дүгээр багийн нутагт орших /хуучнаар 96-ийн суурь/ 1500м2 газрыг 2 жилийн хугацаанд орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн байна. Үүний дараа 2014.09.12-ны өдөр “*******” ХХК-тай “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ”-г байгуулж, тухайн газар дээрх барилгыг 2016 оны 11 дүгээр сард ашиглалтанд өгөх талаар харилцан тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгч “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нөхцөл байдал бий болж, тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй байдалд хүрсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 буюу Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үйлчлэхгүй бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК нь аймгийн Засаг даргын захирамжид заасан барилгын ажлыг хэрэгжүүлээгүй болно.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай мэдэгдлийг аймгийн Засаг дарга нь 2014 оны 1/2294, 2017 оны 1/201, 2021 оны 1/1040 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтэд аймгийн Засаг дарга нь 2023.09.21-ний өдрийн 1/2307 дугаар албан бичгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно” гэсэн хариуг хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан аймгийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай албан бичгийг 2017 онд өгч байсан. Энэ үед манай талаас хуулийн хугацаанд хариуг хүргүүлж байсан. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Тухай бүрт нь хариуг хүргүүлж байсан учраас эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй байна. Яг хөдөлгөөний төв бүхий хэсэгт аж ахуй нэгжид газрыг 15-60 жилээр олгох нь өөрөө эрсдэлтэй асуудал юм. Анх байгуулсан гэрээ нь тодорхой байгаа. 2014 онд “*******” ХХК-тай газар дээр гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээний 4.3 дахь заалтыг удирдлага болгож байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, гэрээнд заасны дагуу барилгыг хүлээлгэж өгөх талаар дурдагдсан байдаг. Гэрээнээс харахад 15 давхар байшинг 2016 онд ашиглалтанд оруулахаар, үгүй тохиолдолд хохирлыг өөрийн хөрөнгөөр дарж, газрыг аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Маш тодорхой нөхцлүүдийг зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэвч үүргээ биелүүлээгүй байгаа нь одоо ч харагдаж байна. Хугацаатай захиргааны акт гарсан. Газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь бүрэн нотлогдож байсан. Талууд анхнаасаа 2 жилийн хугацаагаар газар эзэмших хүсэлтэй байгаа нь хэргээс бүрэн харагддаг. 15 жилийн хугацаагаар газар эзэмших хүсэлтэй байсан бол хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан. Дараагийн Засаг дарга нь өмнөх Засаг даргын хийсэн ажлыг гүйцээж ажлаа үргэлжлүүлэн явуулдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” бүрэн боломжтой байсан. Гэвч үүргээ хэрэгжүүлээгүй, газрыг огт ашиглахгүй байсан. Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын 1.10 дахь хэсэгт хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг маш нарийн тодорхой тайлбарласан байдаг. Тухайн газарт гэрээ байгуулахдаа барилга байгууламж барих талаар зөвшөөрөл авсан. 2 жилийн хугацаанд барилгаа барьж дуусгаагүй юм гэхэд хоёр жилийн хугацаанд огт ашиглаагүй, хөрөнгө оруулалт ч хийгээгүй байна. Одоо бол зураг төсөл, төрийн захиргааны байгууллагын хүнд сурталаас болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ бол аж ахуй нэгжийн өөрийнх нь асуудал гэж тайлбарламаар байна. Дараагийн дугаарт газрын нэгдмэл санд байршуулах гэсэн ба аймгийн Засаг дарга тухайн санд өөрчлөлт оруулах, нөлөөлөх боломжгүй, эрхгүй этгээд юм. Аймгийн Засаг даргын хувьд хоёр жил газраа ашиглахгүй байгаа тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа. Гэтэл нөхцөл байдал бүрэн тогтоогдсон зөрчил байгаа илэрхий байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах юм бол өөрөө хууль зөрчсөн үйлдэл байх болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар, нотлох баримтаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд хууль бус эс үйлдэхүй, зураг төсөл хийгээгүй мэт зүйлсийн талаар дурдаж байна. Хууль бус эс үйлдэхүй гэдэг нь ямар нэг хариу өгөөгүй байгаа үйлдлийг шууд ойлгоно. Гэтэл бид бүхэн “*******” ХХК-д газар эзэмших эрхтэй нь холбоотой мэдэгдлийг аймгийн Засаг дарга 3 удаа хариу өгсөн байгаа. Газар дээр барилга барихтай холбоотой гэрээг тухайн үед “*******” ХХК-ийг төлөөлж байсан этгээд болох *******тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Эзэмшил газар дээр гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллагааг явуулах ёстой байсан. Дараах нөхцлөөр харилцан тохиролцож гэж дурдсан байгаа нь хоёр тал ашиг сонирхлоо дурдсан байгаа нь харагдахаар байна. Мөн ******* гэх хүн нь өөрөө Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан. Ингэхдээ зураг төсөл бүрэн байгаа талаар дурдаж, хавсаргасан байгаа нь харагдаж байна. Бүх төлөвлөгөө, зураг төсөл нь бэлэн болсон байсан нь энэ албан бичгээр харагдаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан ...гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Тухайн үеийн аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж газар эзэмших хугацааг 2 жилээр газар эзэмших гэрчилгээнд бичиглэл хийсэн бөгөөд тухайн үед манай компанийн зүгээс дээрх, илт хууль бус алдаагаа засахыг шаардсан боловч улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн үр дүнгээс хамаараад н.Ганбат засаг дарга солигдож энэ асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Аймгийн Засаг даргын энэ үйлдэл нь Газрын тухай хуулийг илтэд зөрчиж 15 жилээс 40 жилийн хугацаатай олгох эзэмших эрхийг хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж 2 жил байхаар гэрчилгээ олгосон үйлдлээ засахгүй илт хууль бус эс үйлдэхүй гаргасан ба энэ алдааг өнөөдрийг хүртэл аймгийн өнөөгийн Засаг дарга засахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар байна. Манай компанийн зүгээс 2011 онд 2 жилийн хугацаатай олгогдсон дээрх газарт ******* нэршилтэй орчин үеийн шаардлагад нийцсэн кино театр, үзвэр үйлчилгээний бүхий орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж ихээхэн хэмжээний санхүүгийн зардал гаргаж зураг төсөв, техникийн нөхцөл хийлгэсэн” гэж маргадаг.
2. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгч “*******” ХХК нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай мэдэгдлийг аймгийн Засаг дарга нь 2014 оны 1/2294, 2017 оны 1/201, 2021 оны 1/1040 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтэд аймгийн Засаг дарга нь 2023.09.21-ний өдрийн 1/2307 дугаар албан бичгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно” гэсэн хариуг хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй... Яг хөдөлгөөний төв бүхий хэсэгт аж ахуй нэгжид газрыг 15-60 жилээр олгох нь өөрөө эрсдэлтэй асуудал юм. Анх байгуулсан гэрээ нь тодорхой байгаа. 2014 онд “*******” ХХК-тай газар дээр гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээний 4.3 дахь заалтыг удирдлага болгож байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, гэрээнд заасны дагуу барилгыг хүлээлгэж өгөх талаар дурдагдсан байдаг. Гэрээнээс харахад 15 давхар байшинг 2016 онд ашиглалтанд оруулахаар, үгүй тохиолдолд хохирлыг өөрийн хөрөнгөөр дарж, газрыг аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Маш тодорхой нөхцлүүдийг зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэвч үүргээ биелүүлээгүй байгаа нь одоо ч харагдаж байна. Хугацаатай захиргааны акт гарсан. Газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь бүрэн нотлогдож байсан. Талууд анхнаасаа 2 жилийн хугацаагаар газар эзэмших хүсэлтэй байгаа нь хэргээс бүрэн харагддаг. 15 жилийн хугацаагаар газар эзэмших хүсэлтэй байсан бол хүсэлтээ гаргах бүрэн боломжтой” гэж тайлбарладаг.
3. Анх аймгийн Засаг дарга Ц.Жанлавын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 333 дугаар захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг үндэслэн Иргэн Н.Энхболд, “*******” ХХКомпанийн ирүүлсэн хүсэлтийг харгалзан 1 дүгээр багийн нутагт байрлах 800 машины засварын газрын “Б” блокын 3960 м2 газрыг “*******” ХХКомпанид үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлжээ[1].
4. аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжаар[2] Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 42 дугаар зүйлийн 42.2, 42.3 дугаар заалтуудыг үндэслэн...
4.1. сумын 6 дугаар багийн нутагт байрлах “*******” ХХКомпанийн эзэмшил 3960м2 газраас “Усан бассейн” барих зориулалтаар 960м2 газрыг төрийн мэдэлд буцаан авч 3000м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг, худалдаа үйлчилгээний зориулалтаар үлдээж,
4.2. Энэхүү захирамж гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2010 оны 333 дугаар захирамжаар олгосон 0176493 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож,
4.3. Эзэмшил газрын зарим хэсгийг буцааж авсантай холбогдуулж, “*******” ХХКомпанид 9 дүгээр багийн нутагт орших /хуучнаар 96-ын суурь/ 1500 м2 газрыг 2 жилийн хугацаанд орон сууц барих зориулалтаар эзэмшүүлж,
4.4. “*******” ХХК-ийн болон “Усан бассейн” баригдах эзэмшил газрын хэмжээ, байршил заагийг тогтоон өгч, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /Д.Дамдинбазар/-т даалгаж,
4.5. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн барагдуулж байхыг “*******” ХХК-ийн захирал С.*******сайханд үүрэг болгож тус тус шийдвэрлэсэн байна.
5. аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаар... “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн 100 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр таны дэвшүүлсэн 224 айлын орон сууц барих санал, зураг төслийг аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс талархан дэмжиж байгаа болно. Дээрх орон сууцны объектийг барих хөрөнгө оруулалтын асуудал нааштайгаар шийдвэрлэгдвэл Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай Чита хотын нэрэмжит гудамжинд инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн бүх нөхцөл бүртэл болсон 0.44 га буюу 4382м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг танд олгож дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэх агуулгатай албан бичгийг[3] Монголын барилгын хөгжлийн группын дэд захирал С.*******сайханд хүргүүлсэн.
6. Мөн аймгийн Засаг даргаас 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/2294 тоот “Танай компанид сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучнаар 96-ын барилгын суурийн 1500м2 талбай бүхий газрыг орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар, мөн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучнаар 800 машины засварын газрын “Б” блокын 3000м2 газрыг эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжаар олгосон. Өнөөдрийн байдлаар дээрх газруудад захирамжаар олгосон зориулалтын дагуу бүтээн байгуулалтын ажиллагаа хийгдээгүй байгаа, Засаг даргын захирамжаар олгосон хуучнаар 96-ын барилгын суурийн 1500м2 талбай бүхий газрыг орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших хугацаа дуусгавар болсон тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нөхцөл бүрдээд байна. Иймд тухайн газруудад өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын танилцуулгыг холбогдох баримтын хамт 2014 оны 07 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү” гэх албан бичгийг[4] “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д хүргүүлжээ.
7. аймгийн Засаг даргын орлогч *******аас 2017 оны 02 дугаар сарын 03-ны 1/201 дугаартай “ аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжаар “*******” ХХК-д сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт /хуучнаар 96-ын барилгын суурин дээр/ орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 1500м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, мөн танай компанийн аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 онд байгуулсан “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ”-ний 4.3 дугаар заалтад заагдсан нөхцөл байдал үүссэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг[5] “*******” ХХК-д хүргүүлсэн байна.
8. аймгийн Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/1040 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймагт усан бассейн баригдах болсонтой холбоотойгоор аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжаар “*******” ХХК-д олгосон 3960м2 газраас 960м2 газрыг төрийн өмчид буцаан авч, үүнтэй холбоотойгоор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучнаар 96-ын барилгын суурин дээр 1500м2 газрыг орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Захирамжид заасан хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны барилга барих ажлыг эхлүүлээгүй байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох нөхцөл үүссэн тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл үүссэн талаар мэдэгдлийг манай компанид хүргүүлсний дагуу 2014 онд “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ”-г 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулж, танай компаниас “*******” хотхон барих ажлыг 2015 оны 01 дүгээр сараас эхэлж, 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэх өгөх календарчилсан төлөвлөгөөг ирүүлсэн байдаг.
Тус гэрээний 4.3 дугаар заалтад “газрыг захирамжаар олгосон зориулалтын дагуу эзэмшээгүй, гэрээнд заасан хугацаанд газар дээрээ үе шатны хуваарийн дагуу барилга байгууламж бариагүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу газар чөлөөлүүлэх арга хэмжээг авна” гэж заасан.
Дээрх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээг дахин хоёр жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажил явагдаагүй, ажлыг эхлүүлээгүй байх тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/201 дүгээр албан бичгээр мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцох тухай мэдэгдлийг “*******” ХХК-д хүргүүлсэн байдаг. Мэдэгдэлд “*******” ХХК-аас хариу ирүүлээгүй.
Тухайн газарт барилга байгууламж барих ажил өнөөдрийг хүртэл 11 жилийн хугацаанд хийгдээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 онд байгуулсан “Эзэмшил газар дээрээ гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ”-ний 4.3-д заасан нөхцөл үүссэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдэж байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ёстой байдаг. Гэтэл “*******” ХХК-аас хуульд заасан хугацаанд болон өнөөдрийг хүртэл хугацаанд эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн байна” гэсэн албан бичгийг[6] “*******” ХХК-ийн захирал *******д хүргүүлсэн.
9. аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн 3 дахь заалтаар ... Эзэмшил газрын зарим хэсгийг буцааж авсантай холбогдуулж, “*******” ХХКомпанид 9 дүгээр багийн нутагт орших /хуучнаар 96-ын суурь/ 1500м2 газрыг 2 жилийн хугацаанд орон сууц барих зориулалтаар эзэмшүүлж, улмаар “*******” ХХК, аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ” байгуулсан бөгөөд гэрээний 4.3-д “газрыг захирамжаар олгосон зориулалтын дагуу эзэмшээгүй, гэрээнд заасан хугацаанд газар дээрээ үе шатны хуваарийн дагуу барилга байгууламж бариагүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны “дагуу газар чөлөөлүүлэх арга хэмжээг авна” гэж 2 талаас харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан бөгөөд “*******” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй 12 жил болсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
10. Мөн “*******” ХХК-ийн зүгээс аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн талаар холбогдох яам, агентлаг, холбогдох хүмүүст хандаж байснаас энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар өнөөг хүртэл шүүхэд болон эрх бүхий албан тушаалтанд хандаж байгаагүйг дурдах нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”-аар хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн заалтыг “*******” ХХК нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуульд заасан үүргээ тус компани биелүүлээгүй.
Мөн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуин нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан бөгөөд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн 3 дахь заалт энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи захирамжийн 3 дахь заалтаар ... Эзэмшил газрын зарим хэсгийг буцааж авсантай холбогдуулж, “*******” ХХКомпанид 9 дүгээр багийн нутагт орших /хуучнаар 96-ын суурь/ 1500 м2 газрыг 2 жилийн хугацаанд орон сууц барих зориулалтаар эзэмшүүлснийг “*******” ХХК тухайн үед хүлээн зөвшөөрч, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Эзэмшил газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээ” байгуулж 2 тал гэрээнд гарын үсэг зурж баталжуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Иймд “*******” ХХК-ийн, аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан ...гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, аймгийн Засаг даргын 2011 оны А/196 дугаар захирамжид заасан ...гэрээний хугацааг 2 жил гэсэн нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоож, хууль зөрчиж хугацаа тогтоосноо зөвтгөхгүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацааг сунгасан шийдвэр гаргаж, газрын нэгдмэл санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ