Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ад холбогдох эрүүгийн

                                                                                    хэргийн тухай

 

 

                                            

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

 

               Прокурор                                               Ц.М

               Иргэний хариуцагчийн төлөөлөгч   Д.Э                      

Шүүгдэгч                                               М.А

Нарийн бичгийн дарга                      Ч.Б нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээрсарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолтой, М.Ад холбогдох, 201714000298 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овгийн М.А.

 

            Шүүгдэгч М.А нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай”   ХХК-ний   “Эрдэнэт” газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд 91-51, ОРХ улсын дугаартай, авто машины чиргүүлээ салгах гэж байгаад  Г.М-н биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээрсарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн М.Аг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 .д зааснаар шүүгдэгч М.Аг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д  зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

Хохирогч Г.М-н нэхэмжлэлийн шаардлагаас 3.941.843 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 37.649.091 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргаж, төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан хорих ялыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6,7 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хохирогч Г.М-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, хохирогчийн эрх ашгийг хохироосон шийдвэр боллоо.

Хохирогч Г.М нь ажлаа хийж байгаад бусдын болон ажил олгогчийн буруугаас үйлдвэрлэлийн осолд орж ослын улмаас түүний баруун гарын сарвууны дунд хурууны ойрын шивнүүр, дунд ядам хуруу, чигчий хурууны дунд шивнүүрийн ил хугарал, алганы урагдсан гүн шарх, дунд ядам хурууны нугалагч шөрмөсний тасрал, долоовор, дунд ядам, чигчий хурууны хөдөлгөөн их хэмжээгээр алдагдсан тул цаашдаа эмчилгээний үр дүнд эргэж хэвийн байдалд орж сэргэхгүй ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 40 хувь алдагдуулсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт болон шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгээр нотлогдсон юм. Өөрөөр хэлбэл насан турш баруун гар ажиллагаагүй явна гэсэн үг юм. Ослын дараа ядам чигчий хурууны нугалагч шөрмөс нь тасарсан тул хурууны үзүүр хэсгийг дунд хэсэгтэй нь арьсаар нь залгаж оёод тогтоосон бөгөөд дунд нь хиймэл үе хийж уртасгавал хэвийн болох юм. Одоо ядам болон чигчий хуруу нь залгаж оёсон арьсан дээрээ санжигнаж явдаг бөгөөд уг 2 хуруу нь мэдрэлгүй тул ямар нэг байдлаар тасарч ч болзошгүй эрсдэлтэй байдалтай болсон байна. Хурууны хиймэл үеийг Монголд хийх боломжгүй учраас Солонгос улс руу эмчлэгч эмч нь холбогдож түүнд тусалсаны үндсэн дээр хиймэл үе хийх боломжтой гэсэн хариу факсаар ирсэн байдаг. Солонгос улсын Бунданг эмнэлгийн эмчлэх төлөвлөгөөг үндэслэн түүнд заасан эмчилгээний төлбөрийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг үндэслэн ажил олгогч “Шунхлай Петролиум” ХХК-ниас нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх ямар үндэслэлээр авч хэлэлцэхгүй орхисоноо шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 3.5-г зөрчсөн байна.

Хохирогч Г.М нь хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан бөгөөд тэр тусмаа баруун гарын сарвуу ажиллагаагүй болсон нь хөдөлмөр хийх боломжгүй, ядахдаа өөрөө өөртөө үйлчлэх ч боломжгүй болсон байгааг шүүх анхаараагүй. Залуу хүн насан туршдаа ийм гартай явахыг хүсэхгүй, хөдөлмөрийн чадвараа яаралтай сэргээхийн тулд баруун гарын ядам болон чигчий хуруунд яаралтай хиймэл үе хийлгэх зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд нийцсэн зайлшгүй шаардлага юм. Гэм хор учруулагч нь хуульд  заасны дагуу хиймэл эрхтэн хийлгэх эмчилгээний зардлыг урьдчилан төлсөний дараа шаардлагатай бол Иргэний хуулийн 507, 513 дугаар зүйлд заасны дагуу буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ нь хохирогчид нэн даруй туслах шаардлагатай шүү гэдгийг зохицуулсан хоорондоо уялдаа холбоотой нэг нь нөгөөгөөсөө ургаж гарсан зохицуулалт юм. Ажил олгогч “Шунхлай Петролиум” ХХК-ний хөдөлмөрийн буруу зохицуулалт буруу хэвшсэн үйл ажиллагаанаас нэг ажилтан нь хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаж хиймэл үе хийх зайлшгүй шаардлага байхад түүнд өдий хүртэл буюу 1 жил 3 сарын хугацаанд зөвхөн нөхөн төлбөр дутуу олгосноос өөр ямар ч тусламж үзүүлээгүй байдаг юм.

Хохирогч Г.М-н эцэг эх нь эрт нас барж бүтэн өнчин үлдсэн ах эгч дүү байхгүй, орь ганцаараа залуу юм. Одоогийн байдлаар өвөөгийндөө Улаанбаатар хотод амьдарч байна. Эхнэртэй нэг хүүхэдтэй байсан боловч эхнэр нь бас баруун гар нь ажиллагаагүй гэж хөдөлмөрийн чадвараа хагас алдсан эмэгтэй байсан бөгөөд өнгөрсөн өвөл шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, тэд айлын хашаанд гэр барьж Г.М-н цалингаар амьдарч байсан хүмүүс юм.

Ажил олгогч “Шунхлай Петролиум” ХХК нь Г.Мг үйлдвэрлэлийн осолд орсон өдөр А/17/3445 дугаартай тушаал гаргаж түүнийг сар бүр 240.000 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэсэн байдаг ч ийм цалинг түүнд олгож байсан баримт байхгүй.

Ажил олгогч нь осол гарсаны дараа энэ тушаалыг гаргасан бөгөөд Г.М үүнийг огт мэдээгүй байдаг. Энэ тушаал ослын дараа гарсан гэдэг нь Г.М-н дундаж цалинг Нийгмийн даатгалын байгууллага 502.922 гэж тооцож тэтгэмж тогтоосоноор нотлогдоно. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин тодорхойлох журам” –д хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор дундаж цалинг тооцохдоо ажилтны сүүлийн 3 сарын дунджаар тооцож тогтоох тухай зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх осолд орсоноос хойшхи буюу Г.Мд огт олгогдоогүй цалин гэх 240.000 төгрөгийг түүнд олгосон цалин гэж үзээд дутуу олгосон цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эмнэлгийн хуудсаар олгосон тэтгэмжийг ч энэ 240.000 төгрөгөөр тооцож зөрүүг нь олгосон нь үнэхээр хууль бус байгааг шүүх анхаарч үзээгүй. “Шунхлай Петролиум” ХХК нь араас хөөцөлдөх тус дэм болох аав ээж ах дүүгүй энэ ажилтанаа хохироохын дээдээр хохироосон байдаг. Нэг талаасаа хөдөлмөрийн чадвараа алдсан үед цалин олгож байсан мэт нийгмийн даатгалын дэвтрийг 240.000 төгрөгөөр бөглөсөн байгаа ч энэ цалинг түүнд олгоогүй бөгөөд энэ мөнгөөр нөхөн төлбөрийг тооцоогүй байдаг.

Хохирогч Г.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохдоо дундаж цалинг буруу тооцсоноос дутуу авсан нөхөн төлбөрийг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх энэ шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгож болох зохицуулалтыг үндэслэн дахин нэг сарын нөхөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх үүнийг “Шунхлай Петролиум” ХХК-ниас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ хийгээгүй байна.

Шүүх хохирогч Г.М-н шүүгдэгч М.Агаас нэхэмжилсэн хохирлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл М.Агаас хохирогч яг юуг нэхэмжилж байгааг ойлгоогүй байна. Энэ цалинг тэтгэмжийн зөрүү, мөн цаашид хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл хугацаанд сар тутам гаргуулж байх цалин тэтгэмжийн зөрүү, эмчилгээний зардал зэрэг юм. Үүнийг тус бүрд нь хэрхэн дүгнэж байгаагаа яагаад хангах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа шийтгэх тогтоолд огт дурдаагүй байх бөгөөд гагцхүү шүүгдэгч бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн эм тариа шатахуунд 261.000 төгрөг зарцуулсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэжээ. Хохирогч Г.М-н өөрөөсөө гаргасан эмчилгээний зардал нь нийтдээ 1.470.532 төгрөг байхад шүүх 1.250.154 төгрөг гэж дутуу тооцоод улмаар нэхэмжлээгүй шатахууны зардал, М.А осолд орсон даруйд өөрөө авч өгсөн эм тарианы мөнгийг одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасч тооцсон нь буруу. Учир нь энэ зардлыг хохирогч нэхээгүй юм.

Ийнхүү Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул түүнийг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаана уу. Шүүх хуралд хохирогч Г.М-н хамт оролцоно гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.С хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Солонгос улсаас факсаар хиймэл үе хийлгэх боломжтой гэсэн хариу ирсэн. Бунданг эмнэлгийн эмчлэх төлөвлөгөөг үндэслэн ажил олгогч “Шунхлай петролиум” компаниас мөнгө нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ тогтоолдоо заасангүй гэжээ.

Шүүх тогтоолдоо... факсаар ирүүлсэн хүлээн авах ба эмчилгээний төлөвлөгөөг үндэслэн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Энэ зөв шүү дээ. Шинжилгээ үзлэг зэрэг бодит ажиллагаа хийгээгүй байж таамгаар төлбөрийг хэзээ ч нэхэж болохгүй.

Г.М-н “Петролиум” ХХК-иас авах ёстой гэж өмгөөлөгчийн гомдолд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нарийвчлан авч үзэж тооцоолж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн.

М.Агаас авахаар нэхэмжилсэн 2018 оны 09 дүгээр сар хүртэл 176.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс эмнэлгийн хуудсаар авсан мөнгөний зөрүү зэргийг өгөх үндэслэлгүйг шүүхийн тогтоолд тодорхой заасан.

Г.М нь сарын дундаж цалин 502922 төгрөг байхаар тооцсон нь үндэсгүй болохыг шүүх тогтоолдоо тодорхой заасан бөгөөд сард 240.000 төгрөгийн цалинтай болох нь тогтоогдсон учир цалингийн зөрүү, тэтгэмжийн зөрүүг болон өмгөөлөгчийн хөлсийг өгөх үндэслэлгүйг шүүхийн тогтоолд:

Хохирогч Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Шунхлай” ХХК-ийн Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулахын харуулын ажилд шилжин ажиллаж сард 240.000 төгрөгийн цалинтай болох нь 0691897 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт Орхон ГТБА-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А17/3445 дугаартай тушаалын хуулбар зэргээр нотлогдож байх тул түүний сарын дундаж цалин 502.922 төгрөг гэж тооцох боломжгүй тул дутуу олгосон цалин 1.178.027 төгрөгийг мөн Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний төлбөр 13.040 доллар буюу 31.978.000 төгрөг, онгоцны тийзийн зардал 1.175.000 төгрөгийг факсаар ирүүлсэн хүлээн авах ба эмчлэх төлөвлөгөөг үндэслэн гаргах үндэслэлгүй байх тул “Шунхлай Петролиум” ХХК-иас нэхэмжилсэн дутуу олгосон цалин, Солонгос улсад эмчлүүлэх зардал зэргийг гаргуулах үндэслэлгүй байна. Мөн хохирогч тухайн осол болох өдөр 240.000 төгрөгийн цалинтай харуулын ажилд тушаал нь гарч ажиллаж байсан тул шүүгдэгч М.Агаас цалин, листний зөрүү 1.116.886 төгрөг, цалингийн зөрүү сар бүр 176.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтан 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан бөгөөд хохирогч Г.М хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нь түүний 0309239 дугаартай тэтгэврийн дэвтрээр нотлогдож байх тул 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр түүний 50 хувь болох 4.526.091 төгрөгийг “Шунхлай Петролиум” ХХК-иас гаргуулах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлөх зардлыг хамруулсан бөгөөд төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь дээрх зардалд хамаарахгүй тул өмгөөллийн хөлс 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлгүй юм. Хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардал нотлох баримтаар 1.250.154 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгч хохирогчид 1 сая төгрөг бэлнээр төлж, эм тариа шатахуунд 261.000 төгрөг зарцуулсан талаар шүүгдэгч хохирогч маргахгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.470.930 төгрөг, дутуу олгосон цалин 1.178.027 төгрөг, цалин листний зөрүү 1.116.886 төгрөг, сар бүр 176.000 төгрөг бүгд 3.941.843 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Солонгос улсад эмчлүүлэх зардал 31.948.000 төгрөг, онгоцны тийз 1.175.000 төгрөг, нөхөн төлбөрийн 4,526,091 төгрөг зэрэг бүгд 37.649.091 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч цаашид гаргах эмчилгээний зардал бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж зөв дүгнэж тодорхой заажээ.

Г.М-н сарын дундаж цалин албан ёсны бичгийн нотлох баримтаар 240.000 төгрөг байхад өмгөөлөгч 502.894 төгрөг гэж үндэсгүй мөнгө нэхэмжилж байгааг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн юм.

Г.М нь гуанз, ресторанд идсэн хоол уусан пиво болон дэлгүүрээс авсан бүх барааны талон болон зарим баримтыг 3-4 хувь хувилж хохирол нэхэж 240 гаруй хуудас материал бүрдүүлж, мөрдөн байцаалтанд өгсөн байснаа буруу юм боллоо гэж татгалзаж байв. Одоогийн нэхэмжилж байгаа зүйлүүд ч гэсэн нотлох баримтын хууль зүйн шаардлагыг огт хангаагүй юм.

Г.М нь Улаанбаатар хотод “Номин” ХХК-д худалдагчийн ажил хийж байна. Өмгөөлөгчийн хэлж байгаа шиг насан туршдаа хөдөлмөр эрхэлж чадахгүй мэт ойлголт байхгүй юм. Хэргийн материалыг уншихад энэхүү үйлдэл нь “үйлдвэрлэлийн осол” болохыг анх газар дээр нь тогтоосон ослын акт, техникийн комиссын дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллагаас баталгаажуулсан акт, шинжээчийн дүгнэлт, зэргээр батлагдаж ажил олгогчийн буруутай ажиллагаанаасаа болсон учир “Шунхлай Петролиум” ХХК нь хуульд зааснаар олгох ёстой хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Мөн шүүхэд иргэний хариуцагчаар оролцсон билээ. М.А нь Г.Мд 1.260.000 төгрөг өгснийг техникийн комиссын дүгнэлтэнд ажил олгогч буруутай учир хуульд заасан хэмжээгээр хохирлыг бүрэн хариуцах, харин М.Агийн Г.Мд өгсөн мөнгийг дэмжлэгт тооцно гэж заасан байна лээ.

 Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагыг хангаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Э хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

 

Өмгөөлөгч гомдолдоо сарын дундаж цалинг буруу тооцсон, мөн гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргуулах ёстой байсан гэдэг агуулгаар гомдол гаргажээ.

Хохирогч Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Шунхлай петролиум” ХХК-ийн Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүний агуулахын харуулын ажилд шилжин ажиллаж 1 сард 240.000 төгрөгийн цалинтайгаар ажилласан нь 0691897 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт А/17 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Солонгос улсад эмчлүүлэх зардал болох дүн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бодит байдалтай холбоогүй зүйлд шүүхээс үнэн зөв дүгнэлт хийгдсэн. /Мөн дээрх баримтууд нь факсаар ирсэн, архи, пиво уусан, хувцас хунар авсан, хэд хэд хувилсан гэх мэт баримтууд байдаг/.

 

Тэтгэмжийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заалт буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувьд алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтан 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасны дагуу 9-н сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгосон. Улсын дээд шүүх дээрх тохиолдлыг тайлбарлахдаа нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно. Хөдөлмөрийн чадвар алдагдалтын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч нөхөн төлбөрийг ажил олгогч нэгээс дээш удаа олгосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн тул дахин нэг сарын нөхөн олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Хохирогч болох Г.М-н хувьд Улаанбаатар хотод “Номин” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд өмгөөлөгчийн бичээд байгаа шиг ийм зовлон байхгүй юм. Мөн манай компанийг харж үзээгүй гээд гомдоод байх юм. Бид өөрт нь болон өмгөөлөгчид нь хүрээд ирээ ажлаа хий, хамтарч ажиллах хүсэлтэй байна гэх мэтээр хандаж байсан. Мөн байгууллагын зүгээс хуулийн дагуу олгох ёстой тэтгэмжийг бүгдийг нь олгож хамт олны зүгээс туслан дэмжиж, мөнгөн болон сэтгэлийн дэмжлэг үзүүлж байсан.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Шүүгдэгч М.А нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Шунхлай” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” ХХК-ний Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд тухайн өдөр харуулд гарч байсан Г.Мг машиныхаа чиргүүл салгах үйл ажиллагаанд туслуулахаар дуудаж 91-51 ОРХ улсын дугаартай  машиныхаа чиргүүлийг салгах гээд машинаа хөдөлгөх үедээ Г.М-н гар троссонд ороогдон татагдаж  биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

               Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

                Хохирогч Г.М нь “Шунхлай Петролиум” ХХК-д ажиллаж байхдаа сард дунджаар 502.922 төгрөгийн цалин авч байсан..., Гэтэл компани 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг дундаж цалинг 372.030 төгрөгөөр тооцож өгсөн учир дутуу олгосон  тул  цалингийн зөрүү 1.178.027 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсон ажилтанд Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.д зааснаар 18 сарын нөхөн төлбөр 9.052.596 төгрөгийн 50 хувь болох 4.526 .091 төгрөгийг, Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний төлбөр 13.040 ам доллар буюу 32.339.200 төгрөг, онгоцны тийзний зардал 1.175.000 төгрөгийг “Шунхлай Петролиум” ХХК-иас, шүүгдэгч М.Агаас 176.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарыг дуустал гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 900.000 төгрөг, эмчилгээний зардал 1.470.930 төгрөг, эмнэлгийн хуудсаар авсан тэтгэмж, дутуу авсан цалин 3. 017 .532 төгрөгийг тус тус  гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

           Хавтаст хэрэгт авагдсан хохирол тооцсон нотлох баримтуудаар хохирогч Г.М нь “Шунхлай Петролиум” ХХК-ний Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулахын харуулын ажилд шилжин ажиллаж байгаад харуулд гарч байсан үед нь гэмт хэрэг болсон ба сарын 240.000 төгрөгийн цалинтай байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, харуулын ажилд орсон тушаалын хуулбар зэргээр нотлогджээ.

 

         Иймд анхан шатны шүүх  хохирогч Г.М-н сарын дундаж цалингаа 502.922 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн дутуу олгогдсон цалин 1.178.027 төгрөг, шүүгдэгч М.Агаас цалин листний зөрүү 1.116.886 төгрөг, цалин тэтгэмжийн зөрүү сар бүр 176.000 төгрөг нэхэмжилснийг  тооцож гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 900. 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний төлбөр 31.948.000 төгрөг, онгоцны тийзний зардал 1.175.000 төгрөг нэхэмжилснийг факсаар ирүүлсэн эмчилгээний төлөвлөгөө нь эрүүгийн хэрэгтэй  хамтатган шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаа тул уг эмчилгээг хийлгэсний дараа буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэлээ бүрдүүлж шийдвэрлэхийг дурьдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

       Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн  гаргасан ...анхан шатны шүүх хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээрсарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

хохирогч Г.М-н өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэлмагадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

 

       ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

 

                                                                                            С.ЦЭЦЭГМАА