Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 0085

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

                                           П.Бод холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

  Прокурор                                                       Ц.М

   Шүүгдэгч                                                       П.Б

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

   Нарийн бичгийн дарга                             Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолтой П.Бод холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Ц, О.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овгийн П-н Б.

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86 дугаар байрны 06 тоотод эхнэр Б.У-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокуророос шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,

 

 Шүүгдэгч И овогт П-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч П.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулан,

 

.Эрүүгийн хэргийн хамт ирүүлсэн 2 дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо:

 П.Б миний бие 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Б.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргээр Авилагтай тэмцэх газарт шалгагдаж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй дараах давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний гэр бүлийн хүн болох Б.У-н биед учирсан бүх гэмтлийг П.Б намайг учруулсан гэж анхан шатны шүүх үзсэн.

  Тухайн үед эхнэр Б.У-н гартаа барьж байсан шар иштэй хутгыг булааж авах гэж ноцолдож байгаад Б.У-н зүүн нүдний дээр тохойгоор санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд Б.У-н биед учирсан зүүн нүдний гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэж гаргасан байдаг. Б.У надруу дайрч өөрийн үйлдэлийг ухамсарлах чадваргүй байсан учир би эхнэр Б.У-г тусгаарлаж угаалгын өрөөнд оруулж хаалагыг гаднаас нь охин Б.Х-н хамт дарж байхад Б.У угаалгын өрөөний хаалагыг цаанаас нь нүдэж түлхэж гар хөл, толгойгоо хаалагны завсараар гаргаж хөлөө хавчуулж мөн хаалагыг өшиглөж гараараа нүдэж байгаад хөл, гар, гарын бугалаг хэсэгт гэмтэл авсанг П.Б намайг учруулсан мэтээр улсын яллагч Э.У яллах дүгнэлтэндээ дурьдаж намайг гэмт хэрэгтэн мэтээр ялалсанд би гомдолтой байдаг.

Тухайн нөхцөл байдалд хутга барьсан согтуу хүний үйлдэлийг би таслан зогсоож өөрийн болон үр хүүхэд эхнэрийнхээ аюулгүй байдлыг хангаж Б.У-н гарт байсан шар иштэй хутгыг булааж авсан. Хэрэв би тэр хутгыг булааж аваагүй байсан бол нөхцөл байдал яаж иргэх байсанг хэлхэд хэцүү байна.

Би цагдаагийн байгууллагад тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж хууль сахиулах чиглэлээр ажилладаг албан хаагчийн хувьд эхнэр болон үр хүүхдээ зодох гар хүрэх үйлдэл гаргаж байгаагүй.Төрийн тусгай алба хаагчийн ёс зүйд харшлах зүйлийг гаргаж энэ 12 жилийн хугацаанд нэг ч арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

П.Б би эхнэр Б.У-н биед зөвхөн зүүн нүдэнд санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан. Би энийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Б.У хаалга өшиглөж, мөн газар унаж өөртөө учруулсан хөл, гар, гарын бугалаг, бүсэлхийн хэсэгт учруулсан гэмтлийг намайг учруулсан гэж намайг яллаж байгаад би гомдолтой байна. Энэ бүх асуудлыг ул суурьтай шинжлэн судлаж үзэхгүй бол миний ар гэр, охины минь амьдрал болон албан ажилтай салшгүй холбоотой учир мэргэн шүүгч та бүхэн болсон асуудалд ул суурьтай хандаж П.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо ноцтой зөрүүтэй буюу надад учирсан бүх гэмтлийг нөхөр маань учруулсан, эсвэл нүдний гэмтэлийг санамсаргүй шудраад учруулсан бусад гэмтэл нь унаснаас үүссэн нөхөр маань учруулаагүй гэдэг, мөн анхан шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ надад учруулсан гэмтэлийг нөхөр маань бүгдийг учруулаагүй би өөрөө унахад үүссэн гэмтэл хэмээн бичиж ирүүлсэн байдаг.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй хохирогчийн мэдүүлэг нь зөрүүтэй, тогтворгүй, өгсөн мэдүүлэг бүрийг судлаж үзэхэд дандаа үйл баримт нэмэх, буюу хасагддаг, ноцтой зөрүүтэй байгаа нь хохирогчийн өгч буй мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ бүх гэмтлийг шүүгдэгч учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна.

 

Мөн хэргийн болсон бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл яагаад тэр гэрт хэрүүл маргаан өрнөх болов, юунаас болж хохирогч, шүүгдэгч нар бие биедээ гар хүрэх нөхцөл байдалд хүрсэн гэдэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Хохирогч хутга барьсан тухайгаа өөрөө айлгах гэж хэмээн тайлбарладаг бол шүүгдэгч нь хохирогч нь хутга бариад дайрахад нь хутгыг салгаж авсан тухай мэдүүлдэг.

Тэгэхээр хохирогч хутга авсан тухайд маргаангүй, бөгөөд энэ байдал тогтоогддог. ....Шүүгдэгч нь өөрөө нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагч хүн бөгөөд энэ албанд 15 жил ажиллаж байгаа.

 

 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүнд гэмтэл учруулах зан суртахуунтай хүн биш юм. Энэ хэргийн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээс шүүгдэгчийн цаашдын ажил, амьдрал, үргэлжлүүлэн эзэмшсэн мэргэжлээрээ, насаараа ажилласан албандаа ажиллах эсэх нь шалтгаалах болоод байгаа тул хэргийг тал бүрээс нь судлаж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хүнд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь эргэлзээтэй байх тул түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж, холбогдох үйлдэл холбогдолыг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолынхоо 8 дугаар нүүрт “...хохирогчийн мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал зэргээс үзэхэд П.Б нь хохирогч Б.У-г зодож гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд хохирогч Б.У-н 2018 оны 03 дугаар 23-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Харин гэртээ ирж байхдаа хашааны хаалгаар ороод байшингийн урд талын довжоон дээр хөл алдаж бүдэрч шалан дээр унасан. Шатан дээр урагшаа харж унасанаас миний 2 хөлийн шилбэ гуя орчмоор мөн бүсэлхийний баруун хэсэгт хөхөрчихсөн байсан. Миний бие их эмзэг хүрэхэд л улайгаад амархан хөхөрчихдөг юм.” гэсэн байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтанд зааснаар шүүх нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заавал тогтоолдоо зааж бичих хуулийн шаардлага байна. Ийм хоёр өөр зөрүүтэй мэдүүлэг буюу нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хохирогчийн аль мэдүүлгийг нотлох баримт гэж үзсэн болох, аль мэдүүлгийг нотлох баримт биш гэж дүгнэсэн талаар үндэслэлээ тогтоолдоо огт дурьдаагүй байна

 

 Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулсан асуудлуудын нэг гол зүйл бол хохирогчийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримт гэж дүгнэсэн явдал юм. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Уянгыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.” гэсэн мэдүүлэг авах журмыг зөрчиж мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлгийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд гаргахад шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй гэм буруугийн хурлаар хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж дүгнэсэн талаар тогтоолдоо огт дурьдаагүй байна.

 

Харин эсрэгээрээ үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаагүй буюу мэдүүлэг авах үндэслэл, журмыг зөрчсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байна. Мөрдөгч, комиссар П.Б өөрийн алдааг засахын тулд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.У-г хохирогчоор дахин мэдүүлэг авах үедээ үндсэн хуульд заасан эрхийг тайлбарласан боловч урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй” гэсэн нь хохирогч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч П.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон нь шууд нотлох баримт байхгүй гэж үзэхээр байна. Ийм байтал анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүйгээр барахгүй, нотлох эаримтаар тооцогдохгүй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулж хуулийг зөрчсөн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх  саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокуророос шүүгдэгч П.Быг 2018 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86 дугаар байрны 06 тоот гэртээ эхнэр Б.У-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д зааснаар өөрчлөн зүйлчилж, П.Быг гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон  тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч П.Б:

 

 ...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Б.У гаднаас ажлынхантайгаа явж байгаад халамцуу орж ирсэнээс маргаан үүссэн.., би орой эргүүлтэй байсан бөгөөд 2 хүүхдэдээ хоол хийж өгөх гээд мах гаргасан мөн ширээн дээр шар иштэй хутга байсныг  Б.У-г авахаар нь би булааж авах гэж ноцолдож байгаад Б.У-н зүүн нүдний дээр тохойгоор санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан.., түүнээс би өөр газар цохиж зодоогүй., Б.У-г газар унагааж дээрээс нь дарж байгаад барьсан хутгыг нь тавиулсан...,

 

Том охин маань гэрийн 2 давхарт гараад хутгыг нуусан.., Б.У над руу дайраад болохгүй болохоор нь би угаалгын өрөөнд оруулаад гаднаас нь том охинтойгоо хамт хаалгыг дарсан. Б.У дотроос нь хаалгыг нүдэж, өшиглөж байгаад хаалга цөмөлсөн.., Тухайн үед Б.У-н согтуурлын зэрэг 1.84 гарсан. Би уугаагүй эрүүл байсан.., У-н хөхөрсөн, няцарсан хэсгийг би учруулаагүй.., гэж мэдүүлсэн.,

        

          Хохирогч Б.У ...тэр өдөр ажлынхантайгаа золголт хийж яваад гэртээ бага зэрэг уусан байдалтай 21 цагийн үед гэртээ орсон.., манай нөхөр Б тэр өдөр  эргүүлтэй ажилтай байсан бөгөөд намайг  ороход “ажилтай байхад мэдсээр байж гадуур явлаа” гэж уурлаад бид хоёр маргалдсан.., Би тэр үед нь ганц удаа гарч байхад чинь гээд маргаан болсон.., Нөхөр тэр үед намайг зуурч аваад хоолойноос багалзуурдаж боосон, үснээс чирсэн, мөн намайг угаалгын өрөөнд оруулж хаалга гаднаас дарахаар нь түлхэж байгаад хөлөөрөө хаалгыг нь өшиглөхөд хаалганы доод хэсэг цөмөрсөн.., Намайг ийш тийш нь чирээд байхаар нь би гал тогоонд ороод шургуулга онгойлгоход намайг зуурч аваад миний зүүн нүд рүү гараараа цохиж  цээжин дээр өвдөглөөд  байсан.., Ингээд л миний хөл, гар, нүд, хоолой, цээжний урд дээд хэсэгт хөхөрч цус хурсан.., Миний бие амархан хөхөрдөг ч гэсэн нөхөр Б өвдөг шилбэ гуя руу өшиглөсөн.., гал тогооны өрөөнд орсон байхад хэрүүл хийгээд байхаар нь би айлгахаар шургуулга онгойлгоод шар иштэй хутга барьж авахад чи яах гээд байгаа юм гээд зодсон.., гэсэн мэдүүлэг  өгсөн байна.

 

  Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 853 дугаартай  

 

  ...Б.У-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 2962 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэргийг тогтоосон 3 дугаар заалт үндэслэлтэй.., хохирогч Б.У-д учирсан гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй., гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна., ...энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал унах, цохих, цохигдох, мөргөгдөх, өшиглөгдөх аль ч үед үүсэх боломжтой..,  гэсэн дүгнэлт гарчээ.

 

        Дээрх нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь тухайн үед Б.У-г зодож гэмтэл учруулаагүй., хутгыг булааж авах үед тохойгоороо зүүн нүд рүү нь санамсаргүй байдлаар цохисон.., У-н хутгыг нь авах гэж ноцолдох үед түүнийг газар унагасан.., гарыг нь барьж байгаад хутгыг нь авсан ..,гэсэн мэдүүлэг удаа дараа өгч, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч П.Быг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогчид хөнгөн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт болон хохирогч Б.У-н мэдүүлэгийг үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

           Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэж, няцаасан санал гаргасан байхад шүүх энэ нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа эсхүл  яагаад улсын яллагчийн дүгнэлт зөв., шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал  үндэслэлгүй гэдгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу  тодорхойлж дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолын үндэслэлд нөлөөлж болох нөхцөл байдал байж болзошгүй байгааг орхигдуулжээ.

 

          Мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 853 дугаар дүгнэлтийн    “...хохирогч Б.У-д учирсан гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй., гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..,” ...гэсэн нь ойлгомжгүй байх тул шинжээчээс  тодруулах шаардлагатай байна.

 

         Нөгөө талаар хохирогч Б.У тухайн үед хутга барьсан., хутгыг нь П.Б булааж авсан гэсэн агуулга бүхий мэдүүлэгийг өгсөн байхад энэ нь үнэн эсэх талаар Б.У-г шалгах ажиллагаа хийгээгүй., хутга мэсний асуудал энэ гэмт хэрэгтэй холбогдон гарч байхад эд мөрийн баримтаар хураасан эсэх нь тодорхойгүй байна.

 

        Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.4., 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П-н Б-д холбогдох, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

        2. Шүүгдэгч П.Б түүний өмгөөлөгч Р.Ц, О.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдний  өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    Ц.ТУЯА