Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 84

 

М.Ам-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар магадлалтай 201714000298 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй М.Ам- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ам-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам гаргасан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...тухайн үед байгууллагаас томилогдсон комиссоос тогтоосон үйлдвэрлэлийн ослын акт, техникийн комиссын акт, дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч Г.Мэ- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн гэж үзэж үйлдвэрлэлийн осол гэж судлан бүртгээд мэргэжлийн хяналтын байгууллага албан ёсоор баталгаажуулсан. Үйлдвэрлэлийн ослын бүхий л зардлыг хуульд заасны дагуу байгууллага хариуцаж төлсөн.

Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байхад прокурор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, М.Ам-г цагаатгаж шударга шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буцааж байна.

Цагаатгах тогтоолд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд хангалттай, ач холбогдолтой бөгөөд эдгээр нотлох баримт нь М.Ам-гийн үйлдэл хууль бус гэдгийг нотлоогүй талаар дүгнэсэн байдаг.   

Үйлдвэрлэлийн осол болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон буюу тухайн ажлыг шууд хариуцсан үйлдвэрлэлийн удирдлага буруутай, энэ талаар цагаатгах тогтоолд дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх М.Ам-д ийм буруутай үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах ёстой гэсэн үндэслэлийг магадлалдаа заагаагүй байж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Энэ хэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байхад Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн ангилалд багтах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн өөр ангиллын, өөр бүлэгт хамаарч байгаа зүйл ангиар шийтгэх нь Эрүүгийн эрхийн онолын хувьд ч, хууль хэрэглэх практикт ч байж болохгүй, Эрүүгийн хэргийг буруу зүйчилсэн алдаа юм. Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай тайлбарт албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор хүнд гэмтэл учруулсан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнд /хөдөлмөр хамгаалал зөрчих, замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журам зөрчих зэрэг/ багтаагүй бол энэ зүйлээр зүйлчилнэ гэжээ. Үүнээс үзэхэд дээрх 138 дугаар зүйлийн бүрэлдэхүүнд хамаарах гэмт хэрэг 97 дугаар зүйлээр зүйлчлэгдэх ёсгүй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирогч Г.Мэ- нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгэж байгаад осолдож хүнд гэмтэл авсан нь шүүгдэгч М.Ам-гийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ам-гийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хүнд хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлыг үндэслэн М.Ам-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Ам-г 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” ХХК-ийн Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд 9151 ОРХ улсын дугаартай авто машины чиргүүлийг салгах гэж байгаад Г.Мэ-гийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндэд давхар халдсан байдал тогтоогдсон гэх үндэслэлээр шүүгдэгч М.Ам-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч М.Ам-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу шүүгдэгч М.Ам-гийн үйлдлээс шалтгаалан хохирогч Г.Мэ-д хүнд гэмтэл учирсан эсэх, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, М.Ам-г цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлийг зөв гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, цагаатгах тогтоол гарган шийдвэрлэхдээ хэргийн талаар хийж буй дүгнэлтэд ач холбогдол бүхий яллах дүгнэлтэд дурдсан болон яллах талын нотлох баримтуудыг няцааж буй үндэслэлээ дурдалгүйгээр шүүгдэгч М.Ам-гийн үйлдэл, хохирогч Г.Мэ-д учирсан хүнд гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэсэн анхан шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, улмаар уг дүгнэлтэд үндэслэсэн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН