Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 278

 

“Э” ХХК, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал,

газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:          Б.Мөнхтуяа

                         Д.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Э” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Улаан Толгой” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Э” ХХК-ийн NE-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлага: “2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Б” ХХК-ийн NE-026053 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0237 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, өмгөөлөгч Ш.А, “Э” ХХК-ийн төлөөлөгч Р.О,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, “Э” ХХК-ийн төлөөлөгч Р.О, өмгөөлөгч Ө.О, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Э” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Улаан Толгой” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Э” ХХК-ийн NE-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн “2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Б” ХХК-ийн NE-026053 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0237 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 дугаар зүйлийн” гэсний өмнө “11 дүгээр зүйлийн 11.1.16”, “17.5.2” гэсний дараа “19 дүгээр зүйлийн 19.6” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК, “Э” ХХК, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисон.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадалын Хянавал хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зуйлийн 19.6-д ... зааснаар аймгийн Засаг даргын дэмжсэн санал нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болно. Төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт болох бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК, “Э” ХХК-уудын тухайд тухайн Засаг даргын саналуудтай маргаагүй байна. Үүнээс үзвэл төрийн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх боломжгүй” гэжээ.

4. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай дах Засаг даргын “санал” дараах эрх зүйн үр дагавар үүсгэхээр хуульчилжээ.

4.1. Засаг дарга дэмжсэн санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болно. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6,

4.2. Засаг дарга дэмжээгүй санал ирүүлсзн тохиолдолд, а. Хуульд заасан үндэслэлээр татгалзсан санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, b. Хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан санал ирүүлсэн тохиолдолд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд төрийн захиргааны байгууллага бие даан шийдвэрээ гаргана. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгэр зүйлийн 19.5-д “Аймаг нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэснийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 10-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласнаас үзэхэд аймгийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжихгүй санал ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэхээр байна”, Мөн хуулийн дээрх агуулгын хүрээнд Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хапгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны дотоод зааврын 4.5-д аймаг нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүйгээр дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлын асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж, эрх зүйн шүүлт хийсний дараа кадастрын асуудал эрхэлсэн нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж журамласан байна.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх “хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал нь” түүнийг хуульд заасан үндэслэлээр гаргасан эсэхээс үл хамааран шууд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно гэж Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болжээ. “Санал” гэдэг нэр томьёо, хууль зүйн ойлголтын хувьд аль ч тохиолдолд эрх зүйн үр дагавар шууд үүсгэдэггүй бөгөөд харин шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хандсан хүсэлтийн шинжтэй байдаг. Тиймээс аль ч төрлийн захиргаа “санал” хэлбэрээр эцсийн шийдвэр гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, уг “санал” нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн үндэслэл болохоос биш хэлтсийн даргын шийдвэртэй адил эрх зүйн хүчин чадал бүхий акт биш юм.

7. Шүүхийн тус шийдэл Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан болон Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байна. Энэ нь нөхцөл шаардлагыг хангаж журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг авах эрх бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон
хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж
болохгүй” гэж заасныг зөрчсөн.

9. Магадлалын Хянавал хэсэгт “Анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллаганы дотоод заавар”-ын 4.5 дах заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасантай зөрчилтэй зохицуулалт, энэ нь хуулийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болохгүй тул эдгээр асуудлаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй” гэж дурджээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д заасан заалт “Засаг дарга дэмжсэн санал өгсөн үед үргэлжлэх процессийг зохицуулсан зохицуулалт” бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллаганы дотоод заавар”-ын 4.5 дахь заалт нь дэмжсэн санал өгсөн тохиолдлыг бус харин дэмжээгүй санал хүргүүлсэн тохиолдолд цаашид үргэлжлэх процессийг зохицуулсан зохицуулалт тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-г зөрчсөн зохицуулалт гэж үзэх боломжгүй.

10. Харин тус журмын 4.5-аар Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “19.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан зохицуулалтыг тус хуульд нийцүүлэн нарийвчласан байна. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллаганы дотоод заавар” нь хуулийг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний акт юм. Иймд тус хэм хэмжээний акттай холбогдуулан маргаагүй байхад түүнийг хуульд нийцээгүй талаар дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчжээ.

11. Дээрх байдлаар процесийн хууль зөрчиж, маргаагүй актыг “хууль бус” гэж дүгнэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгож байгаа эрх зүйн хэм хэмжээг хууль зөрчсөн гэж дүгнэж, улмаар тус журмыг зөрчсөн захиргааны үйлдлийг зөвтгөж шийдвэрлэжээ.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалын Хянавал хэсэгт “өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан талбай нь нэгэнт Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07 дугаар тогтоолуудын үйлчлэлд хамаарч, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн “өргөдөлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, “маргаан бүхий Улаан нэртэй талбайд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагуудыг хангах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан шүүхийн зорилгодоо нийцсэнгүй. Татгалзсан шийдвэр “хууль бус” гэдэг нь тус захиргааны акт гарах үед захиргааны үндэслэл болгосон хууль тогтоомж болон бодит үйл баримтад нийцээгүй байхыг ойлгох бөгөөд шүүх дээрх хүрээнд нь хянаж “хуульд нийцээгүй, үндэслэл бүхий бус” татгалзал байсныг тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс даалгах шийдвэр гаргана. Захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримт, тэр дундаа захиргааны акт гарсны дараа бий болсон үйл баримт, шийдвэр, хууль зэрэг нь тухайн захиргааны актыг зөвтгөх, эсвэл буруутгах аль нэгэн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны акт зөвхөн өмнөх үйл баримт болон хууль тогтоомжид үндэслэх ёстой.

14. Түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр үүссэн үйл баримтыг үндэслэл болгож шийдвэрлэж буй захиргааны акт /хууль бус татгалзал/-ыг хууль ёсны гэж шийдвэрлэх нь маргаж буй хоёр талын хариуцагч талд шүүх тусалж байгаа үйл ажиллагаа юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчсөн процесс юм. Захиргааны хэргийн шүүх захиргааны өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрийг тухайн цаг хугацаандаа хуульд нийцүүлэн гаргасан эсэхийг хянадаг шүүхийн байгууллага болохоос өөрөө маргаан шийдвэрлэж буй хуулиа хэрэгжүүлэх захиргааны байгууллага биш.

15. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын Хянавал хэсэгт “Үүнээс гадна анхан шатны шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийн хувьд, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд хийсэн дүгнэлтүүдийн хувьд, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дүгээр зүйлээр тус компанийн “...Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Э” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардалагыг дүгнэжээ.

16. Уг хэргийн оролцогчдын зүгээс “Э” ХХК-ийг хамгийн түрүүнд нэхэмжлэл гаргасан этгээд мөн эсэхийг хэн ч маргаагүй бөгөөд гагцхүү талуудаас “Э” ХХК нь хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаж, улмаар нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан уу, үгүй юу гэдэгт мэтгэлцсэн болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын газарт хандаж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/16 тоот албан бичгээр, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16/03 тоот албан бичгүүдээр...гомдол гаргасныг Ашигт малтмалын газрын даргаас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэж, 12/2389 тоот албан бичгээр...хариу өгсөн, нэхэмжлэгч “Э” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл, түүнийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэжээ.

17. Ийнхүү дүгнэсэн нь доорх байдлаар хууль зөрсөн байна. Үүнд:

17. 1. “Э” ХХК-д өргөдлөөр хүссэн талбайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тодорхой ажиллагаа хийж тус хуулийн 19.3-т зааснаар тухайн аймгийн Засаг даргад хандан бичгээр мэдэглэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот тэмдэглэл, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан албан бичиг тус тус авч эдгээрийг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоотоор татгалзсан хариу өгсөн байдаг. Уг хариу нь тус хуулийн 19.5-д заасан шаардлагыг хангаж байсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 5 дугаар 12-ны өдөр 366 тоот шийдвэрээр “Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Ашигт малтмалын газраас шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн байдаг ба 366 тоот шийдвэрийг дээрх хугацаанд олж мэдсэн гэдгээ “Э” ХХК хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэх агуулгыг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарладаг. Иймээс захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /тухайн цаг хугацанд үйлчлэж байсан/-ийн 6.1-д зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргаагүй тул дээд шатны захиргааны байгууллагаас үүнээс хойш урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан аливаа гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй байх хууль ёсны эрх үүснэ.

17.2. “Э” ХХК 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр утсаар татгалзсан хариу өгсөн тэмдэглэл 233 дугаар хуудсанд байна. Тус татгалзсан хариуг хүлээн авсан “Э” ХХК нь мөн дээр заасан хуулийн хугацаанд бус 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу шүүхэд   нэхэмжлэл   гаргах   ёстой   байтал   шүүхэд   нэхэмжлэл   гаргалгүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн.

17.3. Хэрэв нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдөр ахин гомдол гаргах бус хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр шүүхэд хандах боломжтой байсан боловч тус ажиллагааг хийгээгүй. Иймээс нэхэмжлэгч “Э” ХХК нь дээрх хоёр байдлаар урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан бөгөөд эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ. Гэтэл шүүх хэрэг үүсгэсэн ба дээрх нөхцөл байдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх хуульд заасан ямар ч хугацааг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч этгээдийн хоорондоо зайтай гомдлууд, түүнд өгсөн тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 34 дүгээр зүйлийн 34.1.8 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус зөрчжээ.

18. Анхан шатны шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн дарга нь “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 тоот шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгуулж, өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-18 дугаар хуудсанд “...Өөрөөр хэлбэл ... “Э” ХХК-ийн өргөдөлд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай саналын хуудсаар “сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн “Зөвшөөрөхгүй” санал өгсөнөөс үзэхэд маргаан бүхий ... 538 дугаар шийдвэрүүд нь Говь-Алтай аймгийн Засаг даргын “Хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэсэн нь хууль бус шийдвэрүүд болжээ гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ. Шүүх дээрх байдлаар “Э” ХХК-аас гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн захиргааны 538 тоот шийдвэр хууль бус гэж дүгнэсэн.

19. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18 дугаар хуудсанд “Гэвч маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэсэн ганц дүгнэлтээр бүх зүйлийг хаасан. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хуулийн дээрх агуулгад “нэхэмжлэгчийн эрх сэргэхээр бол” гэх агуулга огт байхгүй. Шүүхийн хууль бус гэж дүгнэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж, хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул хийх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Гэвч шүүх ямар үндэслэлээр хүчингүй болгохоос татгалзсан талаар үндэслэлийг зааж, нэрлэсэнгүй. Иймээс захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас хууль ёсоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тодорхой байтал тухайн алдааны үр дагаврыг засах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлсэнгүй.

20. Шүүхийн шийдвэр дээрх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол

21. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, аймгийн Засаг дарга нь “дэмжээгүй санал” ирүүлсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгуй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

22. Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Э” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Шүүх “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл нь хуанлийн цаг хугацааны хувьд хамгийн түрүүлж гаргасан өргөдөл байна гэж дүгнэсэн. Үүнтэй хариуцагч болон бусад нэхэмжлэгч, гуравдагч этгээд ч маргаагүй бөгөөд бүрэн нотлогдсон үйл баримт юм. Хариуцагч нь “Э” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуулийн шаардлага хангасан байна хэмээн бүртгэн авч, орон нутгаас санал авахаар албан тоот явуулсан нь хэрэгт авагдсан бөгөөд тухайн үед мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээд нь “Э” ХХК гэдгийг нотлох юм.

23. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 тоот шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ Кадастрын хэлтэс “орон нутгийн санал” гэсэн ба орон нутгийн санал нь тухайн газар булш бунхан, түүх дурсгалын хадны сүг зураг байгаа гэж үндэслэсэн байна. Манай компанийн хувьд үнэхээр тийм бол тусгай зөвшөөрөл олгохгүй юм байна гэж үзсэн. Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг мэдэх ямар ч үндэслэл байгаагүй юм. Харин үнэхээр хадны сүг зураг, булш бунхан байдаг бол тухайн талбайг өргөдлийн талбайгаас хасагдаж байна л гэдэг ойлголтыг Кадастрын хэлтсийн шийдвэрээс олж авсан байсан. Харин хариуцагч нь “Э” ХХК-д орон нутгийн заасан шалтгаанаар татгалзсан шийдвэр гаргасан атлаа дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлаад байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрөл эзэмших” хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдэр болсон ба харин шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

24. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын тухайд. Дээрх актыг хууль бус гэж үзэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг хэрэглээгүй. Магадлалд 19 дүгээр зүйлийн 19.6-г дурдаж, зөвхөн аймгийн Засаг дарга дэмжсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрхтэй мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байх тохиолдлыг хуульчилсан бөгөөд үүнд, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн өргөдөлтэй давхцаагүй байх гэжээ. Засаг дарга дээрх заалтаас дурдан дэмжээгүй бол хуульд заасан үндэслэл болох байсан.

25. Говь-Алтай аймгийи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор хэдийгээр маргаж байгаа газар давхцаж байгаа боловч энэхүү тогтоолоор тусгай хэрэщээнд байлгах хугацааг 5 жилээр тогтоосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “...тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” хэмээн заасан. Гэтэл тухайн үед 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 тоот хууль бус шийдвэр хүчин төгөлдөр байх тохиолдолд мөн л бидний эрх зөрчигдөх юм.

26. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Э” ХХК-ийн NЕ-025069 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах тухайн цаг хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой л байсан. Шүүхэд өргөдөл гаргаснаас хойш манай компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа байнга дэмжиж, ямар нэгэн шалтаг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан, хүсэлт гаргасан ганц ч удаа байхгүй. Харин хариуцагч болон гуравдагч этгээд, нэхэмжлэгч “Э” ХХК-иуд нь байнгын ямар нэг шалтаг шалтгаан зааж шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийн ажилд ч ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж байсныг дурдмаар байна. Эдгээрийн буруугаас орон нутгийн тогтоол гарахаас өмнө маргаанаа шийдвэрлүүлж чадаагүйд маш их гомдолтой байна. Шүүх маргаан гарах тухайн цаг үеийн байдлыг үнэлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс газар нутаг тусгай хамгаалалтад байх цаг хугацаа дуусахад өргөдлийг шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн анхан шатны шүүх шийдвэрээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа хуулийг үндэслэн гаргасан бол давж заалдах шатны шүүх урьд нь мөрдөж байсан хуулийн заалтыг нэмж оруулснаар хууль зөрчсөн.

27. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед гаргаж өгсөн нотлох баримт гэх Говь-Алтай амйгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 08 тоот тогтоолыг нотлох баримтаар үнэлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байна гэж дүгнэсэн. Харин хэрхэн яаж хэсэгчлэн давхцалтай болохыг тогтоосон, энэ нь үнэхээр Бигэр сумын тогтоол мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй байна. Шүүх энэхүү ойлгомжгүй нотлох баримтыг үнэлэн шийдвэрт дурдсанаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 34 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

28. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэхэд шүүхээс шүүх хуралдааныг удаа дараа зарлаж, хариуцагч тухай бүр мэдэж байсан. 2017 оны 12 дугаар сараас хойш шүүх хуралдааныг 14 хоног тутам зарлаж, тухай бүр оролцогчид цуглардаг байсан. Хариуцагчийн зүгээс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг тухайн цаг үед нь гаргаж өгөлгүй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурлын өмнө гаргаж өгсөн бэ, яагаад хариуцагч төр захиргааны байгууллага нь өөрөө шүүх болон оролцогчдыг үл хүндэтгэсэн, хуулиа зөрчсөн үйлдэл гаргаж байна вэ. Яагаад шүүхээс түдгэлзүүлснийг мэдсээр байж өргөдөл аваад байдаг юм бэ, яагаад шүүхэд яг нэг талбайн талаар маргаан явж байгааг мэдсээр байж өөр компанид тусгай зөвшөөрөл олгосон байгаа мэт тайлбарыг нэхэмжлэгч “Э” ХХК-д болон шүүхэд өгч ирсэн бэ, шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим яагаад үйлчлэхгүй байна. Манай компанийн хувьд хариуцагчийн хууль бус үйлдлүүдэд үнэхээр гомдолтой байна. Дээр дурдсанчлан Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргахад “Б” гэдэг компанид тусгай зөвшөөрөл олгогдсон байна гэдэг тайлбар өгч байсан, шүүх дээр “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгааг мэдсээр байж шүүхийн удаа дараагийн шаардлагад үл мэдэн будилсан хариу өгч байсан. Үүнийг шүүхийн зүгээс анхааруулж, арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь хэрэг маргааныг шийдвэрлэх цаг хугацааг хойш татаж, бидний зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд санаатайгаар саад, тотгор учруулах зорилго агуулсан.

29. Иймээс дээрх үндэслэлийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0237 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

30. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас өмнө гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагуудыг шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байхад шүүх хурлын шийдвэр болон магадлалд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн мэтээр дүгнэж, шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Б” ХХК нь шүүх хуралд ямар ч бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд шийдвэр гаргасан шүүх хурлаар бие даасан ямар ч шаардлага хэлэлцээгүй болно.

31. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0089 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0237 дугаар магадлалаас гуравдагч этгээд “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

33. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актыг үндсэн шинжээр нь тодорхойлсон байдаг, иймээс захиргааны шийдвэр ямар нэртэй байхаас үл хамааран /тухайлбал “санал”, “дүгнэлт” гэх мэт/ хуульд заасан үндсэн шинжүүдийг агуулж байвал захиргааны акт гэж үзнэ.

34. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход чиглэсэн дараалсан шинжтэй, хэд хэдэн шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан байна. Энэ ажиллагааны онцлог нь эцэстээ нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэгээрээ нэг нь нөгөөтэйгээ уялдсан, захиргааны дотоод актууд гардаг ч зарим тохиолдолд цуврал шийдвэр нь гадагш чиглэсэн захиргааны акт байж болно. Тодруулбал, эцсийн шийдвэрийн (жишээ нь ашигт малтмын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь) эрх зүйн үр дагавар нь өмнөх шийдвэрээс шууд хамаарч байвал түүнийг бие даасан эрх зүйн зохицуулалттай захиргааны акт гэж үзнэ. Харин эцсийн шийдвэр нь өмнөх шийдвэрээс шууд хамааралгүй буюу шийдвэр гаргах ажиллагааны явцад гарах бусад захиргааны байгууллагын санал, дүгнэлт зэргийг эцсийн шийдвэр гаргагч нь шийдвэртээ заавал тусгах үүрэг хүлээхгүй (гэхдээ харгалзаж үзэх эрхтэй) бол түүнийг дотоод акт гэнэ.

35. Тэгвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан Засаг даргын санал нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн эрх зүйн шууд үр дагавар болж байгаагаараа бие даасан эрх зүйн үр дагавар (зохицуулалт) бүхий захиргааны акт болж байна. Тодруулбал, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ... өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэжээ. Энд заасан “...олгох шийдвэр гаргаж, ... мэдэгдэнэ” гэсэн нь төрийн захиргааны байгууллагад эрх олгосон заалт биш, харин үүрэг болгосон заалт байна.

36. Иймд, “Засаг даргын санал нь захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаар маргаагүй учир уг саналыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэр /тагалзал/-ийг хууль бус гэж үзэх боломжгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй учир нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тогтоолын Тодорхойлох хэсгийн 21-24-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

37. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ыг үндэслэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх эрх зүйн хэм хэмжээний эрэмбэд үндэслэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй тул “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-11-д заасан гомдол үндэслэлгүй.

38. Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнчлэн, нэгэнт нэхэмжлэгч нараас Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” гэх дэмжээгүй саналтай маргаагүй тул түүнийг үндэслэсэн хариуцагчийн татгалзал /маргаан бүхий актууд/ хууль бус болох нь тогтоогдоогүй, иймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Түүнээс гадна, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны эс үйлдэхүй/татгалзал хууль бус болох нь тогтоогдсон ч хэрэв захиргаанд “сонгох боломж” байгаа бол шүүхийн хяналт хязгаарлагддаг. Шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд хариуцагч тухайн захиргааны актыг шинээр гаргах үүрэг хүлээдэг, өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь ирээдүйд чиглэгддэг гэж болно. Иймд, хариуцагчийн хувьд тухайн актыг гаргах эрх зүйн боломжтой байхаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай. Гэтэл энэхүү маргааны хувьд хэргийн оролцогчдын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж буй талбайг эрх бүхий этгээдээс орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох боломжгүйгээс хэргийн оролцогчдын хэн нэгний шаардлагаар эрх зүйн хэм хэмжээг зөрчин шийдвэр гаргахыг шүүхийн зүгээс хариуцагчид даалгах боломжгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 13-14, 18-19, 25-29-д заасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангах боломжгүй.

39. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гэж үзэж буй тул тус компанийн нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн агуулгатай “Э” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд /Тодорхойлох хэсгийн 15-17/ дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

40. Гуравдагч этгээд “Б” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бие даасан шаардлага гаргасныг шүүх 2017 оын 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж 104 дүгээр тогтоолоор хүлээн авсан, хэргийн бусад оролцогчдоос хариу тайлбаруудыг өгсөн, түүнээс хойш тус компанийн зүгээс бие даасан шаардлагаасаа татгалзаагүй байх тул “бие даасан шаардлага гаргаагүй байхад шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь буруу, иймд магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу” гэсэн гомдол /Тодорхойлох хэсгийн 30-31/ мөн үндэслэлгүй.

41. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0237 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Э” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ