Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2021/01501/И |
Дугаар | 181/ШШ2022/01704 |
Огноо | 2022-08-04 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/01704
2022 08 04 | 181/ШШ2022/01704 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух Чухал овогт Эын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах Даатгал ХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.Б миний бие Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байрлалтай 136 м.кв талбайтай амины орон сууцыг Голомт банкны ипотекийн зээлээр 2018 оны 10 дугаар сард худалдан авсан ба ингэхдээ амь насны болон Барьцаа хөрөнгийн даатгалыг Даатгал ХК-д даатгуулж даатгалын №13255113798 тоот гэрээг байгуулсан билээ.
Даатгал ХК нь гэрээ байгуулахдаа миний худалдан авсан дээрх амины орон сууцыг үзэж шалган даатгалын гэрээг байгуулсан ба даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалтыг галын эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүч болон гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл зэргийг хамааруулан, даатгалын үнэлгээг 163.200.000 төгрөг байхаар талууд тохиролцож хураамжийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр тохирч төлсөн.
Миний бие худалдан авсан амины орон сууцандаа 2018 оноос хойш амьдарч байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэнэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрс овойж, хөрсний хөдөлгөөн бий болсноор байшин өргөгдөж хагарч цуурч хохирол амссан.
Нэгэнт байшин байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрсний овойлтоос шалтгаалан хагарч цууран хохирол амсаж, даатгалын тохиолдол бий болсон тул Даатгал ХК-д хандан даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлт гарган холбогдох материалуудыг хавсарган хүргүүлсэн.
Гэтэл Даатгал ХК нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичгээр Даатгалын гэрээний 7 дугаар зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-ийн 7.2.4, 7,2.5, 7.2.13, 7.2.15 болон Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасан Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалсан хариуг өгсөн.
Ингээд миний бие хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос уг тохиолдлыг судалж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот Даатгал ХК-д хаягласан албан бичгээр даатгуулагчид даатгалын тохиолдол бий болсныг дурдаад хууль болон гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон ч Даатгал ХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд хариу өгөхдөө нөхөн төлбөр олгох боломжгүйг дурдаад уг маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Миний бие даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр авах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны албан шаардлага ч мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь бид даатгалын тохиолдолд байгалийн эрсдэл-ийг оруулсан ба байгалийн эрсдэл гэдэгт газар хөдлөлт, хөрсний гулгалт, хөрсний суулт, хөрс өргөгдөх буюу хөрсний овойлт, үер, ус, салхины гамшиг зэрэг хүний үйлдлээс үл хамаарах байгалийн хүчин зүйлийн бүхий л нөлөөг оруулан тооцох бөгөөд бидний тохиолдолд хөрсний овойлт буюу хөрсний хөдөлгөөнөөс шалтгаалан байшин эвдэрч сүйдсэн.
Байшинд учирсан хохирол нь хүний үйлдлээс болоогүй байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 тоот Амины орон сууцны ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт-ээр нотлогдох бөгөөд уг дүгнэлтээр Шалгалтаар хөрсний овойлт, суултаас шалтгаалан сууцны үндсэн хийц, бүтээц хэв гажилтад орж /суурь, дотор, гадна хана, хучилт, хаалга, цонх/ ташуу, хөндлөн нэвт хагарал цууралт их хэмжээгээр үүссэн, цахилгаан холболт тасарсан, хаалга цонхнууд хэв гажилтад орж хаагдаж нээгдэхээ больсон, эвдэрсэн, газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь хүний амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулахуйц байна гээд Амины орон сууцны барилга нь газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх, тогтвортой байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна гэж тогтоосон.
Дээрх дүгнэлтээр болон эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх гэрэл зургууд, мөн бичгийн бусад баримтуудаар талуудын байгуулсан гэрээнд заасан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон, даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэл бий болсон байгаа тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.
Инженер геодези компанийн гаргасан дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт тусгагдснаар тус газарт байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ундарч ойр байрлах амины орон сууцанд ус нь орж хэв гажилтанд орсон гэсэн нарийн мэргэжлийн шинжээчийн тусгай мэдлэг шаардсан үнэн зөв дүгнэлт байна гэж үзэж байна. Харин тус газарт байрлах байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдсэнээр тухайн газар эвдэрч, барилга эвдрэн усанд автах, хүн амьдрах боломжгүй, тог цахилгааныг таслахаас өөр аргагүй, ирээдүйд хүний амь эрсдэх аюултай нөхцөл байдал бий болсон гэж харж байна. Бусдаар барилга нь стандарт бусаар баригдсан асуудал биш гэж үзэж байна. Барилга нь стандарт бусаар баригдаад газар овойсон зүйл энд ерөөсөө тусгагдсангүй, харин байгалийн эрсдэлээс булаг ундарч, сэргээгдэж гарсан. Зарим нэг шинжээч нь энийг урьдчилан дүгнэх боломжтой гэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч булаг сэргээгдэх, газар овойх, газрын хөрс өөрчлөгдөхийг ойрын 6 жилд шинжлэн судлах боломжтой нөхцөл байдлыг мэргэжлийн хүнээс сонссон гэдэг тайлбарыг хэлж байгаа боловч энэ нь нэгдүгээрт баримтаар нотлогдоогүй, хоёрдугаарт үнэхээр цэвдэгтэй, булаг сэргээгдэх магадлалтай ийм газар дээр байшин барьсан байсан ч ямар ч чанартай барилга бол эвдрэн сүйрэх боломжтой гэнэтийн эрсдэл, байгалийн үзэгдэл бий болсон байна гэж үзэж байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд Даатгал ХК-иас даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хүний буруутай үйлдлээс биш, байгалийн хүчин зүйлээс хамаарч эрсдэл учирсан гэсэн. Гэтэл анхнаасаа хөрс нь цэвдэгтэй, шавартай хөрс байгаа тохиолдолд тохирсон барилгыг барих ёстой байсан. Гэтэл Барилгын тухай хуульд заасан стандартыг зөрчсөнөөс болоод тухайн барилга нь хэв гажилтанд ороод хохирол учруулсан байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд Амины сууцны барилга нь газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11.1-т механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн байдаг.
Барилга хот байгуулалтын сайдын 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэг айлын орон сууцны стандартыг баталж өгсөн байдаг. Нэг орон сууцны стандарт нь юунд хамаардаг вэ гэхээр 400мкв хүртэлх талбайтай, бие даасан байдлаар шийдсэн нэг орон сууцанд хамаарна гэж заасан байгаа. Стандартын хамрах хүрээнд юу орж байна вэ гэвэл нэгдүгээрт стандартын 5.3 дахь зураг төсөл зохиоход ашиглах хийц, бүтээцийн даацын чадавхи ба хэв гажилтыг тооцоолох арга нь материалаас хамаарсан хийц бүтээцэнд холбогдох норматив шаардлагатай тохирч байх ёстой. Сууц байрлах газар нь малталт хийсэн, хөрсний суулттай, газар хөдлөлттэй бүсэд геологийн бусад төв хэсэгт байх тохиолдолд холбогдох норм, журмын нэмэлт шаардлагыг мөрдлөг болгоно. Мөн 5.4 дэх хэсэгт сууц болон барилгийн суурийг төлөвлөхдөө газрын хөрсний буюу барилгын норм, дүрмийн 2.2.1.94 дэх хэсэгт заасан физик, механикийн шинж чанар нь мөн цэвдэгтэй гэж үзсэн байвал барилгын норм, дүрмийн 2.2.1.94 дэх хэсэгт заасан стандартын дагуу барина. Гидрогеологийн горимыг харгалзах суурь болон газар доорх инженерийн шугамтай танилцаж хөрс ба хөрсний сөрөг нөлөөллийг харгалзан үзэхийн зэрэгцээ суурь хөрсний жигд суух нөхцлийг хангасан байвал зохино гэж зохицуулсан байдаг. Анхнаасаа тухайн барилгыг барихдаа эдгээр нөхцөл байдлыг хангаагүй барьснаас болоод энэ эрсдэл үүссэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээс хүний хүсэл зоригоос үл хамаарах биш, хамаарах буюу урьдчилан тооцоолоод стандартаар барьсан бол өнөөдөр магадгүй энэ эрсдэл үүсэхгүй байх боломжтой байсан гэдэг нь харагдаж байна.
Хоёрдугаарт байгалийн эрсдэлээс хамгаална гэж тохирсон, анхнаасаа даатгалын компани энэ барилгыг стандартын дагуу нийцэж байгаа эсэхэд шалгаж даатгах тухай асуудал яригдаж байна. Гэтэл даатгуулагчийн зүгээс банкинд зээл авахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваад үл хөдлөх гэрчилгээг нь үндэслээд барьцаанд тавиад, барьцаанд тавьсан хөрөнгөө даатгасан ийм асуудал байна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахдаа тухайн иргэн маань өөрөө энэ шаардлагуудыг хангасан барилгыг холбогдох зураг, стандартаар өгөөд тэр гэрчилгээгээ авч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн барилга нь өөрөө анхнаасаа стандартад нийцсэн барилга гэдгийг давхар нотолж байгаа учраас энэ хүний хөрөнгө байна гэж үзээд банк зээл олгоод даатгасан асуудал байна. Тухайн банкнаас шаардлагын бичгийг гаргаж өгөөд тухайн үл хөдлөхийг барьцаанд тавьсан. Энэ стандартын дагуу баригдсан байна уу, баригдаагүй байна уу гэдгийг шалгах нь даатгалын компанийн үүрэг биш харин барилгыг барьсан этгээдэд хуулиар ногдуулсан үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ эрсдэл учирсан нь даатгалын компанийн даатгалд хамаарахгүй гэж үзэж байна.
Дараагийн нэг асуудал нь нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын гол үндэслэл нь стандартын дагуу бүх нөхцлийг тооцоолж барьсан боловч байгалийн эрсдэлээс болж энэ барилгад эрсдэл үүссэн гэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ барилга нь стандартын дагуу баригдсан талаар нэг ч баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй, тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хүний хүсэл зоригоос үл хамааралтай үүссэн гэсэн баримт байхгүй.
Инженер геодезийн дүгнэлтээр хүний хүсэл зоригоос хамаарахгүйгээр байгалийн эрсдэлээс болж эрсдэл үүссэн нь тогтоогдож байна гэж нэхэмжлэгч маань ярьж байна. Гэтэл ийм нөхцөл байдал байгаа боловч инженер геодезийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт амины орон сууцыг баригдахаас өмнө инженер геодезийн судалгаа хийлгэж уг хөрсөнд физик, механикийн тооцооны үзүүлэлтэд үндэслэн барилгын зураг төслийг зохиодог. Барилгын зураг төслийн дагуу барилгыг төлөвлөн барьснаар ийм нөхцлийн улмаас барилгад үүсч болох хэв гажилт, овойлт гэх мэт эрсдлүүдээс сэргийлэх боломжтой гэж үзсэн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтүүд дээр хөрс нь өөрөө асуудалтай байна. Хууль журам, гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж энэ эрсдэл үүссэн гэж харагдаж байна.
Даатгалын гэрээний 7.2.15, 7.2.18 заасан аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөнөөс учирсан. Нэхэмжлэгч эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой. Тэр нь буруутай этгээд буюу тухайн барилгыг стандартад нийцүүлээгүй барьсан гэж үзэж байгаа этгээдээс шаардаад эрхээ сэргээлгэх бүрэн боломж байгаа учраас даатгалын байгууллага нь энэ хүний эрхийг зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 973,950 төгрөг төлсөн баримт, Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Даатгал ХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 дугаар дүгнэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот албан бичиг, Даатгал ХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05/528 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Барилгын төлөв байдлын талаар гэрэл зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ3255113798 дугаар Зээлийн гэрээ, гэрэл зургийн хуулбар, нэхэмжлэгч Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт, гэрэл зургийн хуулбар, Даатгал ХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/647 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Итгэмжлэл, Даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Инженер геодези ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Мөн Хот байгуулалтын хөгжлийн газраас тухайн байршилд амины орон сууц барихыг зөвшөөрдөг эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Даатгал ХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн, байгалийн эрсдлийн улмаас хохирол учирсан тул нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Даатгуулагчид учирсан хохирол нь байгалийн эрсдлээс болж үүсээгүй. Хөрсний шинж чанараас буюу цэвдэгтэй хөрсөн дээр зураг төсөлгүй, холбогдох стандартыг зөрчиж барилга барьсантай холбоотой хохирол учирсан гэж үзэж байгаа учраас Даатгалын гэрээний 7.2.15-д заасан аюулгүй ажиллагааны аливаа дүрэм, журам зөрчсөнөөс учирсан хохирол, 7.2.18-д заасан хууль, журам, гэрээний үүргээ зөрчсөн бусад үйлдэлд хамаарах тул нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна гэх үндэслэлээр маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж, 17/5 тоот хаягт байрлах 136 мкв талбайтай амины орон сууцыг Голомт банктай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ3255113798 дугаар Зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан болох нь тогтоогдож байна. /хх16-17/
Зээлдэгч нь тус гэрээний 4.1.6-д зааснаар хавсралт 3-т заасан барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, холбогдох даатгалд даатгуулах үүргийг хүлээсэн байна. Энэхүү үүргийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Даатгал ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон 17/5 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201045752 дугаартай 136 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 163,200,000 төгрөгөөр үнэлэн даатгуулжээ./хх5/
Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцөлийг бүрэн тусгасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Даатгал ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон 17/5 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201045752 дугаартай 136 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 163,200,000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан, нэхэмжлэгч Э.Б даатгалын хураамжийг төлсөн талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ний даатгалын хамгаалалтад галын эрсдэл /гал түймэр, дэлбэрэлт/, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан, эрчим хүчний эрсдэл, гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдлийг тооцохоор харилцан тохиролцсон байна.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан.
Даатгуулагч Э.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж, 17/5 тоот хаягт байршилтай 136 мкв талбайтай амины орон сууцанд цууралт өгч, хана, тааз нь заагаараа цуурч, цонх, хаалганууд гажиж хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг амины орон сууцыг засварлахад гарах зардлын хэмжээг 170,136,800 төгрөг болохыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. /хх91-124/
Даатгуулагчийн зүгээс нөхөн төлбөрийн баримтыг бүрдүүлэн даатгагч Даатгал ХК-д хандан нөхөн төлбөр хүсэхэд даатгагч нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичгээр ...даатгалын зүйлийг аюулгүй ажиллагааны аливаа журам, стандартыг ашиглаагүй буюу зөрчиж барьсан гэх үндэслэлээр даатгалын гэрээний 7.2.4-т заасан даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол, 7.2.13-т заасан алдаатай болон буруу зураг төсөл, загварыг ашигласан, эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, зураг төслийг өөрчилсөн, 7.2.15-д заасан аюулгүй ажиллагааны аливаа дүрэм, журам зөрчсөнөөс учирсан хохирол гэх нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах тул Даатгалын тухай хуулийн 8.5, 8.5.3-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгааг мэдэгдсэн байна. /хх6/
Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба тус хорооны 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. /хх8/
Даатгал ХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 дугаар дүгнэлтэд ...Шалгалтаар хөрсний овойлт, суултаас шалтгаалан сууцны үндсэн хийц, бүтээц хэв гажилтанд орж ташуу хөндлөн нэвт хагарал цууралт их хэмжээгээр үүссэн, цахилгаан холболт тасарсан, хаалга, цонхнууд хэв гажилтанд орж хаагдаж нээгдэхээ больсон, эвдэрсэн, газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь хүний амь нас, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулахуйц байна гэж дурджээ. /хх7/
Мөн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Д-12/02 тоот дүгнэлтэд ...Газар нь намгийн цэвдэгт хөрстэй, суулт өгснөөс хувийн сууцны хийц бүтээцэд хагарал цууралт үүсч барилга эвдэрч нурах осолтой болсон, инженерийн шугам, сүлжээ /цахилгаан, цэвэр, бохир усны/ гэмтэж эвдэрсэн, хөрсний ус гарч үерийн ус дайрсан нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөл алдагдаж, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурдаад богино хугацааны дотор тус барилга, газрыг чөлөөлж, буулган орон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгч, нүүн шилжиж болзошгүй халдварт өвчин, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж дүгнэжээ. /хх36-37/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилсон Инженер геодези ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд ...Тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ундарч, ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилтанд орсон...булгийн ус нь барилгын суурийн ул хөрсөнд нэвчиж усжсанаас дулааны улиралд барилгад нэмэлт суулт болон хүйтний улиралд ул хөрсний овойлт үүсгэдэг тул ул хөрсний шинж чанарт өөрчлөлт орж барилгын сууринд хэв гажилт үзүүлэн амины орон сууцны чанарт нөлөөлж ан цав үүсгэн эвдэрсэнтэй шууд нөлөө үзүүлсэн байна. гэж дүгнэсэн тул тухайн амины орон сууцанд учирсан хохирлыг байгалийн эрсдлээс үүссэн хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. /хх75/
Түүнчлэн тус дүгнэлтэд ...барилгын зураг төслийн дагуу барилгыг төлөвлөн барьснаар инженер геологийн нөхцлийн улмаас барилгад үүсч болох хэв гажилт, суулт, овойлт гэх мэт эрсдлүүдээс сэргийлэх боломжтой талаар дурдсан боловч энэ нь эрсдлээс сэргийлэх боломжтойг илэрхийлэхээс бус дээрх тохиолдлыг байгалийн эрсдлээс үүссэнийг үгүйсгэхгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн барилгыг барихдаа Барилга хот байгуулалтын сайдын 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан нэг айлын орон сууцны стандартыг зөрчсөн гэж тайлбарласан боловч тухайн стандартыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-нд заасан байгалийн эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ний 6.1.3-т Гэмтсэн орон сууцыг засварлах боломжгүй бол шинээр адил түшний орон сууц, хашаа байшин худалдан авч өгөх эсвэл мөнгөн хэлбэрээр олгоно гэж заажээ.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлүүлж буй хөрөнгийн ашиглалтын зориулалт хэсэгт ашиглах боломжгүй гэж дурдсан тул нэхэмжлэгч даатгалын үнэлгээгээр тооцон нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй.
Гэрээний 6.1.5-д даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт учирсан хохирлын 10 хувь байна гэж заасан тул даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 10 хувийг хасч 146,880,000 төгрөгийг Даатгал ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгох нь зүйтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 892,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар Даатгал ХК-иас 146,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 892,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ