Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 12

 

 “А П Э Г”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишигийг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02429 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “А П Э Г”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И Г”  ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 203 119 198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Арилдийпүрэв,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгч “Ар Пи Эм” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А П Э Г”ХХК нь хариуцагч “Интраговь” гоулд ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр микробиологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагчийн эзэмшиж буюу Төв аймгийн Бүрэнхаан, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Энгэр худаг нэртэй газар ашигт малтмалын хайгуул хийх 14976 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд болон Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Хоньчийн тал нэртэй 13905 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд гоелогийн шинжилгээ “А П Э Г”ХХК хийнэ. Хариуцагч болох “И Г”  ХХК гэрээнд заасан төлбөр төлөхөөр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. “А П Э Г”ХХК нь “И Г”  ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1400000141 дугаартай нэхэмжлэхээр гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хуваарийн дагуу эхний төлбөр болох 48 950 ам.доллар төлөхийг мэдэгдсэн нэхэмжлэх илгээсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн тайлангийн төсөлтэй танилцаж, үлдэгдэл төлбөр болох 27 500 ам.доллар төлөхийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1800000151 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр мэдэгдсэн. Дээрх 25 000 ам.долларын төлбөрийг хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Үлдэх 51 400 ам.долларыг төлөөгүй. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс үлдэгдэл баталгаажуулахад 51 400 ам.долларын төлбөр байгааг талууд зөвшөөрч, тооцооны үлдэгдэл баталгаажуулсан. Энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдсан. “А П Э Г”ХХК нь хариуцагч “И Г”  ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр болох 51 400 ам.доллар нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 6 дугаар сард шүүхэд гаргаж, маргаан Улсын дээд шүүх хүртэл хянагдаад процессын алдаатай үндэслэлээр анхан шатны шүүхэд хянагдахаар ирсэн. Иймд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан геологийн судалгааны төлбөрт 51 450 ам.доллар гаргуулах, гэрээний В хавсралтын стандарт нөхцөлийн 2-д зааснаар төлөгдөөгүй үнийн дүнг сарын 1.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Уг тохиролцооны дагуу алдангид 771.75 ам.долларыг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, 25 725 ам.долларыг нэмж 77 175 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол банкнаас гаргасан албан ёсны ханшаар тооцож, 203 119 198 төгрөгийг хариуцагч “И Г”  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Арилдийдүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч талыг манай компанитай гэрээ байгуулсан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд мөн эсэх нь тодорхойгүй. “А П Э Г”ХХК олон удаа тодорхой бус шалтгаанаар нэрээ сольж байсан. “А П Э Г”ХХК-иас ажил гүйцэтгээгүй. Бидэнд ажил гүйцэтгэсэн тайлан хүлээлгэж өгөөгүй. Имэйлээр явуулсан тайлан албан ёсны тайланд тооцогдохгүй байхаас гадна жорк стандартын дагуу хийгээрэй гэж байсан. Нэхэмжлэгч компаниас манай компанитай тооцоо огт нийлээгүй. Нэхэмжлэгч талын тооцоо нийлсэн гэж үзүүлсэн баримт “Престиж майнинг” ХХК-ийн баримт байгаа. “А П Э Г”ХХК-ийн тусгай зөвшөөрөлд талуудын байгуулсан гэрээнд заасан ажил хийх зөвшөөрөл байхгүй. Мөн Иргэний хуульд гэрээний гол зүйл өөрчлөгдвөл нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас манай компанид нэр өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И Г”  ХХК-иас 135 412 798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А П Э Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67 706 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А П Э Г”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 173 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И Г”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 835 013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А П Э Г”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Л.Дэлгэрдалай давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. “Интраговь гоулд ”ХХК нь “Минарко майн консалт” ХХК-тай геологийн өмнө нь хийгдсэн ажлуудыг хийгдсэн болохыг нотлох, хийгдсэн ажлуудын цар хүрээ, чанарын талаар хөндлөнгийн дүгнэлт гаргах, геологийн хянан шалгах ажлыг хийлгэх, ажлынхаа дүгнэлтийг JORC стандартаар авахаар гэрээ байгуулсан. Гэтэл “А П Э Г”ХХК манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. “А П Э Г”ХХК нь “Минарко майн консалт” ХХК-тай ямар холбоотой болохыг тогтоолгохоор Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад ямар нэгэн холбоотой болох нь тогтоогдоогүй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. “Интраговь гоулд ”ХХК нь “Минарко майн консалт” ХХК-тай гэрээ байгуулсан атал шүүх “Рүнгэ пинкок минарко” ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзсэн. Ингэхдээ “Рүнгэ пинкок минарко” ХХК нь “Минарко майн консалт” ХХК-ийг төлөөлөх эрхтэй юу, хоорондоо ямар холбоотой болохыг тогтоогоогүй. Мөн “Рүнгэ пинкок минарко” ХХК нь геологийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компани мөн үү гэдгийг тогтоолгох хүсэлт гаргасан боловч үүнийг тогтоогоогүй. “Рүнгэ пинкок минарко” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийг тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоолгохыг хүссэн боловч тогтоолгүйгээр “И Г”  ХХК-ийг “Рүнгэ пинкок минарко” ХХК-тай гэрээ байгуулсан гэх шийдвэр гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Геологийн хянан шалгах ажлыг “Энгэр худаг” болон “Хоньчийн тал” гэх төслүүд дээр хийгдэх гэрээ байгуулсан. Шүүх шийдвэр гаргахдаа микробиологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл маргааны гол шалтгаан болох гэрээний зүйлийг ойлгохгүйгээр шийдвэр гаргасан. Гэрээний агуулгыг ойлгохгүйгээр гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас шүүх шинжээч томилох ёстой байсан боловч шинжээч томилоогүй. Иймд шүүх талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, гэрээнд заагдсан ажлуудыг гүйцэтгэсэн эсэх, ажлын тайлан гэрээнд заасан шаардлага хангасан эсэх асуудлуудыг орхигдуулж шийдвэр гаргасан. Энэ нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Шүүх гэрээний талууд үүргээ биелүүлсэн үү, заагдсан ажлууд гүйцэтгэгдсэн үү, ажлын тайлан гэрээнд заасан шаардлага хангасан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Шүүх цахим шуудангаар илгээсэн ямар нэгэн таних тэмдэг, гарын үсэггүй, ажил хүлээлцсэн актгүй и-мэйлээр ирсэн тайланг өгсөн гэж үзэж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн шүүхэд хэрэг хянагдаж байхад эвлэрэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас ямар нэгэн хариу өгөөгүй. “И Г”  ХХК нь “Минарко майн консалт” ХХК-тай гурван компаниараа 6 төсөлд энэ төрлийн ажил хийлгүүлсэн. Нэг ажил нь амжилттай болж дууссан. “Престиж эксплорэйшн” ХХК-ийн ажлыг “Минарко майн консалт” ХХК хийж өгөөгүй учраас бид нэхэмжлэл гаргана. “И Г”  ХХК-д хийж өгсөн ажил нь шаардлага хангаагүй учраас маргаан үүссэн. “Престиж эксплорэйшн” ХХК-ийн тооцоо нийлсэн актыг “И Г”  ХХК-ийн тооцоо нийлсэн акт байна гэж шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А П Э Г”ХХК нь хариуцагч “И Г”  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 203 119 198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Энгэр худаг нэртэй газар ашигт малтмалын хайгуул хийх 14976 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд болон Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Хоньчийн тал нэртэй 13905 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд геологийн шинжилгээ хийлгэхээр харилцан тохиролцож, тус компаниудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “И Г”  ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр геологийн шинжилгээ хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байхад гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...” гэж, хариуцагч “И Г”  ХХК “...нэхэмжлэгч талтай гэрээ байгуулаагүй, нэрээ сольсон тухай манай компанид мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, ...ажлын үр дүнг хүлээн аваагүй, ...нэхэмжлэгч талтай тооцоо нийлээгүй” гэж тус тус тайлбарлажээ.

“Рүнгэ” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Рүнгэ пинкок минарко” ХХК гэж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “А П Э Г”ХХК гэж нэрээ өөрчилсөн /2хх 12-18/ байх ба анхан шатны шүүх хуулийн этгээд нэрээ өөрчилсөн байгаа нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг хязгаарлахгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг хариуцагч “И Г”  ХХК-иас шаардаж 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 1/14-03 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсэн /хх 51-53/ байх ба хариуцагч талыг төлөөлөн геологич А.Золжаргал хүлээн авч байсан. Мөн гэрээний урьдчилгаа төлбөрт 25 000 ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүх хариуцагч талын ...нэхэмжлэгч нэрээ өөрчилсөн тухай мэдэгдээгүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэх тайлбар, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Энгэр худаг нэртэй газар ашигт малтмалын хайгуул хийх 14976 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд болон Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Хоньчийн тал нэртэй 13905 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд гоелогийн шинжилгээг хийж хариуцагч талд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болон 12 дугаар сарын 13-ны өдөр цахим шуудангаар хүргүүлснийг хариуцагч тал хүлээн авснаа хүлээн зөвшөөрч...цахим шуудангаар ирсэн тайлан албан ёсных биш, мөн уг тайлан нь шаардлага хангаагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч талаас нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            Түүнчлэн хэрэгт 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтыг хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн баримт биш харин “Престиж эксплорэйшн” ХХК-тай тооцоо нийлсэн баримт гэж маргаж байгаа боловч уг баримтад нэхэмжлэгч байгууллага нь “Рүнгэ” ХХК,  төлбөр төлөгч байгууллага нь “И Г”  ХХК гэсэн байхаас гадна тус байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, байгууллагынхаа тамгыг дарж баталгаажуулсан байгааг анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн баримт гэж үзсэнийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги 25 725 ам.долларыг нэхэмжилснийг анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт В-ийн 2-т заасан ...төлөгдөөгүй үнийн дүн дээр хуулинд заасан хамгийн өндөр хувь, эсвэл сарын 1.5 хувийн аль бага хувиар хүү тооцож нэмнэ гэснийг алдангийн талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “И Г”  ХХК-иас 51 450 ам.доллар буюу 135 412 798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А П Э Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 725 ам.доллар буюу 67 706 400 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад хамаарах, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И Г”  ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН