Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151

 

Л.А, П.Н, Б.А, Р.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Л.А, П.Н, Б.А, Р.Ж нарт холбогдох 201509000295 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт П-ийн Н,

2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн А,

3. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Т овогт Р-ийн Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж залилах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 01 сар хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай Д овогт Л-ын А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Бүлэглэж, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.А-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, П.Н, Б.А, Р.Ж нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Л.А-ыг 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н, Б.А, Р.Ж нарыг тус бүр 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Л.А нь “Модун” ХХК-д хохирол учруулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, өөрт ногдох 9,000,000 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан үйлдлийг хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлснийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын энэ хэсэгт гаргах гомдол санал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан үндэслэл буюу З.Б-аас 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.А-д хамааралгүй, өөр этгээд болох Д.Э-ыг өмнө нь яллагдагчаар татаж шалгаад иргэд хоорондын зээлээр худалдах, худалдан авах хэлцэл буюу иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Л.А-ын үйлдэлд хамааруулан үргэлжилсэн үйлдэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ үйлдэлд гэм буруутай эсэх нь ноцтой эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь хохирогч З.Б-аас Л.А машин шууд аваагүй. Харин түүний нөхөр Д.Э З.Б-тай гэрээ хийж машин зээлээр авсан нь үнэн боловч энэ хэлцэлд Л.А-ын оролцоо байхгүй, авсан өгсөн эзэн нь /Д.Э/ тодорхой байхад Л.А-ыг хамаатуулан үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Угтаа энэ хэлцэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний маргаан болохоос гэмт хэрэг эсэх нь эргэлзээтэй, гэмт хэрэг мөн гэж үзвэл яллагдагчаар татагдвал зохих этгээд нь Л.А биш юм. Дээрх үйлдэлд Л.А-ын гэм бурууг нотлох баримт гэж тооцсон хохирогч З.Б-ын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэн Д.Э, З.Б нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” нь яаж, ямар байдлаар Л.А-ын гэм бурууг нотлоод байгаа, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болоод байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байхад анхан шатны шүүх харьцуулалгүйгээр шууд гэм бурууг нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасан үндэслэл бий болсон гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Л.А-ыг иргэн З.Б-аас 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, энэ үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Гомдлыг хүлээн авч Л.А-ын хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч З.Б Л.А-ыг мэднэ, Д.Э гэх хүнийг мэдэхгүй гэдэг. Мөн урьдчилгаа авч байж өгнө гэсэн боловч урьдчилгаа мөнгийг наадмын дараа өгнө гэж тохиролцсон мөртлөө түүнээс хойш мөнгө өгөх боломж бололцоо байсан ч машиныг нь малтай хүнд зараад малаа авахаар мөнгөө өгнө гэснээс болж хохирогч цагдаад хандсан байдаг. Хохирогчийн итгэж өгсөн хүн Л.А гэх мэдүүлэг байгаа учраас өөр нотлох баримтын шаардлага байхгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Л.А, П.Н, Б.А, Р.Ж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.А, П.Н, Б.А, Р.Ж нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модун” ХХК-ийн захирал Д.Б-т “Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэж 2014 оны 03 дугаар сарын 20, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд нийтдээ 20,000,000 төгрөгийг авч, 2014 оны 09 дүгээр сард “Модун” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас гэрээний дагуу авах ёстой байсан 25,164,608 төгрөгийн үнэтэй төмрийг өөрсдийн ажлын хөлсөнд авч байгаа хэмээн “Модун” ХХК-д мэдэгдэлгүй авч, бусдад худалдаж, нийт 45,164,608 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.А нь үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр З.Б-ыг залилан түүний худалдаж байсан “Honda Insight” загварын автомашиныг нөхөр Д.Э-ын нэр дээр шилжүүлэн авч 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Модун” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 20, 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд нийт 11,768,600 төгрөгийг хувьдаа завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А, П.Н, Б.А, Р.Ж нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Л.А-ын дээрх үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар, П.Н, Б.А, Р.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүхээс Л.А-ын “Модун” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 11,768,600 төгрөг завшсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсгээр зүйлчилж, уг хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн өмнө нь давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан гомдлын агуулга, үндэслэлээ хяналтын журмаар гомдол гаргахдаа давтан гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү гомдолд үндэслэл бүхий няцаалт хийснийг зөв гэж үзсэн тул түүний гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Л.А нь З.Б-аас автомашин авахдаа төлбөрийг төлөх ямар ч санаа зорилго байгаагүй нь одоог хүртэл З.Б-д төлбөрийг огт төлөөгүй байдлаар нотлогдох бөгөөд З.Б-д автомашин авах тухай санал тавьж, З.Б-ын огт танихгүй, өөрийн нөхөр Д.Э-ын нэрээр гэрээ байгуулж иргэний эрх зүйн гэрээ хэлцлийг залилан мэхлэх аргаа болгосон зэргээр түүний залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, идэвхтэй үйлдэл илэрсэн нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Л.А-ын З.Б-аас автомашин залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж, тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН