Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02918

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02918

Улаанбаатар хот

 

УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт лын Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, даатгал ХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н, гэрч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сонгинохайрхан дүүргийн талд байрлах ар талын  өөрийн эзэмшлийн Тоёота Прүис маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолоос гаргах гэж байгаад орон сууцны ЦТП /узель/ буланг зүүн толиор мөргөсөн. Улмаар Даатгал ХК-д мэдэгдэхэд өөрийнх нь ажилтан ирж бүртгэн, зураг аваад явсан. Надад тухайн ажилтан та хохирлын үнэлгээ хийлгээд ир гэсний дагуу АБ ХХК-иар зүүн толь бүтэн гэмтсэн тул 415,000 төгрөгөөр солих үнэлгээ гарсан. Гэтэл Даатгал ХК-иас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/635 дугаартай албан бичгээр даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Миний бие хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуг 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 9/3022 дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх боломжгүй байх тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар шүүхэд хандах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн осол болсон байр нь цэнхэр мөн миний машины толь нь цэнхэр байхад Даатгал ХК ямар үндэслэлээр худал мэдээлсэн гэх нь тодорхой бус, би машинаа Хаан банк ХХК-аас зээлээр худалдан авахад даатгал хийж даатгалын төлбөрөө төлж байхад ямар үндэслэлээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа нь хууль зөрчиж даатгуулагч миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд даатгалын гэрээний дагуу 415,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.    Хариуцагч даатгал ХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Даатгал ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 90С2110046034 дугаартай даатгалын гэрээ байгуулж, улсын дугаартай Тоёото Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг 1 /нэг/ жилийн хугацаатай даатгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 5 шарын уулзварын ВSВ-ийн хойно байрлах зогсоолд ухарч гарах гэж байгаад тоосгон хана харалгүй шүргэж, даатгалын зүйлд хохирол учирсан гэж 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 18 минутад манай компанийн шуурхай албаны 7017-0000 дугаар утсанд дуудлага өгөн бүртгүүлж, үзлэг хийлгэсэн.

Даатгагчийн зүгээс дээрх тохиолдлыг шалгаж үзэхэд даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй, даатгуулагч нь тээврийн хэрэгслээ тоосгон хана тааруулан тавьсан болох нь осол болох үед авсан гэх фото зураг болон шуурхай албаны үзлэгээр нотлогдсон тул даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол нөхөн төлбөр олгохгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлогдсон бол нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасны дагуу тухайн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Ийнхүү манай компанийн зүгээс хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлтэйгээр татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Л.Нын иргэний үнэмлэхийн хуулбар

-Мэдүүлгийн маягт

-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ

-АБ ХХК-ийн үнэлгээний тайлан

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

-2021 оны 11 сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ

-Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 9/3022 дугаартай албан бичиг

- даатгал ХК-ийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 01/635 дугаартай албан бичиг

-2021 оны 11 сарын 08-ны өдрийн ЗГ/202146956237 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидиуцийн гэрээ,

 

Хариуцагчаас:

-Хуудийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- даатгал ХК-аас А.А, Б.Н нарт олгосон 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 01/1067 дугаартай итгэмжлэл

-2022 оны 10 сарын 10-ны өдрийн хариу тайлбар

-Даатгалын тохиолдлын үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл

-фото зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

5. Л.Н нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Таван шар-ын автобусны буудлын зүүн талын 16 дугаар байрны ойролцоо, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-Альфа маркийн улсын дугаартай, автомашиныг зогсоолоос гаргах гэж байгаад ЦТП узелийн буланг автомашиныхаа зүүн толиор мөргөсний улмаас уг толь нь эвдэрч, гэмтсэнийг даатгал ХК-д дуудлага өгч мэдэгдсэн. Тухайн байгууллагаас дуудлагын дагуу хариуцсан ажилтан нь ирж үзээд явсан боловч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/635 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байсан. Энэ шийдвэрийг нь эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн. Миний бие тухайн машиныг зээлээр худалдан авахад Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг даатгал ХК-тай байгуулсан тул гэрээний дагуу үнэлгээгээр тогтоогдсон нөхөн төлбөр 415,000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Тухайн үед бодит болсон байдлыг худал мэдээлсэн гэдэг үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн үндэслэлийг эс зөвшөөрч байна гэж маргасан.

6. Хариуцагч даатгал ХК нь Л.Нтай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар маргаангүй гэж тайлбарласан боловч даатгагчийн дуудлагын дагуу тохиолдлыг шалгаж үзэхэд даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй, даатгуулагч нь тээврийн хэрэгслээ тоосгон ханыг тааруулан тавьсан болох нь осол болох үед авсан гэх фото зураг болон шуурхай албаны үзлэгээр нотлогдсон тул гэрээ, хуульд зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй, тухайн тохиолдолд татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, мөн машины өмчлөгч нь Хаан банк тул Л.Н нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж маргажээ.

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. Л.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Батгүүр авто сейл ХХК-иас Тоёота Приус маркийн автомашиныг худалдан авсантай холбоотойгоор 2021 он 11 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банктай зээлийн болон Барьцааны, Фидуцийн гэрээг байгуулж, 22,000,000 төгрөгийг зээлж, уг машиныг худалдан авчээ.

а/ Улмаар, зээлийн гэрээ байгуулж, автомашиныг зээлдүүлэгч Хаан банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд шилжүүлэх болсон учир Хаан банкны шаардлагын дагуу даатгал ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №215171062050200002 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулжээ.

б/ Энэхүү даатгалын гэрээнд зааснаар даатгуулагч талыг төлөөлж Л.Н, даатгагч талыг төлөөлж Даатгал ХК нар гэрээ байгуулсан тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь Л.Н, даатгал ХК-д тус тус хамаарах ба эдгээр нь гэрээний талууд болно.

9/ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Н нь даатгалын зүйл болох Тоёота Приус-Альфа автомашиныг орон сууцны дэргэд байрлах ЦТП-ийн хажуу талд байрлуулсан, улмаар тухайн зогсоолоос машинаа гаргах гэж байхдаа зүүн талын толийг нь хананд шүргүүлэн эвдсэнтэй холбоотойгоор даатгалын нөхөн төлбөрийг шаардсан боловч даатгагч нь даатгалын тохиолдлыг тухайн газар болоогүй нь шалгалт, үзлэгээр тогтоогдсон тул хууль болон гэрээнд зааснаар нөхөн төлбөрийг татгалзах үндэслэлтэй гэж талууд маргаж байна.

а/ Хариуцагч даатгал ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

б/ Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, мөн гэрээний 3.1.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн нь тогтоогдсон, мөн гэрээний 3.1.7-д даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээд нь санаатайгаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол нөхөн төлбөр олгохгүй гэсэн нөхцөл байдал үүссэн гэж маргасан.

в/ Гэвч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/635 дугаар албан бичгээр даатгуулагч Л.Нд нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу албан бичигт ... тохиолдлыг шалгаж үзэхэд даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй, даатгуулагч нь тээврийн хэрэгслээ тоосгон хана тааруулан тавьсан болох нь осол болох үед авсан гэх фото зураг болон шуурхай албаны үзлэгээр нотлогдож байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т заасан Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн байна. /хх-11/

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гэрээний 3.1.1, 3.1.7-д заасан нөхцөл байдал бий болсон гэдэг тайлбар, татгалзал маргаанд хамааралгүй ач холбогдолгүй гэж үзнэ.

г/ Учир нь даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийн хариуг талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2 гэж тодорхойлсон байх тул энэхүү татгалзал үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийж, даатгагч нь энэ үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй гэж үзэв. Тухайлбал:

10. Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд даатгалын зүйлийг Тоёота Приус Альфа гэж тэмдэглэсэн, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс даатгалын зүйлийн талаар тодруулахад мөн автомашин нь даатгалын зүйл мөн гэдэгтэй маргаагүй.

а/ Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байна. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Л.Н нь даатгалын зүйл буюу автомашинд эвдрэл гэмтэл учирсан талаар дуудлага өгч мэдүүлснийг худал мэдүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анх талууд гэрээ байгуулахад автомашин бүрэн бүтэн байсан талаар хариуцагч тал шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул гэрээний дагуу даатгалын зүйлийн талаар даатгуулагч худал мэдүүлсэн гэж үзэхгүй юм.

б/ Түүнчлэн даатгал ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/635 дугаар албан бичигт даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй гэж тодотгожээ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор зохицуулсан, энэ тохиолдолд даатгалын зүйл болох автомашины толь гэмтсэнээр даатгалын зүйлд хохирол учирсан буюу гэрээнд заасан эрсдэл үүссэн үйл баримт тогтоогдсон тул гэрээнд заасан эрдсэл буюу нөхөн төлбөрийг даатгагч олгох үүрэгтэй.

в/ Мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Даатгал ХК-ийн даатгалын тохиолдлын үзлэг хийгдсэн үеийн тэмдэглэлд тээврийн хэрэгсэл нь зогсоолд ухарч гарах үедээ тоосгон хана шүргэж толио хагалсан гээд үзлэг хийхэд тухайн газар болоогүй хагархай дутуу хуурамч байсан гэж гараар тэмдэглэсний доод талд нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11-14 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг баталгаажуулав гэж тэмдэглэсэн нь талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын гэрээний баталгааны мэдэгдэл буюу Үндсэн эрсдэлийн хамгаалалтад заагдсан зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн эрсдэл-т хамаарсан, энэ тохиолдол гэрээний нөхөн төлбөрт багтсан тул даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй.

г/ Мөн талууд автомашинд эвдрэл гэмтэл учирсан явдал нь тухайн газар болсон, болоогүй гэдэг үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд зөвхөн тухайн даатгалын тохиолдлын үзлэг хийсэн үеийн тэмдэглэл хангалттай нотлох баримт болохгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.8-д заасан даатгалын тохиолдол болсон үед түүний шалтгаан, нөхцлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, шаардлагатай нэмэлт мэдээ, мэдээллийг даатгуулагчаас гаргуулах эрх, үүргээ даатгагч бүрэн хэрэгжүүлэхгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж үзнэ.

Тодруулбал, автомашины толинд гэмтэл учирсан үйл баримтыг тухайн газар болсон осол биш болохыг хөдөлбөргүй тогтоосон, түүнийг эргэлзээгүй нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаагүй болно.

Нөгөө талаас нэхэмжлэгч тухайн газарт үйл явдал болсон талаар маргаж байгаа тохиолдолд ослын газрын даатгагч байгууллагын дуудлагын ажилтны хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан фото зургууд, хариуцагчийн татгалзлыг үнэн бодит байдалд нийцсэн гэж шууд үзэх боломжгүй юм.

11/ Нөгөөтэйгүүр талуудын хоооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт тээврийн хэрэгсэлд учирч болох бүхий л эрсдэлийг тухайн даатгалын нөхөн төлбөрт оруулахаар тооцсон, мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь даатгагчид ноцтой хохирол учруулаагүй боловч даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдож байвал даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэж харилцан тохиролцсон зэрэг нь нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж үзэх үндэслэл болно.

12/ Хариуцагч тал нь нэхэмжлэгч Л.Ныг даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээд биш, учир нь тухайн автомашин нь Хаан банкны өмчлөлийн машин, мөн Хаан банк болон Л.Н нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1.3, Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.13, Фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.10-т тус тус зааснаар Л.Н нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж маргасан ч энэ гэрээний зохицуулалтууд нь талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байна.

а/ Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3"даатгуулагч" гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлэх тул энэ тохиолдолд даатгуулагч нь Л.Н ба, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу .... даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох-оор заасан тул Л.Н нь нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээд мөн.

13/ Эдгээр үндэслэлээр Л.Нын даатгалын нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний АБ ХХК-иар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Тоёота Приус Альфа автомашины зүүн толинд хийлгэсэн үнэлгээнд үндэслэн тухайн өдрийн ханшаар тогтоогдсон үнийг бодитой үнэлгээ гэж үзсэн тул 415,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч тал нь автомашины толины үнэ болох 415,000 төгрөгийн үнэлгээнд маргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугар зүйлийн 8.1-т зааснаар 415,000 төгрөгийг хариуцагч Даатгал ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч  Л.Наас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 13,100 төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  даатгал ХК-иас 13,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Л.Нд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД