Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/02197

 

 

 

 

 

2022 10 04 181/ШШ2022/02197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, даатгал ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэт түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Даатгалын нөхөн төлбөрт нийтдээ 18,678,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

И ХХК нь даатгал ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж 0057 УБЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн ЗТВНУ05ЛХ04191795 арлын дугаартай автомашиныг 165,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр, 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан учир нь жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд манай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын компани барагдуулна гэж ойлгоод ХасБанк ХХК-ийн зуучилсны дагуу 2,475,000 төгрөгийн хураамж төлж өөрт учрах эрсдэлээ бүрэн даатгуулж байна гэж итгээд гэрээ байгуулсан юм.

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гүйцэтгэх захирал П.Ариунболд нь даатгалын зүйлийг жолоодон явахдаа бусдын тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаар даатгалын тохиолдол үүссэн. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зам тээврийн ослын бүртгэл зэрэгт П.Ариунболдыг гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газарт гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Ингээд даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар даатгагчид хандахад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 21/352 дугаар Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр ...П.Ариунболд нь гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газарт гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул даатгалын гэрээний 7.1.7.4 дэх хэсэгт Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн бол" даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэж Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй байхаар, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болно гэж тус тус зохицуулсныг үндэслэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч манай байгууллага 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба гомдлыг хянан шийдвэрлээд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 9/1586 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзээд, иргэний журмаар шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Манай байгууллагын зүгээс санаатай хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоос бусад байдлаар даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгагч хариуцах ёстой гэж үзэж байна. Бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөж, нөхөн төлбөр авч чадахгүй болохоо мэдсэний дараа даатгагчийн санал болгосон бидэнд танилцуулаагүй даатгалын гэрээний зүйл заалт бүрийг уншиж танилцахад энэ гэрээний 7 дугаар зүйл нь тус гэрээний үндсэн хамгаалалт гэсэн хэсэгтэйгээ зөрчилдсөн, энэ заалтын дагуу даатгуулагчид учирсан хамгаалуулахаар заасан эрсдэлт нөхцөлд бүхий л хохирлыг даатгагч хариуцахааргүй хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан даатгуулагчид ашиггүй гэрээ байгуулсан болохоо мэдлээ. Тухайлбал даатгалын гэрээний үндсэн хамгаалалт хэсэгт байгалын эрсдэл, галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл буюу мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох зэргийг бүрэн хамгаалж, нөхөн төлбөр олгохоор тохиролцсон атлаа 7 дугаар зүйлд бүхэлд нь үндсэн хамгаалалт хэсгээ үгүйсгэж, даатгуулагч талдаа илт хохиролтой байдлаар зохицуулсан байна.

Дээрхи нэг талыг барьсан даатгуулагчид хохиролтой заалтын улмаас манай байгууллага В ангилалын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний үндсэн хамгаалалт хэсэгт хамгаалуулахаар заасан эрсдэл, даатгалын тохиолдол учирсан байхад одоог хүртэл нөхөн төлбөрөө авч чадалгүй хохирсоор байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор даатгал"ХХК-д холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зөрчигдсөн эрх нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т заасан даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа даатгагч буюу даатгал ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа ба түүнийг хуульд нийцсэн хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр юм.

Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж төрүүлэхийг хориглосон тохиодолд гүйцэж төрүүлсэн гэж заасан заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хэмээн үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулан 7,992,900 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан боловч шүүхийн ажиллагааг хийж явцад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болгож Даатгалын нөхөн төлбөрт 17,798,400 төгрөг, үнэлгээний тайлангийн төлбөр 880,000 төгрөг нийт 18,678,400 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон.

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гүйцэтгэх захирал П.Ариунболд нь даатгалын зүйлийг жолоодон явахдаа бусдын тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаар даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын тохиолдол үүсмэгц Ашид билгүүн ХХК-иар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-г гаргуулсан бөгөөд үнэлгээний төлбөрийг төлж чадаагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед уг тайланг гаргаж өгөх боломжгүй байсан юм.

Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гаар автомашинд нийт 17,798,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд уг үнэлгээний төлбөрт 880,000 төгрөг төлсөн. Иймд Даатгалын нөхөн төлбөрт 7,992,900 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээгээ 17,798,400 төгрөг, үнэлгээний тайлангийн төлбөр 880,000 төгрөг, нийт 18,678,400 төгрөг гаргуулах болгон ихэсгэсэн тул эдгээр хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдаж авсан машин 165.000.000 төгрөгийн үнэлгээтэй. Таван богдоос худалдаж авсан учраас даатгал ХХК-тай гэрээ байгуулсан. Зөвхөн даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуул гэж шаардлага тавьсан. Тухай үед шууд гэрээг байгуулсан. В ангиллын даатгалын гэрээний үүргийг тайлбарлаж өгөөгүй. Гэрээний ач холбогдлыг тайлбарлаагүй. Стандарт нөхцөл бүхий гэрээ гэж байна. Яг энэ гэрээний стандарт нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй. даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн нэг ч заалтыг өөрчлөх боломжгүй байгуулсан. Уншихгүй байгаа нь та нарын буруу, өөрчлөх боломжгүй Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй гэж байна. Гэтэл өнөөдөр Иргэний хуулийн 202.1-т гэрээний стандарт нөхцөл гэрээг зөвшөөрсөн талд хохиролтой бол хүчин төгөлдөр бусад тооцогдох заалт байгаа. Иргэний хуулийн заалт эхлээд хүчин төгөлдөр байх ёстой. 165.000.000 төгрөгийн авто машин авсан учраас даатгуулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ даатгуулагчийн буруугаас үүссэн тохиолдлыг барагдуулах зорилготой даатгал байдаг. Хөдөлгөөний үеийн осол, байгалийн хүчин зүйлсийн тохиолдол гээд бүх тохиолдол орж байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалтай адилхан зөрчилдөөнтэй тайлбарлаж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нөхөн төлбөр олгохгүй гэж тайлбарлаад байна. Баясгалангийн хэлсэн шиг гэрээний эхний хэсэгт мөргөлдөх, шүргэлцэх үеийн тохиолдлыг нөхөн төлнө гэж заасныг хэлсэн. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хороо хянадаг учраас хууль зөрчөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Үйлчлүүлэгчид гэрээний заалтыг тодорхой тайлбарлах ёстой байсан. Стандарт нөхцөлийн улмаас даатгалын нөхөн төлбөр авахгүй байгаа нь хууль зөрчиж байна гэжээ.

3.Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч И ХХК-ийн даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Даатгалын нөхөн төлбөрт 7,992,900 төгрөг гаргуулах. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

1.Нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийн тухайд:

Даатгал ХХК нь И ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж Тоуоtа Lаndсrusеr 200 маркийн 0057УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлээс тохиролцсон болзлын дагуу даатгахаар тохиролцсон.

Даатгуулагч И ХХК-ийн гүйцэтгэх захирап П.Ариунболд нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зуслангийн замд 0057УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ осол гаргасан гэх нөхөн төлбөрийн хүсэлт болон холбогдох баримт, материалыг бүхэлд нь судлан үзээд дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үүнд:

П.Ариунболд нь даатгалын тохиолдлын тэмдэглэлд тайлбар бичихдээ болон ослын дуудлага өгөхдөө ...гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед машин урдуур дарж орж мөргүүлсэн, мөн "...гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад машин мөргөсөн... гэх мэдээллийг тус тус өгсөн. Сүхбаатар дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Баясгалан ослын газарт ажиллаж П.Ариунболдыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/. уулзвар болон гарц дээр; гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.

Ийнхүү Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь Цагдаагийн байгууллагын дүгнэлт болон ослын үеийн гэрэл зураг, үзлэгээр тогтоогдсон бөгөөд 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэж Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: гээд 7.1.7.4 дэх хэсэгт Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн;" бол нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар хоёр тал тохиролцсон юм. Иймд даатгалын гэрээний 7.1.7.4 дэх хэсэг болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан." тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч нь Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэглэн олгохоос татгалзах" эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг.

2.Даатгалын гэрээний 7.1.7.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Даатгуулагч И ХХК-тай байгуулсан 200102200006 тоот В ангилалын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан бөгөөд даатгуулагч нь уг даатгалын гэрээг байгуулах үедээ даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах, саналаа тусгах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл даатгал ХХК нь өөрийн хүсэл зоригийг бодитойгоор илэрхийлэн нийтэд хандан саналаа гаргаж даатгуулагч уг саналыг хүлээн авсан тохиолдолд л тухайн саналын дагуу гэрээ байгуулагддаг. Харин даатгуулагчийн зүгээс даатгагчаас гаргасан саналыг хүлээн зөвшөөрөөгүй, өөрчлөлт оруулах саналыг гаргасан тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулдаг.

даатгал ХХК нь зах зээлд давамгайлагч этгээд биш бөгөөд даатгалын байгууллага нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчмуудын дагуу даатгалын эрсдэлд хамаарах нөхцөл болон хамаарахгүй нөхцлийг гэрээгээр тодорхойлсон байх шаардлагатай байдаг. Мөн даатгалын эрсдэл гэдэгт урьдчилан тооцох боломжгүй, гэнэтийн шинжтэй тодорхойгүй үйл явдлыг ойлгодог. Үүнд даатгуулагчийн зүгээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч тогтоосон хэм хэмжээ, хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгосон байхад гэнэтийн шинжтэйгээр эрсдэл учирсан тохиолдлыг авч үздэг. Иймд И ХХК-тай байгуулсан 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлд Даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцлийг тодорхойлсон ба 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн; буюу тогтоосон хэм хэмжээ, хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгоогүй, өөрийн зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар тохиролцсон байдаг.

Иймд даатгал ХХК болон И ХХК нарын хооронд байгуулсан 200102200006 тоот В ангилалын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн; гэж заасан нь харилцан итгэлцлэл, шударга ёсны зарчим болоод даатгалын зарчимд нийцсэн хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул И ХХК-ийн даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Даатгалын нөхөн төлбөрт 17,798,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Нотлох баримт: нэхэмжлэгч талаас И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.05.06-ны өдрийн 9/1586 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2021.03.29-ний өдрийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 1517 тоот тайлан, хавсралт, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Ариунболдын даатгал ХХК-д 2021.03.26-ны өдөр гаргасан хүсэлт, Даатгалын тохиолдлын тэмдэглэл, хавсаргасан автомашины гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар: Миг даатгал ХХК-ийн 2021.11.09-ийн өдрийн 01\12-1279 тоот албан бичигт хавсаргасан ирүүлсэн Тээврийн хэрэгслийн Амгалан даатгалын гэрээ, Агула даатгал ХХК-ийн 2021.11.07-ны өдрийн 01\095 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний стандарт нөхцөлүүд, Бод даатгал ХХК-ийн 2021.11.09-ийн өдрийн 01\934 тоот албан бичигт хавсаргасан ирүүлсэн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Хаан даатгал ХХК-ийн 2021.11.12-ийн өдрийн 7209 тоот албан бичигт хавсаргасан ирүүлсэн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн 2021.11.09-ийн өдрийн 01\2-128 тоот албан бичигт хавсаргасан ирүүлсэн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Монгол даатгал ХХК-ийн 2021.12.09-ийн өдрийн 01\1402 тоот албан бичигт хавсаргасан ирүүлсэн Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, даатгал иас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21\352 тоотоор И ХХК-д Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлсэн тухай хариу зэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч даатгал ХХК-д холбогдуулан, В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 7,992,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн хэсгийг 17,798,400 төгрөг, үнэлгээний тайлангийн төлбөр 880,000 төгрөг, нийтдээ 18,678,400 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч  даатгал ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200100006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэх захирал П.Ариунболд нь өөрийн зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар тохиролцсон ба уг гэрээний заалт нь харилцан итгэлцлэл, шударга ёсны болоод даатгалын зарчимд нийцсэн хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн гэж маргаж байна.

2.И ХХК нь даатгал ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, тус компанийн Ланд круйзер 200 маркийн ЗТВНУ05ЛХ04191795 арлын дугаар бүхий 2016 онд үйлдвэрлэгдсэн, 0057 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 165,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр даатгуулж, даатгалын хураамж 2,475,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Даатгалын хураамжид 2,475,000 төгрөг төлсөн үйл баримттай маргаагүй.

Гэрээний Үндсэн хамгаалалт хэсгийн 3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 3.1-т Мөргөлдөх, шүргэлдэх тохиолдол хамаарахаар байх боловч нэгдүгээр зүйлийн нийтлэг үндэслэл хэсгийн 1-т Энэхүү гэрээгээр Даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын зүйлийг гэрээнд тодорхойлсон даатгалын эрсдэлээс даатгуулж, гэрээгээр тохирсон даатгалын хураамжийг төлөх, Даатгагч нь даатгалын тохиолдолд бий болсон нөхцөлд хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна, 1.2.2-т Даатгалын эрсдэл гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан нөхцөл, орчныг, 1.2.3-т Даатгалын тохиолдол гэж даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 1.2.7-д Даатгуулагчийн хариуцах хэсэг гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд Даатгуулагч өөрөө хариуцах хэсэг буюу Даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээг ...тус тус ойлгохоор заажээ.

Тухайн гэрээг даатгуулагч И ХХК, даатгагч даатгал ХХК нар нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдсон.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон дээрх гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэт түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хариуцлагын талаар шаардлага гаргасан тул энэхүү гэрээний талууд аж ахуй эрхлэгчид тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцлийг Иргэний хуулийн стандарт нөхцөлийн зохицуулалтаар тайлбарлах боломжгүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийг шууд утгаар тайлбарлавал гэрээний 7.1.7.4-ийн Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэсэн заалт тохиролцоо нь даатгуулагчийн Замын хөдөлгөөний дүрэм, журмын заалтыг зөрчихгүй байхыг хариуцлагажуулсан заалт бөгөөд гэрээний талууд үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нөгөө талын шаардах эрхийг хязгаарласан заалт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан гэрээний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэт түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөж, нөхөн төлбөр авч чадахгүй болохоо мэдсэний дараа даатгагчийн санал болгосон бидэнд танилцуулаагүй даатгалын гэрээний зүйл заалт бүрийг уншиж танилцахад гэрээний 7 дугаар зүйл нь тус гэрээний үндсэн хамгаалалт гэсэн хэсэгтэйгээ зөрчилдсөн, энэ заалтын дагуу даатгуулагчид учирсан хамгаалуулахаар заасан эрсдэлт нөхцөлд бүхий л хохирлыг даатгагч хариуцахааргүй хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан даатгуулагчид ашиггүй гэрээ байгуулсан болохоо мэдлээ. гэснийг дээрх үндэслэлээр шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн гэрээг зохигч талууд харилцан тохиролцож байгуулсан ба хууль зөрчөөгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

5.Хариуцагч даатгал ХХК нь ...даатгалын байгууллага нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчмуудын дагуу даатгалын эрсдэлд хамаарах нөхцөл болон хамаарахгүй нөхцлийг гэрээгээр тодорхойлсон байх шаардлагатай, даатгалын эрсдэл гэдэгт урьдчилан тооцох боломжгүй, гэнэтийн шинжтэй тодорхойгүй үйл явдлыг ойлгоно. Үүнд даатгуулагчийн зүгээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч тогтоосон хэм хэмжээ, хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгосон байхад гэнэтийн шинжтэйгээр эрсдэл учирсан тохиолдлыг авч үзэж, нөхөн төлбөр олгоно бусад тохиолдлыг олгох боломжгүй... гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч нь жолооч П.Ариунболдыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнийг тогтоосонтой маргаагүй гэсэн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооноос И ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариунболд танаа 2021.05.06-ны өдрийн 9\1586 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт: ...гомдлын дагуу ...хянахад, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр та 0057 УБЕ улсын дугаартай Тоёота лэнд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зуслангийн замд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдолд даатгагчийн зүгээс таныг замын хөдөлгөөний дүрэм зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ зам тээврийн осол гаргасан тул даатгуулагчтай байгуулсан 2020 оны №200102200006 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйл даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл хэсгийн 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна... гэжээ.

6.Гэрээний 7.1.7.4 дэх заалт нь даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцлийн талаар тохиролцож даатгуулагчийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор даатгагч тал нөхөн төлбөр олгохгүй байх эрх олгосон заалт байх тул даатгагч даатгал ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг шалгах нь зүйтэй байна. 

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 13 дугаар зүйлийн 13.4-ийн а-д уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал П.Ариунболд нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа зөрчсөн болох нь тогтоогдсон энэхүү үйл баримттай нэхэмжлэгч тал маргаагүй тул зохигчдын хооронд байгуулагдсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг үндэслэн хариуцагч буюу даатгал ХХК уг нэхэмжлэлээр шаардаж буй даатгалын нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи татгалзал, уг татгалзлыг нь Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нь шалгаад өгсөн хариу зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар, нотлох баримтыг авч судлаад ...нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэсэн шийдвэр гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хорооны энэхүү шийдвэр нь гэрээний талуудад хэн алинд нь хамааралтай юм.

8.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан.

Гүйцэтгэх захирал П.Ариунболд нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 0057 УБЕ улсын дугаартай Тоёота лэнд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зуслангийн замд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бусдын тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан байдал нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Баясгалангийн бүртгэсэн бүртгэл, даатгал ХХК-ийн ажилтан М.Батжаргалын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Даатгалын тохиолдлын тэмдэглэл үйлдсэн баримт, тухайн үеийн гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх боловч даатгалын гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлд тооцож татгалзсан хариуцагчийн татгалзалыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч даатгал ХХК-ийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагчид холбогдуулан гаргасан И ХХК-ийн даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулах тухай даатгал ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч тал үйлчлүүлэгчид гэрээний заалтыг тодорхой тайлбарлах ёстой байсан, энэ үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, гарын үсэг зурж, тамга дарагдаж баталгаажигдсан үйл баримт тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж шүүх дүгнэсэн болно.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 202 дугаар зүйлийн 202.2 дах хэсэгт зааснаар И ХХК-ийн даатгал ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулах тухай даатгал ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /213,040+108,502/ 321,542 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ