Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/24

 

Ө.Болдод холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Шүүгдэгч Ө.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ө.Болдод холбогдох 1923001610094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1981 аймгийн Алдархаан сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн 8-6 тоотод оршин суух, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харчу овгийн Өлзийнэмэхийн Болд. Яллагдагч Ө.Болд нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Жаргалантын ам” гэх газраас иргэн С.Даваанямын эзэмшлийн бундан сартай, буруу талын чих гол цуулбар имтэй, хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэзүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Болдод холбогдох 1923001610094 дугаартай хэргийг эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, 2. Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Ө.Болдод өмнө авсан хувибаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

3. Прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөбагтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбал би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцвал: Яллагдагч Ө.Болд нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Жаргалантын ам” гэх газраас иргэн С.Даваанямын эзэмшлийн бундан сартай, буруу талын чих гол цуулбар имтэй, хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлсан гэмт хэргийн үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ө.Болд нь үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр хүсэлт гаргасан, мөн хохирогч С.Даваанямд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч С.Давааням нь яллагдагч Ө.Болдод ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн талаараа бичгээр баталгаа гаргаж наториатоор батлуулж прокурорт ирүүлснийг прокуророос хянаад түүнд холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулахыг мөрдөгчид даалгасан байна. Мөрдөгч нь яллагдагч Ө.Болдод холбогдох эрүүгийн 1923001610094 дугаартай хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж дуусган, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорт ирүүлснийг прокурор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэн, мөн өдөр хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокурор дээрх хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал буюу яллагдагч Ө.Болд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, хэргийн зүйлчлэл, яллагдагч Ө.Болдод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал үйлдэж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд: Шүүгдэгч Ө.Болдод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү шилжүүлэхдээ Ө.Болдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэх бөгөөд тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулсан. Тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж хориглон зохицуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэсэн хориг нь ял оногдуулсан эсэх тухай үр дагаврыг шаардаагүй байна. Шүүгдэгч Ө.Болдын тухайд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн учир түүнийг өмнө нь гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж үзэх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй юм. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг яллагдагч хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэхгүй. Иймд шүүгдэгч Ө.Болдод холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорт буцаасан байна. Дээрх үндэслэлээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Яллагдагч Ө.Болд урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж дууссан нь эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдийн ял шалгах хуудсаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэсэн заалт нь “тухайн яллагдагч нь хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн байх бөгөөд үйлдсэн гэмт хэргүүдийнхээ аль алинд нь шүүхээр ял шийтгүүлээгүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж хориглосон байхаар хууль тогтоогч хуульчилсан байна. Гэтэл шүүгч хуулийн дээрх заалтыг жинхэнэ агуулгаас нь илтэд буруу тайлбарлан, яллагдагчийн урьд ял шийтгүүлсэн, оногдуулсан ялыг биеэр эдлэн хувийн байдалтай нь холбож, түүний “өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэж Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байхгүй нэр томъёог зохиож, яллагдагчийн эрх зүйн байдлыг нь хүндрүүлэн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзэх тухай зохицуулалт нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай болохоос бус ялын хэмжээг тогтооход нөлөөлөх учиргүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн” хүнд хэрэглэж болохгүй гэсэн шууд заасан, хориглосон заалт байхгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл, анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуулинд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам ач холбогдлын талаар танилцуулсан байхыг шаардсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байвал хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхийг заасан байдаг. Шүүгч Ө.Болдод холбогдох хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан. Тухайн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 нөхцөл байдлыг бүгдийг нь хянахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн зүйлд заасан нөхцөл байдалд хамаарахгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн, хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхийн ач холбогдол, энэ хуулийн үзэл баримтлал алдагдахад хүрч, энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ө.Болд нь хохирогч С.Даваанямын хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ө.Болдын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь илтэд буруу тайлбарлан хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна. Яллагдагч Ө.Болд нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Жаргалантын ам” хэмээх газраас иргэн С.Даваанямын эзэмшлийн бундан сартай, буруу талын чих гол цуулбар имтэй, хүрэн зүсмийн эр шүдлэн үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Яллагдагч Ө.Болдод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Ө.Болдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн байна. Тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж хориглон зохицуулжээ. Яллагдагч Ө.Болд нь энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан ”Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй гэсэн хориг нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зохицуулалтаас урган гарч буй зохицуулалт гэж үзэхээр байна. Учир нь энэ зүйл хэсэгт... гэмт хэрэг үйлдсэн хүний “хувийн байдлыг” нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан ба хуулийн энэ зохицуулалтуудыг харьцуулан тайлбарлавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан ”Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэдэгт гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, шийтгүүлээгүй аль аль нь хамаарахаар байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ