Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 07

 

Х.Д, Х.Б нарын нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай                   

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч: Х.Д

           Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М,

       Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М, шийдвэр гүйцэтгэгч Д.Б, шүүх хуралдааны  бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нар нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын “Үл хөдлөх эд хөрөнгө, харилцах данс битүүмжилсэн ажиллагааг хууль бус болох”-ыг тогтоолгож, холбогдох тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-д 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/1020 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн болно. Гомдлын шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулан тайлбарлая. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б-аас нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө болон банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа  урьдчилан мэдэгдээгүй, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлаагүй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар 33.1.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”, 33.1.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” эрхийг талууд эдэлнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг Х.Б-т өгөөгүй, ингэсэн атлаа эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ түүнийг байлцуулдаггүй. Төлбөр авагч талд хэтэрхий үйлчилж, нэг талыг баримталж, мэдэгдэлд заасан хугацаа өнгөрөөгүй байхад Х.Д-ийн банкин дахь харилцах данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т “Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь Х.Д, Х.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө болон харилцах данс дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр хэрэглэгчид үйлчлүүлж байхад гэнэт л битүүмжлэх ажиллагаа явуулж, ажил хэрэг, бизнесийн нэр хүндэд халддаг.

4. Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нар нь Хас банкны Увс аймаг дахь салбарт зээлийн төлбөрөө сар тутам өдийг хүртэл төлсөөр ирсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Баттулг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцөлийг хангахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө, харилцах дансыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна.

5. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь Х.Б, Х.Д нарын эд хэрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн.

6. Х.Б, Х.Д нарын үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасныг зөрчсөн.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7-т “Төлбөр төлөгч хоёр, түүнээс дээш тооны данстай бөгөөд битүүмжлэх данс, мөнгөн хөрөнгийн хэмжээ тодорхой тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заана” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжлэх тухай тогтоолд Х.Д, Х.Б нарын битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заагаагүй.

8. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж, тогтоол гарган шийдвэрлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түхай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тодорхой заажээ. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3 дугаар албан бичгээр гомдолд хариу өгсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Төлбөр төлөгч бус этгээд болох Х.Д-аас эд хөрөнгийн мэдүүлэг авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг зөрчиж байна.

9. Нэхэмжлэгч Х.Б, Х.Д нар нь шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-д гомдол гаргахад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/01 дүтээр тоггоолоор гомдлыг хангахаас татгалзсан үндэслэлгүй хариуг өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын тогтоолд “Шийдвэр гүйцэтгэгч С.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна” гэсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т заасныг зөрчиж байна. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М нь шийдвэр гүйцэтгэгч С.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ тусгаагүй, хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь ямар нотлох баримтаар батлагдаж байгааг заагаагүй орхигдуулжээ.

Иймд Х.Д, Х.Б нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Баттулгын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Х.Д-аас эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Х.Д-аас авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Х.Д, Х.Б нарт холбогдуулан 2 гүйцэтгэх хуудас ирсэн. Уг гүйцэтгэх хуудсуудыг би төлбөр төлөгч Х.Даариймаад 2019 оны 3 дугаар сарын 21-ний танилцуулаад, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Гүйцэтгэх хуудас дээр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн Х.Д, Х.Б нар гэж тодорхой нэр зааж өгсөн байдаг. Ийм байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх хуудсанд заагдаагүй хүний эд хөрөнгөд халдаж ажиллагаа явуулсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдээгүй гэж яриад байна. Би Х.Д-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахаасаа хоёр хоногийн өмнө Х.Д-тай утсаар ярихад “эгч нь эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлээд 2 хоног хүлээлгэсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин утсаар холбогдоход орой 20.00 цагаас хойш ажиллагаагаа явуулж өгөөч гэж хүссэн бөгөөд би хүсэлтийг нь хангаж 20.00 цагаас хойш очиж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хугацаагүй явуулсан гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл Х.Д-ийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол дээр хугацаа тодорхой зааж өгсөн байгаа. Мөн миний бие Х.Д-ийн зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгөнд л шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй. Х.Д-ийн банкин дахь харилцах дансыг бимүүмжилсэн байж байгаад чөлөөлсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар тухайн төлбөр төлөгч этгээдийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх ёстой байдаг. Тэгээд тухайн хүний харилцах болон хадгаламжийн данснаас төлбөр барагдуулж, хүрэхгүй тохиолдолд төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд халдаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Манай байгууллага албадан гүйцэтгэх захирамжийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зөвхөн зээлийн барьцаанд байгаа хөрөнгөд л халдсан байгаа. Хөрөнгийн мэдүүлэг гаргуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд тодорхой заасан. Тухайн төлбөр төлөгч этгээдээс хөрөнгийн тухай мэдүүлэг заавал авах ёстой байдаг. Бид хуулиа мөрдөж ажилласан. Хэдийгээр төлбөр төлөгчөөс хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулсан боловч зөвхөн зээлийн барьцаанд байгаа хөрөнгөд л битүүмжлэх ажиллагаа явуулсан байгаа” гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Баттулга нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 20 минутад төлбөр төлөгч Х.Д-г дуудан ирүүлж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шүүгчийн албадан гүйцэтгэх захирамж тус тус гарсныг танилцуулсан бөгөөд уулзах хугацаандаа эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тэмдэглэл, мөн эд хөрөнгийн талаарх мэдүүлэг зэргийг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Эд хөрөнгийг битүүмжлэхдээ төлбөр төлөгч Х.Д нь өөрийн биеэр байлцсан. Энэхүү ажиллагааны талаар ямар нэгэн санал хүсэлт байна уу гэхэд санал хүсэлт байхгүй гэснийг битүүмжлэх тогтоолд тусгасан байгаа нь санал хүсэлт гаргах эрхийг бүрэн хангасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Бямбажавд өгдөггүй, мөн эд хөрөнгийг битүүмжлэхдээ түүнийг байлцуулаагүй гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.6 дахь заалтыг баримтлан ажилласан нь хууль зөрчөөгүй байна. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэхдээ урьдчилан мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Х.Д нь “Та 20 цагаас хойш ирж битүүмлэх боломж байна уу, бидний бизнесийн нэр төрд сөргөөр нөлөөлөх гээд байна” гэсэн бөгөөд битүүмжлэх ажиллагааг иргэн Х.Д-ийн хүсэлтийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 45 минутаас эхлэн банкны барьцаа болгон тавьсан хөрөнгүүдийг битүүмжлэн 14 хоногийн хугацаа өгч тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Гомдлын дагуу данснуудын гүйлгээг сэргээсэн. Шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувьд хуулийн дагуу ажлаа хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 46.1, 49.1, 50.1-т зааснаар хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Х.Д-аас эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Д-аас авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М-ын нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М, шийдвэр гүйцэтгэгч Д.Б нар  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Х.Д, Х.Б нарын гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч , хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210179 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Х.Д, Х.Б нар нь Бэлбулаг ХХК -ийн захирал тул Х.Б, Х.Д нарын нэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Мөн Х.Б нь 19210178 хувийн хэргийн материалд төлбөр төлөгчөөр шүүхийн гүйцэтгэх хуудсанд бичигдэн ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж заажээ. Мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг Х.Б-ын эхнэр төлбөр төлөгч Х.Д-д гардуулсан. Ийм байхад Х.Б-ыг орхигдуулсан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Төлбөр төлөгч Х.Б, Х.Д нарын банкны барьцаа болгон тавьсан хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1 дэх заалтанд төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг. Харин битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах шаардлагагүй бөгөөд П.А, Ц.Н нарыг эрх үүрэг танилцуулаагүй гэх үндэслэлээр хөндлөнгийн гэрч оролцоогүй гэж үзэж болох атал битүүмжлэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн мэдүүлгийг зөвхөн Х.Дариймаагаас авсан бөгөөд Бямбажавд мэдэгдэх шаардлагагүй байсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн битүүмжлэх тогтоолуудыг ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Х.Б байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.6, 48.5 дахь заасан заалтуудыг үндэслэн Х.Бямбажавыг байлцуулахгүйгээр ажиллагаа явуулсан бөгөөд иймд Х.Бямбажавыг огг оролцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Учир нь:

Нэг. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар “Бэл Булаг” ХХК нь Хас банкны Увс аймаг дахь салбарт 108.154.721 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байдаг.

Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210179 дүгээр тогтоолоор иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар уг хоёр иргэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг зөрчсөн.

Шүүхээс олгосон гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй, төлбөр төлөгч бус этгээдэд холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх газрын хууль үйл ажиллагааг зөвтгөх эрх зүйн үндэслэлгүй юм.

Хоёр. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б-с нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө болон банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа урьдчилан мэдэгддэггүй, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарладаггүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчиж байна.

Гурав. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь Х.Д, Х.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ тэднийг байлцуулаагүй, санал, хүсэлт гаргах эрхээр хангаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг Х.Б-т өгдөггүй атлаа эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар 33.1.1, 33.1.3-т заасныг зөрчиж байна.

Дөрөв. Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нар нь Хас банкны Увс аймаг дахь салбарт зээлийн төлбөрөө сар тутам өдийг хүртэл төлсөөр ирсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцөлийг хангахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө, харилцах дансыг битүүмжилоэн нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна.

Тав. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь Х.Б, Х.Д нарын эд хөрөнгийг битүүмжпэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн.

Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчилтэй байна.

Зургаа. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б нь Х.Б, Х.Д нарын үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасныг зөрчсөн.

Долоо. Шийдвэр гүйцэтгэгч Д.Б-ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжлэх тухай тогтоолд Х.Д, Х.Б нарын битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заадаггүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7-т заасныг зөрчиж байна.

Найм. Нэхэмжлэгч Х.Б, Х.Д нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой  маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-с хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Б,  ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгч С.Мнар нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгч Х.Д, Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг хууль бус ажиллагаануудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.  

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар “Бэл Булаг” ХХК нь Хас банкны Увс аймаг дахь салбарт 108.154.721 /нэг зуун найман сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Хас банкны Увс салбар хүсэлт гаргасныг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн , мөн өдөр 66 дугаар гүйцэтгэх хуудас олгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар гүйцэтгэх хуудас-д : Төлбөр төлөгч Увс аймгийн Улаангом сумын 9-р баг Улиасны хэв, 10-24 тоотод байрлах, РД: 2553864, “Бэл булаг” ХХК-аас 108.154.721 /нэг зуун найман сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулж төлбөр авагч Увс аймгийн Улаангом сумын 11-р багт байрлах, РД: 2578697, Хас банкны Увс салбарт олгохоор шийдвэрлэсэн тул гүйцэтгэх хуудас олгов” гэж бичигдсэн байх бөгөөд уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн “Бэл булаг” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёстой атал Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210179 дүгээр тогтоолоор иргэн Х.Д Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулинд нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсгүүдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 32.3 дахь хэсэгт “ төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасны дагуу дээрхи 66 дугаар гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичигт зааснаар төлбөр төлөгч нь хуулийн этгээд буюу “Бэл булаг” ХХК байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “ Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө” гэж заасны дагуу төлбөр төлөгч “Бэл булаг” ХХК –ийг төлөөлж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулах нь дээрхи хуулинд нийцнэ.

Гэтэл гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр  төлөгч  “Бэл булаг” ХХК –ийг төлөөлөх эрхтэй этгээд нь хэн болохыг тодруулах ажиллагаа хийхгүйгээр, шууд иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, тэдгээрийн эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх, Х.Дариймаагаа-с хөрөнгийн мэдүүлэг гаргуулах зэрэг ажиллагаа явуулсан нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар “иргэн Х.Д, Х.Б нар нь  108.031.921/ нэг зуун найман сая гучин нэгэн мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг Хас банкны Увс салбарт төлөхөөр  тохиролцсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Хас банкны Увс салбар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргасныг тус шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 865 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 98 тоот гүйцэтгэх хуудас олгожээ.  

 Дээрхи 98 тоот гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178 дүгээр тогтоолоор иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх бөгөөд уг тогтоолд төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт зааснаар зөв тодорхойлсон байна. Гэвч уг тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, төлбөр төлөгч талуудын эрхийг зөрчсөн байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд хуулийн 33.1.1-д “ иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхтэй” гэж,  мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “ иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэж гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг албадан гүйцэтгэх , эсхүл төлбөр төлөгчөөс гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ” -г ойлгохоор, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ”-д шийдвэр гүйцэтгэгчийн явуулах ямар ямар үйл ажиллагаа хамаарахыг тодорхой нэрчлэн тусгасан.

Тухайлбал : иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд / төлөөлөгчид/ , бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх, төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, төлбөр төлөгч,  түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах,  эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах, төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах зэрэг ажиллагааг хийж болохоор хуульчилсан. Харин шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан дээрхи ажиллагааг  явуулахдаа  оролцогч талуудын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, аливаа ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178 дүгээр тогтоолоор иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тухайлбал: шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19210178/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Х.Б-ыг байлцуулаагүй, түүнд гүйцэтгэх баримт бичгийг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг тайлбарласан, гүйцэтгэх ажиллагаа явуулах талаараа мэдэгдсэн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар хариуцагч нарын гаргасан “ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн битүүмжлэх тогтоолын дагуу ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Х.Б Учир нь төлбөр төлөгч Х.Б шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,  мэдэгдэх хуудас хүргүүлсэн, эсхүл мэдэгдэх хуудас хүргүүлэхийн тулд хуульд заасан арга хэрэгсэл ашигласан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, түүнчлэн төлбөр төлөгч Х.Б, Х.Д нар нь хоёулаа 2018 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 865 дугаар шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон 98 тоот гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан оролцогчид тул ажиллагаанд хэн аль нэгнийг байлцуулах болон хэн нэгэнд нь мэдэгдэх, эрх үүрэг тайлбарласан нь оролцогчдын хуульд заасан  эрхийг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Энэхүү  эд хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, эд хөрөнгө битүүмжлэх 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19210179/01, 19210178/01 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гаргасан Х.Д, Х.Б нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/01 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол хуульзүйн үндэслэлгүй байна.      

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Д.Б 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19210178/01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол / хх-ийн 83, 127-р тал/-доо : Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 181 дүгээр шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн дагуу... “ гэж буруу бичсэн байна, тодруулбал: Шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн төлбөр төлөгч иргэн Х.Д, Х.Б нарт холбогдуулан, 

мөн шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамжийн дагуу  “Бэл Булаг” ХХК-д холбогдуулан  тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах атал дээрх шүүхийн шийдвэрүүдээс өөр шүүхийн шийдвэр үндэслэн Х.Д, Х.Б, “Бэл булаг” ХХК-ийн  харилцах болон хадгаламжийн дансыг 165.500.000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр заасан нь ойлгомжгүй, уг тогтоолыг Х.Д, Х.Б нарт танилцуулаагүй, харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд байлцуулаагүй, санал, хүсэлт гаргах эрхээр хангаагүй, битүүмжлэх дансны дугаарыг тодорхой заагаагүй зэрэг зөрчил гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих хуульзүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хариуцагч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.М, Д.Б нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М, Д.Баттулг нарын давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.