Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0353

 

 

 

 
2017 оны 05 сарын 18 өдөр     Дугаар 221/МА2017/0353             Улаанбаатар хот


Б.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.М, хариуцагч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, гуравдагч этгээд Т.Х нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулж тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй хугацааны цалин 4517730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлөлт, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Д-ийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х/-т даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 тоот шийдвэрийн 1-д Нэхэмжлэгч Б.Д-ийн зүгээс “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот “тушаал хүчингүй болгох тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилох акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... гээд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох” тухай тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаал, хавсралт-аар тус Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийт 44 орон тоог баталсан байх ба нэхэмжлэгчээс дотоод ажил, хүний нөөцийн чиг үүрэг нь Захиргаа, хяналтын хэлтсийн даргын чиг үүрэгт шилжсэн тул намайг Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын ажилд томилж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэгч Б.Д шаардлагаа тодорхойлжээ гэжээ. Ингээд Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08-р “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн" гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь Захиргаа, хяналтын хэлтсийн даргад шилжсэн, агуулга нь хэвээр хадгалагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул тэргүүн ээлжид нэхэмжлэгч Б.Д тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах давуу эрхтэйг хуульчилсан байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: "Ажил олгогч Г.Х нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Д-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргахдаа:" Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27-р зүйлийн 27.2.4 дэх заалт, Засгийн Газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 09 дүгэр тогтоолыг тус тус удирдлага. болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байтал, шүүх Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Х нь мэргэжилтэн Б.Д-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар чөлөөлсөн мэтээр ташаа ойлгож Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарлан буруу дүгнэсэнд гомдолтой байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар уг газрын бүтцэд байсан дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоог хассан нь Улсын Дээд шүүхийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн ...энэ хэсэгт заасан “орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-д заасан “...орон тоо хасагдсан...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно гэж тайлбарласан бөгөөд уг тогтоолын 15.1.1 т “...орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэсэн заалттай Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х-ийн хууль сонгож, зөв хэрэглэсэн заалттай нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилуулах шийдвэр гаргахыг даалгах тухай шаардлага тавиагүй”, зөвхөн дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг Захиргаа, хяналтын хэлтсийн даргын үүрэгт багтсан байх тул ТЗ-7-2 шатлалаар цалингаа нэмэгдүүлэхээр, мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэсээр байхад шүүх дээрх асуудалд буруу дүгнэлт хийж, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан мэтээр тайлбарлаж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
Үүнээс гадна Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаалаар Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/17 тоот тушаалыг хүчингүй болгохдоо Б.Д-т 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хугацааны холбогдох тооцоо хийхийг Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х-д үүрэг болгосноос бус Б.Д-ийг Захиргаа, хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилох шийдвэр гаргаагүй бөгөөд боломжгүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна.
2. “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 тоот шийдвэрийн 2-т” Нэхэмжлэгч Б.Дашбилэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10, 11, 12-р cap, 2017 оны 1, 2, 3-р 2. “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 тоот шийдвэрийн 2-т” Нэхэмжлэгч Б.Дашбилэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10, 11, 12-р cap, 2017 оны 1, 2, 3-р сарын цалин олговорт нийт 4517730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд ... гээд нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 03-аас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 4517730 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТЗ-7-2 шатлалаар бодож сарын үндсэн цалинг 627465 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг хангах үндэслэлгүй, харин дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалын үндсэн цалингаар буюу ТЗ-5-2 шатлалаар, сарын 549933 төгрөгөөр тооцож 2016 оны 10, 11, 12, 2017-оны 1, 2, 3-р сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагч Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаалаар Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон хэдий ч тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилгоог хийгээгүй, томилох эрх бүхий субъектээс дээрх албан тушаалд Б.Д-ийг томилсон ямар нэг шийдвэр гаргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ТЗ-5-2 шатлалаар тогтоосон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн 2 дахь заалт нь шүүхийн шийдвэрийн 1 дэх заалттайгаа логик холбоогүй, өмнөх шийдвэрийн заалтаа үгүйсгэсэн байдлаар харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан иргэн Б.Д-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар 01-ний өдрийн Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулж тус газрын Захиргаа, хяналтын даргаар томилох шийдвэр гаргахыг даалгасугай гэсэн заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Х-д холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Т.Х-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хэмээн үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Б.Д нь 2017 оны 2 сарын 16-ны өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах” шаардлагыг гаргасан байна.
Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х-ийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгосон гэх Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/255 тоот тушаал нь хууль бус болох нь дараах байдлаар нотлогддог. Хэрэгжилтийг хангуулахыг даалгасан дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажилтанд олгох олгох цалин хөлс нөхөн олговрыг хэрхэн олгох тухай” хуулийн зохицуулалт юм. Б.Д-ийг захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө ажилд эргүүлж томилсон шүүхийн ямар ч шийдвэр гараагүй байхад илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд нараас ХХҮХ-ийн Ерөнхий газрын даргын Б/255 тоот тушаалыг мэдсэнээс хойш хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй, хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй зэргээ шүүх хуралдаан дээр тус тус тайлбарласан” гэжээ.
Б.Д-г нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай асуудлаараа анх Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан байх ба өргөдлийг хүлээн авч харьяалал тогтоон 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 1186 албан тоотоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт өргөдлийг шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Захиргааны Ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.9 дэх заалтыг тус тус зөрчсөн ба дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус акт юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандах эрхтэй хэмээн үзэж байна.
Нэхэмжлэгч Б.Д нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд шүүх бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Учир нь нэхэмжлэгч талын тайлбараар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрсдөө Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт очиж байж мэдэж тушаалыг авсан гэж тайлбарладаг боловч тухайн цаг хугацаанд авсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь гомдлыг шийдвэрлэсэн талаар захиргааны акт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
3. Нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэл нь зөвхөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/55 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл ба шүүх маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт хийж шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаа ТЗ-7-2 шатлалаар тооцож нэхэмжилж байгаа тухайгаа шүүх хуралдаан дээр тайлбарласан ба шүүх маргааныг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ТЗ-5-2 шатлалаар тооцож олгосон нь нэхэмжлэгчийн шаардлагад дурьдагдаагүй асуудалд дүгнэлт хийсэн. Мөн Шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтаараа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тушаалын хэрэгжилтийг хангуулж тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасан. Гэтэл Б/255 тоот тушаал нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Х Б.Д-ийг дотоод ажил хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд түүнийг биелүүлэх үндэслэлтэй гэж үзвэл өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилох эрх зүйн үр дагавар үүснэ.
Харин Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажил үүргийг дангаараа гүйцэтгэх албан тушаал биш бөгөөд зөвхөн зарим чиг үүрэг нь хамаарч байгаа юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар албан тушаал нь хэвээр хадгалагдсан ажлын байр хэмээн үзэх боломжгүй байна.
4. Шүүх шийдвэрийн “Тогтоох” хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь заалтыг баримталсан байна.
Дээрх хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зохицуулалт юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт /шийдвэрийн 8 дугаар талд/ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгов гэсэн нь агуулгын хувьд үлдэх хэсгийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан мэт ойлгомжгүй бөгөөд энэ нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн хэмээн үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4517730 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж” маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.
Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалын хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эс үйлдэхүйн талаар дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байжээ.
Анх нэхэмжлэгч Б.Д нь “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх” тухай Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан байна.
Харин 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х-д хариуцуулан захиргааны акт гаргахыг даалгах” гэж өөрчилжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Д нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн 106.3.4-д заасан “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус ... захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” болгож өөрчлөн гаргажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн тэрхүү хүрээнд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй байна.
Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.
Дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн үндэслэл болон нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас үзвэл анхан шатны шүүх “захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус” эсэхэд дүгнэлт өгөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байжээ.
Иймд анхан шатны шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалыг хэрэгжүүлэх талаар нэхэмжлэгч Б.Д нь хэнд, хэзээ хандаж өргөдөл, гомдол гаргасан, хуульд заасан хугацаанд уг тушаалыг шийдвэрлэхгүй, биелүүлээгүй эсхүл орхигдуулсан гэх хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн болохыг тогтоож, түүнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн шүүх, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаал гарсныг мэдээгүй, одоо болтол надад эх хувь нь ирээгүй байна” гэсэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тодруулах, энэхүү тайлбарт нь холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, “захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нөхцөлд нэн түрүүнд хариуцагч Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалыг хэзээ мэдсэн эсэх, уг тушаалыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэхгүй, татгалзсан эс үйлдэхүй гаргасан эсэхийг шүүх шалгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн шүүхээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ...” гэж заасан үндэслэлээр “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар Б.Дашбилэгийг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй юм.
Тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 дугаар тушаалаар “нэхэмжлэгч Б.Дашбилэгийг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилох” гэж заагаагүй, нэхэмжлэгч Б.Д-ийг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа нь “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/255 дугаар тушаал гарсныг мэдээгүй, одоо болтол надад эх хувь нь ирээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тушаалыг шүүх хуралдаан дээр мэдсэн. Ерөнхий газрын даргын тушаалыг хэрэгжүүлье гэхээр орон тоо байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн “... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч ...” гэсэн тайлбарыг тодруулснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан нөхцөл байдал үүсэхээр байгааг анхаараагүй бөгөөд хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын төрөл, хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэлт хийгээгүй” зэргээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Үүнээс гадна шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар маргаан бүхий захиргааны актад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэхээр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгох нь зүйтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Э.ЗОРИГТБААТАР
                    ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР