Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0200

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0200

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баатарын Азжаргал /РД:ТЛ90121488/,

Хаяг: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 36Б байрны 49 тоот,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын   ахлах байцаагч Э.Булганчимэг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын   хэлтсийн хяналт шалгалтын улсын   байцаагч   Н.Гэрэлээ,  Хан-Уул  дүүргийн  Нийгмийн  даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал нар.

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагч Э.Булганчимэг, Н.Гэрэлээ, О.Оюунжаргал нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч Э.Булганчимэг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Гэрэлээ, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Азжаргал шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Б.Азжаргал миний бие нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 1 сараас хойш тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байгаад 2019  оны  10  дугаар  сарын  01-ний  өдрөөс  эхлэн  жирэмсний  амралтаа

 авсан бөгөөд одоогоор амаржсаны амралтын хугацаанд байгаа билээ. Гэтэл жирэмсний амралтаа авснаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2419076 тоот улсын байцаагчийн акт гарсан байна. Уг актаар миний биеийг нийгмийн шимтгэлийн тайлан ирээгүй буюу, “Шимтгэлийн цахим систем”-д шивэгдээгүй О.Энхзаяа гэх хүнд үндэслэлгүйгээр жирэмсний тэтгэмж болох 1.876.725 төгрөгийг олгохоор бодсон тул орлого шимтгэлийн байцаагч Ж.Минжмаагийн хамтаар уг мөнгийг хариуцан төлүүлэхээр болсон байна. Дээрхи нөхцөл байдлыг буюу ийнхүү улсын  акт гарсан болохыг миний бие мэдээгүй, надад танилцуулаагүй. Харин Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний бие болон Ж.Минжмаа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны  09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гардан авах үед мэдсэн юм. Ийнхүү миний бие уг акт үндэслэлгүй, хууль бус байх тул өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн дээд албан тушаалтан Сонгинохайрхан дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханд, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус хандсан боловч тусыг эс олсон тул ийнхүү шүүхэд хандаж байна. Хамгийн сүүлд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гомдлын уг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолон миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шуудангаар дамжуулан авсан болно.

Дээрхи 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2419076 тоот улсын байцаагчийн акт нь дараах хууль зөрчиж миний биед холбогдуулан гаргасан байх тул хууль бус гэж үзэж байгаа болно. Үүнд:

1 .Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь заалт “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно” гэснийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалын 4.2.1-т “Даатгуулагч жирэмсний тэтгэмж авах тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ” гэж журамласан байдаг.

2. НДСОТТТХ-ийн 25 дугаар зүйлийн 2-д “ Жирэмсний тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, ... үндэслэн олгоно” гэж хуульчилсан.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна.” гэж заасныг үндэс болгон УНДЕГ"-ын даргын 1995 оны 77-р тушаалын 1-р хавсралтаар баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай зааж өгсөн  байдаг. Үүнд: ” Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар”-ын 1 дүгээр зүйлийн 2-т: “Нийгмийн даатгалын дэвтэр нь даатгуулагчийн шимтгэл төлснийг нотлох, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэмж төлбөр авах үндсэн баримт болно” гэж зохицуулсан байна. Жирэмсний тэтгэмжийг олгохдоо нэгдсэн мэдээллийн баазад орсноор тэтгэмжийг тогтооно гэсэн хуулийн заалт байхгүй билээ.

Энэ бүхнээс харахад нийгмийн даатгалын дэвтэр баталгаажсан байхад миний бие жирэмсний тэтгэмжийг бодохгүй байх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл миний бие зөвхөн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тэтгэмжийн хувь хэмжээг хянаж, түүнийгээ хяналтын байцаагчид шилжүүлдэг учиртай юм. Харин ажил үүргийн хувьд нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах эрх бүхий этгээд нь орлого, шимтгэлийн байцаагч бөгөөд миний бие зөвхөн уг тэтгэмжийн хэмжээг программд оруулж, маягтыг болон эмнэлгийн хуудсыг баталгаажуулдаг билээ. Үүнтэй холбоотойгоор О.Энхзаяа гэх хүний нийгмийн даатгалын дэвтрийг орлого шимтгэлийн байцаагч Ж.Минжмаа баталгаажуулсан байсан учраас тухайн байгууллагын нягтлангийнх нь хийж авчирсан маягт, эмнэлгийн хуудсыг хянан, программд шивсэн болно. Хэрэв уг дэвтрийг Ж.Минжмаа гэх хүн баталгаажуулаагүй байсан бол миний бие уг материалыг хүлээн авч, тэтгэмжийн программд шивж оруулахгүй байх байсан юм.

Үүнээс харахад О.Энхзаяа гэх хүний нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан

ирээгүй буюу, “Шимтгэлийн цахим систем”-д шивэгдээгүй байхад түүний дэвтрийг

баталгаажуулсан буруутай үйлдэл нь орлого шимтгэлийн байцаагчид хамаарч байхад  тэтгэмжийг хэмжээг бодож, тэтгэмжийн хуудсанд бичилт хийн, цааш шилжүүлдэг надад хамааруулж акт гаргасан нь миний биеийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2419076 тоот улсын  байцаагчийн актыг хууль бус болохыг тогтоож, уг  актын миний бие холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Азжаргал нь Сонгинохайран дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 1 сараас хойш тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтаа авснаас хойш 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий 2419076 тоот улсын байцаагчийн акт гарсан байдаг. Уг актаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлээгүй буюу, Шимтгэлийн цахим систем-д шивэгдээгүй байхад О.Энхзаяа гэх хүнд үндэслэлгүйгээр жирэмсний тэтгэмж болох 1.876.725 төгрөгийг гаргаж өгсөн буруутай үйлдэлд Б.Азжаргалыг буруутгаж, мөн тухайн үед орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Ж.Минжмаагийн хамтаар хариуцан төлүүлэхээр улсын байцаагчийн акт гарсан. Дээрхи нөхцөл байдлыг буюу ийнхүү улсын байцаагчийн акт гарсан болохыг Б.Азжаргал нь тухайн үед мэдээгүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Уг актыг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Минжмаа болон Б.Азжаргал нарт холбогдуулан 1876725 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тэр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах үед өөрт нь холбогдуулж ийм акт гарсан болохыг мэдсэн. Үүнээс хойш Б.Азжаргал нь уг акт үндэслэлгүй, хууль бус байх тул өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн дээд шатны албан тушаалтан буюу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханд, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн нийгмийн Даатгалын газарт, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус хандсан боловч нэхэмжлэгчийн асуудал шийдвэрлэгдээгүй тул ийнхүү шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2419076 тоот улсын байцаагчийн акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 1995 оны 77-р тушаалын 1-р хавсралтаар баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журам гэх мэт хуулийн зохицуулалтын дагуу жирэмсний тэтгэмжийг хэзээ олгох вэ, ямар байдлаар, ямар бичиг баримтыг үндэслэн олгох вэ гэдгийг энэ нөхцөл байдлуудыг судлаад үзэхлээр тухайн үед орлого шимтгэлийн байцаагч байсан Ж.Минжмаа нь О.Энхзаяа гэх хүний нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байсан. Нийгмийн даатгалын дэвтэр нь баталгаажаад ирсэн. Ажил олгогчоос нь жирэмсний тэтгэмж авах хуудсыг бөглөсөн. Эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хяналтын хуудас ирчихсэн ийм нөхцөл байдалтай байсан учраас Б.Азжаргал нь өөрийнхөө ажил чиг үүргийнхээ хувьд нийгмийн даатгалын дэвтэр болон ажил олгогчоос ирсэн тэтгэмж авах тухай хуудас, эрүүл мэндийн даатгалын хуудсыг үндэслэн 1.876.725 төгрөгийг олгохоор тооцож, эмнэлгийн хуудаст гарын үсэг зурж нягтлан бодогчдоо шилжүүлсэн үйлдэл болсон. Энэ нь Нийгмийн даатгалын дэвтэр баталгаажаагүй байсан бол Б.Азжаргалын хувьд Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тэтгэмжийн хуудсыг тогтоодог учраас нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан үйлдэл нь Ж.Минжмаагийн буруутай үйлдэл учраас надад хамааралгүй юм гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаан бүхий улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болгохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Б.Азжаргалын ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудаас гарсан дүрэм журам заавраас хариуцсан байцаагч эсвэл байцаагч гэдэг үг нь яг энэ тухайн байгууллага дээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын чиг үүргийг тодорхойлсон үг хэллэг агуулга байхгүй байна. О.Энхзаяад үндэслэлгүйгээр жирэмсний тэтгэмж олгосон эсэх асуудал нь үндсэн агуулгаараа Б.Азжаргал маргахгүй. Гол нь чиг үүрэг, дотроо ажиллаж байгаа хүмүүс нь маргаантай акттай холбоотой чиг үүргээрээ би үүргийнхээ дагуу ажиллагаа хийсэн. Миний чиг үүрэгт хамааралгүй асуудлыг надаас салгаж өгөхийг л хүсч байгаа. Үнийн дүнгийн хувьд бага биш ч гэсэн цаашлаад залуу хүн учраас захиргааны шийтгэл, алдаа дутагдал гаргаж байсан гэдэг утгаараа цаашдын ажил амьдрал, албан тушаал гэх мэт нөлөөлж болохуйц үйлдэл болчихоод байгаа учраас бид шүүхэд хандсан. Тэрнээс биш Нийгмийн даатгалын сан хохирсон эсэх асуудалтай бид маргахгүй. Улсын байцаагчийн акт нь яг надад холбоотой юм уу, Би энэ мөнгийг хариуцах ёстой юм уу? гэдэг дээр маргаж байгаа. Мөн актыг нэхэмжлэгчид танилцуулаагүй гэдэг дээр маргаж байгаа.

Иймд ажлын байрны тодорхойлолт, дүрэм журам заавар зэргээр тэтгэмжийн байцаагч нь өөрөө үүнийг хариуцах ёстой, шалгах ёстой, хянах ёстой гэдэг үг байхгүй байгаа ба энэ нь Б.Азжаргалын чиг үүрэг биш гэж үзэж байна. Б.Азжаргал эдгээр нь миний хийх ёстой ажил биш гээд байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын   ахлах байцаагч Э.Булганчимэг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч  Б.Азжаргалын нэхэмжлэхтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Шалгалт хийгдэх болсон үндэслэл

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/20 дугаар тушаалаар тэтгэмжийн тогтоолт, олголтыг шалгах ажлыг Улсын хэмжээнд нэгдсэн удирдамж, зааврын дагуу шалгах ажил зохион байгуулагдсан. Уг тушаалын тав дахь хэсэгт зааснаар Мэдээллийн технологийн төвөөс 2017, 2018 онд олгосон зөрчилтэй байх магадлалтай нийт 6885 тэтгэмж авагчийн жагсаалт ирснийг үндэслэн, гуравдугаар хавсралтаарх шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хуваарийн дагуу ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч О.Оюунжаргал, СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.Гэрэлээ нар үндсэн баримттай тулган шалгаж даатгуулагч Э.Энхзаяа /ЧО87062667/-д олгосон 1876725 төгрөгийн жирэмсний тэтгэмж нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 19дүгээр зүйлийн 191.1 дэх заалтыг зөрчсөн болохыг илрүүлсэн.

2. Шалгалтын акт тогтоосон үндэслэл

Дээрх нэгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг удирдах байгууллагад урьдчилан мэдэгдсэний дараа нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийж эцэслэх аман шийдвэр өгсөн байсан тул ННДГазарт 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн мэдээ, ажлын тайланг хүргүүлсэн. Үүний дараа хууль зөрчин тэтгэмж илүү, буруу олгосон төлбөрийг гэм буруутай холбогдох албан тушаалтнаар тэтгэмжийн даатгалын санд төлүүлж, хохиролгүй болгуулахыг даалгасан тул нийт 3 даатгуулагчид олгосон 2,2 сая төгрөгийн төлбөрийг нэр бүхий 4 байцаагчаар санд буцаан төлүүлэхээр Улсын байцаагчийн 2419076 дугаар актыг тогтоосон.

 Уг актыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн тогтоохдоо холбогдох байцаагч ажилтнууд нь ажлын байрны тодорхойлолт, мөн эрхэлсэн ажлын чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хариуцлага алдан, хянаж шалгаагүйн улмаас алдаа гаргаж, хууль зөрчсөн үйлдэл байх тул хуурамчаар дэвтэр баталгаажуулсан болон шалгахгүйгээр мэдээллийн баазад бүртгэн тэтгэмжийг бодсон байцаагч нарт холбогдуулан хуулийн хүрээнд тогтоосон болох нь НДЕГ-ын өргөдлийн хариу албан бичигт тусгагдсан байна.

3. Дүгнэх нь

Дээрх илэрсэн зөрчлийн талаар шалгалтын дүн хэлэлцэгдэхээс авахуулаад акт тогтоогдох хүртэлх хугацаанд ялангуяа Ж.Минжмаа, Б.Азжаргал байцаагч нар мэдэж байсан болох нь тэдний өөрсдийнх нь 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүний нөөцийн ажилтанд гараар бичиж өгсөн тайлбар, шаардлагатай бол бусад холбогдох гэрч нараас мэдүүлэг авсан ч нотлогдох болно. Миний бие үүсээд буй асуудлын талаар Б.Азжаргал байцаагчтай утсаар хүртэл ярьсан атал Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх хүртэл огт мэдээгүй, танилцуулаагүй гэж мэдүүлсэн нь ор үндэсгүй, худал байна.

Мөн даатгуулагч Э.Энхзаяад олгосон 1876725 төгрөгийн жирэмсний тэтгэмжийг хуульд заасан эрх үүсээгүй байхад, хяналгүйгээр тогтоож нийгмийн даатгалын санг хохироосон үйлдэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25, 30 дугаар зүйлд заасан ерөнхий ойлголтоос илүүтэйгээр Б.Азжаргал, Ж.Минжмаа нарын Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, хариуцсан ажилдаа хайнга хандаж, процессийн хувьд алдаа гаргаснаас үүдэлтэй хэмээн үзэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсэг “Нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтыг үндэслэн нийгмийн даатгалын Улсын байцаагчийн актыг тогтоосон болно” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч Э.Булганчимэг шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаар тушаал болоод улсын хэмжээнд тэтгэмжийн даатгалын сангаас 2017, 2018 онуудад олгосон тэтгэмжийн тогтоолт, бодолт, олголтыг шалгах нэгдсэн удирдамж гаргаж байцаагч нар өөрийн ажилладаг дүүргээс өөр дүүрэгт ажиллахаар нэгдсэн удирдамж гарч ажлын хэсэг байгуулж ажилласан.

Миний бие ажлын хэсгийг ахалж шалгалт хийсэн. Шалгалт явагдах хугацаанд Улсын байцаагчийн 76 тоот актаар илэрсэн зөрчлүүд илэрч 4 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд явагдаж тухайн зөрчлүүд илэрч, тухайн зөрчлүүдийг улсын хэмжээнд шийдвэрлэх ба нэгдсэн чиг үүрэг өгөх тухай амаар чиглэл өгч байсан учраас тухайн үед нь ийм зөрчил илэрлээ гэдгийг Б.Азжаргал, Ж.Минжмаа байцаагч нарт танилцуулсан. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.Азжаргал Ж.Минжмаа байцаагч нар нь тухайн зөрчлийг ...зөрчил гэж үзэхгүй байна. Энэ бол миний зөв юм гэсэн байдаг. Албажуулаад эцсийн байдлаар 20 дугаар тушаалаар батлагдсан удирдамж нь өөрөө 2 шаттай байсан. Нэгдүгээр шатанд томилогдсон улсын байцаагч нар шалгах, хоёрдугаар шат нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Нийгмийн даатгал буюу удирдах байгууллагаас нь давхар хяналт шалгалт хийгдэх байсан. Энэ нь тавдугаар хавсралтад байгаа. Давхар хяналт шалгалтаа хийгээд 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 18 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийгдээд 10 дугаар сард эцэслэгдээд давхар хяналтын актууд гарч байцаагч нарт 10 дугаар сарын 25-ны өдөр хурал хийж, шалгалтаар хийсэн зөрчлүүдийг танилцуулсан. Тухайн үед ч гэсэн Б.Азжаргал, Ж.Минжмаа байцаагч нар өмнө нь тайлбараа өгсөн тул хуралд суух шаардлагагүй гэсэн шалтгаан хэлж хуралд ирээгүй.

Улсын байцаагчийн актыг хуулийн хүрээнд тавигдсан гэдгийг Б.Азжаргал байцаагчийн 3 шатны тус хэлтэс болон Нийслэл, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн өргөдөлд өгсөн хариунуудаар тодорхойлогдоно. Эдгээр хариу нь хуулийн хүрээнд тавигдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа нь нэгдүгээрт нийгмийн даатгалын сан хохирсон нь тодорхой болсон. Хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг хэн хариуцах ёстой бэ гэдэг дээр хоёр тал маргаж байгаа. Мөн актыг танилцуулаагүй гэдэг дээр маргаж байгаа гэж ойлгож байгаа. Иймд дүгнээд хэлэхэд хариуцан барагдуулах гэдэг дээр бидний мөрдлөг болгодог Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан. Тийм учраас тэтгэвэр тэтгэмж гэдэг нь жирэмсэн, амаржсаны О.Энхзаяад олгосон тэтгэмжийг давхар яригдаж байна. Анхан шатны байцаагч Б.Азжаргал нь О.Энхзаяа гэдэг даатгуулагчийн даатгуулагч нэг бүрээр нь тулган шалгах ажил үүргийнхээ хуваариар хүлээсэн. Энэ нь ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг гэсэн хэсгийн ажлын байрны үндсэн зорилго дээр хяналт тавьж хуулиар хэрэгжүүлэх биелэлтийг нь хангуулах заалтад хамаарна. 2014 оны Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/359 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан журмын тэтгэмж хариуцсан байцаагч энэ тэтгэмжийг зөв үү, буруу юу, эрх үүсэх үү үгүй юу гэдгийг хариуцаж хянаж шалгах ёстой гэдэг үүргээ хангалтгүй биелүүлснээс болж алдаатай тэтгэмж олгогдсон. Алдаатай тэтгэмж олгогдсоныг хянаагүйгээсээ Б.Азжаргал байцаагч буруутай дэвтрийг баталгаажуулснаараа 50 хувь Минжмаа байцаагч, тэтгэмжийг бодохдоо хяналтаа хийгээгүй, үндсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг утгаараа Б.Азжаргал байцаагч хариуцаж төлөх ёстой болно.

Улсын байцаагчийн актыг мэдэгдээгүй гэдэг асуудал нь ойлгомжтой, Ж.Минжмаа байцаагч, Б.Азжаргал байцаагч нарын 8 дугаар сарын 28-ны өдрийн зөрчил илэрсний дараа танилцуулах хурал дээр өөрсдөө байж, орж ирээд бид актыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцахгүй гэж бичиж өгсөн тайлбар, хурлын тэмдэглэл зэргээр тодорхой байгаа. Б.Азжаргал байцаагчруу утсаар залгаж мэдэгдсэн гэсэн зэрэг баримтаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох ёстой.

Нийгмийн даатгалын байцаагч нар, төрийн албан хаагч нар үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаад тэр нь шалгалтаар илэхэд энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байхаараа зөв болдог ч юм уу?, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байснаараа шүүхэд заргалдаж явсан нь илүү хождог, тэр талд шийдвэр нь гардаг гэдэг ойлголт гарах юм бол цаашдаа хор хохиролтой. Төрийн албан хаагч нар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандах, ажлаа дутуу гүйцэтгэх үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байх гэдэг олон үр дагавар гарахыг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар  дүүргийн  Нийгмийн   даатгалын   хэлтсийн    хяналт шалгалтын улсын   байцаагч   Н.Гэрэлээ,  Хан-Уул  дүүргийн  Нийгмийн  даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаар тушаалаар дүүргүүдийн улсын байцаагч нарыг мэдээлэл технологийн төвөөс 2017, 2018 онд олгосон тэтгэвэр тэтгэмжийн зөрчилтэй байх магадлалтай 6885 мэдээллийг шалгах удирдамжийн дагуу шалгасан. Шалгалтын явцад 4 даатгуулагчийн 2172264.00/ Хоёр сая нэг зуун далан хоёр мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийн тэтгэмж илүү олгосон зөрчил илэрсэн. Үүнээс даатгуулагч Э.Энхзаяа /ЧО87062667/-д олгосон 1876725 төгрөгийн жирэмжсэн амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр  тэтгэмжийн тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6  сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний  болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг заалтыг зөрчсөн. Байцаагч Б.Азжаргал нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалаас сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дах заалт “ Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно” гэснийг үндэслэн  Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалын 4.2.1-т “Даатгуулагч жирэмсний тэтгэмж авах тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ” гэж журамласан байдаг гэжээ. Гэтэл тухайн журмын 4.2.3-т Нийгмийн даатгалын байгууллага / байцаагч/ нь тухайн ажил олгогчоос ирүүлсэн нэхэмжлэл, эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны тэтгэмж олгосон жагсаалт /НД№35, 36/ -ыг хянан баталгаажуулж, хэлтсийн нэгдсэн мэдээлэлд оруулна гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг /НД7, НД8/ хүлээн авах журмын дагуу хүлээн авч мэдээллийн санд оруулсан цалингийн мэдээллийг тэтгэмжийн байцаагч цалинг цахим сангаас татаж Нийгмийн даатгалын сангаас баримт бичигтэй тулган шалгаж зөрүүтэй мэдээлэлд лавлагаа гаргуулж болох байсан боловч энэ журмыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Гэрэлээ шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа: “2019 оны 1 дүгээр сарын 29-нд гарсан удирдамжийн дагуу шалгахад цахим мэдээллийн сантай учраас үүнтэй тулгаж гарсан алдаан дээр түүвэрлэж эдгээр улсуудыг шалга гэсэн зөвлөмж гарсан. Үүний дагуу бид цахим мэдээллийн сантай тулгаж шалгасан. Мөн нэхэмжлэгч ажлаа хийхдээ баримтлах ёстой болон компьютер хэрэглэж байгаа бүх байцаагч нар хэрэглэх боломжтой бид нарын ажлын зааварчилгаа байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2014 онд гаргасан зааварчилгаан дээр байцаагч өөрөө мэдээллийн санд орсон цахим мэдээллийн баазаас татаж тэтгэвэр тэтгэмжийг боддог. Мэдээллийн санд орсон цалин сүүлийн 6 сар тасраагүй байх шаардлагыг хангаж байх, өмнөх мэдээллийн санд 12 сар ажилласан байх ёстой. Үүнээс сүүлийн 6 сар тасраагүй гэдэг шаардлагыг хангасан байж тэтгэмж авах эрх үүсдэг. Сүүлийн 6 сарын цалингийн мэдээллийн сангаас татагдахгүй бол байцаагч нь тэтгэмж авахыг хүссэн иргэний авч ирсэн баримтыг тулгаж шалгах ёстой байдаг. Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилт, нягтлангийн бичсэн тэтгэмж тооцоолсон баримттай тулгаж шалгахад таарахгүй байвал дахин лавлагаа гаргуулж үзэх, авах эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгч Б.Азжаргалыг энэ үүргээ орхигдуулсан гэж үзэж байна. Шаардлага хангасан байх ёстой 6 сарын сүүлийн нэг сар дутуу байгаа гэдгийг мэдээллийн сангаас татаж үзэхэд гарч ирэхгүй байхад байцаагч дэвтэр дээр байна гэж үзэж тэтгэмж бодно гэдэг нь нэхэмжлэгч өөрөө ажлаа алдаатай хийсэн гэсэн үг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2010 оны дүрэм журам яриад байна. 2010 онд бид бүрэн цахимжаагүй байсан. 2014 оны аль хэдийн журамлагдаж цахимд орсон байсан. Цахим мэдээллийн баазыг бүх байцаагч нар ашиглаад эхэлсэн байсан үе. Б.Азжаргал нь мэдээллийн баазаас цахим пүүлсийг татахад байгууллагын нягтлангийн өгсөн тэтгэмжийн бодолт яалтачгүй зөрнө. Яагаад гэвэл сүүлийн 1 сар цалин хөлсгүй учраас зөрнө. Зөрж байгаа зүйлийг Б.Азжаргал хянах ёстой. Цахим мэдээллийн баазад байгаа мэдээлэлтэй, анхан шатны бичиг баримттай тулган шалгах ёстой. Энэ нь хянан баталгаажуулна гэдэг өөрийнх нь ажил, үүрэг. Иймд манай зүгээс Б.Азжаргалыг буруутай, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Ажлыг хөнгөвчлөх журмаар цалин хөлсийг татдаг. Цахим санд нэг бүрчлэн оруулахад хүн шивж байгаа учраас алдаа гарахыг үгүйсгэхгүй. Алдаатай, андуурч эндүүрч цахимд шивэх тохиолдол гарч болно. Ийм тохиолдол гаргуулахгүйн тулд мэдээллийн баазад орлого шимтгэлийн байцаагч цалин хөлсийг оруулах ёстой. Оруулсан цалин хөлсийг тэтгэмжийн байцаагч татаж өөрөө ажлаа хялбарчилж хэрэглэх боломжтой байтал тэрийгээ хэрэглээгүй. Иймд нэхэмжлэгчийг өөрийн ажил үүргийг хангалтгүй, хариуцлагагүй биелүүлсэн гэж үзэж байна.

Ж.Минжмаа нь О.Энхзаяагийн гуйлтаар баталгаажуулсан байдаг. Гуйлтаар баталгаажуулсан гэдэг нь энэ хүн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үг. Эсвэл дэвтэр дээр байгаа цалин мэдээллийн баазад байхгүй гэсэн үг. Эсвэл тайлангаа өгөөгүй гэсэн үг. Ямар нэгэн шалтгаанаар гуйж байгаа. Үнэхээр хуулийнхаа дагуу цалин хөлсөө тайлагнасан, хуулийн дагуу байсан бол гуйх шаардлага байхгүй. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа хүн хэн нэгэн хүний гуйлтаар хийх ёсгүй. Тэрийг мэдээллийн баазаас цалин огт татагдахгүй байж байхад нэхэмжлэгч нь дэвтрээр байна гээд оруулах ёсгүй. Цалин хөлс нь дэвтэр дээр бичсэн цалин хөлстэй мэдээллийн баазад байгаа цалинтай тохирохгүй байхад, байгууллагын нягтлан тэдэн төгрөгийн тэтгэмж гээд нэхэмжлээд эмнэлгийн хуудсын хамт өгөхөд мэдээллийн баазаас татагдаж байгаа цалин эцсийн байдлаар тэр дүн таарахгүй байхад Б.Азжаргал байна гээд оруулсан нь өөрөө буруу. Байж байна гэж оруулаад дээрээс нь тэтгэмжийг нь бодоод олгоё гээд өөрөө гарын үсгээ зураад явуулсан нь нэхэмжлэгчийн буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”  гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Б.Азжаргалын ажлын байрны тодорхойлолт нь тодорхой бус тэтгэмжийн байцаагч гэсэн үг хэллэг орж ирээгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчаас маш тодорхой хэлж байгаа. Тэтгэмж олгоход бүрдүүлэх материал, хянаж баталгаажуулах гээд маш тодорхой. Программд мэдээллийн баазад тулган шалгаж баталгаажуулна гэсэн үг хэллэг байгаа. Би өөрөө тэтгэмжийн байцаагч ажлыг хийж байсан учраас тэтгэмжийн байцаагч анхан шатны баримтаа үндэслээд мэдээллийн баазад тэрийг бодож оруулдаг. Анх дэвтрээсээ гараар шивж оруулдаг байсан бол 2017 онд аль хэдийн хэрэглэгдээд мэдээллийн бааз нь шууд системийн арын ажиллагаан дээр татагдаад ороод ирдэг болсон. Тэр цалинг анхан шатны баримттай тулган шалгадаг. Цалин зөрүүтэй, эсвэл байхгүй бол заавал шимтгэлийн байцаагчаас асуудаг. Байцаагч нь өөрөө очиж асуудаг. Энд цалин ороогүй байна. Тайлан ирүүлээгүй юм биш үү. Эсвэл энэ зөрүүтэй байна гэж асууж тодруулсны үндсэн дээр оруулдаг. Сүүлийн 12 сар татагдаж орж байгаа, эрх үүсэхгүй байгаа сүүлийн 6 сар дээр 1 сарын цалин байхгүй, эрх үүсэхгүй гээд яваад байгаа дээр цалин татагдаагүй байхад байцаагч нь дэвтэр харж байгаад өөрөө шивж оруулж, тэрийг мэдээллийн баазад оруулж бодож байгаа. Иймд байцаагч Б.Азжаргалыг 100 хувь буруутай гэж үзэж байгаа ба ажилдаа хариуцлагагүй хандсан. Мэдээллийн баазаас татагдаж гарч ирэхгүй байхад өөрөө шивж оруулсан байгаа. Ер нь цалин зөрөх асуудал гардаг. Хүн хийж байгаа учраас алдаа гардаг. Цалин зөрүүтэй байхад анхан шатны баримт дээр мэдээллийн бааз дээр цалин зөрүүтэй байна. Энэ нь ямар учиртай юм бэ гээд тайлантай тулгаж шалгадаг. Заавал лавлагаа авдаг. Эсвэл бүүр зөрөөд байвал архивын лавлагааг авч тулгаж шалгадаг. Гэтэл нэхэмжлэгч нь ийм ажиллагаа огт хийгээгүй байгаа. Анхан шатны тэтгэмжийн байцаагчийн анх программд оруулж, тэтгэмжийг үүсгэх эрх, тэтгэмжийг олгох бүх ажиллагааг Б.Азжаргал байцаагч хийж байгаа. Программд шивж оруулдаг. Бодолт хийнэ гэдэг нь энэ байгаа. Иймд Б.Азжаргалыг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Б.Азжаргал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Э.Булганчимэг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын   хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Гэрэлээ, Хан-Уул дүүргийн  Нийгмийн  даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Оюунжаргал нарт холбогдуулан улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Тэрээр иргэн О.Энхзаяад жирэмсний тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэмж бодож олгон даатгалын санд 1876725 төгрөгийн хохирол учруулсан үйл баримттай маргаагүй, харин тэтгэмжийг бодохдоо орлого шимтгэлийн байцаагчийн баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн олгосон тул энэ хохирлын тал хувийг надаар төлүүлэхээр акт тогтоосныг зөвшөөрөхгүй, уг актыг гаргахдаа эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд болох надад мэдэгдээгүй, оролцоог хангаагүй нь хууль бус гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан нэгдсэн удирдамжийн[1] дагуу улсын хэмжээнд тэтгэмж тогтоолт, олголтыг шалгах ажлын хүрээнд нэр бүхий байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 дугаар улсын байцаагчийн актыг гаргажээ.

Уг актаар нэр бүхий 4 байцаагч тэтгэмжийг тогтоохдоо хууль зөрчсөнийг илрүүлж хариуцлага оногдуулсны дотор нэхэмжлэгч Б.Азжаргалд буруу тооцож олгосон тэтгэмжийн мөнгийг буцааж санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байхдаа иргэнээс ирүүлсэн жирэмсний амралтын тэтгэмжийг ажил олгогчийн сүүлийн 6 сарын шимтгэлийн тайлан ирүүлээгүй байгааг тэтгэмжийн тооцооны программын мэдээлэлтэй тулган нягтлалгүй зөвхөн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тогтоосон нь хууль бус гэж үзсэнийг буруутгахааргүй байна.

 Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сар нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.” гэж хуульчилсан байна.

Харин даатгуулагч О.Энхзаяагийн ажиллаж байсан “Тонго констракшн” ХХК 2017 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа ирүүлээгүй, энэ талаар шимтгэл төлөлтийн системд бүртгэгдээгүй, даатгуулагч тэтгэмж авах эрх үүсээгүй байсан нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00246 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтээр[2] тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;” гэж заасан чиг үүргийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.7-д[3] “.....Харилцагч нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг он, сар, тус бүрээр хянаж баталгаажуулсан байна.”, тус газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/356 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэгжийн ажлын чиг үүрэг”-ийн 2.1.5-д “Дараах төрлийн тэтгэмжүүдийн бодолт тооцоог.....холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил олгогч, даатгуулагчаас ирүүлсэн тэтгэмж олгосон тухай жагсаалт, нэхэмжлэл, баримтуудыг үндэслэн хариуцсан байцаагч, ажилтан бүрээр нь давхар хянаж шийдвэрлэх:”, 2.1.5.2-т “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж;”, 2.1.6-д “Тэтгэмжийн....сангаас олгох.....жирэмсний тэтгэмжийн хэмжээг уг тэтгэмж олгосон сар улирлын жагсаалт, эмнэлгийн хуудас, нэхэмжлэл, шимтгэлийн тайлан, мэдээллийн сан, нийгмийн даатгалын дэвтрийг тус тус үндэслэн шалгаж, эдгээр тэтгэмжийн тооцоог ажил олгогч, даатгуулагч тус бүрээр мэдээллийн санд бүртгэж баталгаажуулсан эсэхийг шалгах;”, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар”[4]-ын 18-д “Нийгмийн даатгалын байцаагч нь тухайн дэвсгэр нутгийн болон хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны дэвтрийн хөтлөлтийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эзний тушаал шийдвэр, цалингийн карт, амралт, цалин, шагнал, түр хүчээ алдсаны тэтгэмж олгосон болон төлбөрийн даалгавар, сар улирлын тайлан, шимтгэл төлсөн тооцооны хуудас зэрэг баримт бичигтэй тулган шалгана.”,  түүнчлэн 2016 оны 11 дүгээр сард баталсан тэтгэмжийн байцаагчийн ажлын байр(албан тушаал)-ын тодорхойлолтын чиг үүрэг зорилго гэсэн хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль....ийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангуулах.” гэж тус тус зохицуулжээ.

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан дүрэм журмын дээрх зохицуулалтаас үзэхэд тэтгэмжийн байцаагч иргэний жирэмсний тэтгэмж тогтоолгохоор ирүүлсэн материалыг тэтгэмжийн тооцооллын программын мэдээлэлтэй тулган шалгах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл орлого шимтгэлийн байцаагчийн баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тэтгэмжийг бодсон, шимтгэлийн цахим мэдээлэлтэй тулган шалгах үүрэггүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч 2419076 тоот актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүний оролцоог хангаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа нэг үндэслэл болгосон нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Тэтгэмжийн даатгалын сан болон ажилгүйдлийн даатгалын сан дээр буцаан төлүүлэх болсон улсын байцаагчийн актын талаар хэлэлцэж уг хуралдаанд нэхэмжлэгч Б.Азжаргалыг утсаар дуудахад “..эмнэлэг дээр үзүүлнэ, тэгээд ч тайлбараа өгсөн тул очих хэрэггүй..” гэсэн талаар тэмдэглэлд[5] тусгагджээ. 

Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч тэтгэмжийн байцаагчийн хууль журмаар хүлээсэн хянан шалгах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйлдэлд хариуцлага оногдуулсан маргаан бүхий улсын байцаагчдын акт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэв.

Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч тэтгэмжийн байцаагч Б.Азжаргал хуульд зааснаар амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй иргэний нийгмийн даатгалын дэвтрийг хууль зөрчин баталгаажуулсан орлого шимтгэлийн байцаагчийн үйлдлийг хянан шалгалгүй тэтгэмж бодсон буруутай байх тул даатгалын санд учирсан хохирлыг хамтран хариуцуулсан улсын байцаагчийн актыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Э.Булганчимэг, Н.Гэрэлээ, О.Оюунжаргал нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 тоот актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.Азжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР