Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02465 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Т.Ү-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч И.О-д холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар,

            Хариуцагч И.О-,

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Ү- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Т.Ү- миний бие 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний нөхрийн дүүгийн эхнэр болох И.О-гийн гуйлтаар 1 200 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ миний бие өөрийн ээжийн ээмэг, бөгжийг 3 дугаар хорооллын эцэст орших Начин Заан ломбарданд 1 300 000 төгрөгөөр барьцаанд тавиад, И.О-гийн хэлсэн 5095085943 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч И.О-гоос 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд илтэд худал тайлбар гаргажээ. Тухайлбал намайг өөрөөс нь мөнгө зээлсэн мэтээр, түүний хүсэлтийн дагуу манай найзын данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар тайлбарласан байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд би И.О- болон түүний төрөл садангийн хүнээс мөнгө аваагүй, бусад руу шилжүүлээгүй. Т.Ү- хоёр хүүгийн хамт Ирланд улсад амьдарч байхад бага хүүхдийнх нь бие муудаж яаралтай Монгол улс руу буцах шаардлага гарч онгоцны тийзийн мөнгө шаардлагатай болсон бөгөөд өөрийн хадам н.Дамдиндоржоос мөнгө зээлдүүлэх талаар асуусан боловч байхгүй гэсэн учир өөрийн найз Л.Солонгоогоос 2 500 000 төгрөг зээлж Ирланд улсаас Монгол улсад ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн мөнгө 2 516 800 төгрөгийг найз Л.Солонгод өгсөн. Мөн И.О- нь Т.Ү-гаас мөнгө зээлэхдээ хадмуудад битгий хэлээрэй, нөхөрт битгий хэлээрэй зөвхөн та бид хоёрын нууц шүү гэж хэлээд зээлэхээр болсон, зээлсэн мөнгөө өөрийн аав М.Иш гуайн данс руу шилжүүлүүлсэн” гэжээ.

 

Хариуцагч И.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ү- нь миний нөхрийн ахын эхнэр байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2019 оны 7 дугаар сард Ирланд улс руу явсан бөгөөд тухайн улсад байхдаа “...хүүхдийн бие өвдсөн, мөн хүргэн ах, өөрийн эгчтэйгээ муудалцсан таарахгүй байгаа тул буудалд байна, миний дүү эгчдээ мөнгө зээлээч, хугацаанаасаа өмнө билетээ урагшлуулж Монгол явах боллоо” гэж ярихаар нь тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн аав М.Ишээс гуйсан юм. Аавыг мөнгө өгөх болоход Монголд байгаа найзынхаа данс руу 1 000 000 төгрөг хийлгэсэн, тэгээд ирэхээр нь мөнгөө нэхэхэд аавын дансанд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг хийсэн байсан. Та өгсөн мөнгөө л буцааж өгөхөд  болно  гэхэд зүгээрээ тус болсон гээд өөрийнхөө хүсэлтээр хоёр зуун мянган төгрөг нэмж хийсэн байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.О-гоос 1 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Ү-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг маргаантай хамаатайгаар хамтран хариуцагчаар н.Ишийг татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 123 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэхгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байхын зэрэгцээ маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ү- нь хариуцагч И.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, Т.Ү-гийн Хаан банк дахь 5022532172 тоот дансны хуулга, хариуцагч И.О-гийн тайлбар, гэрч М.Ишийн мэдүүлгээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Т.Ү-гаас иргэн М.Ишийн Хаан банк дахь 5095085943 тоот дансанд 1 200 000 төгрөг шилжүүлэгдсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Харин хариуцагч тал уг гүйлгээг Т.Ү-д зээлдүүлсэн мөнгөө буцаан авсан гэж тайлбарладаг боловч өмнө нь түүнд хэдэн төгрөгийг, ямар нөхцөлтэйгээр зээлдүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал мөнгийг хүлээн авсан гэх иргэн М.Ишийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэл муутай болжээ.

 

Учир нь иргэн М.Ишийн буцаан шилжүүлсэн гэх мөнгөн төлбөр хэний данс руу гүйлгээ хийгдсэн эсэхийг тодорхойлсноор тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь тухайн маргаанд ач холбогдолтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх замаар залруулах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд шүүгчээс татгалзах гаргах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09:30 минутад шүүх хуралдааныг нээж, улмаар шүүхээс хэргийн оролцогч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90, 91 дүгээр зүйлд заасан журмыг танилцуулан, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ, мөн ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон бол татгалзах эрхтэйг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад, зохигчид татгалзах зүйлгүй гэж хариулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь өөрөө шүүх хуралдаан үргэлжлүүлэн явуулах журмыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ү-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН