Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2023/01890/И |
Дугаар | 181/ШШ2023/03681 |
Огноо | 2023-11-21 |
Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2023/03681
2023 11 21 181/ШШ2023/03681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэт оршин суух, А ,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, А Н Е нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Даатгал ХК-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 49,958,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А, А Н Е нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч Е А би Даатгал ХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 225112062030100002 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан даатгалын зүйл болох улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. Зөвшөөрөгдсөн этгээд болох Аа овогтой Н Е нь жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгалын зүйл болох автомашиныг зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн ослоос даатгасан тул даатгалын тохиолдолд бүрдсэн. Улмаар Даатгал ХК-д даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн боловч 2023.01.09-ний өдрийн 01/09 тоот нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгээр нөхөн төлбөр олгохгүй гэж хариуг өгсөн. Хариуг эс зөвшөөрөн бид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд хорооноос 2023.02.08-ний өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийг Даатгал ХК болон иргэн надад өгсөн. Тус албан бичигт зөвшөөрөгдсөн этгээдийн буруутай үйлдлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх тул даатгалын гэрээнд заасан нөхцлийн дагуу учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй байна гэж үзсэн. Санхүүгийн зохицуулах хорооны тус шийдвэрийг Даатгал ХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй энэ асуудлыг шүүхэд хандан шийдвэрлэх эрх нь нээлттэй гэсэн хариуг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/458 дугаартай албан бичгээр надад мэдэгдсэн. Нэхэмжлэгч мөргөсөн автомашины араас хөөсөн нөхцөл байдал нь даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-иар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Иймд Даатгал ХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 225112062030100002 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний үүрэгт 49,958,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Даатгал ХК-иас шүүхэд гаргасан татгалзал, тайлбартаа: Нэхэмжлэгч А нь 2021 оны 09 дугээр сарын 13-ны өдрийн Хаан банк ХХК болон Даатгал ХК нарын хамтран ажиллах 1082 тоот гэрээний дагуу зуучлагчаар дамжуулан Даатгал ХК-тай 2022 оны 01 дугээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дугээр сарын 13-ны өдөр хуртэл 3 (гурав) жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээ байгуулж Mercedes Benz GLE450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.
Даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн этгээд болох А Н Е нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагаас 09 цагийн үед Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хот, Хан-Уул дуургийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны зуун талын замд улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгсэлийг (шүргэчихээд зугтаасан) урсгал сөрж араас нь хөөж явахдаа эргэх үйлдэл хийхдээ зогсож амжилгүй гулгаж бетонон хаалга мөргөсний улмаас даатгалын зүйлд хохирол учирсан хэмээн нөхөн төлбөр авахаар материал бүрдүүлж өгсөн.
Даатгал ХК-ийн зүгээс нөхөн төлбөрийн материалыг хянаж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал, даатгалын тохиолдол гарах шалтгааныг судалж үзэхэд А Н Е нь өөрийнх нь унаж явсан Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгслийг шүргэчихээд зугтсан этгээд болох улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг араас нь хөөж явахдаа эсрэг урсгал сөрж даатгалын тохиолдол бий болох, орчин нөхцлийг бүрдүүлэн бетонон хаалга мөргөсөн нь Маршал таун хотхоны хяналтын камерын бичлэгээр нотлогдож байна. Мөн Даатгалын тухай хуулийн 10 дугаар зуйлийн 10.1.5-д зааснаар даатгуулагч нь Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлэлгүй улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг хөөж замын эсрэг урсгалаар зорчсон үйлдэл тогтоогдсон болно.
А Н Егийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 3.5а /зам тээврийн осолд холбогдсон жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5.г /тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хулээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, заалтуудыг тус тус зөрчсөн. Даатгуулагч нь даатгалын зүйлд дахин эрсдэл учрахаас буюу хохирол нэмэгдэхээс сэргийлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон.
Иймд даатгагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.5.1 дэх хэсэг, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 3.1.1-д заасны дагуу Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан 225112062030100002 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас А ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний хөлсний НӨАТ-ын баримт, 2022.12.07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээвийн хэрэгсэлийн гэрчилгээ, А, А Н Е нарын паспорт, оршин суух зөвшөөрөл, Тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ, А Нг торгосон Шийтгэлийн хуудас, Даатгал ХК-ийн 2023.01.09-ний өдрийн 01/09 дугаар, 2023.03.10-ны өдрийн 01/458 дугаар албан бичгүүд, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.02.08-ны өдрийн 9/487 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.12.07-ны өдрийн Даатгалын тохиолдлын үзлэг хийгдсэн үеийн тэмдэглэл, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2022.12.22-ны өдрийн 28к-3/1322 дугаар албан бичиг, Даатгал ХК-ийн 2022.12.21-ний өдрийн 01/1487 дугаар албан бичиг, Тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ зэргийг нотлох баримт гаргаж өгсөн, Шүүхийн журмаар ЗТО гарч буй үеийн камерын буюу СД-д буулгасан дүрс бичлэгт болон ослын талаар дуудлага өгч буй ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А, А Н Е нар нь хариуцагч Даатгал ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 49,958,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийг даатгуулсан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч А нь Даатгал ХК-тай 2022 оны 01 дугээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн эзэмшлийн Mercedes Benz GLE450 маркийн улсын дугаартай автомашиныг эрсдлээс даатгуулж, даатгалын хураамжийг төлжээ. /хавтаст хэргийн 21-22, 43-46 хуудас/.
Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Даатгалын гэрээний хугацаанд автомашиныг жолоодох эрх бүхий этгээд болох А Н Е нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөөний 08 цаг 57 минутад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны зүүн талын замд улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж Экоконстракшн ХХК-ийн эзэмшлийн Маршал таун хотхоны 2-р хаалганы хажууд байрлах харуулын байр болон бетонон хаалганы баганыг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь 2022.12.07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, А Нг торгосон Шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11-12, 23 хуудас/
Энэхүү зам тээврийн ослын улмаас улсын дугаартай, Mercedes Benz GLE450 маркийн тээвийн хэрэгсэлд 58,205,500 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээний ажлын хөлс 3,394,000 төгрөг төлсөн болох нь А ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний хөлсний НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5-10 хууудас/
Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн 9 дэх хэсэг Үнэлгээний баталгаа хэсэгт үнэлгээний мэргэжлийн байгууллагын болон үнэлгээчний тусгай зөвшөөрлийн талаар тодорхойлж, үнэлгээний тайланд үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байх тул уг тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д нийцсэн байна.
3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Нэхэмжлэгч А нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хорооны 2023.02.08-ны өдрийн 9/487 дугаар албан бичгээр ...даатгалын гэрээний 2 дугаар зүйл Даатгалын нөхөн төлбөр хэсгийн 2.11-д даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80%-иар тооцож ...нөхөн төлбөр олгоно гэж талууд тохиролцсон байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн зөвшөөрөгдсөн этгээдийн буруутай үйлдлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх тул даатгалын гэрээнд заасан нөхцлийн дагуу учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй байна гэжээ. /хавтаст хэргийг 26 хуудас/
4. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Даатгуулагч А нь даатгалын хураамжийг төлсөн талаар зохигч маргаагүй.
4.1. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон бөгөөд даатгалын гэрээний Даатгалын зүйл-ийг Mercedes Benz GLE450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж, Даатгалын эрсдэлийг Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэж тус тус тодорхойлжээ.
Даатгалын гэрээгээр тээврийн хэрэгслийг жолоодохоор зөвшөөрөгдсөн этгээд болох А Н Е нь даатгалын зүйл болох улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж Маршал таун хотхоны бетонон хаалганы баганыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас даатгалын зүйл автомашинд 58,205,500 төгрөг, ажлын хөлс 3,394,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул талуудын байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно: гээд, 8.5.1.-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж заасан.
Хариуцагч Даатгал ХХК нь А Н Е нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй араас нь урсгал сөрж хөөн эргэх үйлдэл хийхдээ зогсож амжилгүй гулгаж бетонон хаалга мөргөсөн тул энэ нь хуульд заасан даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.
А Н Е нь 2022.12.07-ны өдөр даатгалын тохиолдлын талаар утсаар мэдээлэл өгөхдөө ...машинд мөргүүлээд тэгээд араас нь явж байсан халтираад нэг хашаа мөргөцөн, мөргөсөн машины дугаар 0644 УБЭ гэж ярьсан, камерын бичлэгээр замын баруун талын 2 эгнээ урсгалын 2 дахь эгнээнээс 2 автомашин хотхон руу орж, 3 дахь машин цаанаас урсгал сөрсөн байдалтай ирж хотхоны хаалганы багана мөргөж зогссон болох нь Зам тээврийн осол гарах үеийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, даатгалын компанид ослын талаар дуудлага өгсөн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 50-54, 76-79 хуудас/
Энэхүү үзлэгийн тэмдэглэлүүдээр хариуцагчийн дээрхи тайлбарт дурдсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, даатгалын зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг, улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд улсын дугаартай тээврийн хэрэгсэл автомашин хөөж урсгал сөрсөн үү, эсхүл Маршал таун хотхон руу эргэхээр урсгал сөрсөн байдалтай орж ирсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй байна.
Иймд даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан гэж үзэх үндэслэл дээрхи үзлэгийн тэмдэглэлүүдээр тогтоогдохгүй байх тул хариуцагч Даатгал ХК-ийн хуульд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.
4.3. Талууд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80%-иар тооцож ...нөхөн төлбөр олгоно гэж тохиролцжээ.
А Н Егийн Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйл болох улсын дугаартай Mercedes Benz GLE450 маркийн тээврийн хэрэгсэлд 58,205,500 төгрөг, ажлын хөлс 3,394,000 төгрөгийн хохирол учирсан тул гэрээний 2.11-д заасны дагуу нийт хохирлын 80%-иар нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд А ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар автомашинд учирсан 58,205,500 төгрөг, ажлын хөлс 3,394,000 төгрөг, нийт 61,599,500 төгрөгийн хохирлын 80%-ийг буюу нөхөн төлбөр 49,279,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А, А Н Е нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8.1-д зааснаар хариуцагч Даатгал ХК-иас 49,279,600 /дөчин есөн сая хоёр зуун далан есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж, ОХУ-ын иргэн А, А Н Е нарт олгож, нэхэмжлэлээс 678,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А, А Н Е нар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даатгал ХК-иас 404,348 /дөрвөн зуун дөрвөн мянган гурван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж А, А Н Е нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА