Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 0301

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од  

Улсын яллагч Э.Улаанаа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, О.Анхбаяр

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бод холбогдох эрүүгийн 1811007570363 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Их мэргэд овгийн П.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 06 сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Эко хорооллын 86 дугаар байрны 06 тоотод Б.Уянгыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     1. Хохирогч Б.Уянгын “2018 оны 02 сарын 20-ны өдөр шиг санагдаж байна ажлынхантайгаа золголт хийж яваад гэртээ бага зэрэг уусан байдалтай 21 цагийн үед гэртээ орсон. Тэр өдөр манай нөхөр Батболд нь эргүүлтэй ажилтай байсан. Ингээд намайг гэртээ ороход ажилтай байхад чинь мэдсээр байж гадуур явлаа гээд над руу уурлаад энэ асуудлаас болж бид хоёр маргалдсан. Би тэр үед нь ганц удаа гарч байхад чинь гээд маргаан болсон. Тэр үед намайг зуурч аваад хоолойноос багалзуурдаж боосон, үснээс чирсэн, мөн намайг угаалгын өрөөнд оруулж хаалга гаднаас дарахаар нь түлхэж байгаад хөлөөрөө хаалгыг нь өшиглөхөд хаалганы доод хэсэг цөмөрсөн. Намайг ийш тийш нь чирээд байхаар нь би гал тогоонд ороод шургуулга онгойлгоход намайг зуурч аваад миний зүүн нүд рүү аль гараараа

 

гэдгийг нь мэдэхгүй цохиж унагаагаад миний цээжин дээр өвдөглөөд дараад байсан. Маш их өвдсөн бөгөөд энэ бүх асуудал маш хурдан болоод өнгөрсөн. Ингээд л миний хөл, гар, нүд, хоолой, цээжний урд дээд хэсэгт хөхөрч цус хурсан. Эдгээр гэмтлүүд үүссэн. Энэ асуудал болоод би цагдаад өргөдөл өгсний дараа П.Б нь гэр бүл байж 2 хүүхдийн чинь эцэг байна, чи намайг ажилгүй болгочихгүй юм байгаа биз дээ, тэгээд ч би шүүхээр ороод ажилгүй болгочихвол чи миний хамтран зээлдэгч, зээлийг чи л төлнө ш дээ гээд байсан. Тэгээд шүүх эмнэлэгийн дүгнэлтийг та намайг дуудаж танилцуулахаас өмнө манай нөхөр Батболд мэдчихсэн байсан бөгөөд чиний хөл гар хөхөрчихсөн, цээж хөхөрчихсөн гээд дүгнэлт гарсан гэж байна. Тэгэхээр чи өөрөө согтуу ирж байгаад унасан гэж хэл, тэгээд ядаж шүүхээр орохгүй гайгүй үлдчихвэл болно. Намайг үнэхээр уучлаарай, энэ асуудлыг хоёулаа ингээд дуусгая гээд гуйгаад байсан болохоор нь гэр бүлийн хүнээ бодоод би ингээд мэдүүлэг өгчихсөн. Одоо намайг чи хамтран зээлдэгч тэр зээлээ чи өөрөө төлөөрөй гэж сүрдүүлээд байгаа. П.Бын зээл 19 сая төгрөрийн цалингийн зээл байгаа. Тэрэндээ намайг батлан даагч нь гэж орсон санагдаад байна. П.Б нь өмнө нь 2 хүүхэнтэй хамтран амьдарч байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурьдан бүх л гэмтлүүд нь миний нөхөр Батболдын үйлдлийн улмаас үссэн гэмтэл байгаа. Миний бие амархан хөхөрдөг ч гэсэн нөхөр Батболд өвдөг шилбэ гуя руу өшиглөсөн. Мини зүүн нүд рүү гараараа цохисон. Унагаагаад цээжин дээр өвдөглөсөн, хоолойны зүүн хэсгээр нилээн том хөхөрсөн байсан нь баруун гараараа намайг багалзуурдаж хананд шахснаас үүссэн, мөн зүүн хацар руу алгадсан. 2 гарын бугалганаас 2 гараараа базсан. Би гал тогооны өрөөнд орсон байхад хэрүүл хийгээд байхаар нь би айлгахаар шургуулга онгойлгоод шар иштэй хутга барьж авахад чи яах гээд байгаа юм гээд зодсон шүү дээ, Би хутга барьж Батболд руу дайраагүй, биед нь гэмтэл учруулаагүй.  ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27-р хуудас/

 

2. Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Уянгаа бол намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөн. Шинэ жилийн өмнө зодсон гэж гүтгэсэн. Мөн өөрөө хутга барьчихаад хутга бариагүй гэж мэдүүлээд байгаа. Тухайн өдөр буюу 2018 оны 02 сарын 19-ний өдөр буюу цагаан сарын дараагийн ажлын эхний өдөр байсан юм. Гэртээ би 16 цаг өнгөрч байхад бага охин Есүйг цэцэрлэгээс нь аваад Уянгаа руу яриад хүүхдээ авлаа хамт харъя гээд ажил дээрээс нь очоод авъя гээд очтол өрөөндөө сууж байна гэсэн бөгөөд гарч ирэхгүй болохоор нь өрөө рүү нь ороход өөрийнхөө өрөөнд байгаагүй, хамт ажилладаг хошууч Эрдэнээ гэх хүн ажил дээрээ байсан. Уянгааг өдөр гараад явсан гээд байхгүй байсан. Би залгахад хэл ам нь ээдрээд байсан тул Эрдэнээ хошуучид та нар байнга архи дарс уух юм, та нартай уух үедээ зүгээр байдаг байх, гэртээ ирэхээрээ тийм биш байдаг гэсэн. Тэгээд Эрдэнээ нь манай аймагт шүлхий гарчихаад өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа архи дарс уугаагүй гэж байсан. Би охинтойгоо гэртээ хариад хоол хийх гэж байгаад телевизор хараад хэвтэж байгаад унтсан байсан. Гэтэл охины утсаар хадам ээж залгаад надтай яръя гэсэн байсан. Тэгээд ээжтэй ярихад Уянгаа утсаа авахгүй байна, Хүсэл өлсөөд байна гэж байна хоол хийж өгөөрэй гэсэн. Би хоол хийх гээд мах гаргачихаад бэлдээд байж байхдаа Уянгаа руу залгаад хаана байна гэхэд Удалгүй 20 цагийн үед Уянгаа гаднаас орж ирэхдээ нилээн согтолттой, үс нь нилээн сэгсийсэн байдалтай байхаар нь хаагуур явж байгаад ирж байгаа юм, ажил дээр чинь очиход байгаагүй гэдгийг хэлэхэд “чамд ямар хамаатай юм, банди минь чи ингэж явдаг биз дээ гээд маргалдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47-р хуудас/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн №2962 дугаартай дүгнэлтийн ... “Б.Уянгын биед зүүн нүдний алим, зовхи, баруун зүүн хацар, хүзүү цээж, баруун зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/ 

 

4. Гэрч Д.Оюунцэцэгийн...”2017 оны 12 сард Уянга байгууллагын шинэ жилдээ орсон чинь согтуу ирсэн гээд Батболд ээжтэйгээ нийлж байгаад манай охины зодсон байсан. Тэгэхээр нь би Уянгааг нялх хүүхэдтэй байж шөнө орой явлаа чиний буруу, гэж хэлээд өнгөрөөсөн. Уянгаагийн хадам ээж манай охиныг зодчихоод гэрлүүгээ явчихсан байсан бөгөөд намайг хүүхэд хар гээд Эрдэнэтэд очсон. Би Батболд, Уянга нарыг хоёуланг нь суулгаж байгаад “та хоёр болно, бүтнэ, гээд явсан одоо надаар хүүхэд харуулах гэж байгаа юм уу эмэгтэй хүн найз нөхөдтөйгөө орж гарсны төлөө зодно гэж юу байхав” гэсэн чинь Батболд “Уянгаа архи уугаад байна” гэхээр нь би “байнга архи уугаад байгаа юм уу” гэсэн чинь “үгүй л дээ” гэсэн. Тэгэхээр нь би хэд хоног хүүхдийг нь харж байгаад бага хүүхдийг нь хувийн цэцэрлэгт өгөхөөр болоод хотод буцаад ирсэн. Гэтэл хотод ирсний дараа Уянгаа ажлынхантайгаа бас нэг удаа чинь гэрт нь оруулахгүй гээд хаалгаа тайлж өгөхгүй байна гээд яриад байсан. Уянгаа шөнөдөө буудалд хоносон гэсэн. Түүнээс хойш миний сэтгэл түгших болсон. Гэтэл 2018 оны 02 сарын 20-ны өдөр Уянгаа над руу “би ажлынхантайгаа сууж байна” гэхээр нь би охин Уянгааг загнасан бөгөөд “чи гэр орондоо хариач нөхөр чинь уурлана шүү дээ” гээд зээ охин Хүслэнрүүгээ 20 цагийн үед залгахад “ээж ирээгүй байна, би аавтай хамт гэртээ байна” гээд яриад байж байхад Хүслэн “ээж ороод ирлээ” гэсэн. Гэтэл утасны цаанаас Батболд утасны цаанаас их чанга дуугаар хараалын үг хэлээд орилж байсан. Хүслэн “эмээ ээж аав хоёр хэрэлдээд байна” гэхээр нь би “миний охин өрөөндөө ор” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед Уянгаа руу залгасан чинь “би ажил руугаа явах гэж байна” гэж хэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа над руу буцаад залгаад “би ажлаасаа чөлөө авах гэсэн чинь өгөхгүй байна” манай дарга “нөхөртөйгөө маргалдах болгондоо чи чөлөө авах гэсэн юм уу” гээд байна гэсэн.  Тэгээд Уянгаа ажлаасаа чөлөө аваад манай гэрт ирсэн чинь Уянгаагийн нэг талын нүд хөхөрчихсөн байхаар нь би охин Уянгааг харж өрөвдөөд Батболд руу залгаж “охиныг минь зодлоо, чи дахиж ийм асуудал гаргахгүй гээ биз дээ” гэж хэдэн үг хэлээд тасалсан. Гэтэл зээ охин Хүслэн залгаад ээжийг аав зодоогүй гэж хэлээд утсыг нь таслуулчихаар нь “би хэрүүлдээ үр хүүхдээ орууллаа, гэж уурлаад Батболдын ажлыг бодоод цагдаад эхэлж хандаагүй бөгөад Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлсэн. Мөн Уянгаа зодуулж байхдаа Эрдэнэтийн цагдаад дуудлага өгсөн чинь ирэхгүй байсан гэсэн. Цагдаа хэний төлөө ажиллаад байгаа юм бэ, миний цагдаа намайг хамгаална гэдэг. Гэтэл яагаад цагдаа нь цагдаагаа хамгаалж байгаа юм бэ гэж уурласан. Тэгээд Батболдыг буруугаа хүлээчих байх гэж бодоод утсаар яриад “охин эмнэлэгээр үзүүллээ, чи яагаад ингэж зодож байгаа юм бэ, гэсэн чинь юм дугарахгүй байсан болохор нь би утсаа тасалсан чинь Уянгаа руу Батболд залгаад ярьсан байсан. Уянгаа цагдаад өргөдөл гаргана гэсэн чинь Батболд “тэг ээ тэг, чи байрны зээлтэй биз дээ тэгвэл өөрөө тэрийгээ төлөхгүй юу гэсэн. Яахаараа манай охин зээлтэй байдаг юм гэсэн чинь Батболд хамтран зээлдэгчээр манай охиныг оруулчихсан байсан. Батболд буруугаа хүлээж манай охиноос уучлалт гуйхын оронд буруугаа хүлээхгүй байгаа юм. Би цэргийн амьдралыг мэднэ. Манай нөхөр насаараа Онцгой байдлын албанд ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа насбарсан. Тэгээд би хоёр охиныхоо төлөө бүх зүйлээ зориулсан. Гэтэл өнөөдөр яагаад миний охиныг зодчихоод буруугаа хүлээхгүй, харин ч намайг болон манай охиныг архичин гэж хэл амаар доромжилж байна. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 853 дугаартай дүгнэлтэд:  

-“Б.Уянгын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 2962 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэргийг тогтоосон 3 дахь заалт үндэслэлтэй байна.

-Хохирогч Б.Уянгад учирсан гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй,

-Дээрхи гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал унах, цохих, цохигдох, мөргөгдөх, өшиглөгдөх аль ч үед үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 158-159-р хуудас/

 

5.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ “Хэрэг болсон өдөр бол 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байсан. Цагаан сар болоод ажил цугласан эхний өдөр буюу 1 дэх өдөр байсан. Би тэр өдөр ажил дээрээ байж байгаад цайны цагаараа гэртээ харьсан. Тэгээд буцаж ажилдаа яваад 4 цаг өнгөрч байхад бага охиноо цэцэрлэгээс нь аваад Б.Уянгааг ажлаас нь авах гээд ажил дээр нь очсон. Өнөөдөр манай ажлынхан манайд ирж цай ууна гэсэн хамт гэр рүү явъя гэж хохирогчтой утсаар ярьтал би ажилтай гадуур явж байна гэж надад хэлсэн. Гарч ирэхгүй болохоор нь би ажил руу нь ороод Б.Уянгааг асуухад өдөр гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Б.Уянгатай холбоо барих гээд залгах гэсэн чинь нэгжгүй болоод тэгээд би 2 охиноо аваад гэртээ харьсан юм. Би орой 21 цагт эргүүлд гарах ёстой байсан. Би 08 цаг 30 минутын үед 2 хүүхэддээ хоол хийж өгөх гээд хөргөгчнөөс мах гаргаж, шургуулганаас хутга аваад ширээн дээр тавьсан байсан. Удаачгүй Б.Уянга гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Орж ирэхээр нь жаахан маргалдсан. Ганц удаа гарч байхад яасан сүртэй юм гээд уурлаад байсан. Би бас чимээгүй байгаагүй ганц удаа биш чи өчнөөн л гадуур явдаг биз дээ гээд маргалдаж эхэлсэн. Сүүлийн үеээс архи уух нь ойр ойрхон давтагдаад байсан юм. Б.Уянга их уурлаад гал тогооны шургуулга онгойлгоод буцааж хаагаад ширээн дээр шар иштэй хутга байсан тэрийг авахаар нь би хүүхдээ тавиад чи хүн алах нь дутаа юу гэж хэлсэн. Тэгэхэд новш минь чамайг алсан ч яадаг юм гээд дайраад байхаар нь би баруун гараараа хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь тавиулах гээд сэгсэрсэн чинь тавихгүй байсан. Барьсан хутгыг нь тавиулах гэж ноцлдож байхдаа санамсаргүй тохойгоороо нүдрүү нь цохисон юм. Б.Уянгааг газар унагааж дээрээс нь дарж байгаад барьсан хутгыг нь тавиулсан. Тэгээд би том охиндоо тэр хутгыг өгөөд миний охин хутгыг нуучих ээж нь хүн алах гэж байна гэж хэлсэн. Том охин маань гэрийн 2 давхарт гараад хутгыг нуусан байсан. Б.Уянга над руу дайраад болохгүй болохоор нь би тусгаарлах санаатай угаалгын өрөөнд оруулаад гаднаас нь том охинтойгоо нийлж хаалгыг дарсан. Б.Уянга дотроос нь хаалгыг нүдэж өшиглөж байгаад хаалга цөмөлсөн юм. Тэгээд гарч ирээд бас дайраад байхаар нь би хувцасаа өмсөөд гэрийн үүдэнд очиж гутлаа өмсөж байхад миний толгой руу нүдээд байсан. Над руу дайраад байхаар нь би түлхсэн чинь шалан дээр гулсаад уначихсан. Тэгээд манай том охин Б.Хүслэн ээжийнхээ үснээс бариад ааваа та охиндоо хайртай юм бол эндээс яв гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд ажилруугаа явсан. Тэгээд ажил дээр байхад цагдаагаас надтай ярьсан. Эхнэр чинь дуудлага өгсөн байна гээд ярихад би эхнэртэйгээ маргалдаад гараад ирлээ. Ёс журмын эргүүлээ явуулчих би эндээс яваад очъё гэж хэлээд гэрийн гадаа очтол манай дүү гэрээс тавилгаа авах гээд ирсэн байсан. Тухайн үед Б.Уянгын согтуурлын зэрэг 1.84 гарсан. Би уугаагүй эрүүл байсан. Маргааш нь Б.Уянга Улаанбаатар хотод очоод ээждээ намайг зодсон мэтээр ярьсан байсан. Хадам ээж тэгээд оршин суудаг харъялалаараа өргөдөл гаргасан байсан. Мэдүүлэг өгөх гээд Б.Уянга бид 2 очсон юм. Би тэгэхэд “миний хөгшин асуудал ийм болоод байна. Чи мэдүүлгээ үнэн зөвөөр өгөхгүй бол би төрийн албанд ажилладаг учраас би гэм буруутайд тооцогдвол ажилгүй болно. Миний хөгшин хутга барьсан талаараа үнэнээ хэлээрэй” гэж хэлсэн. Эхний мэдүүлгэн дээр тэгэж яриагүй байсан. Миний материалыг шалгаж байхад би хэргийн газар үзлэг хийлгэмээр байна. Тэгвэл хутга нь байгаа, угаалгын өрөөний хаалга цөм өшиглөсөн байгаа зэргийг материал болгож авмаар байна. Мөн хүүхдийг гэрчээр асуулгах хүсэлтийг тавьсан юм гэв.”

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Улсын яллагч Э.Улаанаа шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Б нь эхнэр  Б.Уянгыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа юм. Гэр бүлийн харилцаа хамааралтай эхнэр болох Б.Уянгатай архи уусан асуудлаар маргалддаг. Гэр бүлийн гадуур харилцаа байсан гэж яригддаг. Эдгээр байдлаас үүдэн хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэн хэрэлдэж маргалдан хохирогчийг цохиж зодох, татаж унагаах, өшиглөх зэрэг байдлаар биед нь олон тооны хөхрөл, няцрал зэрэг гэмтлүүдийг учруулсан байна. Энэ учруулсан үйлдлийг хуульд заасан байдлаар харахад хохирогчтой догшин хэрцгий байдлаар харьцсан байна гэж үзэж байна. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэл байна гэж улсын яллагчаас үзэж байна. Гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэнд учирсан гэмтэл нь олон удаагийн цохих, цохигдох, мөргөх байдлаар учирч болох үйлдлүүдийг энэ гэмт хэрэгт учрах боломжтой гэсэн байна. Шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэнд тухайн гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч нийт учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр нийт 26 тооны гэмтэл байна гэж харьцуулж судлаж үзсэн. Эдгээр тооны гэмтлүүд шүүгдэгчийн удаа дараа өгч байгаа мэдүүлгээр нотлогдож байна. Ийм учраас шүүгдэгч П.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Уг зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэлтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

            Шүүгдэгчийн өмөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлгчийн хувьд улсын яллагчийн дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл заалтын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Гэр бүлиин хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл учруулсан гэсэн гэмт хэргийг П.Б үйлдээгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох бармтуудад дүгнэлт хийх байдлаар, тэдгээрийг харьцуулах байдлаар яръя. Шүүгдэгч П.Бын мэдүүлэг, удаа дараа мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүд нь тууштай юм. Өөрөөр хэлбэл эхнэр Б.Уянгааг зодож гэмтэл учруулаагүй харин тохойгоороо зүүн нүд рүү нь санамсаргүй байдлаар цохисон асуудал байдаг. Мөн хутгыг нь авах гэж газар унагасан. Тэгээд гарыг нь барьж байгаад хутгыг нь авсан гэж мэдүүлдэг юм. Мөн хөл, гуя гэх мэт бусад байдлаар учруулсан гэмтлийг би учруулагүй. Манай эхнэр өөрөө довжоон дээрээс унасан гэж ярьдаг. Мэдээж шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримт болон бусад нотлох баримтаар хангагдана гэж үздэг. П.Бын өгөөд байгаа мэдүүлэг хэрэгт авагдсан бусад ямар нотлох баримтаар нотлогдож байгаа асуудал яригдана. П.Б анхнаасаа мэдүүлэг өгөхдөө манай эхнэр хутга авч дайрсан асуудлын талаар ярьдаг. Тэр хутгыг булааж авахын тулд мэдээж хутгыг хүч хэрэглэж булааж авна. Тодорхой хэмжээгээр хүч хэрэглэж булааж авч байгаа нь өөрөө тэр хүнийг гэмтэл учруулах гэж зодсон санаатай үйлдэл мөн биш гэдэгт бид нар дүгнэлт хийх ёстой. Хутга гэдэг чинь хүйтэн зэвсэг энийг бариад байлгаад байх нь асуудалтай юм. Хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийхэд хохирогч нилээдгүй олон удаа мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлэг өөрөө эх сурвалжаа зааж чадахгүй байна гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг өөр хоорондоо асар их зөрүүтэй, тууштай биш юм. Хамгийн анх гэрчээр өгсөн мэдүүлэг нь хохирогчоор өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй юм. П.Б тухайн үед бодит байдал дээр яг хэлснээр зодсон бол яг тэр байдал үнэн зөвөөрөө яригдах байсан. Гэтэл хохирогч надтай хэрүүл хийж намайг цохиж түлхэж гарах гэхээр нь буцаж нөхөртэйгөө зууралдсан гэсэн мэдүүлэг өгсөн. Хаашаа цохиулснаа бас хэлдэггүй. Гарах гээд байхаар нь би өөрөө зуурж аваад зууралдсан гэх асуудал мөн яригдсан. Дараа нь хохирогчоор өгсөн мэдүүлэгт бид 2 хэрэлдэж муудалцаж эхлээд шууд намайг хоолой дараад багалзуурдаад авсан гэдэг. Гэтэл гэрчээр өгсөн мэдүүлэгтээ багалзуурын тухай асуудал огт байдаггүй. Хохирогчоор мэдүүлэг өгөх гээд ирэхээрээ намайг багалзуурдсан гэж ярьдаг. Хохирогчоор өгсөн мэдүүлэгт бас намайг нүдрүү цохисон. Цохихдоо надаас хутгыг салгаж авах санаатай санамсаргүй байдлаар цохьсон гэж мэдүүлэгтэй тусгасан байгаа юм. Дараагаар нь мэдүүлэг өгөхдөө П.Б намайг дарамтлаад байсан. Тийм болохоор би айгаад тэгээд хэлсэн гэдэг. Нэг болохоор нөхөртөө гомдоод уурандаа худлаа мэдүүлэг өгсөн гэж ярина. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгийг хэдний, хэзээ өгсөн мэдүүлгийг ямар нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж нотлох баримтын шаардлага хангасан эх сурвалжаа заасан мэдүүлэг гэж үзэн энэ хүнийг яллах вэ гэдэг асуудал өнөөдөр яригдана. Эрс тэрс өөр мэдүүлгүүд байгаа учраас хохирогчийн мэдүүлэг өөрөө нотолгооны шаардлагаа алдаж байна. Мөн П.Быг зодож байсныг харж байсан гэрч байдаггүй. Хохирогч угаалгын өрөөнд намайг оруулсан гэж дурьдсан байгаа юм. Тэгэхээр зэрэг би өөрөө өшиглөж байгаад угаалгын өрөөний хаалганы доод талыг цөмлөөд гараад ирсэн асуудал яригдаж байна. Хэрвээ П.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа бол угаалгын өрөөнд оруулах хэрэг байх уу, хохирогч үнэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм бол хохирогч өөрөө П.Боос зугтах ёстой юм. Хохирогч зугтаж магадгүй өөрөө угаалгын өрөөндөө ороод дотроос нь түгжээд зогсох ёстой юм. Гэтэл П.Б угаалгын өрөөнд хийгээд гаднаас нь дарахад хохирогч гарах гэж өшиглөөд хаалгаа эвдлээд гараад ирсэн байна. Тэгэхээр П.Б онц харгис хэрцгий хандаж хүчирхийлэл үйлдсэн дүр зураг харагдаж байна уу гэдэг асуудал яригдана. Хүн хүчирхийлэлд өртөөд, айгаад байвал зугтдаг болохоос биш тэмүүлдэг зүйл байдаггүй юм. Тэгэхэд хохирогчийн үйлдлийг харахад П.Б руу тэмүүлсэн үйлдэл харагдаж байгаа юм. Шүүгдэгчийг гараад явъя гэхээр гаргахгүй гээд зуурч аваад байдаг. Хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэгт хутганы асуудал яригддаг. П.Б хутга аваад дайрсан гэж анхнаасаа хэлсэн байдаг. Хохирогч би айлгах гээд авсан гэж ярьдаг. Намайг гал тогооны өрөөнд ороход хэрүүл хийгээд байхаар нь би айлгах гээд шургуулга онгойлгоод шар иштэй хутга барьж авсан гэсэн. Энэ мэдүүлгээс үзэхэд хохирогчийг хутга барихаас өмнө энэ зодооны асуудал огт болоогүй байсан байна гэж ойлгож байна. Айлгахын тулд хохирогч тэр хутгыг барьж аваад зүгээр зогсох, харуулахыг хэлэхгүй. Хохирогч айлгах санаатай хутга барьж авсанаараа ямар нэгэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж байгаа үйлдэл юм. П.Бын мэдүүлэгт хутга аваад чамайг алсан ч яадаг юм гэхээр нь би шууд хутгатай гарынх нь шуун дээрээс нь барьж аваад хойшоогоо болоход би тохойгоороо нүдрүү нь цохиж таарсан байх гэж бодож байна. Тэгээд газар унагааж дээр нь дарж байгаад хутгыг булааж авсан гэдэг зүйл яригддаг. Ийм учраас хохирогчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд эрс тэс зөрүүтэй. Хохирогчоос асуусан асуултанд та яагаад зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн юм гэхэд хохирогч П.Б намайг зээлээ өөрөө төлөөрэй гэж сүрдүүлээд байсан гэсэн байдаг. Тэгвэл зээлээ чи төлөөрэй гэдэг үг сүрдүүлэг мөн үү, биш үү. Хэрэв сүрдүүлсэн бол Б.Уянга өөрөө цагдаа дээр очоод намайг ингээд дарамтлаад, сүрдүүлээд байна гээд мэдүүлэг өгөхөд л болох байсан. Хохирогчийн биед учирсан зөөлөн эдийн гэмтлүүд өөр хоорондоо өнгөний хувьд ялгаатай байгаа. Шинэ гэмтлээс зөөлөн эд гэмтэхдээ хүрэнтдэг, ягаардаг, шаргалтдаг, ногоордог энийг хуульч бид нар бүгд мэддэг. Гэтэл шүүхийн шинжээчийн дүгнэлтээр шаргал туяатай зах, хязгаар нь шаргалтсан гэмтлүүд байна. Тэгэхээр энэ гэмтлүүд тухайн өдөр авсан гэмтэл мөн үү гэдэгт эргэлзээтэй болж байгаа юм. Гэмтлүүдийн өнгө нь өөр байгаад байна. Энэ гэмтлүүдийг тухайн өдөр авсан эсэх тодорхойлолт байхгүй юм. Тийм учраас бүх гэмтлийг П.Б учруулсан гэж яллах боломжгүй. Сүүлд гарсан 853 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд энэ гэмтлүүд бүгдээрээ нийлж байж хөнгөн гэмтэл болно. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийг заасны дагуу гэмтэлд тооцохгүй гэсэн байна. Нотлох баримтын хүрээнд зүүн нүдэнд цохисон хөхрөлтийг П.Б учруулсан. Гэхдээ санаатай биш. Бусад гэмтлүүдийг шүүгдэгч учруулаагүй. Энэ бүх гэмтлийг П.Б учруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Тэгэхээр П.Б хохирогчид хөнгөн гэмтэл учруулаагүй байна гэж үзэж байна. П.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа нь дараах байдлаар няцаагдана. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий тарчлаасан үйлдлийг хуулинд шаардсан байна. Байнга гэсэн үг нь 2 буюу түүнээс дээш ойлголт юм. Тэгвэл П.Быг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тийм учраас үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналтай байна гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд гарагсан санал дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн зүгээс удаа дараа прокурор, мөрдөгч нарт хүсэлт гаргаж байсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь тогтоож өгөх, хүндрүүлж байгаа бол зүйл ангиа нэг мөр бодитоор тогтоож өгөх талаар хүсэлт гаргахаар хүсэлтийг минь хангадаггүй. Тэгсэн мөтлөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлээд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нэг удаа үйлдэх нь зөрчлийн хэрэг байгаа юм. Гэмт хэрэг болохын тулд байнга үйлдэх ёстой байгаа юм. Баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр шүүгдэгч байнга эхнэрээ зодож, дарамталж байсан нотлох баримт огт байхгүй. Хохирогч хутгыг бариад авахад хажууд нь бага охин нь байсан. Тэгэхээр ямар ч эцэг хүн өөрийгөө болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах байдлаар хутгыг булааж авахаас өөр аргагүй байдалд орно. Энд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн санаа зорилго огт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд тооцох хуулийн шаардлага нь байнга гэдэг үгээр тодорхойлогдож байгаа юм. П.Бын үйлдэл бол гэмт хэргийн шинжгүй хэргийн нөхцөл байдал өөрөө ийм байна. Нүдний цус хурах гэмтлийг П.Б санамсаргүй байдлаас учруулж өөр бусад гэмтлүүд, хаалга унах, өөр бусад байдлаар учрах боломжтой байгаа учраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзэж байна. Тийм учраас хэргийг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Уянгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №2962 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 853 дугаартай давтан дүгнэлт, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг болон шүүгдэгч П.Бын мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Эко хорооллын 86 дугаар байрны 06 тоотод эхнэр Б.Уянгатай маргалдан зодолдож биед зүүн нүдний алим, зовхи, баруун зүүн хацар, хүзүү цээж, баруун зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь гэр бүлийн шинжтэй маргааны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд түүний үйлдэлд хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан шинж тогтоогдохгүй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэсгүй байна. Иймд шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ “Хохирогч Б.Уянга нөхрөө айлгах гэж хутга авсан тухайгаа мэдүүлдэг. Шүүгдэгч хохирогчийн хутгыг тавиулах гэж ноцолдох явцад санаандгүй тохойгоороо нүд рүү нь цохисон. Бусад гэмтлүүдийн хувьд хохирогчийг угаалгын өрөөнд оруулахад хаалга өшиглөх, газар унах зэрэг өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас учирсан байх боломжтой. П.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч хохирогчийн мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал зэргээс үзэхэд П.Б нь хохирогч Б.Уянгыг зодож гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогчид болгоомжгүйгээр гэмтэл учруулсан, эсвэл аргагүй хамгаалалт хэрэглэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, түүнд торгох ялыг сонгон хэрэглэж, тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                               ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулйн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Их мэргэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болснос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бод урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС