Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 75

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Х-ийн Д,

      Нэхэмжлэгч: Х-ийн Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М,

     Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б нарт холбогдох,

     Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын нэхэмжлэгч Б, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д-ээс эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Д-ээс авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М, Б нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгч Б, Д нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б, Д нар нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын үл хөдлөх эд хөрөнгө, харилцах данс битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, холбогдох тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 4 дугээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгч Б, Д нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Н-д 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4/1020 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн болно. Гомдлын шаардлагын үндэслэлийг дор дурьдснаар тодруулан тайлбарлая. Үүнд:

   1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Б-с нэхэмжлэгч Б, Д нарын үл хөдлөх эд хөрөнгө болон банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа бидэнд урьдчилан мэдэгдээгүй, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлаагүй.

    2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар 33.1.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”, 33.1.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” эрхийг талууд эдэлнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б нь Б, Д нарын үл хөдлөх эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ биднийг байлцуулаагүй, санал, хүсэлт гаргах эрхээр хангаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг Б-т өгдөггүй. Ингэсэн атлаа эд хөрөнгө болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ түүнийг байлцуулдаггүй. Төлбөр авагч талд хэтэрхий үйлчилж, нэг талыг баримталж, мэдэгдэлд заасан хугацаа өнгөрөөгүй байхад Д-ийн банкин дахь харилцах данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Б явуулдаг.

     3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т “Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Б нь Б, Д нарын үл хөдлөх эд хөрөнгө болон харилцах данс дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр хэрэглэгчид үйлчлүүлж байхад гэнэт л битүүмжлэх ажиллагаа явуулж, ажил хэрэг, бизнесийн нэр хүндэд халддаг.

     4. Нэхэмжлэгч Б, Д нар нь Хас банкны Увс аймаг дахь салбарт зээлийн төлбөрөө сар тутам өдийг хүртэл төлсөөр ирсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцөлийг хангахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө, харилцах дансыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна.

    5. Шийдвэр гүйцэтгэгч Б нь Б, Д нарын эд хэрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчилтэй байна.

     6. Шийдвэр гүйцэтгэгч Б нь Б, Д нарын үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасныг зөрчсөн.

      7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7-т “Төлбөр төлөгч хоёр, түүнээс дээш тооны данстай бөгөөд битүүмжлэх данс, мөнгөн хөрөнгийн хэмжээ тодорхой тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заана” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжлэх тухай тогтоолд Б, Д нарын битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заадаггүй. Үүний улмаас Б, Д нарын ямар банкин дахь, ямар тоот дансыг, ямар үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн нь тодорхой бус болж, гүйцэтгэх баримт бичигт зааснаас илүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө битүүмжлэгдэн, төлбөр төлөгчийн эрх зүйн байдал дордсон.

     8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгзэр зүйлийн 271.2.1-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь “Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах” эрх хэмжээтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхтэй. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж, тогтоол гарган шийдвэрлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түхай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тодорхой заажээ. Нэхэмжлэгч Б, Д нар нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, тогтоолыг хүчингүй болгуулах гомдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч М нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3 дугаар албан бичгээр хариу өгсөн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 14 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Ийм байхад төлбөр төлөгч бус этгээд болох Д-с эд хөрөнгийн мэдүүлэг авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэжээ. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс эд хөрөнгийн мэдүүлэг авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.7-т “Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасны дагуу тэмдэглэл хөтөлнө...” гэжээ. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгчээс эд хөрөнгийн мэдүүлэг авахдаа тэмдэглэл үйлдээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

      9. Нэхэмжлэгч Б, Д нар нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч М-д гомдол гаргахад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/01 дүтээр тоггоолоор гомдлыг хангахаас татгалзсан үндэслэлгүй хариуг өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын тогтоолд “Шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна” гэсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т заасныг зөрчиж байна. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч М нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа нь ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ тусгаагүй, хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь ямар нотлох баримтаар батлагдаж байгааг заагаагүй орхигдуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын гаргасан үндэслэлтэй гомдол, хүсэлтийг хүлээн авч, хууль бусаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шийдвэрээ хүчингүй болгож, гаргасан алдаагаа засаж залруулах нь хуульд нийцэх байтал ахлах шийдвэр гүйцэтгэгч М нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шийдвэрийг үндэслэлгүйгээр хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд Б, Д нарын Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын нэхэмжлэгч Б, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д-с эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Д-с авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.  

    Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б, Д нартай холбогдуулан 2 гүйцэтгэх хуудас ирсэн. Уг гүйцэтгэх хуудсуудыг би төлбөр төлөгч Д-д 2019 оны 3 дугаар сарын 21-ний танилцуулаад, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн байгаа. Гүйцэтгэх хуудас дээр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн Д, Б нар гэж тодорхой нэр зааж өгсөн байдаг. Ийм байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх хуудсанд заагдаагүй хүний эд хөрөнгөд халдаж ажиллагаа явуулсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаа төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдээгүй гэж яриад байна. Би Д-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахаасаа 2 хоногийн өмнө Д-тай утсаар ярихад “эгч нь эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлээд 2 хоног хүлээлгэсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин утсаар холбогдоход орой 20.00 цагаас хойш ажиллагаагаа явуулж өгөөч гэж хүссэн бөгөөд би хүсэлтийг нь хангаж 20.00 цагаас хойш очиж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хугацаагүй явуулсан гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл Д-ийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол дээр хугацаа тодорхой зааж өгсөн байгаа. Мөн миний бие Д-ийн зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгөд л шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй. Д-ийн банкин дахь харилцах дансыг бимүүмжилсэн байж байгаад чөлөөлсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар тухайн төлбөр төлөгч этгээдийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх ёстой  байдаг. Тэгээд тухайн хүний харилцах болон хадгаламжийн данснаас төлбөр барагдуулж, хүрэхгүй тохиолдолд төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд халдаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Манай байгууллага албадан гүйцэтгэх захирамжийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зөвхөн зээлийн барьцаанд байгаа хөрөнгөд л халдсан байгаа. Хөрөнгийн мэдүүлэг гаргуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Тухайн төлбөр төлөгч этгээдээс хөрөнгийн тухай мэдүүлэг заавал авах ёстой байдаг. Бид хуулиа мөрдөж ажилласан. Хэдийгээр төлбөр төлөгчөөс хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулсан боловч зөвхөн зээлийн барьцаанд байгаа хөрөнгөд л битүүмжлэх ажиллагаа явуулсан байгаа” гэжээ.

     Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “х тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 20 минутад төлбөр төлөгч Д-г дуудан ирүулж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамж мөн тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 дугаар шүүгчийн албадан гүйцэтгэх захирамж тус тус гарсныг танилцуулсан бөгөөд уулзах хугацаандаа эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тэмдэглэл, мөн эд хөрөнгийн талаарх мэдүүлэг зэргийг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Эд хөрөнгийг битүүмжлэхдээ төлбөр төлөгч Д нь өөрийн биеэр байлцсан. “Энэхүү ажиллагааны талаар ямар нэгэн санал хүсэлт байна уу” гэхэд санал хүсэлт байхгүй гэснийг битүүмжлэх тогтоолд тусгасан байгаа нь санал хүсэлт гаргах эрхийг бүрэн хангасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б-д өгдөггүй мөн эд хөрөнгийг битүүмжлэхдээ түүнийг байлцуулаагүй гэжээ. Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 14.6 дахь заалтыг баримтлан ажилласан нь хууль зөрчөөгүй байна. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэхдээ урьдчилан мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Д нь “Та 20 цагаас хойш ирж битүүмлэх боломж байна уу, бидний бизнесийн нэр төрд сөргөөр нөлөөлөх гээд байна” гэсэн бөгөөд битүүмжлэх ажиллагааг иргэн Д-ийн хүсэлтийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 45 минутаас эхлэн банкны барьцаа болгон тавьсан хөрөнгүүдийг битүүмжлэн 14 хоногийн хугацаа өгч тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Гомдлын дагуу дансуудын гүйлгээг сэргээсэн” гэжээ.  

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б, Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь хариуцагч Б, М нарт холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын нэхэмжлэгч Б, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Б, Д нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д-ээс эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Д-ээс авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 885 тоот захирамжаар “А” ХХК нь Б банкны Увс салбарт 108.154.721 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 91.154.721 төгрөгийг  төлж барагдуулахаар тохиролцож байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулжээ.

    Уг захирамжийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.

     2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210179 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолооор төлбөр төлөгч Д, Б нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Уг захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн “А” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх байжээ. Гэтэл уг ажиллагааг Д, Б нарт холбогдуулан үүсгэсэн атлаа бүх ажиллагаанд зөвхөн Д-г оролцуулж, Б-ыг орхигдуулсан нь үндэслэлгүй болжээ.

    Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Н, А нарт эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй болох нь хавтаст хэргийн 166-169 дүгээр хуудаст авагдсан гэрч А, Н нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19210179/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” хуулийн хүрээнд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

      Мөн Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 878 тоот захирамжаар Д, Б нарт нар нь Б банкны Увс салбарт 108.031.921 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 91.031.921 төгрөгийг  төлж барагдуулахаар тохиролцож байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулжээ.

    Уг захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 98 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.

    2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай  тогтоолооор төлбөр төлөгч Д, Б нарт нарт холбогдуулан үүсгэсэн атлаа бүх ажиллагаанд зөвхөн Д-г оролцуулж, Б-г орхигдуулсан нь үндэслэлгүй байна.

     Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Н, А нарт эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй болох нь хавтаст хэргийн 166-169 дүгээр хуудаст авагдсан гэрч А, Н нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19210178/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” үндэслэлгүй болжээ.   

     Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, мөн хуулийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө” мөн хуулийн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, мөн хуулийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, мөн хуулийн 14.5-д “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ”, мөн хуулийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна”, мөн хуулийн 14.7-д “мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б хуулийн эдгээр заалтуудыг төлбөр төлөгч Б-д огт хэрэгжүүлээгүй.

      2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс авсан төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 92-р тойргийн шийдвэр гүйцэтэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гэх ажиллагаануудад зөвхөн төлбөр төлөгч Д-ийн гарын үсэг зурагдсан ба төлбөр төлөгч Б огт оролцоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэж үзнэ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч Б нь хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдаж байна.  

      Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 46.1, 49.1, 50.1-т зааснаар хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч Д, Б нарт нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Д, Б нарт нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Д, Б нарт нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д, Б нарт нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д-с эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д-с авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын нэхэмжлэгч Д, Б нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д, Б нарт нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шийдвэр гүйцэтэгч Б, шийдвэр гүйцэтгэгч М нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д, Б нарт нарт олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 46.1, 49.1, 50.1-т зааснаар хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч Д, Б нарт нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэгч Д, Б нарт нарын эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Д, Б нарт нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д, Б нарт нарын банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д-с эд хөрөнгийн мэдүүлэг авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д-с авсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын нэхэмжлэгч Д, Б нарт нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хууль бус болохыг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д, Б нарт нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шийдвэр гүйцэтэгч Б, шийдвэр гүйцэтгэгч М нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д, Б нарт нарт олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БОЛОР